ЛЕОНЕЛЬ МЕССИ АВАРГУУДЫН ЛИГИЙН МЭРГЭН БУУЧДЫН ЖАГСААЛТЫН “ТАРХИНД” БИЧИГДЛЭЭ

2014 оны 11 сарын 10

Өнгөрсөн лхагва гаригт Аваргуудын Лигийн “Е”, “F”, “G”, “H” хэсгийн дөрөв дэх тоглолтууд боллоо. Испанийн “Барселона” клубийн Леонель Месси “Аякс”-ын хаалганд дубль хийж, Аваргуудын лигт 71 оруулан бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг Рауль Гонсалесийн хамт тэргүүлж эхэллээ. Тэдний араас “Реал”-ын Роналду 70 гоолтой нэхэж явна. Ингээд лхагва гаригийн шөнө болсон тоглолтуудын тоймыг хүргэе.

“Е” ХЭСЭГ

“Манчестер Сити”-“ЦСКА” 1:2

Гоол: Туре 8-Думбия 2, 34

“Манчестер Сити”: Харт, Компани, Сабалета, Клиши, Демикелис, Фернандо (Жеко 65’), Милнер, Навас (Фернандиньо 46’),Туре, Агуэро, Йоветич (Насри 46’)

ЦСКА: Акинфеев, Фернандес Марио, Игнашевич, Березуцкий, Щенников, Вернблум, Жагоев,Ерёменко, Натхо, Муса, Думбия (Миланов 66’)

“Бавари”-“Рома” 2:0

Гоол: Рибери 38, Гётце 64

“Бавария”: Нойер, Бенатиа, Рафинья, Боатенг, Бернат, Лам (Хёйбьерг 88’), Алаба (Роде 81’), Алонсо (Шакири 72’), Гётце, Рибери,Левандовски

“Рома”: Скорупски, Янга-Мбива, Холебас (Коул 46’), Торосидис, Манолас, Найнгголан, де Росси,Кейта, Флоренци (Пьянич 59’), Итурбе Мануэль (Жервиньо 74’), Дестро

Английн “Манчестер Сити” талбайдаа ОХУ-ын “ЦСКА”-г хүлээн авч, дөрөв дэхь тулаанаа хийв. Тэд өмнө нь “ЦСКА”-гийн үзэгчгүй цэнгэлдэхэд тоглож, 2:2-оор эвийн гэрээ байгуулсан. “Сити” хэсгээс гарах найдвараа хадгалж үлдэхийн тулд “ЦСКА”-г заавал буулган авах ёстой байлаа. Гэхдээ тоглолт дөнгөж эхэлмэгц “ЦСКА”-гийн довтолгоо амжилттай болж, Натхогийн чөлөөт цохилтыг Думбия мөргөж гоолдсноор багтаа тэргүүлэл авчирлаа. Думбия гоолын баяраа хүүдээ зориулан тэмдэглэв. Хаалгандаа гоол алдсан “Сити” сөрөг довтолгоо сайн хийж, найм дахь минутад тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн. Багийн ахлагч Яя Туре 20 орчим метрээс хаалттай цохилт хийж, хаалгачийн зүүн дээд буланд гоолдов. Эндээс л тоглолт бүр сонирхолтой болсон. 34 дэх минутад Думбия хамгаалагчдаас сугарч Хартын хаалгыг мялааснаар “Сити” хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө 2:1-ээр хожигдож эхэллээ. Нэгдүгээр үед өөр аюултай довтолгоо болсонгүй. Хоёрдугаар хагас эхлээд “ЦСКА” хамгаалалтандаа илүү анхаарсан. “Сити” тоог тэнцүүлэх боломжоо хайсаар байлаа. Тоглолтын 69 дэх минутад Фернандиньо хоёр дахь шар хуудсаа авч, талбайгаас хөөгдөв. Удалгүй багийн ахлагч Яя Туре багаа хөөдөж, улаан “жавтий” хүртэж, талбайг орхисон. Ингээд “Сити”-чүүд тоглолтыг есүүлээ дуусгаж, талбайдаа “ЦСКА”-д 2:1-ээр дийлдэв. Тэд хэсэгтээ хоёрхон оноотой “сүүл мушгиж” явна. Харин өмнөх тоглолтод Италийн “Рома”-г нутагт 7:1-ээр хожиж, гутамшиг болгосон “Бавари” энэ удаа тэднийг гэртээ авчиран хэсгийнхээ дөрөв дэх тулаанаа хийв. Тоглолт эхлэхэд “Рома” өмнөх хожигдлын “шок”-ноосоо гарч чадаагүй байгаа нь харагдаж байсан гэхэд хилсдэхгүй. Харин “Бавари” хэд хэдэн аюултай довтолгоо хийж, 38 дахь минутад Алабагийн дамжуулалтаар Рибери гоолдов. Хоёрдугаар хагаст ч “Рома”-гийн байдал дээрдсэнгүй. Тэд 64 дэх минутад хаалгандаа дахин нэг бөмбөг алдав. Гоолыг Гётце оруулжээ. Ийнхүү тоглолт 2:0-ээр дуусч “Бавари” хэсгээ 12 оноотой итгэл төгс тэргүүлэн хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Учир нь тэдний ард яваа “Рома”, “ЦСКА” даруй найман оноогоор дутуу байна.

Клуб                           Тт      Х      Т     Хг     О.г     А.г    Г.з     О

Бавари                   4       4     0     0    11       1      +10  12

Рома                      4       1     1     2     7        11    -4    4

ЦСКА                      4       1     1     2     5        9      -4    4

Манчестер Сити      4        0     2     2      4       6      -2    2

“F” ХЭСЭГ

“ПСЖ”-“Апоэл” 1:0

Гоол: Кавани 1

ПСЖ: Сиригу, Силва, Максвелл, Ван дер Виль Грегори, Луис, Лукас, Мотта, Матуиди, Пасторе, Кавани, Лавесси (Баэбек 78’)

“АПОЭЛ”: Пардо, Гильерме, Мариу, Карлао, Иоанну, Тьягу Гомеш, Винисиус, Мандука (Де Винсенти 59’),Нуну, Эфрем, Джеббур (Алонефтис 63’)

“Барселона”-“Аякс” 2:0

Гоол: Месси 35, 75

“Барселона”: Тер Штеген, Маскерано, Бартра, Альба, Алвес, Ракитич, Бускетс, Хави, Суарес, Месси, Неймар (Педро 75’)

“Аякс”: Силессен, Ван Рейн, Вельтман, Мойсандер, Бойлесен, Шоне, Сереро, Андерсен (Ридевальд 72’), Классен, Сигторссон (Милик 62’),Эль-Гази

Испанийн “Барселона” Голландыг зорьж, “Аякс”-тай хариу тоглолтоо хийв. Өмнө нь “Барса”-гийн талбайд 3:1- ээр дийлдсэн “Аякс” нутагтаа тун сайн тоглож, тулааныг эхлүүлэв. Тэд тоглолтын эхэнд хоёр, гурван аюултай довтолгоо хийж, “Барселона”-гийн хамгаалагчдыг сандгараад авсан. Харин 35 дахь минутад Неймарыг “Аякс”-ын хамгаалагч нар алдаа гарган зогсоов. Үүнд шүүгч торгуулийн чөлөөт цохилт заасан юм. Цохилтыг Месси гүйцэтгэсэн ч Силессен ур чадвар гарган хаалгаа “хуурай” манав. Харин бөмбөг “Барселона”- гийн талд үлдэж, Неймарын зах руу гаргасан бөмбөгийг Силессен барьж чадалгүй алдав. Энэ алдааг ашигдан Бартрагийн дээгүүр өгсөн дамжуулалтыг Месси мөргөн гоолдсноор Аваргуудын Лигийн 70 дахь бөмбөгөө “Аякс”-ын хаалганд хийлээ. Тоголтын эхний үеийн ийн өндөрлөсөн.

Хоёрдугаар хагаст “Аякс” довтолгоо бус хамгаалалтандаа түлхүү санаа тавьж байгаа нь харагдаж байлаа. Вельтман 70 дахь минутад Месси дээр гаргасан алдааныхаа улмаас торгуулийн хоёр дахь хуудсаа авч, талбайгаас хөөгдөв. Хүний илүүтэй “Барселона” довтлогоогоо 75 дахь минутад “чулуу” болгосон. Педрогийн хаясан хөндлөн дамжуулалтыг, Месси гүйцээснээр Аваргуудын Лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүн эгнээнд Раултай хамт бичигдэж эхлэв. Ийнхүү “Барселона” өрсөлдөгчөө 2:0-ээр хожлоо. Харин нөгөө талд “ПСЖ” Киприйн сулхан баг “Апоэл”-ийг 1:0-ээр буулган авлаа. “ПСЖ” тоглолтын нэг дэх минутад эхний довтолгоогоороо гоолдсон юм. Энэ хэсгийг гурван хожил, нэг тэнцээтэй “ПСЖ” арван оноотой тэргүүлж байна. Харин тэдний араас “Барса” есөн оноотой нэхэж явна. “F” хэсгээс эл хоёр баг дараагийн даваанд шалгарах нь ойлгомжтой болсон. Учир нь “Аякс” хоёр оноотой байгаа бол “Апоэл” ердөө ганцхан оноо дөрвөн тулаанаас авчээ.

Клуб                             Тт      Х     Т      Хг      О.г      А.г     Г.з    О

ПСЖ                         4      3    1     0        6       3      +3   10

Барселона                 4      3    0     1        8       4      +4   9

Аякс                         4      0    2     2        3       7      -4   2

Апоэл                       4      0    1      3       1       4       -3  1

“G” ХЭСЭГ

“Спортинг”-“Шальке 04” 4:2

Гоол: Сарр 26, Жфферсон 52, Нани 72, Слимани 90+1-Слимани 17 (автогоол), Аого 87

“Спортинг“: Патрисиу, Жефферсон, Оливейра, Сарр, Соарес, Карвалью, Мариу, Адриен, Нани, Мане (Каррильо 68’), Слимани

“Шальке 04”: Ферман, Хеведес, Аого, Учида, Фукс (Кирхофф 78’), Мейер (Боатенг 65’), Хёгер, Нойштедтер,Обаси (Сэм 69’), Чупо-Мотинг, Хунтелаар

“Марибор”-“Челси” 1:1

Гоол: Ибраими 50-Матич 73

“Марибор”: Ханданович, Райчевич, Вилер, Аргус, Филипович, Ибраими(Бохар 89’), Саллаллих (Н’Диайе 90’), Мертель, Стоянович, Таварес,Захович (Менди 73’)

“Челси”: Чех, Иванович, Зума, Терри, Луис (Рамирес 55’), Матич, Фабрегас, Виллиан (Оскар 46’), Азар,Шюррле (Коста 46’), Дрогба

“Спортинг”, “Шальке 04” хоёрын өмнөх тулаан олон гоолтой болсон тул энэ удаа үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байлаа. Тоглолтыг хоёр баг тэнцүүхэн эхлүүлсэн ч “Спортинг” аюултай довтолгоо хийж, Нани, Соарес нар цохилтоо алдав. Харин 17 дахь минутад Слимани Аогогийн дамжуулалтыг зайлуулах гэж байхдаа өөрийнхөө хаалганд гоол оруулж, багаа алсан. Гэхдээ автогоол “Спортинг-т сэргэлт болж, Жефферсоны дамжуулалтаар Сарр “Шальке”-гийн хаалгыг мялааж, тооны харьцааг тэнцүүлэв. Улмаар “Спортинг” үе, үе аюултай довтолгоо хийж, “Шальке”-гийн хамгаалагчдыг “айлгаж” байв. Тоглолтын хоёрдугаар үе эхэлж, Нанигийн алсын дамжуулалтаар Жефферсон гоолдон багтаа тэргүүлэл авчирлаа. Нани 72 дахь минутад өөрөө гоолдож, баг нь 3:1-ээр тасарч эхлэв. Гэхдээ “Шальке” амархан бууж өгөхгүй гэдгээ нотлон 87 дахь минутад Аого чөлөөт цохилтоос гоолдов. Түүний хариуг нэгдүгээр үед багаа хөөдсөн Силмани 90+1 дэх минутад авч, “Спортинг” 4:2- оор өрсөлдөгчөө буулган авлаа. Английн алдарт “Челси” “Марибор”-ын талбай зочлов. “Онцгой нэгэн” өмнөх тулаанд 6:0- ээр бутниргэсэн “Марибор”-ынхоо эсрэг энэ удаа гол тоглогч Оскар, Рамирес, Коста нарыг сэлгээнээс талбайд гаргахаар шийдвэрлэжээ. Эхний үед “Челси” найман аюултай довтолгоо хийв. Эхлээд Дрогба хоёр ч дараалсан боломжоо алдаж, дараа нь Азар цохилтоо хаалганы гадуур өнгөрүүлсэн. “Хар азарга” хочит Дрогбаг нэгдүгээр үед “Марибор”-оос хорих хамгаалагч байсангүй. Тэрбээр гялалзсан тоглолтоо гаргаж хөгжөөн дэмжигчдээ баярлуулж байлаа. Тоглолтын хоёрдугаар үе дөнгөж эхлээд “Марибор” сөрөг довтолгоо хийж, Ибраими Английн багийн хаалганд гоолдов. Гэхдээ тэд тэргүүллээ хадгалахыг хичээн, хамгаалалтаа нямбай хийж байсан ч 72 дахь минутад Матич булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг “чулуу” болголоо. Үүний дараа Азар 85 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилт алдаж, олон хүнийг гонсойлгосон юм. Ийнхүү “Челси” “Марибор”-той хоёр дахиа учраа таарахад 1:1-ээр тэнцэв. Энэ хэсгийг “Челси” 10 оноотой өнгөлж, “Шальке 04” таван оноотой удаалж байна.

Клуб                   Тт      Х      Т       Хг       О.г      А.г     Г.з    О

Челси               4      2     2      0        9        2      +7    8

Шальке 04        4      1      2      1       8        9      -1     5

Спортинг          4       1      1      2       8       8       0     4

Марибор           4       0      3      1      3        9     -6     3

“Н” ХЭСЭГ

“Шахтёр”-“БАТЭ” 5:0

Гоол: Срна 19, Тейшейра 48, Адриано 58’ (пенальти), Адриано 83, Адриано 90,

Шахтёр ": Пятов, Шевчук (Марлос 64’), Ордец, Срна, Ракицкий,Степаненко, Фернандо (Фред 66’), Коста, Тейшейра, Тайсон (Бернард73’), Адриано

"БАТЭ": Черник, Хагуш, Младенович, Поляков, Гайдучик, Яблонский, Карницкий, Володько, Гордейчук,Яковлев Андрей (Олехнович 46’), Сигневич (Родионов 70’)

“Атлетик.Б”-“Порту” 0:2

Гоол: Мартинес 56, Браими 73,

"Атлетик": Ираисос, Лапорт, Сан-Хосе, Баленсиага, Гурпеги, Беньят(Муньяин 46’), Де Маркос, Рико, Сусаета (Ираола 46’), Ибай (Вигера73’), Фернандес

"Порту": Фабиано, Данило, Инди, Майкон, Алекс, Касемиро, Браими, Эррера, Торрес, Тельо (Куарежма 60’),Мартинес

Украины “Шахтёр” Беларусийн “Батэ”- г гэртээ хүлээн авлаа. Өмнөх тулаанд “Шахтёр” 7:0-ээр тэднийг “номхруулсан”. “Батэ” тоглолтын эхнээс л учраа олохгүй байлаа. Харин “Шахтёр” бүх хүчээрээ урагшлаж тоглов. Ингээд 19 дэх минутад Адрианогийн дамжлалтаар Срна гоолын салхийг хагалж, “Уурхайчид” тэргүүлж эхэлсэн. “Батэ” нэгдүгээр үеийн төгсгөлд хамгаалалтаа сайн хийж хаалгандаа дахин гоол алдсангүй. Хоёрдугаар хагасыг эхэлснийг мэдэгдсэн шүүгчийн шүгэл дуугарахтэй зэрэгцэн “Шахтёр” довтолж, Тейшейрагийн цохисон бөмбөг хаалганд оров. Үүнээс хойш “Батэ” талбайд байгаа үгүй мэдэгдэхгүй байсан. “Онгод” нь орсон “Шахтёр”-чууд довтолсоор. Өмнөх тулаанд таван бөмбөг “Батэ”-гийн хаалганд хийж алдар суугаа мандуулсан Бразилын Адриано 11 метрийн торгуулийн цохилтоос гоолдов. Тэрбээр дахин хоёр гоол нэмж оруулснаар “Батэ”-тэй хоёр таарахдаа найман бөмбөг тэдний хаалганд зоосон сүрдэм амжилт үзүүллээ. Тэрбээр энэ амжилтаараа өнгөрсөн улирлын Аваргуудын Лигт “Реал”- ын супер од Роналдугийн хэсгийн таван тоглолтод есөн гоол оруулсан рекордтой эн зэрэгцэв. Харин нөгөө талд “Порту” Испани руу нисэж, “Атлетик”-тэй хоёр дахь тоглолтоо хийлээ. Өмнөх тулаанд ялагдсан “Атлетик” хариугаа авахын тулд юу чаддагаа харуулна хэмээн энэ тоглолтын таамгаа олон хүн дэвшүүлж байлаа. Гэхдээ тоглолтын эхнээс “Порту” илүү байсан. Нэгдүгээр үеийн төгсгөлд багийн ахлагч Мартинес пенальти алдан хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалав. Гэхдээ тэрбээр гэмээ хоёрдугаар үеийн эхэнд цайруулан Браимигийн дамжуулалтаар гоолдсон. Тоглолтын 73 дахь минутад Браими хамгаалагч нарын алдаа ашиглан тооны харьцааг 2:0 болгон холдууллаа. Ийнхүү “Порту” өрсөлдөгчөө хожиж, арван оноогоор хэсгээ манлайлж эхлэв. “Шахтёр” найман оноотой яваа бол “Батэ” дөрвөн тулаанаас гурван оноо авчээ.

Клуб                      Тт    Х     Т     Хг     О.г      А.г     Г.з    О

Порту                 4     3    1     0      12      3      +9   10

Шахтёр               4     2    2     0     14       2      +12  8

Батэ                   4     1    0     3      2       19     -17  3

Атлетик.Б           4     0     1     3      2        6      -4   1

ХЭН ЮУ ӨГҮҮЛЭВ

"Рома"-гийн дасгалжуулагч Руди Гарсиа: “Бавари”-г гайхалтай баг гэдгийг бид мэднэ. Өнөөдөр ч тэд үүнийгээ харууллаа. Тактик талаасаа бид зөв тоглосон. Хоёр гоол алдсан нь харамсалтай зүйл боллоо. Учир нь тэд тийм ч олон боломж гаргаагүй шүү дээ. Харин манай боломжуудыг Дэлхийн шилдэг хаалгач Нойер зогсоосон. Хэдий бид хожигдсон ч тоглогчдынхоо гүйцэтгэлд би баяртай байна. Бид эхний тоглолтын алдаануудаа зассан.”

“Бавари”-гийн хагас хамгаалагч Рибери: “Ром дахь тоглолтоос тэс өөр тоглолт боллоо. Бид шаргуу тоглолт гаргасан ч “Рома” ардаа зургаан хамгаалагчтай байсан болохоор хэцүү байлаа. Бидний хувьд хожил авч, дөрвөн тоглолтын дараах байдлаар хэсгээсээ гарах болзлоо хангасандаа баяртай байна. Энэ хэсэг амаргүй гэдгийг бид мэдэж байсан. Гэхдээ бид сайн байлаа. Энэ нь манай дараа дараагийн тоглолтуудад ч сайнаар нөлөөлнө. Одоо бид Бундеслигтээ л анхаарал хандуулна даа.”


“Барселона” багийн хагас хамгаалагч Л.Месси: Миний амьдралын хамгийн гайхалтай мөчүүдийн нэг. Раулийн дээд амжилтыг давтсан нь сайхан хэрэг. Хамгийн чухал нь гурван оноо авсан явдал. Одоо бид хэсгийн тэргүүн байрын төлөө “ПСЖ”- тэй өрсөлдөх болно. Бид хэсгээсээ гарах нь тодорхой боллоо. Үүнд бид баяртай байна.”

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД