ХЯТАД СҮҮЛИЙН ҮЕД ШАЗРУУН БОЛЖ БАЙНА

2014 оны 11 сарын 12

Сүүлийн гурван жилд БНХАУын дарга, Японы Ерөнхий сайд хоёр анх удаа Бээжин хотноо АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд нүүр учирч яриа хөөрөө өрнүүлжээ. Дорнод Хятадын тэнгист байгаа арлуудаас болж тус хоёр улсын харилцаа эрс муудаад байгаа юм. Энэ уулзалтын талаар ОХУ-ын Ази, Африкийн орнуудын хүрээлэнгийн орлогч захирал, хятад судлаач Андрей Карнеевтэй хийсэн ярилцлагыг сонирхуулъя.

-Тэдний уулзаж буй байдлыг хөндлөнгөөс ажвал ямар нэг тохиролцоонд хүрээгүй бололтой.

-Японы хувьд уулзсан нь чухал юм. Абэ Японы Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Хятадын удирдагчтай ер уулзаж байгаагүй. Хятадын тал ч уулзахаас татгалзах шалтгаан байхгүй. Хэрэв тэд татгалзвал Бээжинд болж буй дээд хэмжээний уулзалтын эзний хувьд өөрийгөө эвгүй харагдуулах байсан.

-Хятадын хувьд Японоос гадна Вьетнамтай ч газар нутгийн маргаантай байдаг. Хятадын үйлдсэн зарим зураг дээр арай л Сибирийн талыг өөрийнхтэйгөө ижил өнгөөр будчихаагүй байх нь бий. Эдийн засаг нь өсөхийн хэрээр Хятадын санаархал нэмэгдээд байна уу, үгүй юү?

-2010 оноос Хятад улайрангуй байдал гаргаж, хөршүүдийнхээ үйлдэлд ихээхэн шазруун хандах болж буй. Хятадын удирдлага уг нь сүүдэрт байж, “зөөлөн аргаар” ажиллах онолыг удаан хугацаанд мөрдөж ирсэн юм. Гэвч хэдэн жилийн өмнөөс АНУ “Ази руу эргэн ирж” буй болон хөршүүдийнх нь зүгээс зөрчилдөх үйлдлээ ахиулаад байх болсноос энэ аядуу бодлого ер нь ирээдүйгүй, Япон хийгээд бусад улсыг давраахаас хэтрэхгүй юм байна гэж Хятадын удирдлага үзэх болсон. Хятадыг нөөц боломж ихтэй том гүрэн гэж дээдлэх болсон нь эерэг, сөрөг талуудыг бий болгож байна. Нэг талаас энэ нь худалдаа, хөрөнгө оруулалтын хувьд боломж олгож буй ч бусад улстай үл итгэлцэх, болгоомжлох аясаар хандах байдлыг бас давхар бий болгож байна. Олон сая хүний аминд хүрсэн Хятад-Японы дайн гээд эдэнд гунигт сургамж бий. Энэ нь ихээхэн хүндрэл үүсгэж буй түвэгтэй нөхцөл байдал юм. Хоёр удирдагч уулзсан нь сайн хэрэг. Тэд ингэж уулзахгүйгээр дунд түвшний дипломатууд ХятадЯпоны харилцааг сайжруулахаар ажиллах боломжгүй байх л даа. Японы эдийн засаг хямралд ороод 20 жил болж байгаа бол Хятадынх жилд долоон хувиас доошгүйгээр өсөж байгаа. Энэ байдал үргэлжилбэл Хятадын боломж цаашид нэмэгдэнэ. Тэгээд зорилгодоо дипломат замаар хүрэх цагийг хүлээх хэрэгтэй болно.

-Энэ тактикаа бүх бүс нутагт хэрэглэх болов уу, эсвэл хятадууд өөрийн “дайснууддаа” өөр өөр аргаар хандах болов уу?

-Хятад улс хөрш бүртээ тус тусад нь бодлогоо боловсруулж хандана. Вьетнамтай ч харилцаа нь сайжрахыг үгүйсгэх аргагүй. Гадаад хатуу бодлогод ч дотоод бодлогын чухал хэсэг явж л байдаг шүү дээ.

Р.ЖАРГАЛАНТ