НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭН НИЙТИЙГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙНА

2014 оны 11 сарын 10

Үерлэн шуугих гол мэт хурдлан давхих автобуснуудаас эмээдэггүй хүн гэж бараг үгүй биз. Улаанбаатар хотод өдөрт том оврын 900 гаруй автобус 81 чиглэлд үйлчилж байна. Хурд хэтрүүлдэг, жолоо барьж яваа хэрнээ утсаар ярьдаг, тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг гээд том оврын автобусны жолооч нарын зөрчлийг тоочоод байвал барагдахгүй. Энэ оны эхний арван сарын байдлаар нийтийн тээврийнхэн зам тээврийн 371 осол гаргаж, таван явган зорчигч, нэг жолооч нас барж, 226 хүн гэмтээжээ. Үүнээс мөргөлдсөн 234, шон мөргөсөн дөрөв, явган зорчигч мөргөсөн 106, зорчигч унасан 19 осол байна.

Зөвхөн есдүгээр сард гэхэд 49 осол гаргаж, нэг явган зорчигч амиа алджээ. Тодруулбал, есдүгээр сарын 28-нд Баянгол дүүргийн V хороо, 10 дугаар хорооллын урд замд “Автобус-1” ХХК-ийн “Daewoo Bus-106” маркийн автобусны жолооч гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн байна. Явган зорчигч Г нь ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас баржээ. Үүний дараахан “Парадокс” төвийн урд талын нарийн замаар явж байсан далан настай өвгөн, хүүхэд хоёрыг автобусны жолооч шахаж, гурван метрийн өндөр далангаас унагаасан. 4821-УНУ улсын дугаартай автобусны жолооч, мөн Налайх-Баруун дөрвөн замын чиглэлийн автобусны жолооч урсгал сөрж, улаан гэрлээр явж байжээ. Ингэж явж байгаад осол гаргавал яах вэ. Түүнчлэн согтуугаар нийтийн тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил олон гарч байгаа аж. Хэдэн зуун хүнийг тээвэрлэж байж согтуугаар жолоо барина гэдэг санаанд багтамгүй. Бараа материал ачсан юм шиг аашилж, хурд хэтрүүлэн давхих нийтийн тээврийнхний ааш аяг хэрээс хэтэрлээ. Үүнд хэн хяналт тавьж, осол, зөрчлийг багасгах арга хэмжээ авах юм бэ. Мэдээж автобус компанийнхан, Нийтийн тээврийн газрын удирдлагууд. Ажилчин нь алдаа гаргаж, хүний амь хохироочихоод байхад нүдэн балай, чихэн дүлий суусаар байх уу.

Осол гаргасан жолооч нь мөнгөн торгууль төлөх юм уу, ял шийтгэл хүлээгээд өнгөрдөг. Энэ мэтчилэн зам тээврийн осол өдөрт хэдэн хүн нас барж, төдөн хүн бэртлээ гэсэн тоо төдий болчих вий. Манайхаас бусад оронд олон жил ажилласан, туршлагатай хүнийг нийтийн тээвэрт жолоочоор ажиллуулдаг жишиг бий. Гэтэл манай автобусны жолооч нарын олонх нь дөнгөж 20 гаруй насныхан байх жишээтэй. Тэд fm радиогоо хамгийн чанга дээр нь тавьчихаад, нэг гараараа утсаар ярьж, нөгөө гараараа хэнэггүйхэн жолоо мушгиж яваа харагддаг. Ийм хариуцлагагүй байхад осол, зөрчил гарахгүй гээд ч яах билээ. Хариуцлагыг өндөржүүлэх, жолоочийн ур чадварыг сайжруулах, техникийн аюулгүй байдлыг шалгаж, тухай бүрт нь алдаа дутагдлыг нь засаж залруулах ёстой автобус компанийн удирдлагууд хэдий болтол дуугүй суух вэ.

Тасалбарын үнэ нэмэх, төрөөс өгч буй нөхөн олговрыг чамлах болохоор л түмний өмнө ил гарч ирдэг шигээ, буруугаа хүлээдэг баймаар юм. Саяхан л гэхэд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сурагч, оюутан, цагдаагийн алба хаагчдын унааны зардлын нөхөн олговрыг нийслэлийн төсөвт шилжүүлнэ гэснээс болж, хэвлэлийн хурал зарласан. Нөхөн олговорт авдаг 72.8 тэрбум төгрөг нь ирэх жил 52 тэрбум болж багасгах гэж буйгаас ийн сандарсан хэрэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, оюутан, сурагчдыг “барьцаалж”, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс автобусаар үйлчлүүлсэн хүн бүрээс мөнгө авна гэж сүрдүүлэв. Сард 100 гаруй мянган төгрөгийн тэтгэмж авдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд үүнийг эсэргүүцсэн ч үр дүнд хүрч чадсангүй. Тэтгэврийн хөгшид ч сүүний мөнгөө автобусанд хураалгах дээрээ туллаа. Автобусанд сууж үзээгүй хүн гэж байхгүй л болов уу. Өглөө, орой ажил эхлэх, тарах үеэр автобусны буудал дээр юу болдгийг хэн хүнгүй мэдэх байх. Буудалд ойртож яваа хэрнээ хурдаа хасдаггүй автобуснууд дайрах шахам зогсоход ажил, гэр лүүгээ яарсан хүмүүс чихэлдэн байж суудаг. Автобусны зарим жолооч нь хүнээ гүйцэд сууж амжаагүй байхад хөдөлснөөр хаалган дээр овоорогсдын багахан “тэмцэл” дуусдаг. Долоо хоногийн өмнө Монел-Баянбүрд чиглэлийн автобусны жолооч нэгэн эмэгтэйг бууж амжаагүй байхад нь хаалгаа хааж, гарыг нь хавчаад авсан. Энэ мэтчилэн нийтийн тээвэр тойрсон зөрчил тасрахгүй нь.

АМЬДРАХ “ТАСАЛБАР”-ААС ҮНЭТЭЙ 500 ТӨГРӨГ

Авто ослоор дүүгээ алдсан нэгэн эмэгтэй манай сонинд хандсан юм. Тэрбээр “Би хэн нэгнийг буруутгах гэж энд ирээгүй. Автобусны жолооч хэдхэн хором л зогсоод гарцаар яваа дүүг минь гаргасан бол өдийд амьд байх байлаа” гэж уйлж суусан. Цаг бусаар дүүгээ алдсан эгчийн сэтгэлээс сэмэрч гарсан үг юм шүү, үүнийг уншаад жолооч нар нэгийг бодоосой хэмээгээд ийн ярив. “Анхны цас орсон хүйтэн шөнө би дүүгээ алдсан. Цагаан шугам, ногоон гэрлээр гарч яваад амиа алдсанд нь үнэхээр харамсаж байна. Камерын бичлэгээс харахад дүү минь шидэгдээд унасан, автобус гарцан дээр зогсож байсан. Нийтийн тээврийнхэн хурд хэтрүүлэхгүй, замаар гарч яваа хүндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Дүүг минь дайрсан жолооч “Би буруутай. Эхнэрийгээ эмнэлэгт сахиж хоноод нойр муутай явж байсан юм” гэж хэлсэн. Амьдралд юу ч тохиолдож болно. Хамгийн гол нь тухайн жолоочийг ажиллуулж байгаа компанийнхан өөр жолооч явуулж болоогүй л юм байх даа. Дарга, цэрэг, баян, ядуу хамаагүй энэ дэлхийд хүн ганц л удаа амьдрах “тасалбартай” ирдэг.

Амьдрах “тасалбар”-ыг автобусны тасалбар шиг дахин дахин авч болдог ч болоосой. Ядаж гарцаар гарч яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаасай” гэсэн юм. Гарцаар гарч явсан хэрнээ осолд өртөж байхад гарцгүй замаар явна гэдэг үнэхээр айдастай. Нийслэлд явган хүний гарцг үй, гэрлэн дохиогүй зам олон. Тухайлбал, ГССҮТ-ийн автобусны буудлын зам дээр гэрлэн дохио, гарц байхгүй. Гарцан дээр нь гарааш барьсан байх жишээтэй. Нийтийн тээврийнхэн нийтэд үйлчилж буйгаа мартчихаад байна. Тэдэнд хүн биш 500 төгрөг л чухал.

