Өрнөл нь сүржин, шийдэл нь даржин ҮЗХ

2014 оны 11 сарын 10

  Засгийн газрыг төвхнүүлэх ажил санааны зоргоор бүтэхгүй гэдгийг АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын уур амьсгалаас харж болохоор байлаа. Хаалга, цонхоо байнга нээлттэй байхаа зарладаг тус нам анх удаа тун ч хаалттайгаар хуралдав. Баасан гаригт, ажлын цаг дууссаны дараа Төрийн ордонд эхэлсэн хуралдаан хоёр өдөр сунжирсан ч бараг үр дүн гарсанг үй. Олон нийт АН-ын дарга хэн болж, Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх бол гэсэн шийдлийг уг хуралдаанаас хүлээсэн. Гэхдээ эдгээр асуудлын алийг нь ч шийдсэнгүй. Ерөнхий сайдыг огцруулахад гар бие оролцогчид Н.Алтанхуягийг намын даргаас нь мултлах гэж баахан хор найруулсан ч амжилт олсонгүй. “Их танхимын орчимд гар утасны сүлжээ унагах төхөөрөмж байрлуулсан” гэх шивнээ байсан ч эрхэм гишүүд, тэр дундаа “эсэргүү” түшээд хаалттай хуралдааны талаар тун ч идэвхтэй жиргэж байлаа. Улс төрийн сүүлийн үеийн нөхцөл байдлыг хэлэлцсэн учраас уур амьсгал тун ч ширүүн өрнөжээ. Үүгээр Их хурлынхаа товыг тогтоох, Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн найман гишүүнийг хөөх, эсэх асуудлыг шийдвэрлэсэн юм.

Э.БАТ-ҮҮЛ ЗААЛАНД, М.ЗОРИГТ ЦАХИМ СҮЛЖЭЭНД “БӨӨЛӨВ”

АН-ын ҮЗХ 228 гишүүний орон тоотой. Тэдний 31 нь төрийн болон төрийн захиргааны албан тушаалтан болсон, гурван орон тоо сул байгаа. Үлдсэн 194 гишүүнээс 176 нь ирж, 89 хувийн ирцтэй хуралджээ. АН-ынхан ҮЗХ-гоо нэг өдөр хуралдуулаад асуудлаа шийдчихнэ хэмээн төлөвлөсөн ч зөвхөн хурал даргалагчаа сонгоход зургаан цаг зарцуулсан байна. Ерөнхий сайдын суудлаасаа огцорсон Н.Алтанхуягаар хурал удирдуулахгүй хэмээн Э.Бат-Үүл баатар эсэргүүцсэн аж. Хурлыг түүгээр биш, өөрөө даргалах нь Н.Алтанхуягийг намын даргаас унагах ажиллагаанд дөхөмтэй гэж тооцсон гэх. Э.Бат-Үүлээс гадна “Шонхор”, МоАХ фракцынхан Н.Алтанхуягийг намын даргаас унагах гэж нэлээд оролджээ. Ер нь Н.Алтанхуягийн эсрэг тэд тун ч санаа нийлж байгаа. Тэд АН-ыг гартаа оруулахаар төлөвлөсөн бололтой юм. Бүтэн зургаан цаг маргалдаж, мэтгэлцсэний эцэст Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар хурал удирдсан байна. МАХН-тай хийсэн гэрээгээр АН-ыг 2024 он хүртэл Н.Энхбаярт барьцаалууллаа хэмээн тэр Н.Алтанхуягт тун дургүй байгаа. Тиймээс Ерөнхий сайдаас нь огцруулах уриалгыг гишүүддээ гаргаж, нам доторх “түгжил”-үүдээ нэгдсэн удирдлагаар хангасан юм.

