ЧУЛУУНААС ГАРГАСАН ДУЛААН

2014 оны 11 сарын 11

Улаанбаатар хотод өндөр барилгууд шил шилээ даран сүндэрлэж байна. Гэвч эдгээр барилгад гал гарлаа гэхэд онцгойгийнхны техник хэрэгсэл шаардлага хангахгүй нь “Шангрилла Улаанбаатар” зочид буудалд гал гарахад харагдсан. Иймээс онцгойгийнхон гал унтраахад онгоц шаардлагатай гэж хэлж байлаа. Гэхдээ нэгэнт дүрэлзсэн гал онгоц ашигласан төдийд унтрахгүй гэнэ. “Шангрилла Улаанбаатар” зочид буудлын барилгад гарсан гал цахилгааны гэмтлээс болсон ч гэлээ гал авалцахад шилэн хөвөн нөлөөлсөн гэдэг. Харин базальт чулуунаас гаргаж авсан хөвөн галд тэсвэртэй тул галын аюулыг багасгана. “Монгол базальт” ХХК дээрх чулуугаар хөвөн, дулаалгын материал үйлдвэрлээд багагүй хугацаа өнгөрчээ. Иймээс ч “Шангрилла Улаанбаатар”-ынхан барилгынхаа дулаалгын материалыг сольж, эднийхээс авсан гэнэ. Тус компанийн захирал Л.Ариунболдтой ярилцлаа.

-Базальт чулуугаар хийсэн хөвөн галд тэсвэртэйгээс гадна өөр ямар давуу талтай вэ?

-Дэлхий нийт эрчим хүч хэмнэх технологид анхаарал хандуулж байна. Эрчим хүч хэмнэснээр нүүрсхүчлийн хий багасна. Улс орон, айл өрх байр, орон сууцны дулаанд хамгийн их мөнгө зарлагаддаг. Дулаалгын материал барилгыг халуун, хүйтнээс тусгаарлахаас гадна аюулг үй байдлыг хангах үүрэгтэй. Дулаалгын материал олон төрөл байдаг бөгөөд нэг том хэрэглээ нь эрдэст хөвөн юм. Үүнийг дотор нь шилэн, чулуун, шаарган хөвөн гэж ангилдаг. Чулуун хөвөнг базальт чулуунаас гаргаж авдаг бол шилэн хөвөнгийн үндсэн түүхий эд нь хаягдал шил, элс. Шилэн хөвөн дулаан уур амьсгалтай оронд амины жижиг орон сууц дулаалахад зориулагдсан. Харин шаарган хөвөнг төмрийн үйлдвэрийн хаягдлаас гаргаж авдаг бөгөөд хүн амьдардагг үй барилгад ашигладаг. Чулуун хөвөн нэмэх 1100 градуст шатдаггүй, дулаалгын сайн материал төдийгүй суулт өгдөггүйгээрээ давуу талтай. Шилэн хөвөн нэмэх 350 градусаас дээш температурт шатдаг бол шаарган хөвөн 800 градуст хайлдаг. Чулуун хөвөнгөөр хийсэн дулаалгын материал бетонд хуримтлагдсан чийгийг гадагшлуулна. Шилэн хөвөн хямд төсөр боловч нас богино, манайд хэрэглэх стандарт байдаггүй. 3-4 жилийн дараагаас л суулт өгдөг. Манай барилгын компаниуд аль болох хямд үнэтэйг нь сонгодог. Өнөөдөртөө хямд тусаж болох ч тэр нь барилгын насыг богиносгохоос гадна маш том эрсдэл дагуулж байдаг. Хүнээр яривал, ноосон цамц, гялгар уутан цамц хоёр л гэсэн үг. Хөөсөнцрөөр дулаалж байгаа барилгууд гялгар уутан хувцас өмссөн хүнтэй адил. Бид дулаандаа багагүй мөнгө зарцуулдаг ч дулаан байж чаддагг үй. Мөн үүнээсээ болж эрүүл мэндээрээ хохирч байдаг.

-Ийм хөвөн хийдэг компани Монголд танайхаас өөр байдаг уу?

-Байхгүй. Манайх энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын цорын ганц компани. Чулуун хөвөн үйлдвэрлэхэд өндөр технологи, тусгай боловсон хүчин шаардлагатай. Хүссэн хэн бүхэн үүнийг үйлдвэрлэж чадахгүй. Манайх түүхий эд болох коксоо Тавантолгойгоос, базальт чулуугаа өөрийн орд газраасаа олборлодог.

