2014 оны 11 сарын 11
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Тэд ирэх оны улсын төсвийн талаар хэлэлцээд санал, дүгнэлтээ гаргажээ. Энэ талаар эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийлээ. Улс орон хэмнэх горимд шилжих хэрэгтэй байгаа учраас эвслийн бүлгээс тодорхой санал гаргасан байна. Тэд боловсрол, эрүүл мэндээс бусад салбарын урсгал зардлыг 30 хувиар бууруулж, орон тоог 10 хувиар цомхтгоё гэжээ. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын багц дахь зардлыг 50 хувиар хасах нь зөв гэсэн байна. Үүнээс гадна үр ашиг багатай ажилладаг ч төсөв “уудаг” тусгай сангуудыг цэгцэлж, есийг нь татан буулгах талаар Сангийн яаманд чиглэл өгчээ. 2013-2014 онд хөрөнгө оруулалтыг нь царцаасан, 2015 онд дуусах байсан объектуудад санхүүжилтийн эх үүсвэр олох талаас нь ажиллах хэрэгтэй гэж эвслийнхэн үзжээ. Боломжоо сайн дайчилбал асуудлаа шийдэж, дутсан орлогоо бүрдүүлээд хугацаанд нь төсвийг баталж чадна гэж тэд тооцсон аж. Түүнээс зарим зүйл тодруулав.
-Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлаар эвсэл ямар байр суурьтай байна вэ. АН-ын бүлэг УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөхөөр болсон. Танай эвсэлд урилга өгсөн үү?
-Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх процедурыг Үндсэн хуульд заасан байгаа. Хэнийг нэр дэвшүүлэхээ АН дотроо шийдсэний дараа бид байр сууриа илэрхийлнэ. Бид мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд 2012 оны дараа Засгийн газарт орсон. Одоо үр дүнгээ гүйцээж үзье гэвэл үргэлжлүүлээд хамтрах байх. Гэхдээ АН-ын бүлгээс энэ талаар ярилцах урилга ирүүлээгүй байна. Хуучнаараа хамтрах, эсвэл УИХ-д суудалтай бүх намаас Засгийн газрыг бүрдүүлэх, мөн дангаар АН, МАН хоёр хамтрах хувилбарууд бий. Бүх зүйл АН-аас, шинэ Ерөнхий сайдаас хамаарна.
С.ТУУЛ