Гарцгүйн гай

2014 оны 11 сарын 11

Монголд жилд зам тээврийн ослоор 350-500 хүн нас бардаг гэсэн аймшигт тоо баримт бий. Энэ бол нэг чихээрээ оруулаад, нөгөөгөөр нь гаргадаг жирийн л нэг тоо биш гэдгийг сануулахын тулд нийслэлийн Замын цагдаагийн газраас аравдугаар сарын 22-ныг “Зам тээврийн ослын улмаас амиа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх өдөр” болгон зарласан. Юунаас болж зам тээврийн осол гардаг, хор хөнөөл нь ямар их гэдгийг олон нийтэд мэдрүүлэх гэж цагдаа нар яаж үйлээ үздэг болоод ийм “тэмдэглэлт” өдөртэй хүртэл болох вэ дээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослоор 368 хүн нас барсны олонх нь нийслэлийн явган зорчигч байжээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт хоногт заавал нэг хүн бурхны орныг зуурдаар зорьдог “уламжлал” тогтоод байна. Түгжрэлтэй, гацаатайг нь тэгтлээ гайхаад байдаг нийслэл хотын маань зам дээр ийм олон осол гарч, хүний аминд хүрдэг юм чинь ирээд үйд хурдны замтай болчихвол монголчууд ёстой л хиарах шинжтэй дэг ээ. Гэтэл бид явган зорчигчдыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрхийг нь хангах тухай ярихаасаа түрүүнд түгжрэлийг хэрхэн багасгах вэ хэмээн толгойгоо гашилгадаг. Төмөр хүлгүүдэд хурд, хүчээ гайхуулах боломж олгохын тулд нийслэлийн удирдлагууд ухаанаа уралдуулж, янз бүрийн арга хэмжээ авдаг хэрнээ иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө дорвитой ажил хийсэнгүй.

Сая гаруй хүн амтай томоохон хотуудад замын түгжрэлийг бууруулах, оршин суугчдынхаа амгалан тайван байдлыг хангах үүднээс нүхэн болон гүүрэн гарц олноор байгуулдаг. Харин манай төр засгийн удирдлагууд энэ тал дээр үнэхээр хойрго. “Олуулаа хөгжицгөөе” гэсэн уриатайгаар нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан баатар Э.Бат-Үүл тэргүүтэй ардчиллынханд улаанбаатарчууд найдаж байлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 100 айл, 120 мянгат, “Бөмб өгөр” худалдааны төв гэсэн гурван байршилд гүүрэн гарц барьж, Сансрын туннельд газар доогуурх нүхэн гарц хийгээд өгчихөөр нь бүр ч талархан “Одоо л олуулаа хөгжих нь” хэмээн итгэж байтал зам байгууламжийн салбарт ассан хонгилын үзүүр дэх гэрэл дахиад л бүүдийх тийшээ хандчихаж. Учир нь Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд бас нэг гүүрэн гарц шинээр барих гээд тендер зарласныг эс тооцвол ирэх онд лав ийм төрлийн байгууламж босохгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Он дамжин байж ашиглалтад орох болчихоод буй энэхүү гүүрэн гарцын ирээдүй ч хоёр компанийн хоорон дахь тендрийн маргаанаас улбаалаад бүрхэг болсныг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Н.Баатардэмбэрэл хэлэв. Нийслэлд автомашины нүхэн гарц байгуулах ажил ч “Баянмонгол” хорооллын арын, Нарны зам дагуух “Саруул” төвийн хажуу дахиар хязгаарлагдаж, замын түгжрэл багасах нь гэсэн мөрөөдлөө бид хэсэгтээ л орхиход хүрчээ.

Нийслэлийн Автозамын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Д.Оюунгэрэл “Нүхэн болон гүүрэн гарц байгуулахад улсын төсвөөс нэг ч төгрөг гаргадаггүй. Сүүлийн 2-3 жилд барьсан хэдэн гарцыг бүгдийг нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар босгосон. Дүүргүүдээс манайд ирээд байгаа саналуудын дотроос одоогоор дэмжигдэх боломж арай ихтэй нь Долоонбуудал, 32-ын тойрогт гүүрэн гарц байгуулах тухай асуудал. Гэхдээ эдгээр ажлыг гүйцэтгэх төс өв батлагдах эсэх нь бүрхэг байгаа. Улсын их дэлгүүр, “Цэцэг” төвийн орчимд явган хүний ийм гарц барих гэхэд л хөрөнгө санхүүгээс болоод хэлэлцэгдэхгүй, хойшлоод байна” хэмээсэн. Иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг нэн тэргүүнд боддог улс оронд бол уг нь иймэрхүү бүтээн байгуулалтад “мөнгөгүй” гэж шалтаглан хойш суух бүдүүн зүрх баймаарг үй л юм. “Тэнгис” кино театр, Улсын их дэлгүүр, “Цэцэг” төвийн орчимд өглөө, оройгүй хүн, машин хоёр шахцалдан гэлдэрч, нэг нь махан, нөгөө нь төмөр “хоолойгоор” хашгиран уур унтуугаа бардгийг эс тоолоо гэхэд Долоонбуудлын замыг яагаад ч мартаж болохгүй. Тэнд хэчнээн олон осол гардаг болоод хүмүүс “үхлийн зам” гэсэн нэр өгөх вэ дээ. Дахиад хэчнээн монгол хүний эрдэнэт амиар “дугуйны нөхөөс” хийсэн тухайгаа статистик тоо гаргаад суух гээгүй л бол 32-ын тойргоо байг гэхэд ядаж Долоонбуудлын замд ганц гүүрэн гарц барих хэрэгтэй байна.

Дөрвөн зуун мянга ч хүрэхгүй хүн амтай, 30-аад мянган тээврийн хэрэгсэлтэй байхдаа буюу 1970, 1980-аад онд барьсан Мэргэжилтний 20-ын урд талын нүхэн гарц, “Хархорин” захын хойд талын гүүрэн гарц хоёроор Улаанбаатарын замын түгжрэл, автын ослыг багасгаж чадахгүй гэдгийг хожуу ч гэсэн нийслэлийн удирдлагууд ойлгож байна. Тэр цагаас хойш Улаанбаатар хотын оршин суугчдын тоо гурав дахин, автомашин хэрэглэгчид 10 дахин нэмэгдчихээд байхад замын түгжрэл гэгч “шүдний өвчин” газар авах нь мэдээж. Нийслэлийн Замын цагдаагийн газраас авсан мэдээллээр 2000 онд Улаанбаатарт 81 мянга гаруй авто тээврийн хэрэгсэл байсан бол ирэх жил гэхэд энэ тоо 400 мянга давах гэнэ. Байдал ийм байхад гүүрэн болон нүхэн гарц барих гэхээр улс төрчид нь мөнгөн дээрээ горойгоод байдаг. Уг нь ийм гарц байгуулахад нэг тэрбум орчим төгрөг шаардлагатай юм билээ. Тэрбум төгрөг хэдэн хүний алтан амьтай дүйцэх вэ гэдгийг бодмоор доо. Өдгөө дэлхий дахинд хөгжил дэвшлээрээ гайхуулдаг улс орон болгон л замын түгжрэл хэмээх том зовлонг тойроогүй, дайрч гарсан. Гэхдээ манайх шиг ард түмнээ автын ослоор хиаруулж байж сургамж авсан нь хэд бол. Гурван сая хүрэхтэй үгүйтэй монголчууд автын ослоор жилд 500 хүнээ алдаад байвал юу болох вэ.

АНУ Иракийг эзэлсэн бүтэн арван жилийн дайнд хүртэл өдөрт дунджаар нэг хүн амь үрэгдэж байсан гэх судалгаа бий. Хоёр талын хохирлыг хамтатган тооцоход шүү дээ. Гэтэл дайн дажингүй энх тунх, хүмүүнлэг ардчилсан нийгэмтэй Монгол Улсын нийслэлд зам тээврийн осол ийм хэмжээнд хүрчихээд байна. Явган зорчигчид зориулсан гүүрэн болон нүхэн гарцууд барих нь үүнийг бууруулахад ихээхэн үр дүнтэйг олон хүн хэлдэг. Харин нэгэнт босгосон байгууламжаа зориулалтаар нь ашиглах, хаа дуртай газраараа “бэлчих” дуртай ард иргэдээ тэдгээр гарцаар зам хөндлөн гаргуулж сургах зэрэг бол дараагийн бодох асуудал. Одоогоос таван жилийн өмнө Мэргэжилтний 20-ын урд талын нүхэн гарцыг хувьчилсан, гар дамжуулан зарсан, түрээсэлсэн гээд томоохон асуудал дэгдэхэд тоймтой хариу өгөх газар олдоогүй. Тухайн үед нийслэлд байсан ганц нүхэн гарц хэний мэдэлд байдаг нь одоо ч бүрхэг хэвээр.

Бас “Хархорин” захын хойд талын гүүрэн гарц өдгөө явган зорчигчийн зам хөндл өн гарах авралын газар бус, ашиг хонжоо хайгчдын эзэмшил болсныг бид мэднэ. Энэ гүүрэн гарцын нэг хаалгаар ороод, нөгөөгөөр нь гарахын хооронд хүмүүс ломбардаар дайрч, уушийн газраар үйлчлүүлсэн шиг ээ хөөрхөн улаа бутраад авах бол энүүхэнд. “Хүний юманд хүн шир үүн” гэгчээр бид улсынхаа өмч хөр өнг өнд ийм байдлаар хандвал хэчнээн олон гүүрэн, нүхэн гарц байгаад ч ашиг тусаа өгөхгүй гэдгийг бас санахад илүүдэхгүй билээ.

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.23 zasag darga batuu,irgediin hurlin darga battulga 2 g tergentser deer suulgaad ene guur luu neg zutguuleed uzuuleh yum san
183.81.169.23 ene guuren garts geed baigaa zuil ni humuust zovlon avchirhaar yum hiigdsen baina yadaj shatig ni arai alsuur nam hiij boloogui yum baih daa hugshin nastai hugliin berhsheeltei humuus ene guureer yaaj yavah bolj bainaa
202.70.38.46 Харин тийм нээх өндөр шаттай 3 давхар хөгшид хүүхэд хүнд юм өргөөд явж байгаа улсад бол айдсын даваа шиг зугуухан дээшилсэн алсуур шат хийж болдоггүй юм уу тэрэг дугуйтай хүн явж болохоор
150.129.141.89 120myangatiin guuren garch gej yostoi muuhai hog shoroo ,shuls., shees bolson toosond daragsan ezengui ogsoj uruudhad hetsuu gazar neg baina aa .Eniig hen hariutsdag ym be Bat uulee