-Манай улс базальт чулууны хэр их нөөцтэй вэ?

-Сүхбаатар, Говь-Алтай, Сэлэнгэ аймагт базальт чулууны нөөц хангалттай бий. Гэхдээ бүх базальт чулуу хөвөн болдоггүй. Чулуу болгонд тохирсон технологи боловсруулдаг. Бид чулуугаа олоод, түүнд тохирсон технологийг гурван жил боловсруулан, гадаадын үйлдвэр үүдэд туршиж, технологийн горимоо олж авсан.

-Чулуун хөвөнг дулаалгын материалаас өөр юунд ашигладаг вэ?

-Шугам хоолой, дулааны цахилгаан станцад ашигладаг. Бид өмнө нь Баянзүрх дүүргийн онцгой байдлынхантай хамтран ажиллаж, гал сөнөөгчдөд галд шатдаггүй бамбай хийж өгсөн. Мөн галын машиныг чулуун хөвөнгөөр бүтээвэл машин галын цэгт ойрхон зогсож, усаа шүршинэ. 4-5 жилийн өмнө Богд ууланд гал гарахад модыг шатаахгүйн тулд чулуун хөвөнгөөр ороож байсан. Бид Онцгой байдлын ерөнхий газартай энэ талаар хамтарч ажиллахаар ярьж байгаа. Дэлхийд нефтийн агуулахын гадна талыг базальт чулууны хөвөнг өөр хамгаалдаг. Ингэхээр нефть халуунд халж ууршихгүй. Галын аюулаас ч хамгаална. Үрийн болон будааны агуулах гээд бүх зүйлд тусгаарлагчаар ашиглаж болно. Цахилгаан тээврийнхэн троллейбус, дуобусынхоо дулаалгыг манайхаас авдаг. Дуу чимээг маш сайн тусгаарлана. Түүнчлэн чулуун хөвөнг хүлэмжинд ургамал үржүүлэх орчин болгон ашигладаг. Манайхан утаагаа багасгахын тулд сайжруулсан зуух, түлш, халдаг шал мэтийг ашиглаж байна. Эдгээр нь ач тустай ч гэлээ эхлээд дулааны алдагдалгүй болоход анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Англид хуучин байшингаа дулаалбал хүн амын орлогын албан татвараас чөлөөлдөг. Эрчим хүч, дулаан хэмнэж байгаа учраас тэр. Манайх дулааны цөөхөн цахилгаан станцтай, 12 сарынх нь долоон сард нь хүйтэн байдаг улс. Орон сууцны иргэд нэгдсэн зохион байгуулалтад ороод, байраа дулаалчихвал хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх ч юм уу, тэднийг татварын бодлогоор дэмжих хэрэгтэй. Барилгын компаниудын дулаалгын материалд зарцуулж байгаа мөнгийг нь татвараас чөлөөлж болно. Жишээ нь, 500 сая төгрөгийн төсөвтэй барилгын 150 сая төгрөгийг дулаалгын материалд зарцуулж байлаа гэхэд үүнд ногдох татварыг чөлөөлбөл барилгын компани дулаалгын давхаргыг 10 см зузаан хийх байсан бол 20 см болгоно шүү дээ.

-Дэлхий дахинд базальт чулуугаар хөвөн үйлдвэрлэдэг энэ технологи нэвтрээд хэр удаж байна вэ?