Тасалбар түгээгчдийн “Өө нэг виза ороод ирлээ”, “Энэ 500 төгрөгийг авчихъя” гэж ярихыг олонтаа сонссон. Нэг чиглэлийн автобуснууд ганц ч болов зорчигч суулгахын төлөө бие биетэйгээ уралддаг. Настай хүн, эсвэл хүүхэд автобуснаас хоцорчихоод гараа өргөн гүйхэд зогсохгүй хэрнээ мөнгө өгөх байрын хүнийг хаанаас л бол зогсоод суулгачихдаг. Бүхэл бүтэн нэг эгнээ гаргаж өгөөд байхад хоёр, гуравдугаар эгнээ рүү шилжиж, машин шахаж, түгжрэл үүсгэнэ. Хэдийгээр жолооч, тасалбар түгээгчид бидний л ижил ар гэртэй, амьдрах гэж зүтгэж буй ч тэдэнд бусдыг хайрлах сэтгэл, ажлын хариуцлага дутсаар байгааг энэ мэт олон жишээнээс харж болно.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.176.131 энэ балай микронуудыг ядаж УБ хот дотор хүн тээвэрлэхийг нь болиулаачээ
180.149.93.14 яг үнэн юм бичжээ. Хүний амь 500 төгрөгнөөс хямд болсон юм гэж үү. Том оврын автобусны жолооч нар замын хөдөлгөөнд оролцох ямар соёл, дүрэмгүй байдаг. Хэлэх ч муу үг алга. Хүний амь хөнөөхөө болимоор юм.
150.129.140.194 Арай ч дээс хүний мөс гэж байна уу
202.126.91.159 archaagvi novchnuud ahmad nastan hvvhed hugjiliin berhcheeltei irgeded ih deerelhvv harchana.
121.155.149.209 Бас барилга баригдаж буй газарт хүний амь эрсдлээ л гэнэ. Амиа алдсан хүний хохь болоод өнгөрөх жишээний. Хуулиа дахин эргэн харж шинэчлэх хэрэгтэйг хэлж өгөөд байгаа юм биш үү гэж л ойхын.
121.155.149.209 Согтуугаар нийтийн тээвэр жолоодно гэдэг чинь юу гэсэн үгийн. Санаанд багтамгүй юм. Эрхийг нь хасах нтр гээд хуульчилж болдоггүй л юм байх даа.
121.155.149.209 Ийм зөрчлүүд гарсаар байхад хуулиа яагаад шинэчилдэггүй юм бэ? Улс төрийн гишүүд юугаа хийсэндээ татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад байгаа юм бэ?
182.160.42.116 Gartsan deer zam tavij ugduggui. Daind yavaa met duut dohio shahna gej uzuulne shuu dee. Avobusnii jijighen tarhitai jolooch nartai hatuu temtseh tsag ni bolson. Joloochiin erh karman dahi mungutei ni ahiuhan yarij baij l hulduu tolgoinuud oilgono
182.160.42.116 Zugeer l hariutslagyg ny changaruulaach ee. Yugaa huleegeed baidag yum be.
  • 2014 оны 11 сарын 11
182.160.42.116 f
  • 2014 оны 11 сарын 10
182.160.42.116 a
  • 2014 оны 11 сарын 10
182.160.42.116 asd
  • 2014 оны 11 сарын 10
112.72.13.96 shine sain avtobusiig uls uuruu oruulj ireed uuruu yavuulsan ni deer , huviin companiuud arai l aimar baigaa unen shu
112.72.13.96 ad
  • 2014 оны 11 сарын 10
112.72.13.96 asd
  • 2014 оны 11 сарын 10