ТЭР УУРЛАСАН Ч ТА ЧИГЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ

2014 оны 11 сарын 13

  Уул морийг зовооно Уур биеийг зовооно хэмээн монголчууд ярьдаг ч уурлаж бухимдсан хүн бусдыг ч зовоодог гэмтэй. Гэр, эсвэл ажлын байранд тань ундууцсан, уурлаж бухимдсан царайтай нэгэн нааш цааш холхин, хэн нэгэн рүү хатуу үг чулуудан зогсохыг харах мэдээж таатай биш. Тиймээс “Би, чи, та” энэ удаа “Уур, бухимдал”-ыг онцоллоо. Ялангуяа хүүхдүүд болон өсвөр насныхны уур бухимдлын тухай асууж, захидал илгээсэн уншигчдадаа хариулт өгөхийг зорилоо. Танд “Сэтгэлийн толь” төвийн сэтгэлзүйч Х.Хандсүрэн зөвлөж байна.

УУРЛАХААР НЬ ОХИНОО ТАНИХАА БАЙХ ЮМ

Манай охин их амархан уурладаг. Ээж бид хоёр иймэрхүү зантай болоод ч тэр үү удмын ааш л байх гэж боддог байв. Гэхдээ энэ нь сүүлдээ надад ч, гэр бүлийнхэнд ч хэцүү байх боллоо. Насанд хүрчихсэн хэрнээ дураараараа аашилж, бүхнийг сэтгэлдээ тааруулах гэж зүтгэнэ. Санаанд нь таарахгүй бол бухимдаж, бүр сүүлдээ уйлна. Би яах ёстой вэ. Миний охин ухаалаг, ажилсаг, гэр бүлийнхэндээ халамжтай сайн хүүхэд. Харамсалтай нь уурлахаар нь төрүүлсэн ээж нь ч танихааргүй болчих юм.

                                                                                                                                                                                                                                                                55 настай ээж   Г.Д

ОТГОН ХҮҮХДИЙН ОНЦЛОГ УУ

Миний дүү 25 настай. Айлын бага хүүхэд л дээ. Биднийг бага байхад ээж, аав хоёр салчихсан юм. Тэр цагаас хойш бид аавтайгаа амьдрах болсон. Арван нас ч хүрээгүй байхдаа ээжээсээ хагацсан болоод ч тэр үү дүү минь их хатуу хүн болж хүмүүжсэн. Мэдээж айлын бага хүүхэд болохоор эрх зангаа гээгээгүй. Өсвөр насандаа архи ууж, тамхи татаж бусад хөвгүүдтэй нийлж зодоон хийж, нэг үе манаргасан. Одоо тэр үетэйгээ харьцуулахад тогтуун зан араншинтай болсон ч үе үе огцом уурладаг нь хэвээрээ. Саяхан нэг удаа уурлаад явж байгаа машинаас үсрэхийг завдсан. Эгчдээ эрхэлж, тунисан зан юм уу, эсвэл айлын отгон хүүхдийн бүгдийг дийлэх гэсэн онцлог зан уу. Би ойлгохоо байлаа.

                                                                                                                                                                                                                                                                             32 настай эгч Д.Б 

ӨӨРИЙГӨӨ ШИЙТГЭЭД БАЙХ ЮМ

Миний хүү таван настай. Уурлахаараа толгойгоороо хана мөргөж заавал өөрийгөө өвтгөх юм. Өөрийнхөө санаанд нийцээгүй зүйлд ийм хариу үйлдэл үзүүлдэг. Зурагтын суваг солих, хүссэн тоглоомыг нь авч өгөхгүй байх, эсвэл буруу зүйл хийсэн үед нь загнахад ингэж өөрийгөө шийтгэдэг. Жаахан хүүхдийг хэтэрхий дураар нь өсгөж болохгүй гэж бодоод би түүнд ойлгуулахыг хичээдэг ч өөрийнхөөрөө л зүтгэх юм.

                                                                                                                                                                                                                                                                                   29 настай аав М.Ж

ЗӨВ ХАРИУЛТ, ЭЕРЭГ ХАРИЛЦАА

Хүүхэд тань уурлаж, бухимдаж, дураараа аашилж байгаа үед та хэрхэн харилцахаа мэдэхгүй тулгамдаж байгаа бол өөрийгөө эхлээд тайвшруулаарай. Хүүхэд гэнэт ууртай болдоггүй. Уурлах шалтгаан байсан учраас л уурладаг. Магадгүй тулгамдаж, хэрхэхээ мэдэхгүй байгаа энэ үедээ та түүнтэй буруу харьцвал байдлыг илүү дордуулж ч мэднэ. Уурлаж, дураараа аашилж байгаа нь буруу ч гэсэн эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулж, сэтгэл санааг нь хуваалцан, түүний энэ үйлдлийн тухай ярилцаж, муу үр дагаврыг нь ойлгуулах үүрэгтэй. Ялангуяа асар их эрч хүч хуримтлуулсан өсвөр насныхан үүнийгээ хэрхэн гадагшлуулахаа мэдэхгүй байгаагаас янз бүрийн ааш авир гаргадаг. Энэ үед та түүнтэй эергээр ярилцаж зөвлөөрэй. Хүүхдээ дуртай спортоор нь хичээллүүлж, бүжиг, дууны дугуйлан, хөгжмийн сургалтад хамруулж, өөрийгөө танин мэдэхэд нь туслаарай. Гэхдээ сонголт хийх эрхийг хүүхэд эсвэл дүүдээ үлдээ. Түүний өмнөөс шийдвэр гаргаж эхлэхэд л дараагийн үл ойлголцол бий болдог. Харин бага насны хүүхдийг усанд оруулж, элсээр тоглуулж, барилдах гэх мэтээр түүнийг тайвшруулж болно. Жаахан хүүхэд бусдыг даган дуурайдаг учраас гэр бүлийн гишүүн бүр үйлдлээ хянаж, зөв үлгэр дуурайл үзүүлээрэй.

ШАЛТГААН ХАЙХ ХЭРЭГГҮЙ, ХАРИН АЖИГЛА

1. Хүүхдийнхээ үзэж байгаа зурагтын хөтөлбөр, кино зэргийг ажиглаж, хянахыг хичээгээрэй. Магадг үй эндээс сөрөг нөлөөтэй ааш авир эхэлж байж болох юм. Гэхдээ шууд хориглож болохгүй. Хор, холбогдлыг нь тайлбарлан хязгаарлаарай.

2. Найз нөхөд, багш нь түүнд хэрхэн ханддагийг мэдэхэд илүүдэхгүй. Хэн нэгэн түүнийг дээрэлхэж, эвгүй байдалд оруулж байгаа бол зан байдалд нь сөргөөр нөлөөлнө. Мөн ямар нэг хэлбэрээр хүчирхийлэлд өртс өн хүүхдийн зан авир эвдэрч, бусдад сөргөөр ханддаг.

3. Гэр бүлийн таагүй орчин, маргаантай харилцаа нь хүүхдийг тавг үйт үүлж, уур уцаартай болгодог. Ууртай гэр бүлээс уцаартай хүүхдүүд бий болно. Уурлаж, уцаарлахыг гол төлөв эцэг эхээсээ л сурах нь бий.

4. Сэтгэл санааны хямралтай хүүхэд илүү их уурлаж бухимдана. Ийм үед сэтгэлзүйчийн тусламжтайгаар юунаас болж байгааг илрүүлж болно.

5. Эцэг эх нь хүссэн болгоныг нь биелүүлдэг хүүхэд хэт их ууртай байх нь ажиглагддаг. Бүх зүйл нь бэлэн байдаг учраас аливаа бэрхшээлийг даван туулах чадваргүй болж, амархан шантарч бухимддаг. Тиймээс хүссэн бүгдийг нь биелүүлэх хэрэггүй. Түүнд даван туулах арга замыг нь зааж өгөөрэй.

ХОРИОТОЙ

Уурласан хүүхдийг зодож болохгүй. Түүнийг аль болох ойлгохыг хичээгээрэй. Ууртай байх үедээ тэр аливаа шийдвэртээ үнэнч байж, бууж өгөхийг хүсэхгүй. Тайвшруулсныхаа дараа сайтар ярилцаж, сонирхдог зүйлс, хүсэл тэмүүллийг нь дэмжин урамшуулаарай. Хүн маш ихээр бухимдсан үедээ өөрийгөө хянах чадвараа алдаж, хийж байгаа зүйлээ ухамсарлаж чадахаа больдог бөгөөд энэ үедээ бусдад болон өөртөө буруу зүйл хийж байгаагаа ч мэддэггүй. Хүүхдээ тайван байлгахыг хүсвэл гэр бүлийнхээ харилцааг эерэг болгож, сайхан орчин бий болго.

ДАСГАЛ ТАНД ТУСАЛНА

Бухимдал нь мэдрэлийн системийн тэнцвэртэй үйл ажиллагааг алдагдуулдаг. Уурласан үед дасгал туслах нь олонтаа. Уур бухимдал, сэтгэлийн түгшүүртэй байгаа үедээ гүнзгий амьсгаа авч, тайвшрахын тулд бясалгал, йогийн дасгал хийж болох юм. Стресс, депресс удаан үргэлжилбэл тухайн хүн бусдаас зайгаа барьж, хөндий зожиг болдог. Тиймээс мэдрэлийн системийг нь идэвхжүүлж, эрч хүч өгөх хурдан хэмнэлтэй дасгал санал болгож болно. Зарим хүний дотоод тэнцвэртэй байдал алдагдсанаас гадаад, дотоод байдал нь зөрчилддөг. Ийм тохиолдолд явган алхаж, оюун санаагаа цэгцлэхээс гадна йогийн дасгал хийвэл үр дүнтэй. Уур бухимдлыг “үргээхэд” амьсгалын, булчин суллах, анхаарал төвлөрүүлэх дасгал тусалдаг. Бас уурласан бол дахиж уурлахгүй гэсэн амлалтыг өөртөө болон эргэн тойрныхондоо өгөөрэй. Бусдад дэмжлэг өгөхийн зэрэгцээ бусдаас дэмжлэг ав. Бухимдсан ч аливаа асуудлыг эергээр харахыг хичээ. Өөрийнхөө уур бухимдлыг зохицуулж чаддаг болсон хүн бусдад ч энэ тухай зөвлөж чадна.

Та бүхэн мэргэжлийн сэтгэлзүйчээс гэр бүл, хайр дурлал, нөхөрлөл болон бусад тулгамдсан асуудлаар зөвлөгөө авахыг хүсвэл bichita@mongolnews.mn хаягаар захидал бичээрэй.

Ж.СОЛОНГО