ТУРКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨӨ 615 САЯ ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ

2014 оны 11 сарын 07

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд зориулан барьж буй 1000 өрөөтэй шинэ албан өргөө 615 сая доллараар боссон гэж туркчүүд үзэж буй гэнэ. Энэ нь анх тооцоолсноос хоёр дахин илүү өртөг гэсэн үг аж. 150 мянган шоо метр талбай эзлэх тэрхүү Ак Сарай буюу Цагаан ордныг Анкара хотын захад орших битүү модтой толгойн орой дээр барьжээ. Туркийн улс төрд 10 жил ноёрхож буй Шударга ёс, хөгжлийн намын дарга Эрдоан Ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо энэ ордноо наймдугаар сарын 30-нд нээсэн юм. Үүнээс өмнө түүний өргөө даруухан байшинд байрлаж байсан бөгөөд түүнийгээ Ерөнхий сайд Ахмет Давутоглуд шилжүүлсэн байна. Ак Сарай нь хэмжээгээрээ Вашингтон дахь Цагаан ордон, Москвагийн Кремль, Францын Версалиас том аж.

Туркийн Сангийн сайд Мехмет Шимшекийн хэлснээр бол уг өргөөнд шаардагдсан хөрөнгийн ихэнхийг нь төлөөд, үлдсэн 135 сая долларыг ирэх жилийн төсөвт тусгасан гэнэ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн хөлөглөх Airbus A330-200-д бас 185 сая доллар зарцуулахаар төлөвлөж буй гэж Шимшек хэлжээ. Улсын хөрөнгийг нийслэлийн ногоон бүсэд хохирол учруулсан нүсэр төсөлд зарцуулсан хэмээн хүрээлэн буй орчныг хамгаалагчид Эрдоаныг шүүмжилж байгаа гэнэ. Гэтэл Ерөнхийлөгчийн мэдэл дэх бусад объектод ирэх онд засвар хийхээр төлөвлөж байгаа гэж туслах нь мэдээлсэн байна.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД