Л.Байгаль: Найман гишүүнийг дуудахаар залгасан ч бүгд утсаа салгасан байсан

2014 оны 11 сарын 11

  АН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Байгальтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Танай хороог процедурын алдаа гаргасан гэж үзээд ҮЗХ-ноос найман гишүүнд хариуцлага тооцох тогтоолыг хүчингүй болголоо. Хариуцлага тооцох гэж буй гишүүдийг яагаад хуралдаанд оролцуулаагүй юм бол. Хяналтын ерөнхий хороо дүрмээ зөрчсөн юм уу?

-Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг Ардчилсан намын их хурлаас дөрвөн жилийн хугацаатай томилдог. Хэрэв орон тоо гарсан тохиолдолд ҮЗХ-ны хурлаас нөхөн сонгуулиар хүмүүсээ томилдог. Гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь солих эрх нь зөвхөн намын их хуралд байдаг. Хяналтын ерөнхий хороо есөн хүнтэй байх ёстойгоос нэг гишүүн нь төрийн албанд очсон. Одоо байгаа найман гишүүний нэг нь орон нутагт ажиллаж байгаа. Найман гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх хуралд зургаан гишүүн оролцсон. Тэдний тав нь гарын үсэг зурсан. Үүнд дүрэм зөрчсөн асуудал байхгүй. Бид хурал хийхээсээ өмнө тэдгээр гишүүн рүү залгасан. Гэтэл М.Зоригтынхоос бусдынх нь утас холбогдох боломжгүй байсан. М.Зоригт гишүүний туслах нь утас авч “Дамжуулж хэлье” гэсэн.

-Гэхдээ энэ асуудал нээлттэй хэвээр үлдсэн гэж ойлгосон, зөв үү?

-Найман гишүүнд хариуцлага тооцох асуудал нээлттэй.

-Хөөхөөс өөр хариуцлага тооцох ямар заалт танай дүрэмд байдаг вэ?

-Манай намын дүрмийн 3.6.д гишүүнд шийтгэл ногдуулах гэсэн заалт бий. Үүнд намын гишүүн үүргээ биелүүлээгүй болон Үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл ба эс үйлдэл хийсэн бол журмын дагуу Хяналтын ерөнхий хороо, дунд шатны намын байгууллагын хяналтын нэгжийн дүгнэлтийг үндэслэн шийтгэлийн аль нэгийг зохих шатны намын удирдлага ногдуулна. Үүнд сануулах, намын сонгуульт албан тушаалаас огцруулах, улс төрийн болон намын албан тушаалд дөрвөн жил хүртэлх хугацаагаар нэр дэвшүүлэхгүй байх, намаас хасах зэрэг заалт бий.

-Намын анхан болон дунд шатны байгууллагын гишүүд энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Бид анхан болон дунд шатны байгууллагын гишүүдийнхээ үгийг сонсох ёстой. Намын гол тулгуур болсон хүмүүс шүү дээ. Тэд нэр бүхий гишүүдийг МАН-ын өргөдөлд гарын үсэг зурсан цагаас нь эхлээд л хариуцлага тооц гэсэн албан бичгүүд ирүүлж байсан. Одоо ч мөн хариуцлага тооцох ёстой гэсэн албан бичиг ирүүлсээр байна.

-Р.Бурмаа гишүүнийг намаас хөөх эсэхийг гурав дахь удаагаа ярьж байна. Үүнээс өмнө асуудал гаргахад нь Хяналтын ерөнхий хороо дүрэм зөрчсөн боловч хариуцлага тооцоогүй үлдээсэн гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Р.Бурмаагийн тухайд Дорнод аймгийн намын хурлыг ээлжит бусаар хийгээд дарга нь болчихсон байдаг. Тэр хуралд оролцсон гишүүдийн ирц 50 хувь хүрээгүй, намын хорооны 20-30 хүн цугласан, дээр нь Р.Бурмаа ах дүү нараа оруулаад дарга болчихлоо гэж гомдол ирүүлсэн. Энэ гомдлын дагуу намын Хяналтын ерөнхий хорооныхон очиж ажиллаад хурлын протоколыг үзэж, гишүүдтэй нь уулзаад “Ирц бүрдээгүй хуралдаж, дүрмийн бусаар дарга болсон байна” гэж тогтоосон. Гэхдээ АН ардчилсан хүчин учраас дүрмийн бус хурал зохион байгуулсан хүмүүст арга хэмжээ аваад өнгөрсөн. Харин Р.Бурмаа гишүүнийг уучилсан. Үүний дараа “давхар дээл”-ийн асуудлаар намын эсрэг санал өгөхөд ч түүнтэй холбоотой гомдол олон ирсэн. Тэр үед бид намынхаа эв нэгдлийг хангаж ажиллах үүднээс бас л чимээгүй өнгөрүүлсэн.

С.УУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД