Монголын ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг Питтсбургт борлуулж байна

2014 оны 11 сарын 10

  АНУ-ын Питтсбург хот дахь “Ross Park Mall”-д Монголын ноолуураар хийсэн бүтээгдэхүүн худалдаж буй талаар post-gazette.com цахим хуудсанд мэдээллээ. Энхтайвны корпусын шугамаар Монголын бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулахаар ирж байсан Жон Хэттсэд ийм боломж гарчээ. Түүнийг өөрийн бизнесээ эрхлэхэд нь Монгол нөлөөлсөн гэнэ. Тодруулбал, тэрбээр Монголын ноолуураар хийсэн тансаг зэрэглэлийн хувцас борлуулдаг “Emzeg Steppe” мухлагаа дээрх дэлгүүрт нээсэн байна. Тэнд том хүн болон хүүхдэд зориулсан ороолт, малгай, нөмрөг гээд олон төрлийн бүтээгдэхүүн худалдахын сацуу цахим хуудсаараа захиалга авдаг аж.

Жон Хэттс “Монголоос ноолууран ороолт худалдан авч ээждээ өгөхөд тансаг гэж магтсан нь надад энэхүү бизнесийн санаа болсон” хэмээн ярьжээ. Улаанбаатар дахь 30 гаруй ажилчинтай нэгэн ноолуурын үйлдвэрийнхэнтэй тэрбээр хамтран ажилладаг гэнэ. Үйл ажиллагаагаа эхлэх үедээ Нью-Йоркт бүтээгдэхүүн борлуулж, зах зээл бий эсэхийг “тандсан” бөгөөд хүмүүс чанар, байгалийн өнгөнд нь таатай хандаж байсан нь түүнд урам өгсөн аж. Жон Хэттс цаашид өөрийн гэсэн дэлгүүртэй болохыг зорьж буй юм байна. “Emzeg Steppe”-ийн бүтээгдэхүүн дунджаар 120- 150 ам.долларын үнэтэй гэнэ. Манай улсын ноолуур нь чанараараа дэлхийд тэргүүлнэ гэдгийг дээрх цахим хуудсанд тэмдэглэжээ.

Ц.БОЛОР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД