Егор МЕХОНЦЕВ

2014 оны 11 сарын 10

1984 оны арваннэгдүгээр сарын 14-нд ОХУ-ын Свердловская мужид төрсөн. Биеийн өндөр 185 см, жин 88 кг. Мэргэжлийн боксчин. Тэрбээр анх 2002 оноос сонирхогчдын боксоор хичээллэж эхэлсэн. Егор 2008 онд Европ тивийн аваргаар 91 кг-д түрүүлж, улмаар дараа жил нь ДАШТ-ээр жиндээ аваргалав. Гэхдээ Мехонцев 2010 онд 91 кг-д хамгийн сүүлийн тэмцээндээ оролцож, жин доошилж 81-д тулалдах боллоо. Тэрбээр 2011 оны дэлхийн аваргаар шинэ жиндээ орсон ч хүрэл медаль авсан.

Харин 2012 оны Лондонгийн Олимпод тэрбээр 81 кг-д тулалдаж бүх өрсөлдөгчөө хожин аваргын тавцанд зогссон билээ. Олимпийн аварга 2013 оноос мэргэжлийн боксын рингэнд хүчээ сорихоор шийдэж, АНУын Пи Жей Кахагастай эхний тулаанаа хийн гуравдугаар үед хүнд цохилтоор буулган авч байсан юм. Тэр цагаас хойш Мехонцев мэргэжлийн рингэнээ зургаан тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулаад байна. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт Колумбийн Жиннер Геррерог дөнгөж хоёрдугаар үед “нам цохисон” юм.