ХАТАН ТУУЛЫН СУДСААР ХОРТ БОДИС УРСАЖ, НҮД АНИХАД ОЙРХОН БОЛЖЭЭ

2014 оны 11 сарын 12

  Туул голын амьсгаа тасалдаж, амь тавихад ойрхон болоод байна. Эрэг нь замагтаж, хогонд дарагдан, бохирын цооногоос ханхалдаг өмхий самхай үнэр хамар цоргиж, загас, жараахай олноор үхэж, Хатан Туул маань урсан ядан “тийчилж” байна. Эдгээр үгийг бид өнгөрсөн хугацаанд мянгантаа сонсож, түмэнтээ бичсэн гэхэд дэгсд үүлсэн болохгүй. Гэтэл үүнээс гарах арга замыг одоо хэр олоогүй төдийгүй өдөр ирэх тусам Туул голын бохирдлын түвшин ихсэж байгаа тухай мэдээ чих дэлсэх боллоо. Өнгөрсөн долоо хоногт НМХГ-аас мэдээлэл өгч, Туулын усыг ундны битгий хэл үйлдвэрлэлийн зориулалтаар ч ашиглах боломжг үй хэмээв. Харин чухамхүү яагаад, юунаас үүдэж ийм нөхцөлд хүрэв, гарах арга зам нь юу болох талаар хэн ч юу ч гэж хэлсэнгүй. Үнэндээ бол уг мэдээлэл гарсны дараа холбогдох байгууллагууд нь асуудлыг гамшгийн хэмжээнд хүрлээ хэмээн үзэх ёстой. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн өгс өн мэдээллээр Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн тэжээлийн бүсэд (энэ нь Налайх орчим) байгаа голын дээд хэсэг буюу гадаргын бохирдол гуравдугаар зэрэгт (бага бохирдолтой) байна гэсэн бол цэвэрлэх байгууламжаас гарч буй бохир ус нийлж байгаа хэсэг буюу Сонгинын гүүрнээс эхэлж эрс бохирдож, тавдугаар зэргийн (их бохирдолттой) ангилалд хамрагдаж байгаа нь ус ашиглалтын аль ч төрөлд тэнцэхгүй гэдгийг илтгэж буй гэнэ. Үүнээс болж голын ус урсах явцдаа цэвэршдэг экологийн тэнцвэрт байдал алдагдаж, улмаар хавар болоход үерийн усны далан, шуудуунд хуримтласан хог хаягдал тэр чигтээ өмхийрч, бохирдол үүсгэх шалтгаан нөхц өлийн нэг болж байгаа гэх. Гэхдээ хамгийн гол буруутан нь арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрийнхэн гэнэ.

ТУУЛ ГОЛ ЭЗЭНТЭЙ БОЛООД ЮУ ӨӨРЧЛӨГДСӨН ЮМ БЭ

Төв аймгийн Мөнгөнморьт сумаас эх авч, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум хүртэл нийт 717 км урсдаг Туул гол нь нийслэлийн долоон дүүрэг, таван аймгийн 37 сумыг хамардаг бөгөөд ус хурах талбайгаар нь авч үзвэл, 50 мянга орчим ам дөрвөлжин км талбайг тооцно. Хуучин Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэж байхад Голландын Засгийн газрын 100 хувийн буцалтгүй тусламжаар манай улсын усны нөөцийн менежментийг сайжруулах төсөл хэрэгж үүлж байж. Уг төслийн хүрээнд Туул болон Орхон голын сав газрын менежментийн төлөвлөгөөг батлуулах, усыг эзэнтэй болгохыг зорьжээ. Улмаар Усны газрыг байгуулж, Монгол орны 21 аймаг 330 гаруй сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулах болсон. Гэсэн ч Туул голын хамгаалалт сайжрааг үй гэдэг. Ингээд шинэ Засгийн газар байгуулагдсанаар Усны газрыг татан буулгаж, чиг үүргийг нь БОНХЯ-нд шилжүүлж, гурван хэлтэс байгуулсан аж. Усыг эзэнтэй болгохоор 29 сав газар байгуулсны эхнийх нь Туул голын сав газрын захиргаа юм. Ингэж нэг юм Туул голыг эзэнтэй болгосон. Гэхдээ юу өөрчлөгдсөн бэ. Туул голыг бохирдуулж буй хамгийн гол шалтгаан нь нийслэлд буй 30 гаруй арьс, ширний үйлдвэр гэж Туул голын сав газрын захиргааныхан үзэж байна. Тэдгээр үйлдвэр Улаанбаатар хотоор урсан өнгөрч буй Туул голын гүнээс буюу УСУГ-ын төвлөрсөн шугамаар дамжуулан хэрэглээний усаа авдаг байна. Харин ус ашиглах зөвшөөрлийг нь УСУГ өгдөг гэнэ. Ийм тайлбар хийж, төрийн байгууллагууд өөр хоорондоо хөлөө жийлцэж суух зуур асуудал хэдийнэ тэдний мэдлээс гарчээ.

“ХАРГИА” ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АЖИЛЛАХГҮЙ БАЙНА

Уг нь арьс, шир, ноос, ноолуур боловсруулж, тэндээс гарах бохир усыг “Харгиа” цэвэрлэх байгууламжаар цэвэршүүлж тодорхой хэмжээний нян бохирдлыг нь арилган, улмаар стандартын шаардлага хангасан усыг төв цэвэрлэх байгууламж руу түгээх ёстой байдаг. Гэтэл өдгөө арьс, ширний үйлдвэрүүдийн мэдэлд очсон “Харгиа” цэвэрлэх байгууламж ажиллахгүй байна. “Бид өөрсдөө цэвэрлэнэ, хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж байна” гэчихээд технологийн олигтой шинэчлэл хийлгүй ирсэн нь байдал иймдээ тулсан хэрэг. Төв цэвэрлэх байгууламж нь ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай болохоос биш хүчтэй химийн бодис агуулсан бохирыг цэвэрлэх боломжгүй. Иймээс Туул гол бохирдох гол шалтгаан болоод байгаа. Мөнгөнморьтоос эх аван Налайх хүртэл урсаж буй хэсгийг цэвэр гэсэн ангилалд хамруулдаг. Харин Гачууртаас доош урсахдаа бохирдлын зэрэг нь буурч эхэлдэг. Эндээс харахад хүний үйл ажиллагаа нөлөөлж байгаа нь илт юм. Зах замбараагүй газар ашиглалт, зөвшөөрөлгүй үйлдвэр, аж ахуйн нэгж ихээр байгуулагдаж, тэр тоолонд хэн дуртай нь худаг гаргаснаас болж Туул голын усны түвшин хавар багасдаг аж. 1960 оноос хойших газрын доорх усны нөөцийн судалгаагаар хоногт 320 мянган шоо метр усны нөөцтэй гэж баталгаажуулсан байдаг. Гэтэл энэ нөөц одоогийн түвшинд бараг 310 мянган шоо метр хүртэл буурчээ. Ердөө аравхан мянга гэж та бодож болох хэдий ч энэ тоо өгсөх ёстой атал уруудна гэдэг маш муу үзүүлэлт юм. Туул голын гадарга бохир харагдаж байгаа. Тэгвэл ёроол доорх бохирдол нэлээд хэдэн метр зузаан давхарга үүсгэсэн байдгийг мэргэжилтн үүд хэлж байна.

ТЭДНИЙГ ЭМЭЭЛТ РҮҮ НҮҮЛГЭНЭ

Арьс, ширний үйлдвэрийн холбооныхон “Бид бохирдуулаагүй, баримттай ярих хэрэгтэй” гэж өөрсдийгөө хаацайлдаг. ХанУул дүүргийн арьс ширний хашаан дотор үйлдвэр бариагүй байсан бол Туул голын бохирдлын түвшин 50, 60 хувиар буурахгүй байсан. Тиймээс Туул голыг бохирдуулж байгаа үйлдвэрүүдийг хотоос нүүлгэх асуудал юу болж байгаа талаар холбогдох албаныхнаас тодруулсан юм. Тэднийг нүүлгэхээр өнгөрсөн жил Засгийн газрын тогтоол гарч, Эмээлтэд цогцолбор байгуулахаар болсон. Үүний дагуу нийслэлийн ИТХ-ын тогтоол энэ онд гарч, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит газрыг байгуулсан гэдгийг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ хэлсэн.

