Ц.ОЮУНДАРЬ: Дотоод сонгуулийн хороог шинээр байгуулсан

2014 оны 11 сарын 10

  АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь ҮЗХ-ны хурлын талаар өчигдөр албан ёсоор мэдээлэл хийлээ. Түүнээс зарим зүйлийг тодруулав.

-ҮЗХ-ны 228 гишүүний 31 нь төрийн албан хаагч болчихсон. Одоо болтол нөхөн сонгууль явуулахгүй байгаа. Үүнийг хэзээ хийх вэ?

-Энэ ажлыг намын Дотоод сонгуулийн хороо зохион байгуулдаг. Гэтэл сонгуулийн дараа уг хорооны долоон гишүүний дөрөв нь төрийн албан хаагч болоод бүрэлдэхүүнгүй болчихсон. Энэ асуудлыг сая ҮЗХ-гоор шийдэж, орны хүмүүсийг томиллоо. Одоо ямар ч сонгуулийг тэд зохион байгуулах эрхтэй.

-Төрийн албан хаагч болчихсон атлаа Г.Дэнзэн ҮЗХ-ны хуралд оролцлоо гэх шүүмжлэл байна.

-Төрийн болон төрийн захиргааны албан тушаалтан болсон хүмүүс л ҮЗХ-нд хамаарахгүй болно. Төрийн үйлчилгээний албан хаагч бол хамаагүй. Үүнийг хүмүүс хольж ойлгоод байна.

-Ерөнхий сайдыг огцруулах тухай санал хураалтад оролцоогүй гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ?

-Эс үйлдэл хийсэн бол сануулах, улс төрийн албан тушаалд дэвшүүлэхгүй байх, сонгуульт албанаас нь чөлөөлөх гэх мэт заалт бий. Гэхдээ зөвхөн өргөдөл ирүүлсэн тохиолдолд л Хяналтын ерөнхий хороо хуралдаж, асуудлыг шийддэг. Одоогоор эсрэг санал өгсөн найман гишүүнтэй холбоотой гомдол л ирүүлсэн юм билээ.

-Хуралдааныг хаалттай явуулсан ч танай гишүүд энэ тухай байнга жиргэсэн. Тэдэнд ямар нэг хариуцлага тооцох уу?

-Хэдийгээр хурал хаалттай болсон ч мэдээлэл гарсан. Гэхдээ энэ бол зөвхөн гишүүдийн хувийн байр суурь, албан ёсны мэдээллийг одоо л хийж байна. Мэдээж гишүүд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй.


С.ОДОНТУЯА: Намын даргыг ирэх сард өөрчилнө

-УИХ дахь намын бүлгийн дэд даргын хувьд ҮЗХ-ны хуралд нэлээд анхаарал хандуулсан байх. Хурлын онцлох явдал юу байв?

-Намын ҮЗХ дүрмийн дагуу 228 гишүүнтэй байж, жилд хоёр удаа хуралдах ёстой. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа ҮЗХны гишүүний статустай 50-60 хүн төрийн алба руу шилжсэн. ҮЗХ энэ гишүүдийн суларсан орон тоон дээр нөхөн сонгууль явуулах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл хийгээгүй тул 170 гишүүнтэй хуралдлаа. Хурлаар улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар гишүүд өөрсдийн санал дүгнэлтээ олон талаас нь хэлэлцлээ. Уулзаагүй удсан болоод ч тэр үү хурал дээр байр сууриа илэрхийлээгүй гиш үүд бараг л байсангүй. ҮЗХ Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нэг ч удаа хуралдаагүй учраас гиш үүд хурлын эхэнд нэлээд бухимдалтай байж хурлын дарга, тэрг үүлэгчийг сонгохоос эхлээд шир үүн уур амьсгал өрнөсөн. Хурлыг намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нийслэлийн намын дарга Бат-Үүл нар нээсэн. Гишүүд хурлын тэргүүлэгчдийг заалнаас санал хураалтаар сонгох ёстой гэж үзсэн ч Алтанхуяг, Оюундарь нар заавал хурлыг удирдана гэж зөрүүдэлснээс хурал эхлэхгүй нэлээд цаг алдсан. Зөвх өн энэ маргааныг шийдэх гэж дөрвөн цаг зарцууллаа.

-ҮЗХ-ны хурлаар Н.Алтанхуягаас намын даргын ажлыг хүлээж авах шийдвэр гаргаагүй. Яагаад хойшлуулсан юм бэ?

-АН-ын даргын сонгууль хамгийн сүүлд 2008 оны наймдугаар сард болж Н.Алтанхуяг томилогдсон. Дүрмийн дагуу намын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг, 2012 оны наймдугаар сард дууссан учраас бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгосныг хэлэлцье гэж зарим гишүүн санал гаргасан. Гэхдээ ҮЗХ намын даргын бүрэн эрхийг энэ удаа хэлэлцэхгүй, ирэх сард болох намын Их хурлаар хэлэлцье гэж шийдлээ.

-Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн УИХ-ын найман гиш үүнийг АН-аас хөөх тухай Хяналтын ерөнхий хорооны шийдвэр яагаад хүчингүй болов?

-Гишүүдийг намаас хөөх асуудлыг хэлэлцэхийн тулд Хяналтын ерөнхий хороо хурлын зараа гурав хоногийн өмнө гишүүддээ мэдэгдэх ёстой байсан. Энэ бол намын дүрэм. Гэтэл УИХ-аас шийдвэр гарсан өдрийн орой нь яаралтай хуралдуулж шийдвэр гаргуулжээ. Нөгөө талаар Хяналтын ерөнхий хорооны хуралд Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн гишүүдийг дуудаж оролцуулж байр суурийг нь сонсох ёстой байсан ч энэ талаар гишүүдэд огт мэдэгдээгүй, байр суурийг нь сонсоогүй. Мөн Хяналтын ерөнхий хороо уг асуудлаар зөвхөн дүгнэлт гаргаж намын удирдлагад хүргүүлэх ёстой байтал эрх мэдлээ хэтрүүлж намаас хөөсөн тогтоол гаргасан. Энэ мэт асуудлаас үүдэн УИХ-ын гишүүдийг намаас хөөх тухай тогтоолыг хүчингүй болгосон.

С.УУЛ