ШИЛДЭГ НАЙМЫН ТУЛААН ИД ӨРНӨЖ БАЙНА

2014 оны 11 сарын 13

Талбайн теннисний эрэгтэйчүүдийн оны шилдгийг торуулах тэмцээн Английн Лондонд эхэллээ. Нийт 6,5 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний “А” хэсэгт Сербийн Новак Жокович, Швейцарийн Станислас Вавринка, Чехийн Томаш Бердых, Хорватын Марин Чилич, “В” хэсэгт Швейцарийн Рожер Федерер, Японы Кеи Нишикори, Их Британийн Энди Маррей, Канадын Милош Раонич нар өрсөлдөж байна. Дэлхийн чансааны ¹4 Кей Нишикори чансааны тавд эрэмбэтэй Энди Маррейтэй эхний тулаанаа хийв. Хоёр теннисчний гаргасан амжилтыг үзвэл Э.Маррей илүү жин “дарна.” Харин одоогийн нөхцөл байдлаас ажвал Япон залуу илүү формтой байгаа. Энэ ч утгаараа К.Ниширкори тоглолтын эхнээс санаачлагыг авч тоглов. Ингээд эхний сэтийг Нишикори 6:4-өөр өөрийн болгосон.

“Их дуулга”-аас 2012, 2013 онд хоёр түрүү хүртсэн Энди Маррей хоёрдугаар үед хэдий хичээсэн ч мөн л 4:6-гаар ялагдал хүлээлээ. Эхний хожлоо авсан япон залуу хоёр дахь тулаанаа Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерертэй хийсэн юм. “Их дуулга”-ын 17 түрүүт Федерер К.Нишикорид аваргын зангарга харуулан хоёр үеийн турш илт илүүрхэн 6:3, 6:2-оор буулган авлаа. “Швейцарь цаг” шилдэг наймын эхний тулаандаа Милос Раоничтэй учраа таарсан. Эхний үед Федерер канад залууд ганцхан оноо алдан 6:1-ээр сөхрүүлэв. Харин хоёрдугаар сэтэд Милос Раонич тун тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж, 6:7-гоор ялагдлаа. Канадын Милос хоёр дахь тулаанаа Энди Маррейтэй хийж, 3:6, 5:7-гоор хожигдов. Түүний хувьд одоо нэг тоглолт хийх хэдий ч хоёр хожигдсон тул хэсгээсээ гарах магадлал буурлаа.

Харин “А” хэсэгт дэлхийн тэргүүн теннисчин Новач Жокович Марин Чиличийг хоёр үед 6:1-ээр бут ниргэж, эхний хожлоо авав. Энэ хэсэгт мөн Стэн Ваваринка Чехийн Томас Бердыхыг 6:1, 6:1-ээр илүүрхжээ. 1970 оноос эхтэй тус тэмцээн 20 жил мастерс нэртэй явсан байна. Харин 1990 оноос ATP tour болгон нэрээ сольсон юм. Швейцарийн Рожер Федерер эл тэмцээнд зургаан удаа аваргалсан. Сүүлийн хоёр жил Новак Жокович оны шилдгээр шалгараад байгаа юм. Дашрамд сонирхуулахад энэ жил бэртэлийн улмаас “ATP Finals ”-ийг өнжиж буй Испанийн Рафаэль Надаль аваргалж үзээгүй аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД