Хонин тоодог шувууг хамгаална

2014 оны 11 сарын 11

  Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцод нэгдсэн улсууд Эквадор улсын нийслэл Кито хотноо бага хурлаа хийж уг конвенцийн II хавсралтад байсан хамгийн хүнд жин татдаг хонин тоодог шувууг I хавсралтад оруулж, хамгаалалтыг нь нэмэгдүүлэх тухай манай улсын санаачилгыг дэмжсэн байна. Энэ шувуу Зүүн Азийн буюу ОХУ, БНХАУ, Монгол Улсын нутаг дэвсгэрт 2000 орчим үлдсэн бөгөөд Төв Азид 300 орчим байгаа хэмээн тоолжээ. Үржил нь маш удаан явагддаг энэ амьтныг хамгаалахаар эхний ээлжинд олон улсын хурал зохион байгуулж, тэндээс хөрөнгө босгохоор болов. Мөн хурлаар Конвенцийн хэрэгжилтийн бүрэлдэхүүн буюу байнгын хорооны гишүүнээр Монгол Улсыг сонгож, манай улсын төлөөллийг гурван жилийн хугацаанд байнгын хорооны орлогч даргаар ажиллах үүрэг хүлээлгэлээ.

Байнгын хорооны орлогч дарга нь жилд нэг удаа болдог Байнгын хорооны хуралдаанд сууж, конвенцийн хуралдаан хоорондын хугацаанд гарч ирэх асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох, хорооны даргыг эзгүйд нь орлох, хуралдаан даргалах үндсэн үүрэгтэй аж. Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцийг 1983 оны арваннэгдүгээр сарын 1-нд баталжээ. Монгол Улс тус конвенцод 1999 онд нэгдэн орсон байна. Конвенцийн хүрээнд нэгдэн орсон талууд өөрийн улсын нутаг дэвсгэрт амьдардаг, мөн дайран өнгөрдөг шувууд, далай тэнгисийн болон хуурай газрын сээр нуруутан зүйлүүдийг амьдрах орчных нь хүрээнд хамгаалах үүрэг хүлээдэг. Одоогоор 120 улс орон энэхүү конвенцод нэгдээд байна.

Б.СҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД