“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын зарцуулалтын хуудууг ээлж дараагаар дэлгэнэ гэв

2014 оны 11 сарын 12

  УИХ-ын гишүүн Г.Уянга “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийн талаар ноцтой баримтуудыг дэлгэж эхэллээ. Тэрбээр “нууц” гэсэн тамгаар нуусан “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгасан Ажлын хэсгийн тайлангийн талаар Засгийн газарт хэд хэдэн асуудлаар асуулга тавьсан ч одоо болтол хариу ирээгүй тул уг баримтыг нууц биш хэмээн үзэж ийнхүү зарлаж байгаа аж.

ФРИЙДЛАНДЫН ХУВИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨЛЖ БАЙЖЭЭ

Энэ удаа Г.Уянга гишүүн 400 гаруй тэрбум төгрөгийн баримт дэлгэв. Тухайлбал, “Оюутолгой” төслийн хүрээнд далд уурхайн ажил гүйцэтгэсэн “Рэд Пад” компанийн гадаад гагнуурчин л гэхэд өдөрт 1.8 сая төгрөг авч байхад монгол ажилтанд 71 мянган төгрөгөөр тооцож, 25 дахин бага цалин өгч байжээ. Түүнчлэн “Оюутолгой” төслийн болон тус компанийн үйл ажиллагаатай шууд холбогдолгүй буюу “Рио Тинто” болон “Айвенхоу” группийн гишүүн компаниудын удирдлагуудын зардлууд, гэрээнд огт хамааралгүй “Флоур” компанийн ажилчдын Хятад улсад төлсөн орон сууцны түрээс, эмнэлгийн үйлчилгээний зардлууд, Маурин Сюгийн орон сууцны санхүүжилт, хүүхдийнх нь сургалтын төлбөр, аялал зугаалга, нислэгийн тийз, бусдад өгсөн бэлэг, хандив, Шанхайн оффист гарсан зардлууд, дайны эрсдэлийн даатгал гэх мэтээр нийт 214.4 сая ам.долларын зардал нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг зөрчиж, төслийн хөрөнгө оруулалтын шууд зардлаар бүртгэгдсэн аж. Түүнээс гадна Монголын компаниудтай холбоотой асуудал ч сөхөгджээ.

Тухайлбал, “Петровис” компанид 3.4 тэрбум төгрөг баримтгүйгээр шилжүүлсэн гэнэ. “Энэ төслөөс монголчууд хэзээ ашиг авах нь тодорхойг үй, нэмж өр тавьж хөрөнгө оруулах тухай асуудлыг нөгөө талаас тавьж байгаа. Ер нь бидэнд ашгаа өгөх үү, үгүй юү гэдэг дээрээ тулчихаад байгаа. Энэ гэрээгээр төсөл бидэнд ашгаа өгөхгүй гэдгийг 10-аад жилийн өмнө Оюутолгойн гэрээ яригдаж эхэлж байх үед бид жагсаж, тэмцэж, эрх баригчдад хангалттай хэлсэн. Дараа дараагийн хөрөнгө оруулагчид Монголд, хоёр талдаа харилцан ашигтай гэрээ байгуулахгүй бол монголчууд байгалийн баялгаасаа ашиг хүртэх хамгийн анхны жимийг энэ төсөл тавих учраас хариуцлагатай хандъя гэж сануулж байсан. Үнэхээр тэр үед бидний зөв байж. Эрх баригчид тэр үед биднийг тоож уулзаж, бидний үгийг ажил хэрэг болгож, бидэнтэй хамтарч байхгүй яав даа гэж харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна” хэмээн Г.Уянга гишүүн хэлсэн юм. Эхний удаа тэр 400 гаруй тэрбум төгрөгийн баримтыг хөндсөн. Үүнийг Монгол Улсыг цэцэрлэггүйн зовлонгоос салгах хангалттай мөнгө гэдгийг тэрбээр онцолсон. Энэ мэтчилэн их хэмжээний мөнгөний асуудал байгаа тул УИХ-ын гишүүн Г.Уянга ээлж дараагаар нь бүгдийг нь мэдээлэхээр бэлтгэж эхэлснээ мэдэгдлээ.

Р.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.0.157.218 газрийн доорхи баялаг эцэг хуулинд бүх ард түмний өмч гэж заасан юм гэдэг ард түмний өмчийн захиран зарцуулалт ард түмэнд нууц байлгадаг нь луйвар гэдгийг нотлоод байгаа бишүү?
182.160.0.228 Sdscds