ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН “ИХ НАЙМ”-ЫН ТУЛААН ЭХЭЛЛЭЭ

2014 оны 11 сарын 10

Талбайн теннисний оны төгсгөлд болдог эрэгтэйчүүдийн “АТP Finals” өчигдөр Английн Лондонд эхэллээ. Нийт зургаан сая 500 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чансааг өнгөлсөн шилдэг найман теннисчин өрсөлддөг юм. Энэ жил АТР-гийн чансааны ¹3-т бичигдсэн Испанийн агуу Р.Надаль бэртэлийн улмаас “их найм”-ын тулааныг өнжиж байна. Надалийн оронд эрэгтэйчүүдийн чансааны есөд эрэмбэлэгдсэн М.Чилич “АТР Finals”-т өрсөлдөхөөр боллоо. Дэлхийн чансааг тэргүүлсэн Сербийн домогт Новак Жокович энэ онд Уимблдоны “Их дуулга”- д аваргалж, “French open”-ий финалд шалгарчээ. Тэрбээр мөн “US open”- ий хагас шигшээ, Австралийн “Их дуулга”-ын дунд шөвөгт үлдсэн юм.

Жокович энэ онд нийтдээ 65 тоглолт хийж, 57-д нь өрсөлдөгчөө “өвдөг шороодуулсан”. Тэрбээр Рожерс Федерертэй 2014 онд тавантаа учраа таарч гуравт ялагдсан байна. “Швейцарь цаг” Рожер Федерер 8700 оноотой чансааны хоёрт бичигдэв. Тэрбээр 2014 онд дөрвөн “Их дуулга”- аас цом “салгаж” чадаагүй. “US open”-ийг дөрөвдүгээр тойргоос орхиж “шуугиан тариад” авсан. Гэхдээ үлдсэн гурван “Их дуулга”- ынхаа хагас шигшээд шалгарсан амжилтыг Р.Федерер үзүүлжээ. Оны эхний “Их дуулга”-д бүх өрсөлдөгчөө хожин сайхан түр үүлсэн Швейцарийн Стэн Вавринка чансааны дөрөвт эрэмбэтэй. Тэрбээр Австралид одтой түрүүлсэн бол Францын нээлттэй тэмцээний нэгдүгээр тойрогт хожигдож, хөгжөөн дэмжигчдээ гонсойлгосон. Тэрбээр Уимблдон, “US open”-ий дунд шөвөгт шалгарчээ. Энэ жил томоохон үсрэлт хийсэн Японы Кэй Нишикори дэлхийн чансааны айргийн тавд багтаж байна. Тэрбээр “US open”- д финалд шалгарч, чансаагаа огцом нэмсэн. Нишикори үүнээс гадна дөрвөн тэмцээнд аваргалсан бөгөөд Мадридын нээлттэй тэмцээний аваргын төлөө Р.Надальтай өрсөлдөж байлаа.

Өнгөрсөн жил дэлхийн чансааны дөрөвт эрэмбэтэй байсан Их Британий Энди Мурей ¹6-гаагаар “их найм”-д өрсөлдөхөөр болов. Тэрбээр 2014 онд гурван “их дуулга”-ын шөвгийн наймаас цааш явж чадсангүй. Харин “French open”-ий хагас шигшээд үлдсэн юм. Чехийн Томас Бердых чансааны долоод эрэмбэтэй. Тэрбээр 2014 онд Австралийн “Их дуулга”-ын хагас шигшээд шалгарсан нь том тэмцээний оргил амжилт байв. Канадын Милос Раонич чансааны наймд жагссан. “US open 2014”- ийн аварга Хорватын Марин Чилич чансааны есөд эрэмбэтэй. Тэрбээр мөн Уимблдонд сайхан тоглолт үзүүлж дунд шөвөгт үлдсэн. “Их найм”-ын “А” хэсэгт Сербийн Новак Жокович, Швейцарийн Стэн Ваваринка, Чехийн Томас Бердых, Хорватын Марин Чилич, “В” хэсэгт Швейцарийн Рожер Федерер, Японы Кэй Нишикори, Их Британи Энди Мурей, Канадын Милос Раонич нар өрсөлдөнө.