“ЗАСГИЙН ГАЗАР ЯАГААД ОГЦОРСНЫГ ҮЗХ ДҮГНЭЭД ХАРИУ ХЭЛНЭ” ГЭВ

2014 оны 11 сарын 11

  Өнгөрсөн баасан, бямба гаригт болсон АН-ын ҮЗХ-ны ээлжит бус хурлыг удирдан явуулсан нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, тус дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар өчигдөр уг хурлын талаар мэдээллээ. Шөнө дөл болтол үргэлжилсэн ҮЗХ-ны хурлын үр дүнд хоёр тогтоол баталсныг эргэн сануулбал МАХН-тай гэрээ байгуулах эрхийг АН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болон УИХ-дахь АН-ын бүлгийн дарга нарт өгөх тухай АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн өнгөрсөн тавдугаар сарын 28-ны тогтоолыг хүчингүй болгож, улмаар АН, МАХН-ын дарга нарын хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн үзсэн. Мөн Засгийн газар байгуулах, Ерөнхий сайдыг тодруулах чиглэлийг УИХ дахь АНын бүлэгт өгсөн. Хоёрдугаарт, намынхаа их хурлыг ирэх сарын 8-нд зохион байгуулахаар болж, АН-ын генсек Ц.Оюундариар ахлуулсан ҮЗХ-ны 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Уг хурлаар “Монгол хүн 2020” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх, намын даргаа сонгох, намын үндсэн дүрмийг хэлэлцэхээр төлөвлөөд буй.

Энэ үеэр сэтгүүлчид асуулт тавьж, Д.Баттулга хариулсан юм.

-ҮЗХ-ны хурал нэлээд ширүүн болж, гишүүд нь хоорондоо зодолдсон гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм юм болоогүй гэдгийг хэлье. Засгийн газар байгуулах, Ерөнхий сайдыг тодруулах асуудлаар УИХ-д суудалтай бусад намуудтай ярилцаж, тодорхой саналуудыг ҮЗХ-нд эргэж танилцуулан шийдвэрлүүл гэсэн үүрэг л өгсөн.

-Намын даргад хариуцлага тооцох асуудлыг яах вэ?

-Намын их хурлаараа энэ тухай ярина.

-Намын гишүүдэд мөн яаж хариуцлага тооцох юм бэ?

-Хяналтын ерөнхий хорооноос оруулж ирсэн саналыг ҮЗХ дэмжээгүй.

-Танай намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хэлэхдээ найман гишүүний асуудлыг нээлттэй үлдээсэн гэсэн шүү дээ?

-ҮЗХ-ны хурлыг удирдаж явуулсны хувьд тухайн хурал дээр болсон үйл явцын талаар эцсийн бөгөөд бодитой мэдээллийг бид өгч байна.

-Хяналтын ерөнхий хороо өөрсдөө хууль зөрчсөн юм биш үү. Хяналтын хороондоо хариуцлага тооцох уу?

-Энэ бол намын их хурлаар яригдах асуудал. Яагаад гэвэл намын их хурлаар Хяналтын ерөнхий хороог сонгож, баталдаг. Тэгэхээр их хурлаар ярина.

-Нийслэлийн АН-аас Ерөнхий сайдын томилгоонд байр суурь илэрхийлэхгүй гэсэн?

-Ерөнхий сайдын томилгоо бол нийслэлийн АН-ын мэдэх асуудал биш. Манай намын дүрмээр энэ нь ҮЗХ-ны бүрэн эрхийн хүрээнд яригдах зүйл. ҮЗХ сая УИХ дахь АН-ын бүлэгт Ерөнхий сайдыг тодруулах санал оруулж ир гэдэг чиглэл өгсөн. Үндсэн хууль, УИХ-ын тухай хуультай нийцүүлж байгаа юм. Энэ хуулиудад хамгийн олон суудалтай нам бусад намтайгаа зөвшилцөөд Ерөнхий сайдыг тодруулах ёстой гэж заасан байдаг. Тийм учраас Үндсэн хуулиа дагаж, ийм чиглэл өгсөн.

-Улс төрийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийсэн гэлээ. Яагаад Засгийн газраа огцруулсан юм бэ?

-Энэ талаар ҮЗХ-ны гишүүд тал талаасаа ярьж байгаад хариу хэлэх болно.

Р.ОЮУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД