Жирэмсэн эмэгтэйгээс рентген зураг авахуул гэж шаардахыг хориглолоо

2014 оны 11 сарын 11

Жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн хяналтад орохдоо цээжний флюр зураг буюу рентгенд заавал харуулдаг, энэ нь урагт маш хортой тул “Өнөөдөр” сонин өнгөрсөн наймдугаар сарын 1-ний дугаартаа Эрүүл мэндийн сайдад хаягласан “Ирээдүйн иргэдээ хэвлийд нь хорт цацрагаар шарсаар байх уу” гарчигтай нийтлэл гаргасан юм. Рентген зураг авахдаа эмэгтэйчүүдэд хэвлийн хамгаалалт зүүлгэдэггүй. Үүний уршгаар ураг эхийнхээ хэвлийд дөнгөж бүрэлдмэгцээ л цацрагийн хордлогод өртөж байгаа. Хөгжилтэй орнуудад жирэмсэн эмэгтэйчүүдийг цацраг туяагаар оношилж, эмчлэхийг хориглодог. Гэтэл Монголд жирэмсэн эхчүүдийг энэ үзлэгт хавтгайруулан заавал хамруулдаг дүрэмтэй.

Германд нэг хүн бүтэн жилийн турш 30 мРем цацраг туяанд өртөхийг зөвшөөрсөн байдаг. Харин манайд жирэмсэн эмэгтэй болгон зөвхөн уушгины зураг авахуулахад л 2000-3000 мРем цацраг биедээ шингээж байна. Цацрагаас хамгаалах олон улсын комиссын мэдээгээр эхийн хэвлийд бүрэлдэж буй 1-3 сартай урагт 0.03-0.1 гр (3-10 рад) тун цацраг үйлчлэхэд ургийн эд, эрхтэний хэвийн өсөлтөд (органогенез) өөрчлөлт оруулж, төрөх үед нь сөргөөр нөлөөлдөг. Ураг хөгжлийн энэ үедээ туяанд хэт мэдрэг байдаг учир төрөлхийн гажиг, бодисын солилцооны хямрал үүсгэх магадлал өндөр. Иймд цацраг туяань удмын генийн бүтцэд өөрчлөлт оруулж, хавдар, төрөлхийн гажиг, гэмтэл үүсгэдгийг эрдэмтдийн судалгааг үндэслэн хөндөж тавьсан билээ. Мөн цацрагийн хордлогоос сэргийлэх гол сэжим нь хөл хүндтэй эмэгтэйг рентген шинжилгээ өгөхийг болиулж, журмыг өөрчлөн, хязгаарлах явдал гэдгийг тодотгож өгсөн юм. Тэгвэл Монголынхоо нийт охид, эмэгтэйчүүддээ дуулгах сайхан мэдээ байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн сарын 20-нд 338 дугаар тоот тушаал гаргаж, жирэмсний хяналтад буй эхчүүдийг рентген зураг авахуулах шаардлагагүй болгов. Энэ тухайгаа өнгөрсөн лхагва гаригт албан ёсоор зарлаж, Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж, үйлчилгээний шинэ журмыг 21 аймаг, есөн дүүргийн эх барих, эмэгтэйч үүдийн эмч, ерөнхий мэргэжилтнүүдэд танилцуулж, зааварчилгаа өгчээ. Тушаалыг энэ сараас эхлэн мөрдөх аж. “Фэйсбүүк” цахим хуудаст ээжүүдийн “Жирэмсний үед авахуулдаг рентген зургийг хориглоё” нэртэй групп бий. 300 орчим ээж цээжний флюр зургийг хориглох шийдвэр гаргуулахаар тэмцэж ирсэн. Тэд “Аливаа үнэний төлөө тууштай тэмцэж чадвал заавал үр дүнд хүрдэг юм байна. “Өнөөдөр” сонины хамт олон, хамтран тэмцсэн хувь хүн, гишүүддээ баярлалаа” хэмээн цахим хуудсаараа дамжуулан талархлаа илэрхийлжээ.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
2.96.39.6 Saihan medee