Д.ЦЭРЭНСАМБУУ: БУЯН ДАГУУЛСАН АЖИЛ ХИЙСЭН БОЛОХООР АЙХ ЗҮЙЛ АЛГА ДАА

2014 оны 11 сарын 07

Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуутай ярилцлаа.

-Энэ сарыг УДЭТ-ынхан “Түүхэн жүжгийн сар” болгон онцолж, “Тэнгэрийн хүү”, “Ану хатан”, “Атга нөж”, “Тамгаг үй төр” жүжгээ тоглохоор болжээ. Танай театрын хувьд мэргэжлийн урлагийн ууган байгууллагын хувьд түүхэн сэдэвтэй уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэж, соён гэгээрүүлэх нь нэг чухал үүрэг болдог байх аа.

-Аливаа үндэстний түүх, амжилт, ялалт нь уран бүтээлд тусгалаа олж, ард түмэндээ хүрч байх учиртай. Бид ч гэсэн арвин баялаг, агуу түүхтэй улс үндэстэн. Театр үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн урын сангийн бодлогодоо түүхэн уран бүтээлийг тусгаж, үзэгчдэдээ хүргэсээр ирсэн. 1922 онд мэргэжлийн театр байгуулагдахаас өмнө “Народам”-д С.Буяннэмэхийн “Ойрхи цагийн товч түүх” бүрэн хэмжээний жүжиг тоглож байсан түүхтэй. Театр байгуулагдсаны дараа 1932 онд мөн л С.Буяннэмэхийн “Харанхуй засаг” жүжгийг тогложээ. Хоёулаа түүхэн жүжиг. Тэр цагаас хойш театрын урын сан дахь үндэсний түүхэн жүжгийн тоо 30 орчим болсон байна. “Эрдэнэт соёмбын эрэлхэг жанжин Сүхбаатар”, “Шарай голын гурван хаан”, “Ээдрээ” зэрэг жүжгийг түүчээлэн 1990-ээд оны сүүлчээр Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор “Атга нөж”, 2011 онд театрын 80 жилийн ойгоор түүхэн жүжгийн уралдаан зарлаж, залуу зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийг тоглосон. 80 жилийн түүхэн он цагийн хугацаанд бид 500 шахам уран бүтээл хийсний 30 нь түүхэн жүжиг гэж харьцуулбал чамлалттай санагдана. Гэхдээ социализмын үеийн үзэл суртлын цензуртай холбоотойгоор ихэс дээдсийнхээ их түүхээр бахархаж, алдрыг нь дуурсгах боломжгүй байсан учраас арга байхгүй. Анхны төрт улсаа 2200 гаруй жилийн өмнө байгуулсан “Хүннү” гүрэн хэмээн үзэж байгаа болохоор өдий хүртэлх энэ олон жилийн түүхэнд уналт, босолт, сэргэлт гээд олон үйл явдал болсон байгаа. Их бага, хаад, хатад, баатруудын түүх гээд ярихад л баялаг сэдэв бий.

-Түүхэн жүжиг тоглоход хөрөнгө мөнгө, цаг хугацаа, ур чадвар гээд олон зүйл шаарддаг байх. Бусад төрлийн жүжгээс илүү өртөгтэйгээр бүтдэг үү?

-Уран бүтээл хийхэд гурван төрлийн зардал гардаг. Хуучин нийгмийн үед хоёр төрлийн зардал байлаа. Нэгдүгээрт тайз, декораци, хувцас хэрэглэлийг багтаасан үйлдвэрлэлийн зардал, хоёрдугаарт эх зохиогчдын хөлс. Энэ цаг үед нэмэгдсэн өөр нэг чухал зардал нь маркетингийн үйл ажиллагааных. Мэдээж сонгодог болон түүхэн жүжиг хийхэд арай илүү зардал гардаг. Хүүхдийн жүжиг ч ялгаагүй гаргасан зардлаа удаан нөхдөг. Өдгөө хамгийн эрэлттэй, эргэлт сайтай байгаа нь орчин үеийн жүжиг. Монголын үзэгчдийн 70 орчим хувь нь 18-35 насныхан байгаа учраас тэр байх.

-Танай театр мэргэжлийн урлагийн бусад байгууллагатай харьцуулахад хамгийн сайн маркетингтай. УДЭТ-т ажиллаж байсан олон менежер таныг энэ чиглэлийнхээ багш хэмээн үздэг юм билээ.

-Хүмүүс тэгж үнэлж байгаа бол баяртай л байна. Бид чинь урмаар тэтгэгдэж л урагшилдаг шүү дээ. Сайн төлөвшсөн театрыг ахмадууд маань бидэнд хүлээлгэж өгсөн. Зах зээлийн шуурганд нэгэн үе амаргүй байсан ч бид даваад гарсан. Гадаадын бусад театрын уран бүтээлтэй харьцуулахад бидэнд орчин нөхцөл, санхүүгийн бэрхшээл бий ч уран бүтээлчид нь чадвар сайтай. Өмнөх нийгмийн үед шинэ уран бүтээлийг төрөөс санхүүжүүлдэг байсан учраас бэрхшээл бага байсан. Харин зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш бид тоглох уран бүтээлгүй болохоо шахаж байлаа. Мэдээж ардчилал үзэл суртлын цензурыг үгүй хийсэн учраас театрын уран бүтээлд дэвшил гарсан. Соёл урлаг ард түмнээсээ нэг алхмын өмнө явж, оюуны хөтөч нь болох ёстой. Бид ч үүнийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Гэхдээ төрөөс юу ч өгөөгүй гэж хэлэхгүй ээ. Энэ байрны халаалт, гэрэл цахилгаан зэрэг урсгал зардал болон жүжигчид, уран бүтээлч, ажилчдын цалинг өгч байна. Харамсалтай нь үзэгч түмэнд хүрэх оюуны талх үйлдвэрлэх зардал буюу шинээр туурвих уран бүтээлд төрөөс олгох санхүүжилт хангалтгүй байна.

-Та бүхэн тухайн жилд тоглох шинэ уран бүтээлээ төлөвлөж, төсөл боловсруулаад Төрөөс санхүүжилт авдаг уу?

-Бид өмнөх уламжлалаа алдалгүй жилдээ 2-3 бүтээл шинээр тавьж, 1-2 жүжиг сэргээн тоглохоор төлөвлөж ажилладаг. Манайх Удирдлагын академи, Санхүү эдийн засгийн дээд сургуулийнхантай хамтран 2000-аад онд стратеги төлөвлөгөө боловсруулж, урт болон дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Урт хугацааны хөтөлбөр нь 2017 хүртэл үргэлжилнэ. Дунд хугацааных нь дөрвөн жилийн хугацаатай байдаг. Түүнээс улбаалан жилийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. 2012 онд бид БСШУЯ-нд хүсэлт явуулж, мэргэжлийн театрын уран бүтээлийг дэмжих хэрэгтэй хэмээн нэлээд шамдан хөөцөлдсөн. Энэ ч нөлөөлсөн үү, 2013 онд Шинэчлэлийн Засгийн газар манай уран бүтээлийг их сайн дэмжсэн. Төрөөс санхүүжилт авч “Кихот ноён”, “Норовын намтар” жүжгийг шинээр тоглож, “Нора”-г сэргээсэн. Товчхондоо бид 2013 онд эзэнтэй юм шиг, Төрийн байгууллага шиг ажилласан. 2014 онд Улсын эдийн засгийн байдал хүнд байгаа учраас шинэ уран бүтээлийн үйлдвэрлэлээ түр зогсоогоод, урын сангаасаа ард түмэндээ хүргэе гээд ажиллаж байна. Мөнгө байхгүй гээд зүгээр сууж болохгүй л дээ. Тиймээс манай театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын бэсрэг жүжгийн төслийг амжилттай хэрэгжүүллээ. Төр зохих дэмжлэг үзүүлсэн.

-УДЭТ-ынхан сайн ажиллаж байгаа уран бүтээлчдээ урамшуулдаг гэж дууллаа. Ямар байдлаар урамшуулдаг вэ?

-Тийм ээ, бид төлөвлөсөн ажлаа сар, улирлаар дүгнэдэг. Тухайн улиралд хамгийн олон удаа жүжигт тоглосон, шинэ дүр бүтээж, аялан тоглолтоор явж ачаалалтай ажилласан уран бүтээлчдэдээ сарын цалингаас нь гадна нэмэлт урамшуулал олгодог. Байгууллагын дотоод ажил л даа. 130 хүний цалингаас хэмнэлт гарах тохиолдол байдаг юм. Одоо цагт мэргэжлийн театрт авьяастай, сэтгэлтэй, зүтгэлтэй, бага цалингаар ажиллах зоригтой хүмүүс л үлдэж байна. Хошин урлагийн хамтлагуудад ажиллаж байгаа жүжигчдийн олонх нь манай театраар дамжсан. Цалин хангамж муу байгаа нь тэднийг театраас гарахад нөлөөлдөг байх. Одоо ч хүмүүс орж, гарч байна. Аль ч цаг үед театрт шинэ жүжигчин нэмэгдэж, нөгөө хэсэг нь орхиж явсаар л байсан. Энэ бол байдаг л зүйл. Энэ бүхнийг өөрчлөхөд тухайн байгууллагын менежмент, маркетингаас гадна Төрийн бодлого чухал нөлөөтэй. Өмнө нь Сайд нарын зөвлөлийн 40 дүгээр тогтоол гэж байлаа. Энэ тогтоолын дагуу эх зохиогчдын уран бүтээлийг үнэлж, урамшуулдаг байсан юм. Одоо хүчинг үй болсон. Жүжгийн зохиол бичээд хэдэн төгрөгийн урамшуулал авахаа мэддэг бол тухайн зохиолчид ч урамтай. Би хамт олондоо үргэлж баярладаг. Цалингаас цалингийн хооронд зээл аваад амьдарч байгаа хэдий ч чин сэтгэлээ зориулан уран бүтээлээ хийж, ажиллаж байгаагаар нь бахархахг үй байхын аргагүй.

-Мөнгө хөрөнгөгүй байгаагаас шалтгаалан театрын босго “намсаад” байна уу даа гэж бодогдох юм. Тухайлбал “Ану хатан” жүжгийн санхүүжилтийг зохиолч бүсгүй өөрөө бүрдүүлсэн байдаг. Зарим хүн үүнд шүүмжлэлтэй ханддаг.

-1990-ээд оны эхэн үед театр ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, ганц өнгөт зурагтаа зарахад ч хүрч байлаа. Бас тоглох уран бүтээлгүй болсны зэрэгцээ Төрөөс мөнгөн дэмжлэг үзүүлэхгүй байсан учраас гэрээт уран бүтээл хийх санаачилга гаргаж, олон жүжигтэй болсон. Уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, жүжигчдээ тоглуулаад тухайн жүжгийг Төрийн мэдэлд авч, эхний 10 удаагийн тоглолтоор хөрөнгө оруулсан хүмүүс мөнгөө олох боломжийг бүрдүүлж ажиллаж байсан. Хүмүүст эдийн засгийн сонирхол, театрт уран бүтээлтэй болох хэрэгцээ байсан учраас энэ шийдвэр буруу байгаагүй. Энэ гэрээгээр “Антигона” сонгодог жүжиг, “Ану хатан” түүхэн жүжиг тоглосон. Бусад нь орчин үеийн сэдэвтэй жүжгүүд байсан. Театрын босго намсаагүй. Үзэл суртлын цензур байхгүй ч мэргэжлийн өндөр түвшний багийн хоёр шаттай шалгуурыг давж, энэ театрт жүжиг тоглогддог.

-Жирийн үзэгчийн нүдээр УДЭТ-ыг харахад эргэн тойронд нь өндөр байшингууд баригдаж, сүрийг нь дараад их л хэцүү харагдах юм. Тэр ч бүү хэл хашаандаа орон сууц бариулж байхыг харах бүр ч эмгэнэлтэй. Яагаад энэ барилгууд энд баригдаад байна вэ?

-Театрын жүжигчид ажлаас гарч байгаа нь зөвхөн цалингаас хамааралтай биш. Тэдний ард нийгмийн асуудал бий. Намайг энэ ажлыг авч байхад театрын ажилчдын 70 орчим хувь нь аав, ээж, ах дүүгийндээ толгой хоргоддог гэсэн судалгаа гарч байсан юм. Бас газартай холбоотой хууль эрхзүйн орчин тодорхой биш юм шиг санагддаг. Анх манай театрын хашаа Хүнсний 50 дугаар дэлгүүр хүртэл үргэлжилдэг байсан юм билээ. Хашааныхаа мухрыг “МСS”-т алдаж, бид тэмцэл өрнүүлж байх үедээ анхны зураг төслийг нь олж авсан юм. Нэлээд хурц тэмцэл өрнүүлээд бид ялагдсан. Театрынхаа шатнаас дотогшийг л бид мэдэхээс биш газар нь Төрийн мэдлийнх аж. Зөвшөөрөл олгож, барилга бариулдаг хүн нь ч би биш. Ингээд олон байгууллагад газраа алдаад эхэлсэн учраас бусад нь авч байхад бид яагаад авч болохгүй билээ гэж бодсон. Ингээд дэд захирал Н.Сувдаар ахлуулан төслийн баг байгуулж, Төрийн байгууллага, харьяалах яамандаа хүсэлт гаргаж, уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдэж, театрынхаа байрны хүрэлцээг нэмэгдүүлэхийг хүссэн. Харамсалтай нь мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар биднийг өөрсдөө санхүүжилтээ ол гэсэн. Ингээд бид бизнесийн байгууллагатай хамтран ажиллахаар болж, олон компанийн саналыг авч, судлаад “Индустри” ХХК-тай хамтран ажиллахаар болж 2007 онд төлөвлөгөө гаргасан. Хоёр өрөө 32 байр, 300-500 хүний суудалтай сургалтын заал, мини театр барьж өгөх гэрээ байгуулснаар бид газрын зөвшөөрөл гаргах үүрэг хүлээсэн.

-2007 онд эхэлсэн хэрнээ ийм удаан баригдаж байгаа юм уу?

-Газрын захирамж гарахгүй хүлээгдсээр энэ төсөл уягдсан. Бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Нийслэлийн засаг дарга гээд бүх шатны байгууллагад хүсэлт тавьсан. Гэрээний дагуу театрын ажилчдад зориулсан 32 байр Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр хойно баригдчихаад байхад газрын захирамж гарахгүй байлаа. Бизнесийн байгууллагын хөрөнгө, мөнгө түгжигдсэн учраас гэрээндээ өөрчлөлт оруулж 15 байраа бид авч, үлдсэнийг нь зарсан. Энэ 32 байрны тав нь Төрийн өмч болох юм. Хэн нэгэн авьяастай уран бүтээлч театрт ажилд ороод, амьдрах байргүй, санхүүгийн бэрхшээлтэй байвал энэ байранд жилийн хугацаатай амьдруулах юм. Эхний ээлжийн байрнаас хоёрыг нь Төрийн өмч болгон аваад, баталсан журмынхаа дагуу манай уран бүтээлчид амьдарч байна.

-Үлдсэн байр нь хэзээ ашиглалтад орох вэ?

-Үлдсэн байр нь “Богд ар” хорооллын урд баригдаж байгаа. 2015 оны сүүлчээр ашиглалтад орно. Эдгээр байрыг театрынхаа уран бүтээлчид болон ажилчдад олгохдоо хамт олноороо хэлэлцэн журам боловсруулсан. Энэ журамд төрөөс байр авч байгаагүй, театрт 20-иос доошгүй жил ажилласан зэрэг олон шалгуур бий. Зарим хүн хардаж, сэрддэг л юм. Гэхдээ энэ төслийг хуулийн хүрээнд, олон талын хяналттай хэрэгжүүлсэн учраас айх зүйл байхгүй ээ.

-Театртай ойролцоо баригдсан барилгуудаас УДЭТ-ын захирал, дэд захирал нь мөнгө авсан байх гэж зарим хүн хардсаар л байгаа.

-Аливаа зүйл үнэнээрээ байх ёстой. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар гээд үүнийг шалгаагүй газар байхгүй ээ. Үнэн мөн нь тодорч, ямар ч авлига хээл хахууль, хууль бус зүйл байгаагүй гэдэг нь тодроод цагаан цаасан дээр хараар бичигдчихсэн байгаа. Энэ төсөл бузар дагуулаагүй буян дагуулсан болохоор санаа зовох зүйлгүй дээ.

-Та Багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг дүүргэсэн юм билээ. Танд уран бүтээлч байх боломж тохиож байсан уу?

-Тийм боломж олдоогүй. 1985 онд Соёлын яамны томилолтоор Баянхонгор аймгийн дарга болсон. Тэнд гурван жил ажиллаж ирээд Драмын театрын орлогч дарга болсон. Тэр цагаас хойш энэ улаан байшинд байна. 20 гаруй жил энэ театрт ажиллахдаа хувь хүний хувьд ёс зүйтэй, мэдлэг ур чадвараараа ч гологдохгүй театраа удирдаж, манлайлагч байхыг зорьсон. МУИС-ийн Хуулийн сургуулийг эчнээгээр дүүргэж, Удирдлагын академид ч сурсан.

-Ирэх жил театр олон шинэ жүжиг тоглох сурагтай байсан. Санхүүжилт олдвол үзэгчид сайхан жүжигтэй танилцах нь ээ.

-Монголын драмын урлагийн түүхэнд Буддагийн тухай жүжиг хийж байсан тохиолдол үгүй. Тиймээс бид ирэх онд “Үнэний хаан Будда” жүжгийг тавихаар төлөвлөж байна. Зохиол нь бараг бэлэн болсон. С.Жаргалсайханы “Үгүйлэгдсэн хайр”, Ч.Лодойдамбын, “Гарын таван хуруу” жүжиг болон “Ромео Жульетта” жүжгийг тоглохоор зорьж байна. Мөн ирэх жил олон нийтийн хандив босгож, театртаа 80-90 хувьтай засвар хийхээр төсөл хэрэгжүүлж эхэллээ. “Олуулаа” төрийн бус байгуулагатай хамтран www.oluulaa.org хуудсаар дамжуулан хөрөнгө босгох юм. Анх энэ театрын барилгыг ард түмний дэмжлэгтэйгээр барьсан гэдэг. Тэгвэл одоо шинэчлэх ажилд нь монголчууд маань ч бас сэтгэл гарган оролцох байх аа.

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.0.22 Хаа газрын театрууд гэж дампуурсан газрууд байхым