ЯПОНООС МАШИН АВЧИРЧ ӨГНӨ ГЭЖ 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН ХҮМҮҮСИЙГ ШАЛГАЖ ЭХЛЭВ

2014 оны 11 сарын 14

  Японоос хямд үнээр машин авчирч өгнө хэмээн иргэдийг залилдаг байсан Д нарын долоон залууд Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Тэд жил гаруйн өмнөөс www.negtugrug. com цахим хуудас ажиллуулан, “Япон улсын дуудлага худалдааны захаас хамгийн хямд үнээр, хүссэн автомашинаа аваарай” гэж сурталчилж байсан гэнэ. Түүгээр ч зогсохг үй “Дэлхийн тамга”, “Гүн бэйс”, “Алтан самурай” гэсэн гурван компани байгуулж, түүгээрээ дамжуулан иргэдэд итгэл төрүүлсэн талаар эх сурвалж хэллээ. Дээрх хүмүүст 100 гаруй иргэн хандаж, хамгийн бага нь зургаа, дээд тал нь 35 сая төгрөгөө автомашин авчруулах урьдчилгаа мөнгө хэмээн өгөөд олон сар өнгөрөхөд машин ч үгүй, мөнгө ч үгүй хоцорчээ. Тиймээс тэд цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан гэнэ.

Өдгөө Д нарын долоон хүнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр, зохион байгуулалттайгаар залилсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар 1.2 тэрбум төгр өг гэж тогтоосон байна. Автомашинтай болох гэсэн иргэд багагүй мөнгө цуглуулж, бусдаас, банкнаас зээлдэх нь зээлдэж, цалингаа хурааж хуримтлуулсны дүнд сонголтоо хийдэг. Хохирсон иргэд тийм л байдлаар мөнгө олж дээрх долоон хүнд хандсан юм билээ. Гэвч иргэдийн итгэл үнэмшил дээр тоглосон ийм залилагчид байгаа учраас ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс иргэдийг энэ мэт залилагчдаас сэрэмжлэхийг анхааруулсан юм.

Хэрэв дээрх цахим хуудсаар дамжуулан машин захиалж, одоо болтол авч чадаагүй бол Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст хандахыг захилаа. Бусдын эд хөрөнгийг залилах хэрэгсэл болсон www.negtugrug.com цахим хуудсыг хаах мэдэгдлийг цагдаагийн байгууллагаас Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт хүргүүлээд байгаа гэнэ. Гэвч өчигдрийн байдлаар энэ цахим хуудас ажилласан хэвээр байв.

Г.РАВЖАА