-Данийн хоёр инженер 1936 онд энэ технологийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Халуун оронд дулаан нэвтрүүлэхгүйн тулд чулуун хөвөнг хэрэглэдэг учраас энэ чиглэлийн үйлдвэр олон бий. Дэлхий дахинд нүүрс, зэс, машины борлуулалт жил бүр харилцан адилг үй байдаг бол дулаалгын материалын зах зээл сүүлийн 15 жил тэлж байгаа. Энэ нь хүн төрөлхтөн дулааны алдагдалгүй байхын тулд байшин, орон сууцаа дулаалж ирсэнтэй холбоотой. ОХУ-д байшингийн дулаалга 10-15 см зузаан байх ёстой гэдэг байсан бол таван жилийн өмнөөс 20-25 см болгож нэмсэн. Дэлхийн томоохон орнууд химийн гаралтай, шатамхай дулаалгын материалаас татгалзаж эхэлсэн. ОХУ хөөсөнцрөөс 100 хувь татгалзсан бол БНХАУын томоохон хотуудад ашиглахыг хориглодог. Учир нь хүн ам төвлөрсөн хотод энэ нь маш том аюул дагуулдаг. IV орцны айлд гал гарахад ханаараа гал дүрэлздэг материалаар холбогдсон учраас III орцонд дамжаад, II орцонд ч тархана. Казахстан улс хөөсөнц өр ашиглахыг хориглоход үйлдвэрүүд нь Кыргызстан, Тажикистан гэх мэт жижиг улсад үйл ажиллагаа явуулах болсон. БНХАУ-ын томоохон хотуудад хориглоход үйлдвэрүүд нь манайд ирсэн. Миний мэдэхийн Монголд хөөсөнцрийн 100-гаад үйлдвэр байна. Үүний арваадыг нь л монголчууд ажиллуулдаг. Хөөсөнцрийн үйлдвэрт эдийн засгийн тооцоо хийхэд орлогынх нь 99 хувь нь гадагшаа гарч байсан. Учир нь бүх түүхий эдээ гаднаас авдаг. Ус, цахилгаан, ажилчдын цалин, компанийн 8-10 хувийн ашиг л Монголд үлдэж байна. Аж үйлдвэржсэн улс болохын тулд үйлдвэрлэлийн хэдэн хувь нь Монголд шингэх вэ гэдгийг харах ёстой. Гутлын үйлдвэр төдийхөн байгуулаад байж болохгүй. Энэ нь ажлын байр бий болгохоос Монгол Улсын хөгжилд түлхэц болохгүй. Улсыг авч явах гол салбар бол эрдэст түүхий эддээ тулгуурласан, нэмүү өртөг шингэсэн, инфляц бууруулах, эдийн засгаа хүчирхэг болгох хими, технологийн хүнд аж үйлдвэр. Хүүхдийн дүрэмт хувцас, цэвэр ус хийснээр үйлдвэржсэн улс болохгүй. Энэ бол ажлын байр бий болгодог, эдийн засгийн зөөлөн салбар. Иймээс нефть, хийн, коксын үйлдвэр барих хэрэгтэй.

-Чулуун хөвөнг монгол гэрийн эсгийний оронд ашиглаж болох уу?

-Бид даавууны дунд хөвөн тавиад, хавж оён эсгийний оронд хэрэглэж үзсэн. Хэрэглэсэн хүмүүс дулаахан байна гэж хэлж байсан. “Оюутолгой” компанийн ажилчдын байранд туршилтаар хийсэн. Бид эсгийний зах зээлтэй өрсөлдөхийг хүсээгүй. Эсгийгээр гэрээ дулаалах нь монголчуудын соёл байх учиртай.

-Чулуун хөвөнгөөр хийсэн дулаалгын материалыг ямар үнээр зардаг вэ?

-ОХУ, БНХАУ-ын чулуун хөвөнтэй харьцуулахад манайх хямд. Харин шилэн, шаарган хөвөнтэй харьцуулахад үнэтэй. Хиймэл савхийг, жинхэнэ савхитай харьцуулж болохгүйтэй адил. Бид чулуун хөвөнгийн тоног төхөөрөмж хийдэг Италийн томоохон компанитай сүүлийн хоёр жил хамтарч ажиллаж байна. 14 мянган тоннын хүчин чадал бүхий, дэлхийн хамгийн өндөр технологийн чулуун хөвөнгийн үйлдвэрийн ТЭЗҮ, зургийг хийж дууслаа. Төр засаг дэмжвэл энэ технологиор зардлаа бууруулж болно. Энэ үйлдвэрээ хоёр жилийн хугацаанд барьж чадвал, одоогийн үнээ 50 хувь хямдруулах боломжтой. Ингэхээр хөөсөнцрөөс хямд үнээр чулуун хөвөн гарна гэсэн үг. Өнөөдөр манай бүтээгдэхүүний шоо метрийн дундаж үнэ 150 мянган төгрөг байхад хөөсөнцөр 128 мянга байна. Манай компани зөвхөн Монголын зах зээл гэлтгүй Эрхүү, Улаан-Үд, Сибирийн зах зээлийн гурван хувийг эзлэх зорилготой ажиллаж байна. Мөн БНХАУ-ын Хөх хот, Эрээнд ийм төрлийн үйлдвэр байхгүй учраас тэдний зах зээлд гарахаар төлөвлөсөн.

-Шилэн хөвөн 3-4 жил болоод суулт өгдөг гэлээ. Чулуун хөвөн хэр удаан настай вэ?

-100 жилийн настай. Шилэн хөвөнг хаягдал шилнээс гаргаж авдаг, манайд ашиглах стандарт байдаггүй. Хасах 20 градусаас дээш температурт дулаанаа барьдаггүй.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД