“КАВАЛЬЕРС” БА ТЭДНИЙ ИРЭЭДҮЙ

2014 оны 11 сарын 13

NBA-гийн шинэ улирал эхэлж, сагсан бөмбөгийн хорхойтнууд 2014-2015 онд аварга авах багийн таавраа уралдуулж суугаа. Шинэ улиралд олны анхаарлыг шинэ “их гурвал”-ыг бүрдүүлсэн “Кливленд Кавальерс” зүй ёсоор татаж буй. Гэхдээ тэд улирлыг төсөөлж байснаас муу эхлүүлж, гурав ялагдан, гурван хожил авлаа. “ТЦ” “Кавальерс”-т тулгарч буй асуудлуудыг хүргэж байна. Шинэ улиралд хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй, хамгийн авьяаслаг баг бол “Кливленд Кавальерс” гэдэг нь хэний ч нүдэнд тодорхой харагдана.

ХАМГААЛАЛТ

“Морин цэргүүд”-ийн хамгийн том асуудал бол хамгаалалт. Л.Жеймс хамгаалалт сайн ч Ирвинг хамгаалалтад тийм ч идэвхитэй оролцдоггүй. К.Лавтай хамгаалалтын талаар яриад хэрэггүй. Тэрбээр эсрэг багийн довтолгоог зүгээр харж зогсоод хийлгэдэг хүн. Эхний зургаан тоглолтыг харахад “Кливленд” өрсөлдөгчдөө дунджаар 100+ оноог алдаж байна. Будагтай талбайн хамгаалалтыг А.Варежао хариуцаж буй. Тэрбээр эсрэг багийн том залуустай хүчтэй тэмцэл үзүүлж байгаа. Энэ үед К.Лав төдийлөн хамгаалалтад оролцохгүй байгаа дүр зураг харагдсаар байна.

ДОВТОЛГОО

“Кливленд”-ийн яг одоогийн бүрэлдэхүүн довтолгоогоор NBA-д толгой цохино. Гэхдээ тэд шилдэг довтолгоотой байгаад ялалтад хүрэхгүй байгаа шалтгаан юу вэ? Л.Жеймс NBA-д хөл тавьсан жилээсээ хойш хамгийн муу хувьтай (41,3) довтолж байна. Мөн К.Лав 35,6 хувьтай довтолж байгаа нь бас хангалтгүй үзүүлэлт. Хэрэв Жеймс, Лав хоёр алдсан довтолгооныхоо ядаж 50 хувийг нь цагаригт оруулсан бол тэд өдийд улирлыг ийм муу эхлүүлэхгүй байсан. Тэд NBA-д довтолгооны хувиар 27 байрт бичигдэж байгаа нь зөвхөн Леброн, Лав хоёрт хамааралтай зүйл биш гэдгийг хэлээд өгнө. Шинэ дасгалжуулагч Дэвид Блатт хувилбарын мэргэжилтэн гэгддэг ч “Морин цэргүүд”-д тогтсон довтолгооны хувилбарыг хэрэгжүүлж чадахгүй байна. Ирвинг бөмбөгтэй үед Леброн довтолгоо хийх хүсэлгүй байгаа нь “Юта Жазз”-тай хийсэн тоглолтод харагдсан. Ирвинг бөмбөг эзэмшиж байхад Леброн талбайн аль нэг захад гурвын зураасны гадна хамгаалагчийн хойно зогсож байв. Тэрбээр бөмбөггүй гүйлт бараг хийсэнгүй. Өөрөө явж бөмбөг авахыг биш өөрт нь хэзээ бөмбөг ирэхийг харж зогссон. NBA-гийн шилдэг тоглогчийн энэ байдал олон хүнд ажиглагдсан байх. Хэрэв талбайг тойрч гүйн заслон аваад сул гарахад Ирвинг түүнийг шууд л хараад дамжуулалтаа өгөх учиртай. “Кливленд” шинэ улиралд будагтай талбайгаас маш цөөхөн довтолгоо хийсэн. Лав гурвын зураасны хойно зогсоно Леброн бөмбөг авах бодолгүй байгаа ийм үед Ирвинг өөрөө оролт хийсэн ч тэр нь амжилтгүй болдог. Мөн Т.Томпсон орон гаран тоглолттой учраас Ирвинг бөмбөгөө итгэлтэй өгөх хүн багт нь Леброныг сэлгээнд суух үед лав байхгүй. А.Варежао хааяа зүтгэж будагтай талбайгаас оноо авдаг.

ОНОВЧТОЙ ДАМЖУУЛАЛТ

Леброн ба түүний нөхөд нэг тоглолтод өгч буй дамжуулалтаараа NBA-д 12-т жагсаж байна. Тэд нэг тулаанд дунджаар 22,8 дамжуулалт өгчээ. Багийн холбогч Ирвинг энэ улиралд дамжуулалт өгөхдөө тааруухан байгаа. Тэрбээр эхний зургаан тоглолтод дөнгөж 36 оновчтой дамжуулалт өгчээ. Харин Л.Жеймс 51 дамжуулалтыг зургаан тулаанд өгөөд байна. Эндээс хоёр шилдэг тоглогч хоёул талбайд бөмбөгийг илүү эзэмших бодолтой байгаа нь харагдана. Гэхдээ Леброн Жеймс бөмбөгийг илүү үр дүнтэй эзэмшиж байгаа бол Ирвинг харин эсрэгээрээ байна. залуу тоглогч Ирвинг өөрийн ур чадвараа Лебронд даруулахыг хүсэхгүй байгаа учраас л дамжуулахаасаа довтолгоо хийхийг илүүд үзэж байгаа болов уу.

ШИНЭ ДАСГАЛЖУУЛАГЧ

Дэвид Блатт. NBA-д анх удаа баг дасгалжуулна гэдэг мэдээж хэрэг амаргүй ажил. Блатт ОУ-ын тавцанд шилдэг дасгалжуулагч боловч NBA-д рүүки жилдээ баг удирдаж байна. Түүнд NBA-гийн багуудын эсрэг ямар хувилбараар тоглох нь хэцүү байгаа болов уу. Тэрбээр огт ажиллаж байгаагүй тоглогчидтойгоо хамтарч байна. Дэвид багтайгаа нэг хүн шиг ажиллахад хугацаа шаардлагатай байх. Дээрхи хэдэн асуудлыг “Кливленд Кавальерс” хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой.

Б.ЦОГТ-ОЧИР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД