Д.ХОСБАЯР: МАЛЧНЫ МОРГЕЙЖИЙН ЗЭЭЛ МАНАЙ АЙМАГТ АНХ ХЭРЭГЖЛЭЭ

2014 оны 11 сарын 12

Сүхбаатар аймгийн удирдлагуудын орон нутгаа хөгжүүлсэн төлөвл өгөө, дахин төлөвлөлт, гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох, орон сууцжуулж, цэцэрлэгж үүлэх ажлууд бусад аймаг орон нутгийнхны анхаарлын төвд ороод буй. Тэгвэл нарны цацраг хэлбэртэй Баруун-Урт хотын дахин төлөвлөлт бүхий бүтээн байгуулалт өнгөрсөн жилээс тус аймгийн сумын төвүүдэд хэрэгжээд эхэлжээ. Энэ талаар Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяртай уулзаж ярилцлаа.

-Сүхбаатар аймгийн алслагдсан сумын иргэд Баруун-Урт хотыг хөгжиж байгаа талаар санал нэгтэй ярьдаг болж. Аймгийн төв замаас эхлээд нэлээд эмх цэгцтэй болж. Бүтээн байгуулалт ямар шатанд явж байна?

-Засаг дарга Ж.Батсуурийн баг 2008 онд орон нутгийн удирдлагаар томилогдоод өнөөг хүртэл ажиллаж байна. Аймаг, орон нутгаа, хотоо хөгжүүлэх олон шинэ зорилт Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтаж байсан. Жишээ нь, Баруун-Уртад 1000 айлын орон сууц барина гэж төлөвлөсөн. Тухайн үед олон хүн үлгэр ярьж байна гэж шүүмжилж байсныг санаж байна. Энэ нь ч бас аргагүй байсан байх, байгуулагдаад 70 шахам жил болсон хотод 600 хүрэхгүй л орон сууц байсан. Харин өнөөдөр улс орны эдийн засаг тэлж, сүхбаатарчуудын санаачилга, зүтгэлийн үр дүнд зөвхөн Баруун-Урт хотод 2000 шахам айл өрх орон сууцанд амьдарч, энэ жил гэхэд 400 гаруй орон сууц, 160 гаруй хаус, амины сууц ашиглалтад орно. Төсөв мөнгө хүнд байсан 2008 онд бид бүтээн байгуулалтын ажлаа аймгийн төвөөсөө эхлүүлсэн. Хөдөөгийнхөн бид улс орныхоо хөгжлийг нийслэлийнхээ хөгжлөөр л баримжаалж байдаг. Нийслэлд замын бөглөрөлд нь түгжирч, гэр хорооллын тохижилт, утааны асуудал гээд шийдэгдээгүй олон асуудлыг харж байхдаа бид мэдээж гундуу сэтгэлтэй л байдаг. Бас өнгө үзэмжтэй барилга байгууламжууд нэмэгдэж шинэ замууд тавигдсаныг хараад улс орон маань удахгүй хөгжиж цэцэглэсэн орон болох байх гэсэн итгэл төрдөг. Энэ л үүднээс бид хуваарилагдсан багахан мөнгөний ихэнхийг тухайн үеийн Баруун-Уртын бүтээн байгуулалтын ажил руу чиглүүлсэн. 2012 онд сумын Засаг дарга нар бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ажлынхаа нарийвчилсан төлөвлөгөөг гарган, өмнөх хөгжлийн хөтөлбөртэй уялдуулж, мэргэжлийн байгууллагаар дахин төлөвлөлт хийлгэсэн. Ингээд өмнөх жилүүдэд Баруун-Уртад хийгдсэн бүтээн байгуулалт, шинэ санаачилга, шийдлүүд одоо манай сумдын хооронд бүтээн байгуулах ажлын уралдаан, өрсөлдөөний хэмжээнд амжилттай үргэлжилж байна.

-Эдийн засгийн хямрал өнгөрсөн оноос эхлэн хот хөдөөг сульдааж байгаа. Олон ч бүтээн байгуулалт царцсан. Харин танайд эсрэгээр бүтээн байгуулалт өрнөөд байх юм. Шалтгаан нь юу вэ?

-Улс орон эдийн засгийн хүндрэл амссан ч сүхбаатарчууд шантраагүй, эрвийх дэрвийхээрээ ажилласан. Улсын төсөв хуваарилах зарчим чухам юун дээр үндэслэдгийг сайн мэдэхгүй юм. Зарим аймагтай харьцуулахад манайд харьцангуй бага төсөв хуваарилагдаж ирдэг. Гэсэн ч бид энэ мөнгийг бага гэдэггүй. Энэ бүх бүтээн байгуулалт дан ганц аймгийн ЗДТГ-ын зүтгэлээр биш, бизнес эрхлэгчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, орон нутгийн иргэдийн санаачилгаар өрнөж байгааг хэлэх ёстой. Аймгийн нэг жилийн төсөв 18 тэрбум байлаа гэхэд бид хамтраад 50-60 тэрбумын бүтээн байгуулалт хийх жишээтэй. Өнгөрсөн хавар, зун бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдсан. Хүйтэн сэрүүний улирал золгоод зарим ажил саяхнаас зогссон. Юутай ч эхлүүлсэн ажил амжилттай хэрэгжиж, аймаг, орон нутаг өнгө зүс засаж, иргэд хөгжлөөрөө бахархдаг болсон нь сайхан хэрэг.

-Баруун-Уртыг давхар ороосон аймгийн төвийн шинэ замын шийдэл содон байна. Бас төв сууринд мал хуй харагдахгүй юм, хаачаа вэ?

-Аймгийн дахин төлөвлөлт ажил хэрэг болоод явж байгаа нь энэ. Төлөвлөгөө ёсоор аймгийн төв таван тойрог замтай болсон. Гол шугамын дагуух газрыг бүрэн чөлөөлсөн. Бид дахин төлөвлөлт хэрэгжих газруудад байрласан 600 гаруй айлыг нүүлгэхдээ асуудлыг дандаа иргэдийнхээ талд, тэдэнд ашигтай хэлбэрээр шийдлээ. Аливаа шинэ өөрчлөлт зарим хувь хүний явцуу эрх ашигтай зөрчилдөн, тодорхой эсэргүүцэл гарч байсан ч нутаг орны хөгжлийн төлөө хийж байгаа ажлыг иргэд маш сайн дэмжсэн. Яг одоо аймгийн төвийн нэг, хоёрдугаар тойргийн замыг хатуу хучилттай болгож байна. Хамгийн гадна тойрог замын дагуу 8500 орчим мод суулгасан. Үүнийгээ 20 мянгад хүргэнэ. Шинээр гурван цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Тавдугаар тойргийн мод ургахаар Баруун-Урт хот хоёр, гурван жилийн дараа ногоон хэрэмтэй болох юм. Дараа нь төв газруудаа зүлэгжүүлэх гэх мэт төлөвлөсөн ажил цөөнгүй бий. Хот төлөвлөлтийг зохион байгуулахдаа малтай өрхүүдээ цэгцэлсэн. Тухайн үед аймгийн төвд 150 гаруй өрхийн 1000 гаруй үхэр мал байсан. Сүхбаатарчууд морь их уядаг, өвөлдөө морьд их тэжээдэг байсан. Бид аймгийн төвөөс долоон км-ийн зайд усан хангамжийн систем, цахилгаан, дэд бүтэц шийдэгдсэн 30х30 хэмжээтэй, том хашаатай малчны хороолол барьж, иргэддээ хөнгөлөлттэй үнээр өгч, нүүлгэн шилжүүлсэн. Одоо аймгийн төв малгүй, хэрвээ мал орж ирвэл торгууль, шийтгэлээр зохицуулна.

-Аймгийн ЗДТГ-ын баруун талд 16 давхар барилга барьж байна. Энэ төрийн байгууллагынх уу, хувийн хэвшлийнх үү?

-Энэ барилгын ажил улсын төсвийн хөрөнгөөр хийгдээгүй. Орон нутгийнхан зах зээлийн боломжоо тооцож, санаачилж зүтгэсний хүчинд худалдаа үйлчилгээ, зочид буудал, оффис бүхий цамхаг баригдаж байгаа юм. Харин бид аймгийн хөгжил, өнгө үзэмжийг тооцон, газраа чөлөөлж өгсөн. Барилга ирэх жилийн зун ашиглалтад орно. Аймагт ганц энэ барилга ч биш орон сууцны шинэ хорооллоос гадна олон улсын тэмцээн явуулж болохуйц усан бассейн, орчин үеийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайн барилгын ажил эхлээд явж байна. Саяхан манай нэг бизнес эрхлэгчийн санаачилгаар фитнессийн томоохон төв үйл ажиллагаагаа эхэллээ. Энэ өвөл Баруун-Урт хоккейн шинэ талбайтай болно. Хэдэн өдрийн дараа шинэ дөрөвдүгээр сургууль үүдээ нээж, волейболын спортын шинэ төв нээлтээ хийнэ.

-Халзан, Дарьганга зэрэг суманд зам чөлөөлж, барилга байгууламжийн ажил эхэлсэн байгааг харсан. Энэ ажлууд хэзээнээс хэрэгжиж байгаа юм бэ?

-Өнгөрсөн оноос эхлэн бүх сум өөрсдөө ахиухан төсөв захиран зарцуулах эрхтэй болж, төсвөөс багадаа 300, ихдээ 700 сая төгр өгийн санхүүжилт авсан. Хэрвээ энэ их мөнгийг сумын ИТХ тодорхой бодлого төлөвл өлтг үйгээр хуваарилбал аль нэг багийн төвийн засвар, хаа нэг газар худаг гаргах гээд даацтай, дорвитой биш ажлуудад зарцуулаад дуусна гэсэн болгоомжлол байсан. Ингээд сумдын удирдлагуудтайгаа ярьж байгаад өмнөх жилүүдэд аймгийн төв Баруун-Уртад хийж бүтээсэн ажлын туршлагад тулгуурлаж сумын хөгжлийн сангийн мөнгийг сумын төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар хийгдсэн сумын төвийн дахин төлөвлөлтөд зарцуулахаар болсон. Энэ дагуу сумдад авто замын бүтээн байгуулалт, цэцэрлэг, талбай, гэр хорооллын тохижилт, газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байгаа. Тухайлбал, Уулбаян суманд хажуудаа явган хүний зам, бүрэн гэрэлтүүлэгтэй 2.5 км асфальтан хучилттай авто зам ашиглалтад орсон.

-Хөдөөгийн сумдад баригдаж буй орчин үеийн барилгууд их сонин байна. Шийдэл, эрэлт хэрэгцээ, барилга барих аж ахуйн нэгж, хөрөнгө мөнгө босгох гээд алслагдсан хөдөөгийн сумдад чирэгдэл ихтэй ажил биш үү?

-Сүхбаатар аймгийн сумдыг 15-20 жилийн хугацаанд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гэж байдаг юм. Гэвч цаасан дээр буугаад олон жил болж байгаа энэ төлөвлөгөө амьдралд нийцэхээ больсон. Сумаа хөгжүүлье, энэ төлөвлөгөөг дагана гэхээр байшин барих газарт нь аль хэдийнэ айл буусан байх жишээтэй. Манай сумын төвүүд хуучин нэгдэл байх үеийн хоёр айлын жижиг орон сууцнуудаар ижилсдэг. Монголын 321 сум ялгаагүй, ижилхэн л дээ. Тухайн үед сумын төвийн нүүр царай болж явсан энэ барилгууд цагийн аясаар хуучирсан. Гэтэл мөнөөх барилга сумын төвийн голд байж л байгаа. Сумын өнгө үзэмжийг сайжруулахын тулд энэ асуудлыг шийдэх ёстой болж байгаа юм. Ингээд бид өмнө нь манай аймгийн төвд шинэ дэвшилттэй хямд технологиор инженерийн шугам сүлжээ хийж байсан “Атмор” ХХК-д хандсан юм. Компанийн зүгээс ийм ажлыг хийж болох ч байшингууд нь хоорондоо зайтай учир дулаан түгээхэд хүндрэлтэй, хожим ашиглалтын зардал нь дийлдэхгүй. Үүний оронд хоёр, гурван давхар орон сууц барьж, халуун дулаанд холбовол ашиглалтын хөлс нь хямд, үгүйдээ л баланс бариад байна. Гэвч энэ барилга бараг Улаанбаатарын ханшаар босно” гэдэг хариу өгдөг юм байна. Ингээд иргэддээ хандлаа. “Сумын төвд орчин үеийн инженерийн шугам сүлжээтэй орон сууц барих компани байна. Бид сумын төвдөө яагаад хот суурин газрынхан шиг тохилог амьдарч болохгүй гэж. Барилга барья гэвэл дэмжих үү. Дэмжинэ гэвэл урьдчилгаагаа төлөөд барилгаа эхлэх үү” гэсэн. 2013 онд Баяндэлгэр сумын анхны 14 хүн төслийг дэмжин, гэрээ байгуулаад, моргейжийн зээл бүхий 1.3 тэрбум төгрөгийн өртөгтэй, 24 айлын орон сууц баригдаж эхэлсэн.

-Сумын төвийн орон сууцны нэг метр квын үнэ хэд болж байгаа вэ. Орон нутгийнхан үнэ хөлсийг нь хүлээн зөвшөөрч, сонирхож байх юм уу?

-Анх хэрэгжихдээ нэг сая төгрөг байсан нэг ам метрийн үнэ нь энэ онд бага зэрэг нэмэгдэж 1.150.000 төгрөг болсон. Иргэд маш их сонирхож байна. Баяндэлгэр суманд гэхэд хоёр дахь, Уулбаян, Түмэнцогт суманд эхний 24 айлын орон сууцны барилга барьж, дуусах шатандаа орсон. Гурван суманд нийт 5.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэж байгаа ч бид улсаас нэг ч төгрөг аваагүй. Ингээд ярихаар энэ бүгдийг маш хурдан, шуурхай хийсэн шиг санагдаж магадгүй юм. Гэхдээ үгүй, бид нэлээд бэрхшээл амссан. Моргейжийн зээлийн сургаар “Сумын төвд ийм өндөр үнэтэй байранд банк зээл өгөх нь зөв үү” гэсэн эргэлзээ ч байсан. “Малчны моргейжийн зээлийн хууль батлагдсан ч холбогдох байгууллагуудын эргэлзээ тайлагдахгүй байна. Үүнд анхаарал хандуулж өгөөч” гэж бид УИХ-ын даргатай хүртэл уулзаж явлаа. Мөн Монголбанкны удирдлага, Төрийн банк, холбогдох хүмүүс төслийг маш сайн дэмжсэн. Одоо хүмүүс ямар ч асуудалгүй зээлээ төлж явна. Энэ бол сумын иргэд, малчид өөрийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас моргейжийн зээл авсан анхны тохиолдол. Монгол Улсын малчны моргейжийн зээл нь дэлхийд байхгүй зээл гэж бодож байна. Яагаад гэвэл малчин хүний амьдралын онцлогт тохируулан эргэн төлөлтийг жилд хоёр удаа хийж байхаар хуульчилсан.

-Ойрын жилүүдэд аймгийн хөгжилд аль салбарын оролцоог татаж оруулбал илүү нэмэртэй санагдаж байх юм. Удирдлагууд энэ талаар тооцоо хийсэн байх гэж бодож байна?

-Сүхбаатар аймаг байгаль цаг уур, газар зүйн байрлалын хувьд давуу талтай, нийслэлээс 560 км алслагдсан, эх орны зүүн хязгаар, хилийн аймаг. Авто зам муутай үед нийслэлтэй холбох орон зайг холд тооцож байсан. Саяхан бид нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо. Тавантолгой-СайншандБаруун- Урт-Чойбалсан чиглэлийн төмөр зам тавих шийдвэр гарсан. Энэ зам ОХУ-ыг дамжаад Номхон далайн боомтод хүрнэ. Мөн Шар тэнгист байдаг Жинжү далайн боомтоос эх авсан төмөр замын үзүүр өнгөрсөн зун манай Бичигт боомтын цаана байх БНХАУ-ын Зүүн Хатавч боомтод ирсэн. Баруун-Уртыг Хөөтөөр дамжуулж, Бичигтийн боомттой төмөр замаар холбох улсын бодлого ч тодорхой болж байна. Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдвэл манай аймаг Монголд төдийгүй Зүүн хойд Ази дахь төмөр замын сонирхолтой зангилаа, транзит тээврийн бүс нутаг болох боломж харагдаж байгаа. Манай аймагт алт, жонш, цайр, молибден, гянтболд гээд ашигт малтмалын тодорхой илэрцтэй. Заримыг нь одоо ашиглаж байна. Үүнээс гадна хүрэн нүүрсний арвин нөөцтэй. Тиймээс аймаг хүрэн нүүрсний нөөцөө түшиглэн дулааны цахилгаан станц барьж эрчим хүч экспортлох, улмаар эрчим хүчний эх үүсвэрээ түшиглэн уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулан ажлын байруудыг бий болгож, эдийн засгаа тэлэх бодлого барьж ажиллаж байна.

Д.ОТГОНЖАРГАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.125.2 SUKHBAATAR AIMAG CH HUGJIIJ BNA LEE BUSAD AIMGUUD ULGER DUURIEL AVMAAR YUM
80.150.60.130 Unexeer saixan bolson bna le Suxbaatar.Bi sayxan yavsan.Unexeer gaixamshigtai amjilt gargaj bga Udirdlaguudad bayar xurgey. Malchid oeon suutstai bolno gdg bas l shine sodon sonsogdoj bna. Bayar xurgey!