Жинхэнэ “Төмөр хатагтай”

2014 оны 11 сарын 10

  Хоёр мянганы түүхтэй еврей үндэстний орчин цагийн анхны туурга тусгаар улс, өнөөгийн Израилийн төр засгийг аварга том адартай зүйрлэвээс түүнийг тулагч хамгийн бат бөх, өндөр баганын нэг нь Голда Меир (1898-1978) юм. Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчерээс ч өмнө “Төмөр хатагтай” нэртэй болсон анхны эмэгтэй улстөрч тэрбээр бүхий л амьдралаа өөрийн үндэслэн байгуулалцсан Израиль улсыг эмхэлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлж, тусгаар тогтнолыг нь бэхжүүлэхэд зориулжээ. Хөдөлмөрийн болон Гадаад хэргийн сайдаар хэдэн жил ажиллаж байгаад 1969 онд улсынхаа анхны, дэлхийн гурав дахь эмэгтэй Ерөнхий сайд болсон түүнийг олон хүнд даваа хүлээж байлаа. Төрийн эрхийг авах үед нь Зургаан өдрийн дайнд дөнгөж ялаад байсан, эдийн засаг нь хурдацтай өсөж байсан Израиль улс Голда Меирийг Ерөнхий сайд байх хугацаанд Араб, Израилийн дөрөв дэх дайн болон хэд хэдэн зэвсэгт мөргөлдөөнтэй тулав. Дайнд хэдийгээр израильчууд ялсан ч “Бэлтгэлгүй байсан” гэх шүүмжлэл Засгийн газар луу хандахад хатагтай Меир 1974 онд хүсэлтээрээ огцорсон байна. Амьдралынхаа сүүлчийн дөрвөн жилийг олны нүднээс далд, шүүмжлэл, хэл амны бай болон үдсэн ч түүнийг улс орондоо дутуу зүтгэсэн гэж “хардах” хүн байсангүй. 1978 онд цусны өвчнөөр өөд болоход нь хамтран зүтгэгчид болоод ард түмэн нь түүнийг Израилийн эх хэмээн өргөмжилсөн түүхтэй. Израиль түмний эхтэй Италийн нэрт сэтгүүлч Ориана Фаллачи 1972 оны арваннэгдүгээр сард ярилцжээ. Фаллачи “Түүхтэй хөөрөлдөхүй” номдоо дараах ярилцлагыг багтаахдаа Голда Меирийг “Манай эриний хамгийн хүчирхэг эмэгтэйн нэг” гэсэн “зүүлт” хийсэн байна.

-Өнөөгийн Израиль орныг үндэслэн байгуулагчийн нэг, танай улсын анхны Ерөнхий сайд Давид Бен-Гурион таныг “Манай Засгийн газар дахь ганц эр хүн” гэсэн. Тэр “эр хүн”-ий талаар ярилцах уу?

-Энэ үг надад тийм ч таатай санагддаггүй. Гэтэл хүмүүс магтаал сайшаал гэж ойлгоод байдаг. Эр хүн гэж хэлүүлсэндээ би юунд нь баярлах ёстой юм бэ? Ер нь энэ юу гэсэн үг вэ? Эрэгтэй байх нь эмэгтэй байхаас илүү гэж байгаа юм уу? Тийм бол энэ үгийг би яагаад ч магтаал гэж хүлээж авч чадахгүй. Үүнийг эш татаж, намайг сайшаадаг хүмүүст хандаж хэлэхэд Бен-Гурион “Манай танхимын эрчүүд яг эмэгтэй хүн шиг шүү” гэсэн бол яах вэ? Эрчүүд эмэгтэйчүүдээс үргэлж илүү байж ирсэн. Гэхдээ энэ нь хөдөлшгүй үнэн, хэзээд хэрэгжих учиртай хууль гэсэн үг биш. 1930-аад оны дундуур манай намын их хурал Нью-Йоркт болсон юм. Тэр хурлаар би нэг илтгэл тавьсан. Гэтэл намайг сонсож суусан нэг танил зохиолч маань “Баяр хүргэе. Сайхан илтгэл байна. Эмэгтэй хүн тавьсан гэхэд сайн боллоо” гэж билээ. Элдэв санаагүй, зүгээр л хэлчихсэн үг. Гэхдээ надад их хүнд туссан. Аз болоход, би хошин шогийн мэдрэмжтэй. Тэгсхийгээд, наргиан болгоод орхисон.

-Эмэгтэйчүүдийг чөлөөлөх хөдөлгөөнийхөнд энэ яриа таалагдах байх даа.

-Эрчүүдийг харааж зүхэж, хөхний даруулгаа шатаадаг галзуу хүүхнүүдийг хэлж байна уу? Тэд чинь солиотой хүмүүс. Эмэгтэй хүн эрчүүдээс дутахааргүй эрх эдлэх ёстой гэж ярихдаа би тэдний талаар боддоггүй. Хөл хүнд болчихоод өөрийгөө азгүй, золгүй гэдэг, хүүхэд төрүүлж өсгөхөө там гэж боддог тийм хэт үзэлтнүүдийг хэн хүлээн зөвшөөрөх юм бэ? Уг нь үр хүүхэдтэй болно гэдэг эмэгтэйчүүд бидний эрчүүдээс илүү гарах хамгийн том давуу тал.

-Хатагтай Меир, Ойрхи Дорнодод хэзээ энхтайван тогтох бол? Энэ бүс нутгийн ард иргэд амар жимэр амьдрахыг бид энэ насандаа үзэх болов уу?

-Та үзэж магадгүй л юм. Харин миний нас хүрэхгүй. Ойрхи Дорнодын дайн самуун олон жил үргэлжилнэ. Яагаад вэ гэдгийг би танд тайлбарлаад өгье. Арабын эрх баригчид иргэдээ үхлийн өөдөөс жишим ч үгүй илгээдэг. Тэд хүний амийг үнэлж мэддэггүй. Сав л хийвэл үймж бужигнадаг, бас “Одоо хангалттай” гэж хэлж чаддаггүй арабчуудын нэг муу зан байна. Ийм хүчин зүйлсээс болоод Ойрхи Дорнодод тайван амьдрах арга алга. Хрущёв Коммунист намын XX их хурлаар Сталиний гэмт үйлдлүүдийг шүүмжилж байсныг та санаж байна уу? Тэгэхэд танхимын араас хэн нэг нь “Тэр үед та өөрөө хаана байсан юм бэ, нөхөр Хрущёв?” гэж орилж л дээ. Тэгтэл Хрущёв уурлаж “Хэн дуугарсан бэ?” гэж хоёр ч удаа асууж. Хэн ч дуугарсангүй. Тэгэхэд Хрущёв “Нөхөр минь, би яг чам шиг, суудалдаа шигдээд л байж байсан юм” гэж хэлсэн гэдэг. Арабчууд одоо Хрущёв ямар байсан бэ, яг л тийм байна. Тэд орилж хашгичих хэрнээ царайгаа харуулах зүрх, зориггүй. Арабчууд өөрсдөө өөрчлөгдөж, бага ч атугай ардчилсан үзэлтэй болсон цагт л бид тэдэнтэй энхийн талаар ярилцана. Одоо тэднээс дарангуй засаг л харагдаж байна. Яаж ч хайгаад би Арабын орнуудаас ардчиллын сүүдэр ч болох нь ээ олж хардаггүй. Сүүлчийн хоёр дайнд хэдэн египет цэрэг амь үрэгдсэнийг хэн мэдэх юм бэ? Гэртээ буцаж очоогүй тэр хөөрхий цэргүүдийн ээж, эгч, эхнэр, үр хүүхдүүд нь л мэдэх байх. Дарангуй эрх баригчид нь тэднийг зохих ёсоор оршуулсан, үгүйд ч санаа тавиагүй. Гэтэл бид юу хийсэн гэж санана?

-Юу?

-Дайнд амь үрэгдсэн бүх хүний товч намтар, гэрэл зургийг багтаасан таван боть гаргасан. Бидний хувьд аль талын цэрэг байх нь хамаагүй, амь л бол амь. Хүн бүрийн амь, амьдрал үнэ цэнэтэй. Хэдийгээр бид ялсан ч дайтахдаа дуртай байсан гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Ялангуяа сүүлчийн мөргөлдөөний дараа манай гудамж, талбайд баярлаж хөөрсөн нэг ч хүн байгаагүй. Хэн ч дуулж, бүжиглээгүй, баярын ямар ч арга хэмжээ болоогүй. Цэргүүд маань ч эргэж ирэхдээ баяр хөөртэй байгаагүй. Ах дүүсээ амь үрэгдэхийг харахаас гадна өөрсдөө хүний амь хөнөөчихөөд ирсэн хүмүүс аргагүй шүү дээ. Дайн дууссаны дараа бид египетчүүдэд санал тавьсан. Өөрсдийнхөө 10 хүнийг тэдний 70 хүнээр сольё гэж. Гэтэл тэд юу гэсэн гэж санана? “Танай хүмүүс бүгд төрийн албан хаагчид. Харин манайхан феллахинчууд” гээд зөвшөөрөөгүй. Феллахин гэж дордос, тариачид гэсэн үг. Итгэмээргүй байгаа биз?

-Иерусалимаас та татгалзаж чадах уу?

