СОРИЛТЫН ӨМНӨХ АРДЧИЛСАН НАМ

2014 оны 11 сарын 07

- Шинэ Ерөнхий сайд хэн бэ -

  Шинэчлэлийн Засгийн газар огцорч, Н.Алтанхуяг Ерөнхий сайдын сэнтийгээс буумагц “Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд хэн бэ” гэх асуулт гарч ирэв. Үүнтэй зэрэгцэн эх сурвалжууд дараагийн Ерөнхий сайдыг нэрлэж, энэхүү албан тушаалд Д.Дорлигжав, Ч.Сайханбилэг, Лу.Гантөмөр, З.Энхболд, Р.Амаржаргал, Х.Баттулга нарын нэр яригдаж эхлэв. Ерөнхий сайдын суудлын төлөөх марафон эрх баригч намд ийнхүү эхэлж байгаа ч шинэ Ерөнхий сайдыг улс төрийн тайзан дээр хөтөлж гаргахаас өмнө АН дотооддоо олон асуудлыг эцэслэн шийдэх ёстой болоод байна. Тус намаас гаргасан зарын дагуу өнөөдөр тус намын удирдах дээд байгууллага Үндэсний зөвлөлдөх хороо хуралдана. Энэ хурал Н.Алтанхуягийн танхимыг огцруулах эсэхэд хуваагдсан нам доторх бүлэглэл үүдийн зөрчлийг улам илчилнэ. Цаг үе, үйл явдлаас ажвал ҮЗХ-ны хурал нэлээд халуун уур амьсгал дунд өрнөхөөр байгаа. Гишүүдийн нэг хэсэг нь Засгийн газраа сөрөг хүчинтэй хүч хавсран унагасан, АН-ын батлахтай УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох асуудлыг хөндөх бол нөгөө талд Засгийн газрыг нэр цэвэр тэргүүлж чадаагүй гэх шүүмжлэл Н.Алтанхуягт хаяглагдах нь гарцаагүй. Маргаан даамжирч, УИХ-ын дарга З.Энхболдод “Фракцын гиш үүдээ УИХ-ын чуулганы хуралдаанаас бултуулж, Засгийн газрыг огцруулах ажиллагаанд нэгдсэн” гэх зэм ирнэ. Ийм өнгөтэй шүүмжлэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ч тойрохгүй. Түүнийг “Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах саналд далдаас нөлөөлж, УИХ дахь дэмжигч гишүүдээрээ эсрэг санал өгүүлсэн” гэж сэрдэж буй. Нөгөө талаар ҮЗХ-нд хамгийн олон төлөөлөлтэй Н.Алтанхуяг дуугүй суухгүй. “Унасан бөх ууртай” гэдэг шиг түүнд хэлэх үг байх нь тодорхой. Өнөөдөр болох ҮЗХ-ны хурлаар АН-ын бүлэг фракцууд дээрх маргаанаа эцэслэн шийдэж, ойлголцолд хүрч чадахгүй бол шинэ Ерөнхий сайдаар хэн томилогдох нь чухал биш.

2012 оны УИХ-ын сонгуулиар парламентад засгийн эрх барих хэмжээнд биш ч гэсэн хамгийн олон суудал авсан АН цаашид УИХ-д эвсэл байгуулах замаар засгийн эрхийг барьж чадах уу, үгүй юү гэх асуулт олны анхаарлын төвд орж ирэх юм. Хэрвээ АН дахин эвслийн Засгийн газрыг тэргүүлнэ гэвэл бүлэг фракцууд хүссэн ч хүсээгүй ч эрх ашгаа эрэмбэлэх болно. Гэвч энэ тохиролцоог яаж хийх нь сонин. ҮЗХ намын дүрмийн дагуу Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон АН-ын дарга Н.Алтанхуягаас тамгаа хураах байх. Нөгөө талаар Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын байгуулсан гэрээ хүчинтэй юү, үгүй юү гэх асуудал өрнөнө. Мөн Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн УИХ дахь намын гишүүдийг намаас хөөх асуудал яригдах нь гарцаагүй. Засгийн газраа огцруулахыг шууд ба шууд бусаар дэмжсэн эсэргүүнүүд ганцаараа биш 15-уулаа. “Шонхор”, МоАХ, “Нэг ардчилал” фракцын төлөөлөл бүхий 15 “эсэргүү”-г бүгдийг биш гэхэд санал хураалтад оролцсон найман гишүүнийг дүрмийн дагуу намаас хөөвөл АН бусад нам эвслийг урьж, хамтарсан Засгийн газар байгуулах чадамжгүй болох юм. Энэ тохиолдолд дараагийн Ерөнхий сайд хэн байж болох талаар хөвөрч буй таамаг үнэ цэнээ алдана.

Улс төрд унаж, босож 20 гаруй жилийн түүх тэрлэсэн АН-ын фракц, бүлэглэлийн тэргүүний хэн хэн нь 2016 оны УИХ-ын сонгуулийг харж, унасан нэр хүндээ босгохыг бодож байгаа болов уу. Тиймээс АН намын дүрмээ энэ удаа лоозонд тооцон, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцроход нөлөөлсөн 15 гишүүнийхээ толгойг илээд өнгөрөх үү. Тус намынхан дотроо үймсэн ч гадагшаа гаргахг үй, нэгдсэн байр суурьт хүрч чадах уу. Эдгээр шалгуур АН-ыг сорилтын өмнө авчраад байна. ҮЗХ-ны хуралдаан дээр бүлэг, фракцууд нэгдэж, намын даргаа томилж чадвал АН дараагийн шалгуурт орно. Засгийн газрыг улс төрийн аль нам эвсэлтэй хамтарч барих вэ гэх сонголт тус намыг хүлээж буй. Урьдын адил АН+”Шударга ёс” эвслийг хамтрагчаараа сонгох уу, удтал яригдсан АН+МАН буюу МАНАН-гийн Засгийн газар байгуулах уу. Эс бол АН+”Шударга ёс” эвсэл+МАН+бие даагчдын нэгдсэн Засгийн газартай болох уу. Ийм олон сонголтын өмнө ирээд буй АН ямар нүүдэл хийх бол. Юутай ч шинэ Засгийн газар аль нэг хувилбараар байгуулагдах л байх.

Гол нь салбараа мэдэж, бодлогоо тодорхойлдог сайд нар өмнөх Засгийн газрын алдааг засаж, эдийн засгийн хямралын үргэлжлэх хугацааг багасгана гэх үзэл нь шинэ танхим мэргэшсэн байхыг сануулж буй. Нөгөө талаар шинэ Засгийн газраа “Давхар дээл”- тэй нөхдөөр дүүргэх үү, эсвэл УИХ, Засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэх хүнийхээ тоог үгүйдээ л 50 хувьд барих уу. Н.Алтанхуягийн Засгийн газрын “илүү” гэж үзээд орон тооны цомхтголд оруулахаар бэлтгэсэн яамдыг хасах уу, нэмэх үү гээд улс төрд удтал маргаан дэгдээсэн асуултад АН ямар хариу барих нь сонин байна. Өчигдөр АН-ын фракцууд хоорондоо элч солилцож амжсан мэдээ байна. Тэд дараагийн Ерөнхий сайдын суудлыг “Алтангадас”-т бэлэглэх, энэ албан тушаалд Ч.Сайханбилэгийг томилох, АН-д ногдож буй бусад яамыг фракцууд хувааж авах, цаашлаад Засгийн газрыг “Шударга ёс” эвсэлтэй хамтран барих хувилбарыг сонгох талаар нэгдсэн ойлголцолд хүрэх гэж оролдсон бололтой. Хэрвээ маргааш болох ҮЗХ-ны хурлын уур амьсгал зөөлөн байвал АН дотроо бужигнахгүй байж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна. Ерөнхий сайдад яригдаж буй эрхмүүдийн талаар товчхон өгүүлье.

Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, АН-ын дарга, намын ЕНБД, Ерөнхийл өгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лообийдож буй сураг байна. Бүлэг фракцид хуваагдсан АН-ыг араас хүч өгөх гишүүд олонтой хүн удирдахгүй бол хүнд. Хэдийгээр АНын даргаар ажиллаж байсан ч тэрбээр бүлэг, фракц гэж яваагүй тул түүнийг дэмжих хүч ҮЗХ-нд байхгүй. Гишүүдийн олонх нь Д.Дорлигжавт УЕП-ын албан тушаалаа үргэлжлүүлэн хашихыг зөвлөж байгаа сураг дуулдаж байна.

УИХ-ын дарга З.Энхболд ТӨХ-ны дарга, УИХ-ын даргын зөвлөх, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж байсан. З.Энхболд, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар өнгөрсөн долоо хоногт Их тэнгэр уулзан, Н.Алтанхуяг албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч, түүний оронд З.Энхболд ирэхээр тохиролцсон гэх албан бус мэдээ хэвлэлээр түгсэн. Гэвч үүнийг өөрөө үгүйсгэсэн. Гэхдээ түүнд АН-ын дарга буюу Ерөнхий сайд болох зам нээгдвэл “Намын гишүүд итгэл хүлээлгэсэн учраас үгүй гэж хэлэх эрхгүй” гэж хэлээд тушаал дэвшихээс татгалзахгүй. Түүнийг АН-ын дарга буюу Ерөнхий сайдын албан тушаалд “Шонхор” фракц зүтгүүлж буй сурагтай. Өнөөдөр болох ҮЗХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах ажиллагаанд нэгдсэн УИХ-ын гишүүдийг хөөх эсэхийг хэлэлцвэл нөхдөдөө үүрэг өгсөн хэмээн хардагдаж буй “Шонхор” фракцын тэргүүний өрсөлдөх зам хаагдана.

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг МЗХ-ны ерөнхийлөгч, Гэгээрлийн сайд, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргын алба хашиж байсан. Түүнийг ҮЗХ-нд хамгийн олон төлөөлөлтэй “Алтангадас” фракц дэмжин “Нам дотроо нэр хүндтэй, фракцуудын эв нэгдлийг хангадаг, чадвартай” гэсэн мессеж явуулж эхэлсэн. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдвол ЗГХЭГ-ын дарга байсны хувьд танхимын алдаатай бодлогоо үргэлжлүүлэх үү гэх асуулт гарч ирнэ. ҮЗХ-ны хурал ширүүн өрнөвөл түүнийг Н.Алтанхуягийг огцруулах замаар “Алтангадас”- т шахалт үзүүлж байгаа АН-ын бусад бүлэглэл дэмжихгүй. Гэвч хурлын төлөөлөгч бүрэн бүрдсэн тохиолдолд түүнийг дэмжих хүч ҮЗХ-нд хангалттай бий.

УИХ-ын гишүүн Х.Баттулга ЗТБХБ болон ҮХАА-н сайдаар ажиллаж байсан. МоАХ фракцын тэргүүн Х.Баттулгын сонирхлыг Ерөнхий сайдын албан тушаал эртнээс татаж байсан гэдэг. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах ажиллагаанд идэвхтэй оролцсон. АН-ын бүлгийн гишүүд Х.Баттулгатай хамтарч Засгийн газраа унагасан ч түүнийг шинэ төмөр замын төслийг тушсан хэмээн буруутгадаг. Тэрбээр намын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшсэн ч ҮЗХ-ны гишүүдийн олонхийн саналыг авч чадахгүй.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Хэрвээ АН нийгэм, эдийн засгийн хүндрэлийг арилгана, 2016 оны УИХ-ын сонгуульд амжилт олно гэх байр суурьт санал нэгдэж чадвал Р.Амаржаргал АН-ын дарга бөг өөд Ерөнхий сайдын албанд тохирох хамгийн оновчтой хувилбар. АН улс орны ирээдүйг бодсон эрүүл шийдвэр гаргаж, түүнийг Ерөнхий сайдаар томилоосой гэх хүлээлт нийгэмд үүссэн. Гэвч тэрбээр ямар нэг фракцид багтдаггүй учраас дэмжлэг авахгүй л болов уу. Нөгөө талаар Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад санал нэмэрлэсэн “буруутай”.

БШУ-ы сайд Л.Гантөмөр "Нэг ардчилал"-ын гишүүн түүнийг Ерөнхий сайдад тохирох хүн гэсэн мессеж цацагдаж буй. Бохир асуудалд холбогдоогүй, АН-ын нэр цэвэр залуучуудын нэг. Мөн түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэж улс төрийн хүрээнийхэн санаагүй гэх зэрэг тодотгол дагаж байгаа. Эх сурвалжууд “Нэг ардчилал” клубийн нөгөө талд “Шонхор” фракц зогсож байгаа. Тэд марафонд хоёр талаас оролцож, явцын дунд нэгдэх, өрс өлдөгчдийнхөө өмнө хүчгүйдвэл нийлж шахалт үзүүлэх зэрэг тактик барьж байж болзошгүй гэж мэдээлж байна.

Д.ОТГОНЖАРГАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.212 Амаржаргал эх орон, ард түмний эрх ашгийн төлөө өөрийн болон намын жижиг эрх ашгийг орхиж чадах цорын ганц эх оронч хүн мөн болой.
112.72.13.212 ОК
  • 2014 оны 11 сарын 09
150.129.140.70 Amarjargal eronhii said boloosoi
150.129.140.70 ОК
  • 2014 оны 11 сарын 09
92.240.179.82 AMARJARGALIIG BOLOOSOI GEJ ARD TUMEN HUSEJ BA ED NAR DOTROOS HEN CH aMARJARGALIIG GUITSEHGUI EE BOLOVSROL MEDLEG CHADVAR UHAANII TSARAA HUREE ED NARAAS HAMAAGUI DEER EH ORNOO UUD N TATAYA GEVEL MONGOLIIN ARD TUMENG URIALJ BA
202.131.234.50 ёоё,энэ хэдэн юмнууд улс орноор ёстой нэг тоглочих юмаа,МАН нь ч АН нь ч адилхан,ер.сайды г хэн дуртай нь хийх нь л дээ,гадаад улс орны доог болж гүйцэх нь.Улс орноо хөгжүүлье гэж ЗГ-ыг унгадаг болохоос эд нар шиг миний ээлж би ер.сайд болно гэж унагадаггүй л байхгүй юу.Нусаа татаж сураагүй ийм юмнууд нээрээ шал дургүй хүрчихлээ
203.91.117.4 дараагийн ерөнхий сайдаар Р.Амаржаргал гишүүнийг болоосой гэж бодож байна даа