Өндөр хөгжилтэй орнууд газрын тос, хий, нүүрсний компаниуддаа 88 тэрбум ам.долларын татаас олгож буйг шүүмжлэв

2014 оны 11 сарын 12

Англи, Австрали зэрэг баян орнууд газрын тос, хий, нүүрс олборлодог компаниуддаа жилд 88 тэрбум ам.долларын татаас өгч байгаа тухай мэдээлэл “The guardian” цахим хуудсанд нийтлэгджээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хатуу түлшнээс зайлсхийх хэрэгтэй хэмээн үзэж байгаа ч энэ төрлийн шинэ нөөц, хайгуулд ийм хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгааг шүүмжилжээ. Хатуу түлш үйлдвэрлэгч компаниудад олгосон татаасын 2013 оны тайланг аваад үзэхэд АНУ-ын Засгийн газар 5.2 тэрбум ам.доллар зарцуулсан бол Австрали 3.5 тэрбум, ОХУ 2.4 тэрбум, Англи 1.2 тэрбум ам.долларыг тус тус зориулжээ.

“Бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийн тулд газрын гүн дэх баялгийг тэнд нь үлдээх хэрэгтэй. Гэвч хэзээ ч шатааж барахгүй их хэмжээний хатуу түлш олборлохын тулд улс орны Засгийн газрууд иргэдийн татварын мөнгийг тэрбум тэрбумаар нь зарж байна” хэмээн Газрын тосны өөрчлөлтийн олон улсын байгууллагын захирал Стив Кретзман хэлжээ. Түүний мэдээлснээр дээрх зорилгоор зарцуулж байгаа мөнгөний хэмжээ сэргээгдэх эрчим хүчний салбарт зарцуулж байгаагаас даруй дөрөв дахин их байгаа аж. “Энэ бол сургууль, эмнэлэг байгуулахад зарцуулж болохуйц их хэмжээний мөнгө. Гэтэл НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгын эсрэг, нүүрстөрөгчийн ялгарлыг хазаарлах бус, нэмэгдүүлэх бодлогыг дэмжих ийм их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа нь солиорол. Тэд нар, салхи, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж, байгаль орчныхоо төлөө нэгдэх ёстой” хэмээн захирал Стив Кретзман нэмж хэлжээ.

Б.НОРОВ