ҮЗХ-нд “Алтангадас” фракц олонх болдог гэдэг ч энэ удаа “Шонхор”, МоАХ болон Э.Бат-Үүлийн дэмжигчид илүүрхжээ. Тиймээс ч тэд хурлыг бүхэлд нь удирдаж, төлөвлөгөөгөө боловсруулахаар зүтгэсэн гэнэ. Гэвч санасандаа хүрсэнгүй. “Дүрмийн бус ҮЗХ-ны хуралд суухгүй” хэмээн мэдэгдсэн М.Зоригт гишүүн тэнд гэрэл зурагчнаар “ажиллаж”, тэр завсраа жиргэж байлаа. “Надаас гадна олон хүн энэ хуралд суухг үй” гэсэн мэдэгдэл нь худал болж, “эсэргүү” гишүүд ирцээ харин ч сайн бүрдүүлжээ. Намын эсрэг санал өгсөн найман гишүүнийг хөөх тухай Хяналтын ерөнхий хорооны тогтоолыг хэлэлцэх гэж буй талаар дээрх гишүүд тун ч идэвхтэй жиргэж, хариуг нь бас баяртайгаар мэдээлсэн. Энэ асуудлаар хуралд оролцсон бараг бүх гишүүн санал бодлоо хэлсэн байна. Тэдний зарим нь Засгийн газраа унагасан хүмүүсийг хөөх нь зөв гэсэн бол “Улс төрийн нөхцөл байдлаас хамаараад энэ тухай нухацтай ярих ёстой” гэх хүн ч олон байжээ. Ингээд тэд “АН аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийг зөрчихгүй байх зарчим баримталдаг. Гэтэл ХЕХ хувь хүний эрхтэй холбоотой асуудал ярихдаа тухайн хүнийг байлцуулалгүй процедурын алдаа гаргасан” гэж үзээд тухайн өдрийн тогтоолыг хүчингүй хэмээн шийджээ.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийн өчигдөр өгсөн албан ёсны мэдээллээр бол найман гишүүнд хариуцлага тооцох эсэх асуудал нээлттэй үлдсэн. Гишүүд нь өргөдөл гаргавал ХЕХ асуудлыг хэзээ ч дахин хэлэлцэж болно, харин эздийг нь байлцуулаад шийдэх ёстой гэнэ. Тэгэхээр Засгийн газраа унагасан өнөөх найм баярлах бас болоогүй бололтой. ҮЗХ-ноос шийдсэн бас нэг асуудал нь Н.Алтанхуяг ба Н.Энхбаярын хооронд хийсэн гэрээг хүчингүй болгосон явдал байв. Аливаа нам, эвсэлтэй гэрээ байгуулах эрхийг ҮЗХ эдэлдэг атал намын дарга нь дур мэдэн гарын үсгээ зурж орхисон учраас хүчингүй гэж үзжээ.

НАМЫН ДАРГЫН АСУУДЛЫГ ИХ ХУРЛААРАА ЯРИЛЦАНА

УИХ-ын дарга З.Энхболд өөрөө болон Н.Алтанхуягаас бусад 33 гишүүний нэрийг эрэмбэлээд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал гаргасан юм билээ. Түүний нэр дараагийн Ерөнхий сайд болох хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байсан ч эрхэм гишүүн өөрөө татгалзсан. Учир нь АН-ын даргын суудал түүнд хангалттай гэх. Тус намын дүрмээр намын дарга нь Ерөнхий сайдад нэр дэвших эрхтэй. Өөрөө татгалзвал орныхоо хүнийг санал болгодог. Ийм дүрэмтэй учраас З.Энхболдын дээрх санал дэмжлэг аваагүй гэнэ. Гэхдээ мань эр өөрөө намын дарга болчихвол Ерөнхий сайдын суудалд “хор найруулах ажиллагааны хамтрагч” Х.Баттулгыгаа дэвшүүлэх санаатай байгаа болов уу. Ямартай ч ҮЗХ-ны хурлаар Н.Алтанхуягийг намын даргаас огцруулж чадсангүй. Энэ асуудлыг ирэх сарын 8-нд хийх Их хурлаараа шийдэхээр болгож хойшлуулжээ.

Дараагийн Ерөнхий сайдын асуудлыг УИХ дахь бүлгээс парламентад суудалтай бүх намтай зөвшилцөж, шийдлээ гаргасны дараа ярихаар болсон байна. Их хурлаар үүнээс гадна “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх гэнэ. Одоо УИХ дахь АН-ын бүлэг намуудтай зөвшилцлийн ширээний ард сууна. Тэд хэр хурдан ажиллана, түүний дараа дахин ҮЗХ-ны хурал зарлана. Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулна. Улс төрийн тохиролцоо тийм амар болчихгүй. Тэгэхээр улс орон нэг хэсэгтээ л үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай ажиллах нь. ҮЗХ-ны хуралдаан хэвлэлийнхэнд хаалт тавьсаар сүржин эхэлж, маргаан дүүрэн өрнөсөн ч шийдэл нь тун даржин байлаа.

С.ТУУЛ