ХӨДӨЛМӨРИЙН БААТРААР ЗАМЧЛУУЛСАН ГАЗАР ДООРХ АЯЛАЛ

2014 оны 11 сарын 11

- Бор-Өндөрийн уурхай хүчин чадлынхаа дөнгөж 30 хувийг л ашиглаж байна -

  Уурхайчдын тосгон, Хэнтий аймгийн Бор-Өндөрт бага нас минь өнгөрсөн ч уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрт ганц удаа л хөл тавьж үзсэн юм. Харин энэ удаа тус үйлдвэрийн уурхайчин, хөдөлмөрийн баатар Б.Түмэндэмбэрэлээр газарчлуулан, далд уурхайгаар аяллаа. Энэ бол жирийн бус газар доогуурх аялал учраас уурхайн эмч юун түр үүнд миний даралтыг хэмжиж, эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг шалгалаа. Үүний дараа ажилчдын хувцас сольдог өрөөнд орж, усны гутал, даавуун өмд, цамц, харанхуйд гэрэлтдэг хантааз, хамгаалалтын малгай өмсөв. Газар доорх уурхай руу орохын өмнө хөдөлмөрийн баатар маань аюулгүй ажиллагааны талаар товч зааварчилгаа өгсөн. Хүн, ачаа тээврийн клеть (өргөх сав)-нд суухдаа хоёр хөлөө хагас нугалж, зориулалтын бариулаас сайн барих хэрэгтэй. Ямар нэгэн эвдрэл гарч, клеть гэнэт зогсвол зөөлөн эдийн гэмтэл авч болзошгүй учраас энэ гэнэ. Мөн 380-6000 кВт хүчдэл бүхий цахилгааны утас холбосон учраас түүнд хүрч болохг үйг онцгойлон анхааруулав. Ингээд 09.50 цагт далайн түвшнээс дээш 1110 метр буюу 200 метр гүнд байрлах далд уурхай руу орлоо.

Тус уурхай босоо, хэвтээ, налуу гэсэн гурван амтай. Эхлээд босоо амаар оров. Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрт гурван далд уурхай байдаг ч гадаад зах зээлд жоншны борлуулалт муу байгаагаас ганц нь л тэсэж үлджээ. Хүчин чадлынхаа дөнгөж 30 хувийг ашиглаж байгаа учраас ажилчдынхаа тал хувийг цомхтгосон аж. Өнөөдрийн байдлаар 200 орчим хүн хоёр ээлжээр ажиллаж байна. Тийм болоод ч энэ үү, уурхайн гүнд ажиллаж буй ажилчид цөөн таарсан юм. Харанхуй, чийгтэй, агааргүй урт чулуун хонгилоор хоёр цаг гаруй аялах тийм ч амар байсангүй. Усны гутал өмссөн хэдий ч өвдгөөр татсан ус туулснаас өмд нороод алхах гишгэхэд тээртэй болов. Зөвхөн эрчүүдийн хийх ажил гэдэг нь уурхайн гүний нөхцөл байдал, “JCCY-2” зөөвөрлөгч, “JKO-10” тээвэрлэгч машины нүсэр дуу чимээ зэргээс илэрхий. Жоншоо зөөж, тээвэрлэдэг тэргэнцэр явах зориулалттай нарийхан төмөр зам ч энд бий. Нэг нь хоёр тоннын багтаамжтай 40 гаруй тэргэнцэр байдаг аж. Хамгаалалтын малгайнд суурилуулсан гэрэл гялтайх төдийгөөр л хаана хүн явааг баримжаалсаар 100 метр явсны дараа модоор бэхэлгээ хийж буй Ш.Хуягтбаатар гуайтай таарлаа. Тэрбээр гүний уурхайд 30 орчим жил ажиллаж байгаа туршлагатай уурхайчин юм байна.

Хөдөлмөрийн баатрын хамт 200 метрээс доошоо, налуу амаар дахин 50 метр явлаа. Энэ хооронд бид ярилцаж амжсан. Б.Түмэндэмбэрэл гуай “Бид далд уурхайдаа байгалийн гэрэл оруулж, хөрсний усыг арилгаж чадахгүй. Гэрэл тавилаа ч нарыг орлуулж чадахгүй шүү дээ. Уул уурхай гэдэг асар том шинжлэх ухаан. Уурхайг хэн дуртай нь нээдэггүй, мэргэжлийн хүмүүс газрыг ухаж, өрөмдөж, тэгшилж, бэхлэхээс л эхэлнэ шүү дээ. Монгол Улс жоншны үйлдвэрлэл, олборлолтоороо дэлхийд дөрөвт орж байна. Манай уурхай л гэхэд энэ чигээрээ ажиллавал 20 жилийн нөөцтэй. Нөөц, ажиллах хүч байна. Харин гадаад зах зээлд жоншийг хэрхэн ашигтай борлуулах тал дээр төр, засгаас анхаарал тавих хэрэгтэй. Энэтхэг улсаас жонш авах хүсэлт ирсэн. Гэтэл бид БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээврийн зардлыг дийлэхгүй байх жишээтэй. Нэг тонн жонш 400-500 ам.доллар байх юм бол ингэж тээвэрлэж болох юм. Гэтэл өнөөдөр нэг тонн нь 200 ам.долларт дөнгөж хүрч байна” гэв. Хоёр цаг гаруй ус туучин, харанхуйд явахад амаргүй байгаагаа хөдөлмөрийн баатарт дуулгахад “200 метр гэдэг гүехэн уурхай.

Дэлхийд 3000 гаруй метрийн гүнд байрладаг уурхай ч бий. Манай Оюутолгойн уурхай 1380 метр гүнд нэвтрээд байна. Уул уурхайг хэзээ ашиглах вэ гэдгээ л нарийн тооцох хэрэгтэй. Жишээлбэл, алт үнэтэй байхад Оюутолгойн олборлолтыг эхлүүлсэн бол эдийн засгийн үр ашигтай байх байлаа” гээд л том том алхсаар аврах гарцны дэргэд ирлээ. Ямар нэгэн осол гарах ч юм уу, чулуу нурж, уурхайн ам хаагдвал энэ гарцаар гарах боломжтой юм байна. Ер нь уурхайд хоёр гарц заавал байх ёстойг Д.Түмэндэмбэрэл гуай онцолсон. Гүний энэ уурхайд нүд хужирлах ганц зүйл байсан нь ногоон, цагаан, хөх, ягаан гээд өнгө өнгөөр гялалзах жонш. Төмөр, хөнгөн цагаан хайлуулахад шаар их гардаг. Үүнийг багасгах гол түүхий эд нь жонш юм байна. Үүнээс гадна гоёл чимэглэл, шаазан эдлэл зэрэг үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг. Жонш орлуулах бүтээгдэх үүн хийх гээд чадахгүй байгаа нь энэ ашигт малтмал давтагдашгүй болохыг батлах мэт. Дэлхийд ган, хөнгөн цагааны үйлдвэр үүд хурдацтай хөгжиж эхэлбэл үүнийг дагаад ч манай жоншны борлуулалт өсөх юм. “Толгой хаашаа, сүүл тийшээ” гэдэг шиг БНХАУ, Канад, ӨАБНУ-ын дараа жагсдаг Монголын жоншны томоохон үйлдвэрийг гадаад зах зээлээс хараат байдал сөхрөхөд хүргэж буй нь харамсалтай. Манай урд хөрш л гэхэд 2000 гаруй жижиг уурхайнхаа үйл ажиллагааг зогсоочихоод Монголоос жонш авдаг юм байна. Тэд манай улсын сайн чанарын жоншийг өөрсдийн чанар муутай жонштой хольж бүтээгдэхүүн гаргах жишээтэй. Хойд, урд хөрш рүүгээ гаалийн татваргүй нэвтэрч, жоншоо гаргадаг болбол ч сайхан ирээдүй энд байна.

Хөдөлмөрийн баатар маань “Анх уурхайн гүнд ороход их сонин мэдрэмж төрж байлаа. Одоо бол ижил дасал болжээ. Харин ч уурхайдаа орохгүй удахаар санаад байдаг юм шүү” гэлээ. Хоёр цаг гаруй аялсан бидний аялал буцах клетинд сууснаар өндөрлөсөн юм. Эрэлхэг уурхайчид маань энд харин долоон цаг ажиллана. Ээлжээ хүлээж аваад уурхайн гүнд орсон л бол ажлаа дуусгахаас нааш “нар харахг үй”. Техник саатлаа ч гэсэн эндээ л засаж янзална. “JCCY-2” зөөвөрлөгч, “JKO-10” тээвэрлэгч машины засварын газар ч энд бий. Хөрсний усаа төв татуургаар татаж, баяжуулах фабрикт нийлүүлдэг ажээ. Усаа ингэж байнга татахгүй бол хоёр цаг болоход л уурхай усанд автах аюултай. Бид 12.30 цагт уурхайн гүнээс гарлаа. Талын цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж аваад уурхайчдын цайны газарт үдийн цай уув. Хортой, хүнд, халуун, тоостой нөхцөлд ажилладаг уурхайчдад халуун хоол, цай юу юунаас илүү чухал. Тиймээс тэд өглөө, оройдоо ажил хүлээлцэх үеэрээ тусгай тасалбараар хоол иддэг аж.

Үүний дараа тус үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал С.Ган-Очироос уурхайн талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Бор-Өндөрийн уурхай үйл ажиллагаагаа эхлээд 32 жил болж байна. Энэ хугацаанд багагүй асуудал, бэрхшээл тулгарсан байх. Саяхан л гэхэд ажилчдаа цөөлж, цалинг нь бууруулсан байна.

-Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд хөнгөн цагааны үнэ унаснаас болж, ОХУ-ын гол худалдан авагчид жоншны захиалга өгөхгүй байна. Үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, өнгөрсөн онд үйлдвэрээ зогсоосон ч өөр боломж хайж эхэлсэн. Ингээд Баргилтын төмрийн ордоо түшиглэн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэсэн. Баяжуулах үйлдвэртээ төмрийн хүдэр боловсруулах технологи нэвтр үүлсэн. Манайх 65 хувийн агуулгатай, сайн чанарын төмөр гаргаж байгаа ч зах зээлд төмрийн хүдрийн үнэ бас л уначихлаа. Одоо жилийн 30 хувьд нь жонш, үлдсэнд нь төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж байна. Борлуулалт бага байгаа болохоор ажилчдын цалин тодорхой хэмжээгээр багассан.

-Баяжуулах үйлдвэр төмрийн хүдэр баяжуулаад ажиллаж болж байна. Харин уулын цех цаашид яах бол?

-Баяжуулах үйлдвэрийг хүдрээр хангадаг хэсэг нь уулын цех. Ил болон далд уурхайгаас хүдрээ гаргаж байна. Далд уурхай сардаа 9-10 мянган тонн хүдэр гаргадаг. Энэ хүчин чадалд нь тохируулаад уурхайгаа ажиллуулна. Усны нөөц, агааржуулалтын систем, өндөр хүчин чадалтай өргөх хэсгийг ажиллуулахад зардал өндөртэй. Гэлээ ч өртөг өндөр, бүтээмж бага гээд уурхайгаа орхихгүй.

-Уурхайчдын олонх нь банкны зээлтэй гэсэн. Тэдний нийгмийн асуудалд хэрхэн санаа тавьдаг вэ?

-Банкнаас зээл авахад шаардлагатай тодорхойлолт, батламж гаргаж, цалин мөнгийг нь таслахгүй байхыг хичээдэг. Уурхай хэсэг хугацаанд зогсоход уурхайчдын маань амьдрал уруудаж эхэлсэн шүү.

-2014 онд 40 мянган тонн жоншны баяжмал, 131 мянган тонн төмрийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Он дуусахад сар гаруй хугацаа байна. Төлөвлөгөөгөө биелүүлж чадах нь уу?

-70 хувийн биелэлттэй явж байна. Анх төмрийн хүдрийг нэг тонн 100 ам.доллараар борлуулна гэж төлөвлөсөн бол одоо 70 ам.доллар л хүрч байна. Мөн үйлдвэрийн урт хугацааны өр бий. Төлөвлөсөн ажлаа борлуулалтаас болоод амжуулж чадахгүй байгаа. Төмрийн хүдрийн эдийн засгийн үр ашигтай нөөц нь 20 гаруй сая тонн. Жилд 600 мянган тонныг л ашиглаж байна.

-Зэсийн баяжмалын үйлдвэрийг Бор- Өндөрт барихаар болсон. Ажлын байр нэмэгдэх нь байна?

-Тийм. 2000 орчим хүн ажиллах боломжтой гэсэн. Дэд бүтэц, бааз суурь, далд уурхайгаас гарч буй усны нөөц, төмөр зам зэргийг харгалзан үзэж байршлаа сонгосон байх. Зэсийн баяжмалын үйлдвэр барих судалгааны ажлаар 2-3 удаа хүн ирсэн. Сум, орон нутгийн иргэд томоохон үйлдвэр баригдана гэсэн хүлээлттэй байгаа. Үйлдвэр барих гол төлөвлөгөөг Эрдэнэт үйлдвэрийн Хөгжлийн хэлтэс гаргаж байгаа юм шиг байна лээ. Ус, дулаан, орон сууцны хүрэлцээ зэрэг тулгамдсан асуудал гарах л байх. Гэхдээ шийдвэрлэж болохгүй асуудал байхгүй шүү дээ. “Монголросцветмет” хэмээх их айлын харьяанд багтдаг уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэр сумынхаа 10 гаруй мянган иргэний аж амьдралыг нуруундаа үүрч явна. Жоншны үнэ хямраад ирэхээр төмрийн хүдэр боловсруулж, экспортолсон ч төмрийн үнэ бас л сайнгүй байна. Өнгөрсөн онд зургаан сар гаруй хугацаанд хаалгаа барихад л ажилчид нь хэцүүдэж эхэлжээ. Тэдний 90 хувь нь банкны зээлтэй байжээ. Хүчин чадлаа бүрэн ашиглаж байхдаа Хэнтий аймгийн төсвийн 80-90 хувийг дангаараа бүрдүүлдэг байж. Харин одоо цахилгаан, татвар, нийгмийн даатгалын шимтгэл гээд хэдэн тэрбумаар тоологдох өртэй гэдгээ ч тус үйлдвэрийнхэн нуусангүй.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.73 mongolchuud oyutolgoig chadahgui ene ter geed l hutsaad bsn neg hav, ingee duhtsan l bgaa biz dee termuu oyutolgoig RIo daramtalj bgaad ER-d ogchihod muu yum yu ch bolohgui