Савлагаатай өсөлтийг санхүүгээр ТОГТВОРЖУУЛАХ УУ

2014 оны 11 сарын 10

“Санхүүгийн салбар бол хуримтлалыг хөрөнгө оруулалттай холбогч, эдийн засгийн “тархи” юм” гэсэн үг бий. Тэгвэл манай улсын санхүүгийн зах зээлийн 95 хувь нь банкны салбарт ногдож буй. Эндээс санхүүгийн салбар доголон бөгөөд олон тулгуурт бүтэц, тогтолцоотой болж чадаагүй нь түвэгг үй ойлгогдоно. Товчхондоо, санхүүгийн бусад салбар (хөрөнгийн зах зээл, даатгал) нь хөгжилгүй, өрсөлдөх чадваргүй хэвээр байгаа юм. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд гайхагдаж асан 2011 онд манай улсын ДНБ-ий 30 хувийг уул уурхайн салбар эзэлж байсан бол өдгөө дээрх тоо 5.3 болж буурсныг “Berkeley” сэтгүүлд тэмдэглэжээ. Уул уурхайн салбарын экспорт, хөрөнгө оруулалтаас хамааралтай эдийн засгийн өсөлт удааширсан нь үүнд ийнхүү нөлөөлсөн юм. Мэдээж санхүүгийн салбарыг банкныхан “чирж” яваа гэдгийг үгүйсгэхгүй. Гэвч иргэдэд өндөр хүү амлаж, хадгаламж төвлөр үүлдэг банкууд зээлдэгчид урт хугацаанд санхүүжилт олгох боломжгүй. Нөгөөтэйгүүр, банкуудын зээлийн хүү өндөр, хугацаа богино, шалгуур “хүнд” байдгийг бизнесменүүд учирладаг. Өөрөөр хэлбэл, банк бусад салбарыг тийм ч сайн дэмжиж чаддаггүй. Ийнх үү арилжааны банкууд хөгжлийн, хөрөнгө оруулалтын, урт хугацааны зээл олгож чадахгүй тул нэг талаараа эдийн засгийг “дарамталж” байгаа гэж үзэх мэргэжилтэн ч байна. “Барууны оронд очоод банкны хүүхэд вэ гэж асуувал нэг хувь гэж хэлнэ.

Засгийн газрын бондынх хэд вэ гэвэл хоёр, гурав, компанийнх жилийн зургаахан хувь гэж хариулна” хэмээн “Үндэсний амьдралын даатгал” компанийн гүйцэтгэх захирал Г.Монголхүү ярьж байв. Гаднын орнуудад банкууд нь иргэдэд хүү амлаж, мөнгө босгохоос илүүтэй хөрөнгийн зах зээлээс ашиг олдог юм байна л даа. АНУ-ын хөрөнгө оруулалтын банк “Goldman Sachs”-ын ашиг өнгөрсөн гуравдугаар улиралд 50 хувиар өсөхөд бондын арилжаа, хувьцааны зах зээлээс олох ашиг нөлөөлснийг мэдэгдэлдээ дурдсан байх жишээтэй. Харин манай банкууд өөрсдөө хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлж, түүнийгээ бусдад зээлдүүлдэг. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн зах зээлийн 2020 он хүртэлх хугацааны шинэчлэл хөгжлийн хөтөлбөр” боловсруулжээ. Эдийн засгийн өсөлтийн тулгуур гэж хэлж болох санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн бий болгох, банкнаас бусад салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь тус хөтөлбөрийн зорилго аж. Хэрэв энэхүү хөтөлбөр хэрэгжиж, үр ашиг нь гарвал Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны өсөлтийг дэмжих учиртай.

Санхүүгийн зах зээлд өрсөлдөөн бий болж, хэн нэгэн зөвхөн банкны зээлийг сонгох бус, хөрөнгийн зах зээлээс санхүүжих боломжтой гэсэн үг. Учир нь хөрөнгө оруулалт орж ирвэл заавал татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж таатай орчин бий болгохоор уг хөтөлбөрт тусгажээ. Төр заавал бүгдийг хийх гэлгүй, хувийн хэвшилтэй түншлэн, зах зээлийг ил тод байлгах үүднээс хязгаарлагдмал хариуцлагатай компаниудыг нээлттэй байхаар тусгасан юм байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдыг шаардлагатай бүх мэдээллээр хангах боломж бүрдүүлэх юм. Өнгөрсөн 20 жилд манай улсад хөрөнгийн зах зээл төдийлэн хөгжөөг үй, зах зээлийн нийт үнэлгээ доогуур төдийгүй дэлхийн хамгийн жижигт тооцогддог биржтэй. Төр хувьчлалыг хангалттай түвшинд хийгээгүйтэй энэ нь холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвл өрсөн хадгаламжийн төвийн Үнэт цаасны төвлөрлийн судалгаанаас харвал төрийн мэдэл дэх үнэт цаасны тоо нийт хувьцааны 85 хувийг эзэлж байна. Энэ нь дээрх төвд хадгалагдаж буй 329 компанийн ердөө 30 гаруй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийнх юм. Тэгвэл “ДЦС-3”, “ДЦС-4”, “Багануур”, “Шивээ-Овоо”, МИАТ, “Дарханы дулааны цахилгаан станц” зэрэг төрийн өмчит компани 2012 оны байдлаар 3.8-8.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллан бусдыгаа тэрг үүлсэн нь “Төр сайн менежер биш” гэх үгийг баталж буй.

Олон нийтэд хаалттай тэдгээр төрийн компанийг “задалж”, Монголын хөрөнгийн биржийн “лангуун” дээрх бүтээгдэх үүний тоог нэмж, үнэ цэнийг нь өсгөх нь дээрх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх хамгийн чухал ажил юм байна. Мэдээж эрчим хүчний ч юм уу, стратегийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компанийг бүрэн хувьчлах албагүй. Өнгөрсөн зургадугаар сард 2016 он хүртэл хувьчлах төрийн өмчит аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргасан. Үүнээс ч олон “бүтээгдэхүүн”-ийг хөрөнгийн биржийн лангуун дээр өрөх нь зүйтэй, уг нь. Тэгвэл хөрөнгийн зах зээл дэх хөдөлгөөн хоёр дахин нэмэгдэхийг үгүйсгэхгүй бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалт ч өсөх юм. Хөрөнгө оруулалтын сангууд орж ирлээ гэхэд худалдаж авах бүтээгдэхүүн байхгүй нь анхаарах л асуудал. “Төсөв алдагдалтай байгаа үед байнга л алдагдал хүлээдэг төрийн өмчит компаниудынхаа заримаас нь салахад болохгүй зүйлгүй л болов уу” хэмээн одоогоос жилийн өмнө “Мандал женерал даатгал” компанийн шинжээчид тэмдэглэж байв. Ямартай ч Сангийн яамны боловсруулсан 2015 оны төсвийн төсөлд МИАТ, Монголын хөрөнгийн биржийн 49, “Хөтөлийн цемент шохой” компанийг 100 хувь хувьчилж 153 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тусгасан байна лээ. Нөгөөтэйгүүр, биржид идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 100 орчим компанийн 20 гаруйд хувьцааны төвл өрөл бий болчихсон талаар нэгэн мэргэжилтэн ярьсан. Өөрөөр хэлбэл, нэг томоохон компани байлаа гэхэд нийт үнэт цаасных нь 80-90 хувийг нэг гэр бүл эзэмшиж байгаа атлаа хувьцаат компани гэсэн нэртэй байгаа аж. Тэдгээр компаниуд хувьцаагаа “задалж”, үүний тулд үнэт цаасны тоогоо нэмэгдүүлэх нь зүйтэй юм. Энэ нь компанийн засаглал сайжрахад ч нөлөөлөх учиртай.

МҮХАҮТ жил бүр Топ-150 компанийг шалгаруулдаг. Тэдгээрийн ердөө 20 хүрэхгүй нь хувьцаат компани юм байна. Үнэхээр топ аж ахуйн нэгж юм бол хувьцаа гаргаж, улам томорч болдоггүй нь ямар учиртай юм бол. Хэрэв санхүүгийн зах зээлийг хөгж үүлэх зорилго бүхий дээрх хөт өлб өр хэрэгжвэл түүнд үүрэн холбооны оператор дөрвөн компанийг олон нийтийн эзэмшлийн болгох талаар ч дурджээ. Тэдгээрээс гадна дахиад 10, 20 компани байгуулах зах зээл байхгүй монополь байгаа учир ийн шийдсэн бололтой. Хөрөнгийн зах зээлийг тэлэх хүрээнд хийх дараагийн нэг ажил нь даатгалын салбар юм байна. Гаднын орнуудад даатгалын салбар нь давамгайлж, санхүүгийн маш том зах зээлийг бий болгосон байдаг. Даатгалын компаниуд дороо банктай байх жишээтэй. Харин Монголд эсрэгээрээ бөгөөд энэ нь олон нийтийн даатгалын салбарын талаарх мэдлэг муу, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хүчин чадал бага байгаатай холбоотой биз ээ. Монгол Улсад хөгжөөд 80 жилийн босго алхаж буй даатгалын салбар санхүүгийн зах зээлийн нэгхэн хувийг эзэлдэг. Даатгалын 17 компанийн нийт хураамжийн орлогын ДНБ-д эзлэх жин нэг хувьд ч хүрдэггүй байх юм.

Манай улсын даатгалын салбарын эргэлт 93 тэрбум төгрөг гэсэн дүн бий. Тэгвэл 60 сая ам.долларыг гадаадын даатгалын компаниудад өгсөн тооцоог өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон “Хүртээмжтэй даатгал 2014” форумын үеэр салбарын мэргэжилтнүүд дуулгасан билээ. Өөрөөр хэлбэл, манай даатгалын салбарын эргэлт хоёр дахин өсөх боломжоо алдаж, их хэмжээний хөрөнгийг гадагш урсгасан гэсэн үг. Даатгалын компани харилцагчдаасаа цуглуулсан мөнгөнөөс банкинд байршуулах, хуульд заасан тодорхой хувийг нь Засгийн газрын бонд, үл хөдлөх хөрөнгө, урт хугацааны найдвартай бизнест оруулан эргэлдүүлж, хөрөнгө оруулалтын чиглэлээр ашиглаж болно гэж хуульд заасан. Энэ нь эдийн засагт “цус сэлбэх” ач холбогдолтой учраас тус салбарыг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай нь мэдээж. Гэвч өнгөрсөн оны байдлаар Монголын даатгалын салбарын нийт активыг банкныхтай харьцуулахад 106 дахин бага байсан юм. Тэгвэл хөрөнгийн зах зээл хөгжс өн орнуудын хамгийн том хөрөнгө оруулагчид нь даатгалын компаниуд байдаг шүү дээ. Тэдэнд хөдөлгөөнгүй, их хэмжээний бэлэн мөнгө байршдаг учраас түүнийг нь мега төслүүдийг хэрэгжүүлэх гол “хэрэгсэл” гэхэд ч болно. Иймээс ч Монголд үндэсний давхар даатгалын компани байгуулахаар төлөвлөжээ. Давхар даатгалын мөнгө гадагшаа урсчихдаггүйг дурдах нь зүйтэй. Даатгалын салбар, хөрөнгийн зах зээлийг холбох асуудал мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж буй.

Нийгмийн даатгалын санд хуримтлагддаг их хэмжээний “үхмэл” мөнгийг тэтгэврийн сан байгуулж, өсгөхийг мэргэжлийн менежерүүдэд даалган, үр ашигтай төсөлд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Мөн даатгалын компаниуд нь тодорхой хэмжээнд хувьцаат компани байх ёстой гэж үзэж буй юм билээ, санхүүгийн зохицуулах хорооныхон. Үүнээс гадна банк бус санхүүгийн байгууллагуудыг (ББСБ) төр дэмжих ёстой гэсэн зарчим баримталж буй гэнэ. Тодруулбал, ББСБ-ыг томроход нь, гаднаас авч буй зээл тусламжид хамруулахад дэмжихээр төлөвлөсөн байна. Хэдийгээр банкууд орон нутагт салбартай боловч тэдний тавих шаардлагыг хангаж зээл авахад бэрхшээлтэй байдаг аж. Ялангуяа алслагдсан газар нутагт амьдарч буй иргэдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох нь зүйтэй гэж үзжээ. Алслагдсан гэдэг нь аль нэг аймгийн сумынхан бус, бас нийслэлийн төвөөс 10 гаруй км-т амьдарч буй иргэдэд ч хамаатай юм билээ. Барьцаа хөрөнгийн дутагдалтай, бичил зээл хэрэгтэй байгаа ч үйл ажиллагаа явуулсан туршлага багатай хүмүүс, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд болон аж ахуйн үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг тэдгээр ББСБ-ын (нийт 263) актив хөрөнгө 381.1 тэрбум төгрөгт хүрсэн нь чамлахааргүй ч, банкны салбарынхтай харьцуулахад 1.82 хувьтай нь тэнцэж буй. Дээрх хөтөлбөрт тусгасан өөр нэг заалт нь зээлийн батлан даалтын сангийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарснаар “юм” хийх хүсэлтэй ч зээл авч чадахгүй байгаа иргэдийг дэмжих юм. Өнгөрсөн тавдугаар сард боловсруулж дууссан, хоёр үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөрийг УИХ-д хүргүүлсэн бөгөөд Ажлын хэсэг байгуулсан аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ДНБ 17.5 их наяд төгрөг байгаа. Хэрэв энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлбэл 2017 он гэхэд дээрх тоог 32.9, 2020 онд 48.8 их наяд төгрөгт хүргэх тооцоо хийжээ. Тэгвэл эдийн засгийн “тархи” гэгддэг санхүүгийн зах зээлийн нийт актив өнгөрсөн оны байдлаар 21.9 их наяд байсныг 2017 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх төсөөлөл бас бий. Цаашилбал, 2020 онд 44 их наядад хүргэх таамаг байгаа аж. Эдийн засгийг чирэгч нь санхүүгийн салбар юм бол түүнийг томруулан, мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх нь зайлшгүй чухал. Улмаар эдийн засгийн “цусны урсгал” сайжрах юм. Урд хөршийнхөн санхүүгийн салбараа хөгжүүлэх долдугаар таван жилийн төлөвлөгөө гэж гаргасан бол ОХУ үнэт цаасны зах зээлээ 2020 он хүртэл хөгжүүлэх зорилтоо гаргаад байгаа. Уул уурхайн салбараас хамааралтай эдийн засгийн өсөлтийн савлагааны гол уршиг нь ажилгүйдэл гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.

Ц.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД