Босго өндөртэй, болзол хатуутай ТАВАНТОЛГОЙН ТЕНДЕР

2014 оны 11 сарын 14

Тавантолгойн хөрөнгө оруулалтын тендерийг энэ сарын эхээр дүгнэх байсан ч материалаа ирүүлсэн компаниудын тоо хангалтг үй байсан учраас хугацааг дахин нэг сараар сунгаад байгаа билээ. Энэ хугацаа ирэх арванхо ёрдугаар сарын нэгэнд дуусах учиртай. Гэтэл Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх, Ерөнхий сайдаа огцруулах, шинэ Ерөнхий сайд томилох гэсэн улс төрийн тогтворгүй байдал гэнэт үүссэнээс эдийн засагт чухал нөлөө үзүүлэх Тавантолгойн хөрөнгө оруулалтын тендерийг хугацаандаа дүгнэх, эсэх нь бүрхэг байна. Яамдын сайд байтугай Засгийн газрын тэргүүн томилогдоогүй, үүрэг гүйцэтгэгчид нь эрх зүйн чадамжг үй байгаа энэ үед Тавантолгойн тендерт анхаарал хандуулах сөхөөтэй хүн үнэндээ алга. Гадаадын хөрөнгө оруулагчид улс төрийн тогтворгүй байдалд таатай хандахгүй байгаагаа форум, уулзалт бүр дээр илэрхийлсээр ирлээ. Харин энэ удаад “Оюутолгой”-н хөрөнгө оруулагч Монголын Засгийн газрын өөрчл өлтөд таатай хандаж буйгаа илэрхийлсэн нь сонин тохиолдол болов. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид Монголын улс төрийн бужигнаанд баярлаж буйдаа биш, харин огцорсон Засгийн газрын баримталсан бодлого хөрөнгө оруулагчдад халтай байсны нэг илрэл гэж шинжээчид үзэж байна. Ялангуяа уул уурхайн салбарт 2012 оны сонгуулиас өмнө болон хойш үргэлжилсэн бодлогын алдаанаас үүдсэн хүлээлтүүд, зах зээлийн ханшийн уналт зэрэг Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой болон үл холбоотой асуудлууд нь манай эдийн засагт хүндрэл үүсгээд зогсохгүй гадаадынхныг ч аргаа барахад хүргэснийг “Рио Тинто”-гийн захирлын энэхүү шулуухан мэдэгдлээс ойлгож болохоор байна.

Засаг солигдох бүрт өмнөх бодлого, шийдвэр хэвээр үргэлжлэх болов уу, яах бол гэж гаднынхан төдийгүй монголчууд бид өөрсдөө ч эргэлздэг болоод удаж байна. Ийм үед улсын эдийн засагт Оюутолгойгоос дутахгүй нөлөө үзүүлэх Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин бий болгох нь шинэ Ерөнхий сайд, түүний танхимынхны тэргүүн ээлжинд шийдвэрлэх чухал асуудлын нэг байх нь гарцаагүй. Шинэ Засгийн газар болон улсын төсөв, хөгжлийн хурдын төлөв энэ шийдвэрээс ихээхэн хамаарна. Хоёрхон жилийн өмнө Тавантолгойд гадаадын арван хэдэн компани уралдан хайр зарлаж, ямар ч шалгуур нөхцөлийг хүлээн зөвш өөрөх өд бэлэн гэдгээ илэрхийлж байсан юм. Гэтэл өнөөдөр тэднээс АНУ-ын “Пиибоди”, БНХАУ-ын “Шинхуа”-гаас бусад нь “зугтлаа” гэж хэлж болохоор нөхцөл үүсчээ. 2.4 тэрбум тоннын нөөцтэй баялагт хөрөнгө оруулж, ашиг хүртэх тэдний сонирхол яагаад үгүй болов, юунаас болов гэдгийг нарийн нягталж, гаднынхныг үргээсэн өмнөх бодлогын зарим алдаа, оноог засаж залруулахаас шинэ Ерөнхий сайдын ажил эхлэх байх.

ҮНДЭСНИЙ КОМПАНИУДЫН ЧАДАМЖ

Засгийн газрын 268 дугаар тогтоолд “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагч компанийн 51-ээс багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошг үй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх” гэсэн заалт бий. 2010 оноос зарласан тендерийн шалгуурт дэвшилтэй гэж хэлж болох энэ заалтыг оруулснаар “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн өмчлөлд буй Тавантолгойн ордын лицензийг хөр өнгө оруулагчдын мэдэлд шилжүүлэлгүйгээр, тендерт ялсан хөрөнгө оруулагч шинэ компанийн (”Эрдэнэс Тавантолгой” ТӨХК биш) 51 хувийг үндэсний компаниуд эзэмших эрхтэй болсон нь томоохон боломж нээж өгсөн.

Нүүрсний салбарт таван жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан үндэсний компани бүр шалгаруулалтад оролцох эрхтэй. Гэхдээ тендерийн өндөр шалгуур, хатуу нөхцөлөөр бол МАК, орон нутгийн “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” зэрэг компани энэхүү шаардлагыг нь хангаж, оролцох магадлал өндөртэй. Энэ нь цөөн том компанид зориулсан тендер гэх хардлага дагуулж байгаа. Тавантолгойг үнэхээр үндэсний “брэнд” болгох зорилгыг Засгийн газар тавьж буй тохиолдолд ийм өндөр шаардлага тавьж байж том амжилт, том үр дүн нэхэхээс аргагүй юм. Нөгөөтэйгүүр улсын эдийн засгийн өнөөгийн байдалд жижиг компаниудыг үндэсний хэмжээнд томрохыг нь хүлээж суух цаг хугацаа ч үнэндээ алга. Тиймээс том компаниудад түшиглэн Тавантолгойг хурдхан “хөдөлгөж” “жижгүүд” нь гүйцэтгэгчээр ажиллаж чадваржин, өсөх боломж хангалттай бий. Хардлага сэрдлэгийн талбар болгосон хэл амтай, бас дээрээс нь эрсдэл өндөртэй Тавантолгойн тендерт оролцохоо зарласан үндэсний компани одоогоор тодроогүй байна. Учир нь өмнөх шатанд шалгарсан гадаадын зургаан компаниас хэнийг сонгон оролцуулахаас олон зүйл хамаарах учраас үндэсний компаниуд энэ бүхнийг ажиглаж, оролцох эсэхээ урьдчилан зарлахаас түр болгоомжилж байж мэднэ. Тендерт оролцох магадлал өндөртэй үндэсний компаниудын давуу тал болон боломжийг тус бүрээр нь авч үзье.

Орон нутгийн “Тавантолгой” ХК Тавантолгой ордын нийт талбайн 0.2 хувийг эзэлдэг, өмнө нь орон нутгийн эзэмшилд байсан хэсэгт нүүрсний олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. 2007 оноос хойш өдий хүртэл нүүрсний экспортын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монголын анхны нүүрс экспортлогч компани юм. Бага хэмжээний кокс гаргах үйлдвэр 2011 онд барьж ашиглалтад оруулсан Нүүрсний салбарт хуримтлуулсан долоон жилийн туршлагатай. Орон нутгийн болон хувийн эзэмшилтэй. “Энержи Ресурс” ХХК 2008 онд Тавантолгойн ордын Ухаахудагт нүүрсний уурхайгаа байгуулсан. 18 мВт хүчин чадалтай цахилгаан станц, усан хангамжийн систем, нүүрс тээвэрлэх 264 км авто зам барьж байгуулсан. Монголд анх удаа нүүрс баяжуулах гурван модульт үйлдвэр байгуулснаар жилд 15 сая тонн нүүрс баяжуулах боломж бүрдүүлсэн. Цогтцэций суманд монголчуудын хүчээр бүтээн байгуулалт өрнүүлсэн. Нүүрсний салбарт ажилласан зургаан жилийн туршлагатай. Үндэсний болон олон улсын хөрөнгө оруулалттай. “Монголын алт” компани буюу МАК Үндэсний болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттайгаар Шивээх үрэнгийн нүүрсний ордоос 2003 оноос хойш нүүрс экспортолж буй компани. Цагаансуваргын зэс, Хөөтийн занарын ордоос гадна Адуунчулууны ордод түшиглэсэн нүүрс шингэр үүлэх төслүүд дээр судалгаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр ажиллаж буй.Уул уурхайн салбарт 20 жилийн туршлага хуримтлуулсан.

ТЕНДЕРИЙН ХАТУУ НӨХЦӨЛ БА ХҮЛЭЭХ ЭРСДЭЛ

Бизнесийнхэн томоохон төсөл дээр няхуур ажиллан маш нарийн тооцоо судалгаа хийж, дор хаяж 10 жилийн тогтвортой үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр ашгаар ашиг орлого, эрсдэл, боломжоо тооцдог. Тэр тусмаа дэлхийн зах зээлд жилээс жилд нэр хүнд, үнэ ханш нь унаж, ойрын ирээдүй нь бүүдийж, цаашид ч эрэлт нь нийл үүлэлтээсээ багассаар байх төлөвтэй нүүрсний салбарт хөрөнгө оруулахаас гаднынхан төдийгүй монголчууд хүртэл болгоомжилж байна. Ийм үед Тавантолгойн хөрөнгө оруулалтын тендерийг дахин үргэлжлүүлэхдээ гадаадын болон үндэсний хөр өнгө оруулалт, менежментийн хослолыг сонгож авсан нь хамгийн зөв загвар юм. Гэхдээ энэх үү тендерийн нөхцөлийг маш хүнд, өндөр босготой болсон хэмээн мэргэжилтнүүд үзэж буй тул яагаад гэдгийг нь зүйл, заалтаар нь судалж үзлээ. Тухайлбал, нэгдүгээрт, 2.5 жилд багтаан 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулах. Хугацаа нь тулгуу байгаагаас гадна ийм үйлдвэр барьж байгуулахад 700 орчим сая ам.доллар шаардлагатай. Жишээ нь, Ухаахудагийн уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрийн зөвхөн ганц модулийг жил гаруйн хугацаанд барьж ашиглалтад оруулжээ. Гэтэл Тавантолгойн ордын баяжуулах үйлдвэрийг түүнээс хоёр дахин их хүчин чадалтай байхаар төлөвлөсөн атлаа хугацааг ингэж заасан байх юм.

Хоёрдугаарт, тендерт ялсан хамтарсан компани төрийн “шүдний өвчин” болсон БНХАУ-ын “Чалко”-д төлөх ёстой өр төлбөрийг барагдуулж, гэрээний үүргийг хариуцах юм байна. “Чалко”- д төлөх “Эрдэнэс Тавантолгой” компанийн өрнөөс 115 сая ам.доллар үлджээ. Үүнийг тухайн хөрөнгө оруулалтын компани төлөх ёстой болж байна.

Гуравдугаарт, татвар, хураамж, роялтийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүйгээр барахгүй Засгийн газарт гэрээний төлбөр, борлуулалтын орлогоос урьдчилгаа төлнө. Дөрөвдүгээрт, Тавантолгой- Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг тендерт шалгарагсад өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан, тодорхой хугацааны дараа 51 хувийг нь төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх юм байна. Энэ мэтчилэн тогтоолын заалт бүр нь үнэхээр цаг хугацаа, хөрөнгө оруулалтын хувьд ямар ч том хөрөнгө оруулагч, мундаг компаниудад ахдахаар хүнд нөхцөл тулгажээ.

Ийнхүү үндэсний компаниудад үүдээ нээсэн ч эрсдэлтэй нөхцөл тулгасан нь төр үндэсний хувийн компаниудаа номхчилж арай л хатуурхсан санагдав. Ямартай ч Засгийн газрын 268 дугаар тогтоол хэрэгжихэд амаргүй, хөрөнгө оруулагчдад энэ мэт эрсдэл ихтэй байгаа ч Тавантолгойн ордын өрсөлдөх чадвар шалдаа уначихаагүй байна.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