“Оюутолгой”-н борлуулалтын орлого 466.1 сая ам.долларт хүрэв

2014 оны 11 сарын 12

  “Оюутолгой” компани гуравдугаар улиралд 220.3 мянган тонн зэсалтны баяжмал борлуулж, орлого нь 466.1 сая ам.долларт хүрснийг тус компани өчигдөр мэдээллээ. Энэ нь өмнөх улирлаас 30.1 сая ам.доллараар өссөн үзүүлэлт. Баяжмал дахь металлын агуулгыг тодруулбал ойролцоогоор 302.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 53.6 мянган тонн зэс, 158.5 сая ам.долларын 144 мянган унци алт, таван сая ам.долларын 323 мянган унци мөнгө борлуулсан байна. Баяжмалын борлуулалтын хэмжээ өмнөх улирлаас есөн хувиар дээшилж, төлөвлөсөн хэмжээнээс давсан учраас агуулах дахь баяжмалын нөөц буурсан тухай “Оюутолгой” мэдэгдэлдээ тодотголоо. Улмаар гуравдугаар улиралд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт Монгол Улсын Засгийн газарт 25.4 сая ам.доллар төлжээ. Ил уурхайн хүдрийн зэс, алтны агуулга энэ улиралд нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Нийлбэр дүнгээрээ “Оюутолгой” энэ онд 135-150 мянган тонн зэс, 550-600 мянган унци алт үйлдвэрлэх төлөв бий гэнэ. Үүнээс гадна “Оюутолгой”-н толгой компани “Turquoise Hill Resources” гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа Монголын цагаар даваа гаригийн үдэш олон нийтэд танилцууллаа.

“Оюутолгой”-н уурхайн баяжмалын борлуулалт сайн байгаагийн зэрэгцээ үйл ажиллагааны зардал буурсан тул санхүүгийн алдагдал нь гуравдугаар улиралд багассан байна. Өнгөрсөн жилийн өдийд 94 сая ам.долларын алдагдал хүлээсэн бол энэ онд зардал нь орлогоосоо 38.6 сая ам.доллараар давжээ. Харин гуравдугаар улиралд нийт 466 сая ам.долларын орлого компанийн дансанд шилжсэн нь нэг жилийн өмнөхөөс бараг 30 дахин өссөн үзүүлэлт болохыг “Reuters” онцлов.

Б.ЦЭЦЭГСҮРЭН