БОНХЯ, нийслэлийн Засаг даргын орлогч нар хамтран геологийн ажлын техникийн даалгаврыг баталсан байгаа гэнэ. Хоногт 18 мянган шоо метр ус авч ашиглах боломжтой усны нөөцийг илрүүлэхийг усны мэргэжлийн байгууллагад даалгасан аж. Одоогоор тухайн ажлыг гүйцэтгэгч компанийнхан Эмээлт орчимд Туул голоос 160-300 метрийн зайд газрын зурвасаар хайгуул явуулж байгаа аж. Гэхдээ арьс, ширний үйлдвэрүүдийн холбооныхон унды цэвэр ус олж өгөхийг хүссэн гэнэ лээ. Энэ бол яагаад ч боломжгүй. Учир нь Туул голоос доош урсаж байгаа усны ундаргаас техникийн зориулалттай ус гарах боломжтой. Угтаа бол үйлдвэрлэлийн чиглэлд техникийн ус байхад л хангалттай баймаар. Гэсэн ч ямар зорилгоор тийм ус шаардаж буй нь тодорхойгүй байна.

НМХГ-ЫНХАН ХУУЧНЫ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭСЭН ГЭВ

БОНХЯ-ны харьяа Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн С.Сүхбат “Хайгуул хийж буй газраас буюу Туул голоос 3-4 км-ийн зайд цогцолбор байгуулна. Ингэхдээ Туул голын бохирдлын түвшинг хянах боломжтой есөн цооног барина. Манай газрын эрх үүрэг нь усны хуулиар сав газар дахь усны нөөц ашиглалтын байдалд байнгын хяналт тавих үүрэгтэй. Үнэнийг хэлэхэд, Улаанбаатар хотын усны нөөц багасаж, бохирдож байна гэж ярьдаг. Гэтэл арьс, ширний үйлдвэрүүд болон авто угаалгын газарт УСУГ-ынхан өөрсдөө замбараагүй зөвшөөрөл олгодгоос ийм нөхцөл байдал үүсээд байгаа шүү дээ. Ийм байж дараа нь Улаанбаатар хот усгүй боллоо гэж ярьцгаадаг. Нэмээд хэлэхэд, НМХГ-ынхан Туул гол тавдугаар зэргийн бохирдолтой гэсэн мэдээлэл өгсөн нь хуучны мэдээ юм. Тэд өөрсдөө хяналт шалгалт хийгээгүй, бидний өмнө нь судалгаагаар тогтоосон байсан мэдээллийг олон нийтэд цацаж байгааг нь гайхаж байна. Түүнчлэн Туулыг авч үлдэх нэг арга бол арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэх. Мөн Туул голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд нэгэнт газар олгосон тохиолдолд тухайн иргэний болон үйлдвэрлэлийн барилга байгууламжид газрын, үл хөдлөх хөрөнгийн, усны онцгой албан татвар төлөхийг шаардах хэрэгтэй” гэв. Одоогийн нөхцөлд усны нөөц ашигласны төлбөр аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт орж байгаа. Гэтэл тэр мөнгө эргээд усандаа зарцуулагддаггүй байна. Байгалийн нөөц ашигласны тухай хуулиар усны нөөц ашигласны 55-аас доошгүй хувийг усанд нь эргээд зарцуулна гэсэн заалттай. Энэ хууль олон жил нэр төдий явсаар өнгөрсөн жил Засгийн газрын тогтоол гарч, төсөвт нь суулгах журам гарсан нь сайшаалтай. Туул гол ийнхүү амиа таслуулахын наагуур л нийслэл хотоор дайран өнгөрч байна. Бидний бахархал болж, дуу, яруу найрагт мөнхөрч, түүхэнд нэрээ үлдээсэн Хатан голоо хайрлаж, сав юугаа дүүргэн урсгахад анхаарах цаг хэдийнэ болжээ. Сав юугаа дүүргэн урсдаггүй юм гэхэд эрүүл цэнгэг, цэвэр ариун байж гэмээнэ нийслэлчүүд бид ундны усны аюулгүй байдалд санаа зовохгүй байж чадна.

Б.БЯМБАСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД