Н.ЖАВЗМАА: ҮНЭНИЙГ ХЭЛЬЕ. БАТААРЫН МААНЬ ӨНГӨ ЗҮС ГУНДСАН

2014 оны 11 сарын 07

Үлэг гүрвэлийн музейн захирал асан Н.Жавзмаатай ярилцлаа.

-Үлэг гүрвэлийн музейн захирлаар жил гаруй ажиллалаа. Энэ музей хэчнээн үзмэртэй болоод байна вэ? Иргэдийн дунд Батаараас өөр үзмэргүй, байр нь халаалт, цахилгаангүй, хадгалалт хамгаалалт муу гэх яриа байгаа шүү дээ.

-Батаараас гадна 22 үзмэр манай музейд байна. Яг үнэнийг хэлэхэд музейн стандарт хангахгүй байранд байгаагаас Батаарын маань өнгө зүс гундсан. Дээрээс нь мэргэжлийн байгууллагын хүмүүс сэргээж байх ёстой ч манай музейд тийм мэргэжилтэн, лаборатори алга. Сая ирсэн 22 үзмэрийг энэ байранд байлгаж болохгүй. Тиймээс ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнтэй хамтран хадгалалт хамгаалалт дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Гадаадын Палеонтологийн музейг үзэж байхад маш сайн хамгаалалттай, вакуумжсан орчинд үзмэрээ хадгалдаг юм билээ. Тэрэнд хүрдэггүй юм гэхэд өөрийн орны нөхцөлд тохируулан арай өөр орчин нөхцөлд хадгалж хамгаалах арга хэмжээ авах ёстой шүү дээ. Салбарын сайд маань өөрийнхөө сэдсэн гайхамшигтай ажлыг өөрөө боомилж байна. Намайг ажлаас халах болсон нэг шалтгаан нь музейн байрны халаалт дулааны асуудалтай ч холбоотой байж болзошгүй. Би ССАЖЯ-нд хандаж “Энэ байр халаалт, дулаан байхгүй, хүний ажиллах орчин хангагдахгүй байна. Ажил олгогчийн хувьд хүмүүсийнхээ ажлыг хийлгэх, ая тухтай орчинд ажиллуулах ёстой биз дээ” гэсэн бичиг хүргүүлсэн. Үүнийхээ шанд ажлаасаа халагдсан юм болов уу. Үлэг гүрвэлийн музей бол ССАЖЯ-ны харьяа байгууллага. Тиймээс халаалт дулааны асуудлыг шийдвэрлүүлэх гэж яамандаа л хандахаас өөр хэнд хэлэх билээ.

-Таныг ажлаас халах болсон шалтгаанаа сонгон шалгаруулалтад тэнцээгүй, түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэж яамныхан чинь мэдээлсэн байсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэх материал, мэдээллийг яамныхан л гаргаж байгаа байх. Өнгөрсөн тавдугаар сард урлагийн зарим байгууллагын дарга, захирлын сонгон шалгаруулалт явуулсан юм. Төрийн үйлчилгээний жинхэнэ албан хаагчийг шалгаруулахдаа сул орон тоон дээр явуулж нөхөх журам байдаг. Түүнийгээ зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан. Би ССАЖЯ-ны сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэсэн дүн авсан. Гэтэл хаа хамаагүй, БОНХЯ-наас зарласан Хэрлэн голын сав газрын хамгаалалтын захиргааны даргын сонгон шалгаруулалтад ороод тэнцээд байгаа. ТҮ биш, ТЗ ангиллын шалгалтад ороод тэнцчихээд байна шүү дээ. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр тэр шалгалт гэдэг нь л анхнаасаа “но”- той байсан нь илэрхий байж гэж үзэж болохоор. Тэгээд ч намайг түр орлон гүйцэтгэгчээр томилоогүй. ССАЖ-ын сайдын гарын үсэгтэй ажилд томилох тушаалд нь “Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар Намсрайн Жавзмааг 2013 оны хоёрдугаар сарын 18-ны өдрөөс томилсугай” гэсэн байгаа. Харин ажлаас чөлөөлөх тушаалд нь түр орлон гүйцэтгэгч гэсэн үг ороод ирсэн. 2013 оны нэгдүгээр сарын 28-нд “Үндэсний шуудан”, “Өдрийн сонин”-д Үлэг гүрвэлийн төв музейн захирлын сонгон шалгаруулалт зарласан юм. Тэр шалгаруулалтад би нэрээ дэвшүүлж орсон. Ингээд сонгон шалгаруулалтад тэнцсэн. Тус музейн захирлын сонгон шалгаруулалтад 5-6 хүн орсон юм. Ингээд энэ ажлыг авч байхдаа Ардчилсан нам маань үнэхээр үнэн шударгаар ажиллах юм байна. Үнэнч шударга хүмүүстэй хамтарч ажиллах юм байна гэж ойлгож байлаа. Би уг нь энэ яам, энэ сайдыг анх дэмжиж, шударга сайхан ажиллах нь гэж харж байлаа. Гэтэл тэгсэнгүй. Сайд намайг багаар ажиллаж чадаагүй гэж ярьж байна гэсэн. Багаар ажиллаагүй байтлаа 40 гаруй хүнийг ажилд авч, Үлэг гүрвэлийн гэх хамгийн отгон музейг байгуулахад оролцож байх уу.

-Ер нь Үлэг гүрвэлийн төв музейд өдгөө хэчнээн хүн ажиллаж байна вэ. Хамгийн отгон музейн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хэрхэн авч байв?

-Энэ ажилд намайг томилоход Үлэг гүрвэлийн музейд улсын бүртгэлийн гэрчилгээ байсангүй, бас өөрийн гэсэн байр, хамт олон байсангүй. 2013 оны хоёрдугаар сарын 28- наас хойш халагдах хүртлээ маш их зүйл хийж бүтээсэн гэж боддог. Томилогдсоныхоо дараахан буюу 2013 оны хоёрдугаар сарын 21-нд гурав хоногийн дотор Үлэг гүрвэлийн төв музейн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Гэрчилгээ авахад тун бэрх юм билээ. Хувиасаа ч мөнгө төгрөг гаргаж ажлаа амжууллаа. Ингэж гэрчилгээтэй болсноор албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа гэсэн үг. Дараа нь байрны асуудал гэж нэг том юм яригдсан. Та бүхэн байрны асуудлыг сайн мэдэж байгаа. ТӨХ, ССАЖЯ, манай музейнхан хамтран хөөцөлдсөний дүнд өөрийн гэсэн байртай болж, орлоо. Өдгөө 40 гаруй хүн энэ музейд ажиллаж байна.

-Өнгөрсөн жил АНУ-д дуудлагаар худалдах гэж байсан тарбозавр батаарыг эх оронд нь авчирч, олон үзүүлсэн. Төв талбайд байшин барьж үзмэр дэлгэнэ гэдэг нэлээд хүнд байсан биз?

-Тэнд үзмэрээ байрлуулах ажил их хүнд хүчир, цаг нь тулсан үед хийсэн юм шүү дээ. Чингисийн талбайд Батаарыг олонд үзүүлэх байшин 10 хоногийн дотор барь гэж ССАЖЯнаас тушаал өгсөн. Үүнийг дагуу нойр хоолгүй шахам ажилласан, маш их ядарч байсан ч ажлаа хийж дуусгалаа. Байгалийн түүхийн музейд надтай хамт ажиллаж байсан, Чехэд докторын зэрэг хамгаалахаар сурч байсан Б.Алтантуяа гэдэг эмэгтэйг би дуудаж хамт ажилласан юм. Чингисийн талбайд байшин барина гэдэг бол хэцүү шүү дээ. Хэзээ ч хэн ч хийж байгаагүй, талбай дээр байшин барих ажлыг би хийсэн гэж өөрөөрөө бахархдаг. Байшин барихын тулд газрын зөвшөөрөл авах гэж олон хоног нойр хоолгүй явж, хэрэлдэхдээ хэрэлдэж, хэлэлцэхдээ хэлэлцэж байж хийсэн. Тэгэхэд ССАЖЯ-ны дэргэд Палеонтологи, археологийн музейн шинэчлэлийн төсөл гэж байгуулсан. Тэр төсөл нь бидэнд ямар ч тус нэмэр болоогүй. Уг нь тэднийг туслах байх гэж бодож байлаа. Гэвч намайг халагдах хүртэл энэ төсөл манай музейд ямар ч тусламж үзүүлээгүй. Үүнд нь маш их гомдож байна. Магадгүй өөр зориулалттай төсөл байхыг ч үгүйсгэхгүй. Тэр үед байсхийгээд л цагдаагийнхан дуут дохиогоо асааж ирээд яах гэж байгаа юм бэ, хэн зөвш өөрөл өгсөн бэ гээд эргэдэг байв. Бүр 04.00 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудагдаж байлаа. Энэ мэтээр ажиллаж байж байшингаа бариулсан. Тухайн үед ССАЖ-ын сайд манай музейн дэд захирлаар М.Болорцэцэгийг томилж, дотоод бүх дэглэлт, дизайныг нь хариуц, Н.Жавзмаа гадна талыг нь хариуц гэсэн чиглэл өгөв. Сэндвичин байшинг хүнд муухай харагдуулахгүйн тулд гоё хийх ёстой. Тиймээс зураг төслөө гаргаж, яаманд үзүүлж байлаа. Гэвч Батаарт зориулсан зураг төслийг маань яам хүлээн зөвшөөрдөггүй, хааж боогоод байв. Тэгтэл манай зарим зураач өөрсдийн санаачилгаар 3D-гээр эскиз гаргаж өглөө. Гэвч М.Болорцэцэг захирал өөрсдийнхөө хүмүүсээр гадна талын ажлыг бас хийлгэх гээд бөөн тэмцэл өрнүүлж байсан юм билээ. Ийм тэмцлийн дунд зураачдынхаа үнэ төлбөргүй гаргаж өгсөн зургийг гадна талын зөвхөн нэг талд нь л оруулж чадсан. Т.Батаарыг эх оронд нь авчирч олон нийтэд тэр үзэсгэлэнгийн танхим байгуулан үзүүлэхэд гадна талд нь үлэг гүрвэлийн толгой, нэг талд нь бүтэн зураг хийсэн байсан. Тэр толгойг манай Үлэг гүрвэлийн музейн ерөнхий зураач Д.Батжаргал маш шаргуу хөдөлмөрлөж, судалж байж хийсэн. Монголд тэр хүн л үлэг гүрвэлийг судалгаа шинжилгээ хийж зурж чадна, өөр хүн байхгүй л болов уу.

-Палеонтологич М.Болорцэцэг ажлаа гүйцээсэн юм уу? Дутуу орхиод явсан гэх мэдээлэл сонсогдож л байсан юм байна.

-М.Болорцэцэг захирал дотоод заслыг нь хариуцаж байгаад огт танихгүй МУИС-ийн багш гэх нэг хүнд ажлаа хариуцуулаад BBC телевизийнхэнтэй хамт яваад өгөв. Батаарыг эх оронд нь авчраад хүмүүс үзүүлэх цаг хаяанд тулчихаад байхад ийнхүү ажлаа орхиод явмагц нь ССАЖ-ын сайд руу би “Энэ одоо юу болж байна вэ” гэж асуутал сайд надад “Би Болорцэцэгт ажлаа хаяж явахгүй байх талаар үүрэг өгсөн” гэж хэллээ. Гэтэл М.Болорцэцэг нь байдаггүй.Зургадугаар сарын 1-нд нээгдэх ёстой байтал энэ мэт шалтгаанаас болж 8-нд нээгдсэн шүү дээ. Түүнийг ажлаа хаяж явснаас болж хамаг ажил надад төвлөрлөө.Дотоод интерьер юу ч хийгдээгүй. Тэгээд би 20 гаруй жил Байгалийн түүхийн болон Агнуурын музейн үзмэр дэглэлтэд ажилласан хүний хувьд бага ч гэсэн мэдлэг байсан байх. Түүнийгээ ашиглан Б.Алтантуяатайгаа хамтраад маш яаралтай энэ ажлыг хийх ёстой гээд зүтгэсэн. М.Болорцэцэг Палеонтологийн хүрээлэнгийн захиралтай жаахан таарамжгүй харилцаатай юм билээ. Батаарын ясыг өрөх гэтэл дэд захирал маань чаддаггүй. Түүнийг босгохын тулд олон хүн ажиллаж, хэлбэр дүрсийг нь гаргах ёстой. Тиймээс би Х.Цогтбаатар захиралтай уулзаж, “Эх орныхоо төлөө, хүн төрөлхтний төлөө хийж байгаа юм шүү дээ. Болорцэцэг та хоёрын хувийн харилцаа хамаагүй. Тиймээс хүрээлэнгээсээ баг гаргаж босгож өгөх ёстой шүү дээ” гэж гуйлаа. Ингээд Х.Цогтбаатар тэргүүтэй хүмүүс ирж, музейн стандарт хангаагүй байранд Батаарыг босгосон. Ганц үзмэртэй ч гэсэн дэглэлт хийж, хүмүүсийн анхаарлыг татах талаар өвөрмөц менежмент зохион байгуулсныг олон хүн үзсэн шүү дээ. 2013 оны есдүгээр сарын 25-нд музей буухад улсын төсөвт 119 сая төгрөг оруулсан байгаа юм. Өдөрт хамгийн дээд тал нь 26 сая төгрөг хүртэл оруулж байжээ. Өвөл боллоо, Т.Батаараа хийх байр байдаггүй. Тэгтэл Дархан- Уул аймгийн музейн захирал нь над руу утсаар ярьж, үзэсгэлэнгээ гаргаач гэж санал тавьсны дагуу ССАЖ-ын сайдад хэллээ. Ингээд “Т.Батаар орон нутагт” гэх үзэсгэлэнг тэнд гаргаж, тус аймгийн музейн нэг жилд ордог орлогыг хэд хэд нугалж оллоо. Ингээд зургаан саяыг нь Дарханы музейд, үлдсэнийг нь Үлэг гүрвэлийн музейн орлогодоо оруулсан. Энэ мэтээр л ажиллалаа.

-Лениний музейг авсны дараа нэг бус удаа үзэсгэлэн гаргасан байх аа. Үзэсгэлэн гаргахад төсөв хөрөнгийг та бүхэн хэрхэн зохицуулж байв?

-Лениний музейн барилгыг 2014 оны тавдугаар сарын 8-нд шүүхийн шийдвэрээр төрийн өмч гэж тогтоож, улмаар манай музейд шилжүүлсний дараа Үндэсний их баяр наадмаар үзэсгэлэн гарга гэсэн чиглэл сайд өгсөн. Ингээд Палеонтологи, археологийн шинэчлэл төслөөс 59 сая төгрөг гуйлаа. Тэгтэл уг төсөл нь надад мөнгө өгдөггүй ээ. Ингээд музейнхээ уран бүтээлийн зардал гэх мэтийн мөнгийг дотор нь гүйлгээд, үлдсэнийг нь зээлж үзэсгэлэн гаргав. Наадмаар үзэсгэлэн гаргахын тулд 25 сая төгрөг хүнээс зээлдсэн, өнөө хүртэл өгч чадаагүй. Өдгөө найз нөхөдтэйгөө өс хонзонтой юм шиг явж байна шүү дээ. Би ССАЖЯ-ны дэргэдэх Соёл урлагийг дэмжих сангаасаа хүртэл мөнгө гуйгаад өнөөдрийг хүртэл авч чадахгүй, хүнээс хувийнхаа ажлыг амжуулах гэж байгаа юм шиг зээлсэн мөнгөө төлөөгүй явж байна.

-Та өөрөө музейн мэргэжлийн хүн үү?

-Би 1992 онд МУИС төгссөн, түүнээс өмнө Болгарын Софигийн их сургуулийн Аялал жуулчлалын газарзүйн ангийг төгссөн хос мэргэжилтэй. МУИС-ийн Газарзүйн ангийг төгсөхдөө хоёрдугаар курсээсээ эхлэн агнуурын чиглэлээр диплом бичсэн. “Монгол оронд агнуурын жуулчлалыг хөгжүүлэх боломж, хэтийн төлөв” гэсэн сэдвээр бичиж, 1:1500000 масштабтай газрын зураг хийж диплом хамгаалсан. Сургуулиа төгсөөд Монголын анчдын нийгэмлэгийн төв зөвлөлд үйлчлэгч, тогоочоос нь ажлаа эхэлж байлаа. Улмаар агнуурын музейн тайлбарлагч, эрхлэгчээр ажиллаад 2001 онд Улсын төв музей буюу Байгалийн түүхийн музейн чихмэлийн лабораторийн эрхлэгчээр томилогдсон. Тэр лабораторид ажилласнаар амьтны чихмэл гэж юу байдаг, хэрхэн хөгжиж ирснийг судалж, мэдэж, Монголын анчин эмэгтэй Цэвэл, Д.Дагиймаа зэрэг хүмүүстэй хамтран ажиллаж, их зүйл сурч байлаа.Ялангуяа Д.Дагиймаад хадаг барьж шавь орсон хүн нь би. Түүнээс монгол чихмэлийг хэрхэн хийх, хийсэн чихмэлүүд маань хэчнээн жилийн настай болох, арьсаа яаж боловсруулах, хэрхэн хэмжиж, бүтээх вэ гээд гээд маш нарийн эрдмийг сурч аваад гаршсан. Тэгж байтал тухайн үеийн манай музейн захирал асан Эрдэнэбат намайг Байгалийн түүхийн музейн Эрдэм шинжилгээ, арга зүй, сан хөмрөг хариуцсан албаны даргаар томилсон. 2003-2013 оны хоёрдугаар хүртэл энэ ажлаа хийж, хайгуул судалгаанд хүртэл явж байлаа. Одоо бодох нь ээ 10 гаруй удаа хайгуул судалгааны ажилд явсан байгаа юм. Энэ судалгааны үр дүнгээр бий болсон бүтээлүүдээр, тэр дундаа тарвага, агнуурын ач холбогдолтой ан амьтан, шавьжны талаар болон Хэнтий нутгийн булганы талаар эрдмийн ажил горилж орос хэлээр бичсэн Хотолхүү гэж хүний бүтээлийг орчуулж ном гаргаж байв. Энэ мэтээр Байгалийн түүхийн музейд 10-аад ном гаргасан. Мөн Байгалийн түүхийн музейд сан хөмрөгийг нь бүрдүүлэхдээ ан гөрөө хийж ч байв. Ингэж яваад автомашины ослоор нуруугаа гэмтээж ч үзлээ.

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
41.203.67.157 Хэрэв мөнгө таны хэрэгцээг хийсэн бусад асуудал(зээл, хувийн зээл, зээл, зээлийнхөрөнгө оруулалт, машины зээл, өрийн нэгтгэх, зээлийнМашин дахин санхүүжүүлэх зээл, гэх мэт.). Би санхүүгийн мэргэжилтэн байнаНамайг бүх туслах боломжийг олгодог мөнгө их хэмжээний гэнэзээл олгох замаар мөнгө хэрэгтэй хүмүүсСанхүүгий н. Есдүгээр сарын 1-р сарын 30-Та олгох боломжтой€ 5000-аас € 700,000 хүртэл зээл, тэд өгсөннайдвартай . Би зээл дээр 3-аас 5% -ийн хүүтэй байдаг. үргэлжлэх хугацааэргэн төлөлт 2-аас 10 жил хамгийн их хамааралтай, сарын төлбөр ньТаны чадвар.Жич: үзнэ үү vous”avreste өгсөн итгэлийг бүү март48 цагийн дотор таны зээлХэрвээ та сонирхож байвал надтай холбоо бариарай эргэлзэх хэрэггүй.kbalram253@gm ail.com: хаягаар бидэнтэй холбоо барина уу!Хүндэтгэсэнт
103.229.122.21 no-toi ym yriad baina daa.hubiasaa mungu hunees zeelsen ch gen uu.yu bolj baina.Ashig sonirholiin zurchiltei bolood halagdsan biz.