-Чадахгүй. Яагаад ч үгүй. Бүр хэзээ ч шүү. Иерусалимыг л алдаж чадахгүй. Бусадтай хуваалцах талаар хэлэлцэнэ гэдэг ч байж боломгүй зүйл.

-Харин Иорданы Баруун эргийг яах вэ?

-Одоогоор бид энэ асуудлаар их талцаж байгаа. Би хувьдаа Баруун эргийн талаар хэлэлцээ хийх нь зөв гэж үздэг. Гэхдээ израильчуудын олонх нь Баруун эргийг бүхлээр нь алдахыг хүсэхгүй. Бага ч атугай хэсэг нь Израилийн нэг хэсэг байгаасай гэж боддог.

-Газын зурвас болоод Голаны өндөрлөгийн тухайд юу хэлэх вэ?

-Газын зурвас бол Израилийн нэг хэсэг. Гэсэн ч энэ талаар Иорданы хаан Хуссейн, Египетийн Ерөнхийлөгч Анвар Садат нартай ярилцах хэрэгтэй. Голаны өндөрлөгийн хувьд ч гэсэн ялгаагүй. Сиричүүд биднийг өндөрлөг газарт байлгах дургүй. Нам дор газар, уулын хормой бэлд байвал биднийг алж хядахад амар гэж үздэг хүмүүс. Хэдий тийм ч гэсэн Сиритэй ч мөн хэлэлцээ хийхийг би илүүд үзнэ.

-Синайгийн хойг гэж бас маргаантай нутаг бий.

-Синайг бид бүхлээр юм уу, эсвэл ихэнх хэсгийг нь эрхэндээ оруулах талаар нэг ч удаа ярьж байгаагүй. Бидэнд ердөө л Шарм эль-Шейхийг манай нутаг дэвсгэртэй холбодог, цөлийн нарийн зурвас л хэрэгтэй. Тийм багахан газар эзэмших эрх бидэнд бий гэж бодож байна.

-Тэгэхээр хилийн хуучин зурвасаа дахин тогтоохгүй байх нь ээ?

-Хэзээ ч үгүй. Гэхдээ үгүй гэдэг нь бид газар нутгаа тэлж, бусдын газрыг булаана гэсэн үг биш. Газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо хамгаалахад бидэнд хилийн алга дарам ч гэсэн газар үнэтэй. Хилээ бусдаар хүлээн зөвшөөрүүлж, харилцан итгэлцэл үүсгэсэн цагт л таны түрүүн хэлсэн энхтайван гээч зүйлийг Ойрхи Дорнодод тогтоож болно. Сиричүүд Голаны өндөрлөг рүү буцаж, Синайг египетчүүд бүхлээр нь эзэмшиж, 1967 онд Хуссейн хаантай тохиролцсон хилийн зурвасыг дахин тогтоовол Ойрхи Дорнодын орнууд хэзээ ч эв найрамдалтай зэрэгцэн оршиж чадахгүй. 1967 оны хэлэлцээгээр Израиль улсын газар нутаг хоёр хуваагдахаар байгаа. Үүнийг зөвшөөрөхгүй гэхээр биднийг нутаг дэвсгэрээ тэлэх гэлээ гэж сэрддэг. Бидэнд баталгаатай, аюулгүй, хүлээн зөвшөөрөгдсөн хил л хэрэгтэй байна. Тэгээд ч 1967 оны хил тогтоох гэрээг бид биш, арабчууд эхэлж зөрчсөн.

-1967 оны гал зогсоох гэрээнээс хойш Ойрхи Дорнодын дайн дажин өргөн хүрээний зэвсэгт мөргөлдөөн гэхээсээ алан хядах ажиллагаагаар үргэлжилж байна. Арафат, Хабаш, мөн Хар есдүгээр сар нэртэй террорист хөдөлгөөний талаар юу хэлэх вэ?

-Би тэднийг хүн гэж боддоггүй. Хүнийг хүн биш, адгуус гэж үзэх нь хамгийн муухай зүйл биш үү? Тэд өөрсдийнхөө үйлдлийг дайн гэдэг. Яаж тэгж чадаж байна аа гэж асуумаар санагддаг юм. Жорж Хабаш израиль хүүхдүүдийн автобус дэлбэлэхдээ юу гэж хэлснийг мэдэх үү? “Жүүдүүдийг хүүхэд байгаа дээр нь устгах хэрэгтэй” гэж хэлсэн байгаа юм. Тийм хүмүүсийг дайчин, үгүй ядаж хувьсгалч ч гэх аргагүй. Энэ зууны эхэнд Орос орон ямар байлаа? Эзэн хаанаа эсэргүүцсэн хувьсгалчдын бослогод дарагдаж байсан. Тэр үед залуу хувьсгалчдын нэг нь хааны хамгийн ойрын шадар туслахын нэгийг хөнөөх үүрэг авчээ. Тэгээд сүйх тэргийг нь хүлээгээд зогсож байтал өнөөх сайд ганцаараа биш, харин эхнэр, хүүхдүүдтэйгээ гараад ирсэн байгаа юм. Тэгэхэд гартаа тэсрэх бөмбөг барьсан хувьсгалч залуу бөмбөгөө чулуудаж чадалгүй, барьсан чигтээ өөрөө дэлбэрч, амиа алдсан гэдэг. Энэ бол үзэл баримтлалдаа үнэнч байхын хамт зүрх сэтгэлээ алдахгүй байх, жинхэнэ хувьсгалч хүнд байх чанар. Тусгаар тогтнолын төлөөх дайны жилүүдэд бидний дунд ч гэсэн террорист бүлгүүд байсан. Би хэзээд тэдний эсрэг байлаа. Хядлага үйлдсэн нь бий ч тэд хэзээ ч одоогийн арабчууд шиг муу нэртэй болоогүй, сургуулийн автобус, их дэлгүүрт бөмбөг тэсэлж байгаагүй. Мюнхений олимпийн үеэр, эсвэл Лоодын нисэх буудалд болсон шиг зүйл хийгээгүй.

-Та Оросын эзэнт гүрэнд мэндэлж, Америкт өсөж өндийсөн, тэнд боловсрол эзэмшсэн хүн. Боломжгүй ч гэсэн та энэ хоёр орноос авч гарсан дурсамж дурдатгалаа харьцуулан, яг одоо төрж байгаа сэтгэгдлээ хуваалцана уу?

-Таны хэлснээр үнэхээр харьцуулах аргагүй юм. Америк бол үйлдвэрчний эвлэлийн жагсаал, цуглаанд оролцох хүмүүсийг морьтой эрс “хурааж цуглуулдаг” улс. Харин Орос орон бол социалист үзэлтнүүд болон еврейчүүдийг морьтой хүмүүс нэхэж байгаад өчиггүй хороодог газар. Оросоос би нэг ч сайхан дурсамж тээж гараагүй. Тэнд үзэж харсан бүхэн минь дандаа л гунигтай, эмгэнэлтэй байсан. Америкийн тухайд бол эсрэгээрээ. Хэдийгээр нийгмийн тэгш бус байдал газар авсан ч, хар арьстнуудыг нүд үзүүрлэдэг ч, хаа ч байдаг болж бүтэхгүй зүйл тэнд өч төчнөөн бий ч Америк бол сайхан орон. Тэнд хөдөлмөрлөж л чадвал хэн ч боломжийн сайхан амьдарч болно. Хамгийн гол нь эрх чөлөөтэй байж чадна.

-Та юунд хамгийн их харамсдаг вэ. Өөрийгөө түүхэнд яажшуухан дурсагдана гэж боддог вэ?

-Би өөрийгөө хийж бүтээнэ гэж жагсааж бичсэн зүйлсийнхээ боол, өдрийн тэмдэглэлийнхээ ганц хуудас цаас юм гэж бодох болсон. Ер нь хүн гэдэг хариугүй амьтан юм. Өөртөө хэзээ ч таалагддаггүй юм байна. Жаахан ч гэсэн мэдрэмжтэй, ухаалаг хүн өөрийгөө хэзээ ч гүйцэд үнэлдэггүй байх. Би л гэхэд өөрийгөө дэндүү сайн мэднэ. Тийм болоод ч өөрийгөө өргөмжилж чадахгүй нь. Туулсан амьдралдаа харамсах зүйл алга. Нэгэнт эргүүлж чадахгүйгээс хойш сонголт, шийдвэр бүрээ ч зөв байсан гэж үзнэ. Гэхдээ иудийн шашинтнуудын улс бүх л муу муухайгаас ангид байна гэж бодсон минь эндүүрэл байсанд харамсаж байна. Хулгай дээрэм, аллага хүчирхийлэл, биеэ үнэлэх явдал гээд муу бүхэн манай оронд байна. Энэ л намайг их шаналгадаг. Улстөрчийн хувьд ямраар дурсагдах талаар харин бодож үзээгүй юм байна. Ямар ч байсан аль болох олон жил амьд байж, өрөвдүүлэхийн оронд шүүмжлүүлж байвал сайнсан.

Г.ЛХАГВА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.140.138 Yamarch mongol hunees 1 saya dahin iluu uhaantai hun mash zorigtoi
202.179.20.253 argagui l uxaantan bndaa
220.191.168.13 JUD AVGAI, HUTSDAG MUU JINGER VEE. OSVENTSIMD SHATAJ BAIHDAA TAARSAN.