Иргэдэд өмчлүүлсэн газарт өөр хүмүүс барилга барьж байна

2014 оны 11 сарын 07

Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох болж, эхний таван байршилд цахимаар бүртгэсэн. Үүнд хамрагдсан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Соёондын амны хэсэг газар аж ахуйн нэгжийнхтэй давхацсан тухай иргэд мэдээллээ. Тус байршилд нийт 4189 иргэнд газар өмчл үүлэхээс олонх нь бүртгэлээ баталгаажуулсан. Газар өмчлөх болсон иргэд “12 хүний авах ёстой газарт өөр иргэд хашаа хатгаж, барилга бариад эхэлчихсэн байх юм. Барилга барьж буй хүмүүс “Бид энэ газрыг албан ёсоор эзэмшиж байгаа. Та нарт өөр газар өгөх байх” гэж хэллээ” хэмээн бидэнд хандав.

Уг газарт барилга барьж буй аж ахуйн нэгж албан ёсны зөвшөөрөлтэй, эсэхийг Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Э.Болорчулуунаас тодруулахад “Аж ахуйн нэгж биш, хамаатан саднаараа нийлсэн хэсэг айл тэнд дураараа үйл ажиллагаа явуулж байгаа. Манай хүмүүс тэдэнд шаардлага тавьсан ч биелүүлээгүй. Хэрэв албан ёсны зөвшөөрөлтэй байсан бол өмчлүүлэх газрын төлөвлөлтийг гаргах үед энэ газрыг хүн эзэмшиж байгаа шүү гэж мэдэгдэх байсан. Газар өмчлөхөөр болсон иргэдийг эргэлтийн цэг тогтоолгох үед нь ийм зөрчил илэрсэн юм билээ. Тэнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа иргэд өөрсдөө газар чөлөөлөх шаардлагатай. Тэгэхгүй бол албадан нүүлгэхээс өөр аргагүй” гэлээ.

Ч.ЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД