ЭЗЭНГҮЙДЭЛ: АРДЫН ХҮҮХДҮҮДИЙГ АЛАГЧЛАХАА БОЛИОСОЙ

2014 оны 11 сарын 14

640 хүүхдийн багтаамжтай сургуулийн нэгдүгээр ангид 500 хүүхэд элсэхээр бүртгүүлсэн жишээнээс нийслэлд сургуулийн хүрэлцээ ямар байгааг харж болно. Харамсалтай нь манай төр засгийнхан, нийслэлийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүс үүнийг мэддэггүй, харсан ч хараагүй царайлдаг бололтой. Ашиглалтын хугацаа дуусаж, хана тааз нь нурснаас акталж, хаалгыг нь барьсан сургууль, цэцэрлэг нийслэлд 16 байна. Албаны хүмүүс шинэ сургууль барих гэхээр газар олдохг үй байна гэж тайлбарладаг ч үнэн хэрэгтээ шинийг босгох нь байтугай хуучныг нь ч нураагаад барьчихаж чаддагг үй. Дээрх 16 сургууль, цэцэрлэгийн нэг нь ч ашиглалтад ороогүй нь үүний баталгаа юм. 2012 онд III, XI сургуулийг үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэн нурааж, суурин дээр нь шинэ сургууль барихаар болсон. Инээдтэй нь нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид сургууль нураах хөрөнгийг мартаж, шинээр барих барилгынхаа зардлыг улсын төсөвт суулгаж орхисон байв. Үүнээс болж, дээрх хоёр сургуулийг өнгөрсөн оны есдүгээр сард, жилийнх нь ойн дээр л нураасан. Харин сурагчид өдий хүртэл ойролцоох сургуулиуддаа гурван ээлжээр хичээллэж, хичээлээс гадуурх дугуйланд хамрагдаж чадахгүй, шинэ сургуулиа хүлээсээр байгаа. III сургуулийг ирэх хичээлийн жилд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн хэмээн албаны хүмүүс хэлж буй. Харин XI сургуулийн хувьд хоёр удаа тендер буцаж, одоо л гэрээ баталгаажих шатандаа яваа сурагтай. Чухам хэзээ ашиглалтад орохыг бурхан, мөнгө хоёр л мэдэх байх.

Хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн хоёрдугаар сард захирамж гаргаж, мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн нийслэлийн зургаан сургууль, цэцэрлэгийн барилгыг нураахаар болж, 906.6 сая төгрөг төсөвлөсөн. Нийслэлийн удирдлагууд өмнөх алдаагаа давтаагүй нь талархууштай ч ам ажил нь бас л зөрөв. Нураах хөрөнгийг нь шийдсэн барилгуудын нэг нь 73 дугаар сургууль. Гэтэл энэ сургуулийг одоо болтол нураагаагүй байна. Концессийн гэрээгээр барих сургуульд нийслэлээс мөнгө төсөвлөсөн нь буруу гэсэн шалтгаанаар хөрөнгийг нь буцаан татсан байх юм. Үүнээс гадна 38 дугаар сургууль, 146 дугаар цэцэрлэгийг ч мөн концессийн гэрээгээр барих тул хөрөнгийг нь татсан гэнэ. Бид энэ удаагийн дугаартаа 73 дугаар сургууль ямар байдалтай үйл ажиллагаа явуулж байгааг сурвалжиллаа. Бодит байдал өр өвтгөм байв. 73 дугаар сургуулийн барилгын хана, тааз аль 2008 оноос нурж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж мэргэжлийн хяналтын байгууллага хэд хэдэн удаа дүгнэлт гаргасан. Хамгийн сүүлийн дүгнэлт нь 2012 оны долдугаар сард гарчээ. Сургуулийн удирдлагууд шинэ байртай болохоор хөөцөлдсөнөөр БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 3.5 тэрбум төгрөгөөр шинэ сургууль барьж өгөхөөр болсноо БСШУЯ мэдэгдсэн гэнэ. Иймээс сургуулийн удирдлага шинэ барилга барихад шаардлагатай шинжээчийн тайланг хоёр сая төгрөгөөр хийлгэсэн байна. Гэвч засаг солигдоход шинэ сургууль нь ч, мөнгө нь ч ор тас алга болсон аж. Өдөр ирэх бүр барилгынх нь чанар муудан, хагаралт, суулт үүсэж, хана тааз нь нурсаар байсан тул нийслэлийн Боловсролын газраас үйл ажиллагааг нь зогсоожээ. Ийн хүүхд үүд хоёр дахь хичээлийн жилдээ “айлын хааяа” бараадаж байгаа нь энэ. Өдгөө 73 дугаар сургуулийн сурагчид гурван газар хичээллэдэг. Анх бага ангийн 15 бүлгээ 20 дугаар сургуульд оруулахаар төлөвлөсөн ч багтаагүй аж. Иймээс Төмөр замын хүүхдийн секторын харьяа дотуур байранд тавдугаар ангийн бүлгээ хичээллүүлэх болж. Тэд 3.7х5.5 метр хэмжээтэй дотуур байрны, дөрвөн ор багтдаг өрөөнд 20-30-уулаа хичээллэдэг. Хүүхдүүдийг ангид багтаахын тулд ширээг самбартай тулгах шахуу тавьж, тэднийг урд урдаас нь харуулан суулгажээ. Хэрэв ширээг ар араас нь эгнүүлэн засвал хүүхдүүд багтахгүй. Хичээл явуулах өөр газар байхгүй болохоор хүүхдүүдээ яаж ийгээд багтаахаас яах вэ хэмээн сургуулийнхан учирласан. Энэ дотуур байр 73 дугаар сургуулийн барилгатай ойр тул захирал нь хуучин ч гэлээ хөрөнгөө манан энд суудаг.

Тус сургуулийн бага ангийн багш Д.Түвшинжаргал “БШУЯ-наас хэрэгжүүлж байгаа бага боловсролын шинэчлэлийн цөм хөтөлбөр, “Ном”, “Авьяас” хөтөлбөрийн тухай ярих ч хэрэггүй. Түүнийг хэрэгжүүлэх орчин манай сургуульд алга. Нэг хүүх хдэд гурван ам метр талбай ногдох ёстой бол дотуур байранд нэг ам метр талбай чүү чамай хүрнэ. Хүүхдүүд гуравдугаар цаг хүртэл хичээлдээ сайн анхаардаг. Харин түүний дараагаас анхаарал нь сарнидаг. Анги жижиг болохоор бүгчим. Цонхоо онгойлгохоор амархан хүйт даадаг” гэлээ. 20 дугаар сургуульд тус сургуулийн 1-4 дүгээр ангийн 12 бүлэг зургаан өөр цагаас гурван ээлжээр хичээллэдэг. Эхний анги 08.00 цагт ордог бол хамгийн сүүлийн ангийн хичээл 16.15 цагт эхэлдэг байх юм. Ахлах ангийнхан 51 дүгээр сургуульд хичээллэдэг бөг өөд хичээл нь 14.20-оос эхэлдэг. Тэдэнд хичээлээс гадуурх сургалт, дугуйланд хамрагдах боломж байхгүй. Номын сан, биеийн тамирын заал, урлагийн заалны талаар бүр дурсах ч хэрэггүй.

73 дугаар сургуулийн захирал Ч.Чанцал “Хичээл орой эхэлдэг учраас бид сургалтыг стандартын дагуу явуулж чадахгүй, аль байдгаар нь шахаж оруулдаг. Хүүхдүүд өдөрт дөрөвхөн цаг хичээллэж байна. Дотуур байранд байгаа тавдугаар ангийнхан л үндсэн цагаараа хичээллэдэг. Хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж байна. 16.15 цагт ордог хамгийн сүүлийн анги 18.50-д тардаг. 19.00 цагаас хойш сургууль дээр хүүхэд байлгах ёсгүй. Мөн харанхуй болохоос өмнө тараахын тулд ингэж хичээллүүлж байгаа” гэлээ. Тус сургуулийг концессийн гэрээгээр нурааж, барихаар болсон ч “Тендер зарлалаа, шалгарлаа, гэрээ байгуулах гэж байна” гэсээр өдий хүрчээ. Ашгүй нэг юм гэрээ байгуулах шатандаа явж байтал Эдийн засгийн хөгжлийн яам нь татан буугдаж, гэрээ байгуулах ажил зогсоод 21 хонож байгаа гэнэ. Тус яамны Концессийнн хэлтсийн дарга Ц.Батбаяраас энэ талаар тодруулахад “Гэрээг Засгийн газар баталдаг. Гэрээ батлагдаагүй учраас сургуулийг хэзээ нураах нь тодорхойгүй байна” гэж хариулав. Сургууль хаалгаа барихад эднийх 933 хүүхэдтэй байсан бол одоо 780 болж цөөрсөн. Учир нь эцэг, эхчүүд хүүхдээ ийм нөхцөлд сургахыг хүсээгүй учраас шилжүүлжээ. Шийдвэр гаргах түвшний хүмүүсийн хүүхэд энд сурдаг байсан бол тус сургуулийг хэзээний нураагаад шинээр барьчих байв.

Улаанбаатарт жилийн 60 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургууль хүртэл байна. 15 хүүхдийн төлбөрөөр л ардын зургаан сургуулийн барилгыг нураах боломжтой. Баячуудын хүүхдүүд өндөр төлбөртэй хувийн сургуульд сурч байхад ардын хүүхэд гурван ээлжээр хичээллэн орой тарж, гэртээ харихдаа нохой, дээрэмчин тонуулч таарах вий гэхээс айн харанхуй гудамжаар туулай шиг бэдчин алхаж байна. Ардын хүүхдүүд гэхээрээ алагчлуулах ёстой юм гэж үү. Бид нураахаар төлөвлөс өн бусад сургууль, цэцэрлэгийн талаар цуврал сурвалжлага бэлтгэн хүргэх болно.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Хүүхдүүдийг 3.7х5.5 метр хэмжээтэй ангид багтаахын тулд ширээг нийлүүлэн засчээ