Монголын хөлбөмбөгчид Тайландын лигт дахин “уригдлаа”

2014 оны 11 сарын 13

Өнгөрсөн жилийн 12-р сард Тайландын нэгдүгээр дивизионы "Краби ФС" багтай гэрээ байгуулж Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Тайландын хоёрдугаар дивизионы "Сатун Юнайтед" багт зээлээр тоглох болсон юм. Энэ шилжилтэд хэд хэдэн шалтгаанууд байсан бөгөөд хамгийн гол нь "Краби FC" багийн бүрэлдэхүүнд хангалттай олон минут тоглох боломж гараагүй юм. Дасгалжуулагч ихэвчлэн Бразил, Камерун довтлогч нарыг сонгож А.Мөрөн Тайландын цомын тоглолтуудад талбайд гарсныг эс тооцвол өөрийгөө нээн харуулах боломж хомс байлаа. Хөлбөмбөгчин хүнд хамгийн чухал зүйл бол талбайд гарах, албан ёсны тоглолтод оролцох, өндөр түвшний өрсөлдөөнд өөрийнхөө хүчийг сорих байдаг тул тухайн үедээ Тайландын хоёрдугаар дивизионы Өмнөд бүсээс шалгарахын төлөө өрсөлдөж байсан "Сатун Юнайтед" багт зээлээр тоглох шийдвэрийг тоглогч өөрөө болон менежер, багийн эзэд харилцан тохиролцсоны үндсэн дээр гаргасан юм.

А.Мөрөн Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Зүүн Азийн АШТ-ий сорилгод тоглосныхоо дараа эргэн Тайландыг зорьж "Сатун Юнайтед" багтай нэгдсэн. Улмаар өөрийн мэргэжлийн хөлбөмбөгчний замналын анхны гоолоо оруулж, багийнхаа гарааны бүрэлдэхүүнд багтаж тоглон Тайландын хоёрдугаар дивизионы тойргийн шилдэг 11 тоглогчийн тоонд нэрлэгдсэн зэргээр олон "Сайн мэдээ"-г бидэнд дуулгасан. Эх орноосоо хэдэн зуун бээр хол алс холын Тайланд улс, Монгол хүн тоотой хөл тавьсан Малайзийн хилийн ойролцоох Сатун хэмээх хотод мэргэжлийн хөлбөмбөгт амжилт гаргаж, дараа дараагийн Монгол залууст энэ бол боломжтой гэдгийг харуулахаар хичээн зүтгэж буй А.Мөрөн тоглолтын үеэр толгойдоо гэмтэл авч эмнэлгийн туслалцаа авахад хүрсэн "Саар мэдээ" бас байсан. Гэсэн ч энэ бүх саад бэрхшээлийг тэр даван туулсаар "Сатун Юнайтед" багийнхаа хамтаар бүсийнхээ хоёрдугаар байраар Плэй-Оффт шалгарчихаад байна. Плей-Оффын эрхийн төлөөх өрсөлдөөн А.Мөрөн ба "Сатун Юнайтед"-ын хувьд маш ширүүн өрнөж эцсийн мөчид эрхээ авсан юм. Тайландын нэгдүгээр дивизионд дэвших эрхийн төлөө Плей-Оффт өдгөө 12 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд "Сатун Юнайтед" дөрвөн тоглолтын дараах байдлаар гурван хожил, нэг тэнцээ 10 оноотойгоор "В" хэсгийг тэргүүлж явна. Плей-Оффын тоглолтод нийтдээ 10 тоглолтыг хийж хэсгийн шат өндөрлөх ажээ. Плей-Оффын хэсгийн эхний хоёрдугаар байр эзэлсэн нийт дөрвөн баг ирэх улиралд Тайландын нэгдүгээр дивизионд дэвших эрхтэй болох бөгөөд энэ эрхийг шинэ багийнхаа хамт олж авах нь А.Мөрөнгийн хувьд мэргэжлийн хөлбөмбөгчийн шинэ сорилт, гол зорилго болоод байгаа юм. Тэрээр Тайландын лигт хэрхэн тоглох нь цаашид Монгол залуучууд мэргэжлийн хөлбөмбөгийн багт орох, амжилт гаргах, цаашлаад Монголын шигшээ баг жилийн дөрвөн улирлын бэлтгэлжилттэй олон сайн тоглогчидтой болоход тодорхой хэмжээнд нөлөөлөх билээ.

Удахгүй А.Мөрөнгийн менежер Япон улсын иргэн Такаши Моримото ахин хоёр Монгол тоглогчийг Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн багуудад шалгуулах тохиролцоонд хүрээд байгаа бөгөөд Монгол Улсын шигшээ багийн гишүүн, "Эрчим" багийн тоглогчид болох Мөнх-Эрдэнийн Төгөлдөр, Соёл-Эрдэнийн Гал-Эрдэнэ нар энэ сарын 16-нд Тайланд улсыг зорих ажээ. Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн лигт элсэх шалгаруулалт жил бүрийн 11-р сарын сүүлчээс нэгдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Өмнөд Америк, Африк болоод Ази тивийн 3000 орчим тоглогчид хамрагддаг юм. Тайландын багууд Камерун, Нигери, Бразил, Аргентин тоглогчдын зэрэгцээ Ази тоглогч элсүүлэх сонирхол ихтэй байдаг нь тус улсын мэргэжлийн лигийн дүрэмтэй холбоотой. "Тай Премьер Лиг"- ээр жишээ авахад тоглолтын мэдүүлэгт дээд тал нь долоон гадаад тоглогч багтах боломжтой бол талбайд дөрвөн гадаад тоглогч, гэхдээ нэг нь заавал ази тоглогч байх ёстой гэсэн журамтай байдаг ажээ.

Ж.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
190.92.2.159 XVÑDLÑDLÑGGÑLDLKGLJKLDK
202.179.20.179 ЗАЛУУС МИНЬ ЗҮТГЭЭД БАЙ, УРАГШАА