ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬ ИРЭХ САРД БОЛЖ МАГАДГҮЙ

2014 оны 11 сарын 13

  Японы Парламентын Доод танхимын сонгуулийг ирэх сарын 14-нд явуулж магадгүй байна. Эрх баригч намуудын эвсэл бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Тэгэхдээ эдийн засгийг сэргээх хурдац удааширснаас ирэх оны аравдугаар сараас хэрэглэгчийн татварыг 10 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байсныг Ерөнхий сайд Шинзо Абэ хойшлуулах эсэхээс хамаарах бололтой. Эрх баригч эвслийн бүрэлдэхүүнд ордог Комейто намын эх сурвалж “сонгуулийн кампанийг ирэх сарын 2-нд эхлүүлж, саналыг 14-нд хураахаар бэлтгэж байна” хэмээн мэдээлжээ. Доод танхимыг тарааж, шинээр сонгуулийн тов тогтоосон гэх мэдээллийг Ерөнхий сайд Шинзо Абэ няцаасан ч эрх баригч эвсэл болон сөрөг хүчний намууд сонгуульд бэлтгэж эхэлснээ нуухгүй байна.

Доод танхимын сонгууль хоёр жилийн өмнө болж бүрэн эрхийн нь хугацаа дуусахад хоёр жил үлдээд байгаа ч өөрийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд сонгогчдын итгэлийг хүлээхийн тулд Ерөнхий сайд тус Танхимыг хугацаанаас нь өмнө буулгах алхам хийж магадгүй гэж үзэж буй юм. Доод танхимын сонгуулийг Японд чухалд үздэг нь түүнд ялсан намын дарга Ерөнхий сайд болдогтой холбоотой аж.

Р.ЖАРГАЛАНТ