НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД КОМИССАРТАЙ УУЛЗАВ

2014 оны 11 сарын 08

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж шинээр томилогдсон НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар ноён Заед Ра Ад Аль Хуссейн-тай 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Женев хотноо Хүний эрхийн дээд комиссарын алба (ХЭДКА)-ны төв байранд уулзав.  Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж ноён Заед Ра Ад Аль Хуссейнд Хүний эрхийн Дээд комиссарын албан тушаалд томилогдон үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргээд Монгол Улсын гадаад бодлогын гол чиглэлүүдийн нэг бол ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахад  чиглэсэн НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох явдал мөн болохыг нотлоод Монгол Улс 2016–2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүний эрхийг дээдлэх, хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмрээ нэмэгдүүлэх талаар тодорхой зорилтуудыг дэвшүүлж байгааг мэдэгдэв. 

Тэрээр мөн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний анхдугаар илтгэлийг хэлэлцүүлэх үеэр гишүүн орнуудаас өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улс идэвхтэй ажиллаж, дунд хугацааны тайлан гарган ХЭДКА-нд хүргүүлсэн нь бусад гишүүн орнуудад үлгэр дууриал болсныг дурдав.  Дээд комиссар ноён Заед Ра Ад Аль Хуссейн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 9 дүгээр сард Нью Йорк хотноо НҮБ-ын 69 дүгээр Ерөнхий ассамблейн үеэр зохиогдсон Цаазаар авах ялыг халах тухай өндөр хэмжээний хэлэлцүүлэгт хүндэт зочноор оролцож, үг хэлсэнд талархал илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг дээдлэх, хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг олон улсын болон бүс нутгийн түвшинд оруулж ирснийг онцлон тэмдэглээд НҮБ-ын ХЭДКА-ны үйл ажиллагааг дэмжиж сайн дурын хандив өгөхөөр болсныг сайшаан тэмдэглэв. 

Цаашид ХЭДКА-наас Монгол Улстай хүний эрхийг дэмжих, хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх эрмэлзэлтэй байгааг мэдэгдлээ.