Г.ЗОЛБООТ: ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАЛ БҮТЭЭЧИХЭЭД ЭРГЭЭД НҮЦГЭН БУЦАХ ШИГ ЖАРГАЛ ҮГҮЙ

2014 оны 11 сарын 06

  Түүхэнд мөнхөрсөн баатруудаас эхлээд хилийн цэргийн генерал, онцгой байдлын хурандаа, армийн дэд хурандаа гээд олон сайхан монгол эрсийн дүрийг сэтгэлд хоногштол бүтээсэн жүжигчин Гомбын Золбооттой ярилцлаа. “Тусгай салаа” кинонд тоглосныхоо дараа тэрбээр бэлтгэл дэд хурандаа цолтой болсон бөгөөд формоо хааяахан өмсөж эрийн хийморио сэргээх дуртай гэсэн.

-Сэтгэлд тань хамгийн тод үлдсэн өвлийн тухай дурсамжаасаа хуваалцана уу?

-Өвөл их сайхан улирал. Тэр тусмаа эрчүүд бидний хувьд өвлийн цаснаар салхи савирт гарч хийморио сэргээхэд бүр ч сайхан байдаг. Сэтгэлд үлдсэн дурсамж гэвэл багадаа өвлийн өвгөнөөс анх бэлэг авсан тэр шинэ жил юм уу даа. Тэгэхэд би тавдугаар ангид байсан санагдана. Сургуулийнхаа шинэ жилээр алиалагч болж багт наадамд оролцон өвлийн өвгөнөөс бэлэг аваад их баярлаж билээ. Хүүхэд байхад бэлэг авах, тэр тусмаа өвлийн өвгөнөөс хишиг хүртэнэ гэдэг их том баяр байдаг шүү дээ.

-Та Дундговь аймгийн Эрдэнэдалай сумынх. Танайх бүр хөдөө амьдардаг байсан уу?

-Манайх сумын төвд байсан. Хожим аав, ээж минь нас дээр гарсан хойноо хөдөө хэдэн малтай аж төрөх болсон. Би бас ч гэж малын дөртэй хүн шүү.

-Эрдэнэдалай газар нутгийнхаа хэмжээгээр Монголын бараг хамгийн том сум байх аа. Танай нутгийн юу нь хамгийн сайхан бэ?

-Би урлагийн тогоонд орсноос хойш 25 жил өнгөрч байна. Урлагийн буянаар Монгол орныхоо 21 аймаг, 330-аад сумаар бүгдээр нь орсон. Эх орон минь үзэсгэлэнт газар ихтэй ч хүнд төрж, өссөн нутаг уснаас илүү дотно, сайхан нь байдаггүй юм билээ. Нас жаахан ахих тусам улам л нутаг ус руугаа гүйх шинжтэй. Манай Эрдэнэдалай газар нутгаараа ч, таван хошуу малаараа ч улсдаа эхний нэг, хоёрт ордог том сум. Би зун болохоор л нутаг руугаа сэтгэлийн жолоо сунгаастай байдаг хүн дээ.

-Таныг ямар ч цөвүүн цагт монголоороо үлдэж чадах хүн гэж жүжигчин Ё.Алтангэрэл зэрэг найз нөхөд тань дүгнэдэг юм билээ. Суусан газраасаа шороо атгахгүй л бол арчаагүй, уруу доройгоороо дуудуулах болчихоод байгаа энэ үед хүн чанартай байхад нэлээд зовлонтой биз?

-Манай говийнхон ер нь нутаг шигээ намбайсан, тулхтай хүмүүс байдаг. Нутаг усаа, удам судраа ч дагадаг байлгүй, надад илүү дутуу зан байдаггүй. Хэнтэй ч эн тэнцүүхэн нөхөрлөж, худал хуурмаг зүйлээс хол байхыг эрмэлздэг. Эр хүн ноён нуруутай байх сайхан. Хүн чанараа авч үлдэх, эсэх нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалах зүйл. Бусдад муу санахгүй, сайхан нөхөрлөөд явж байхад хэн, яах юм бэ. Гэхдээ би итгэсэн хүндээ нэг гомдчихвол буцаагаад өнөөхөө тайлах гэж зовдог. Сэтгэлд нэг л сэв суучихвал түүнийгээ нээж гаргахгүй явсаар байгаад тэр чигтээ “битүүрчихдэг” хүн.

-Тэгж голдоо ортол гомдох хэцүү дээ ?

-Төрсөн жил, сар, өдрөөсөө болдог ч юм уу мэдэхгүй. Зарим хүн дүрс гэж уурлаад, хэрэлдэж, гомдсон хэрнээ мөдхөн инээж хөхрөлдөөд явж байдаг. Би бол тэгж чаддаггүй. “Яагаад ийм юм болчихов оо” гэж бодогдоод, дотор нэг юм тээглээд байдаг. Хонь жилтэй, хонины ордынх, бас хонь цагт төрсөн болохоороо тэгдэг байж магад. Хонийг дээш нь харуулаад, өрцийг нь цоолж байхад таг дуугүй байсаар үхдэг биз дээ.

-Та үйлийн үрд итгэдэг, түүнээс айдаг хүмүүсийн нэг үү. Эсвэл ганц амьдарсных хүссэнээрээ байж байгаад, эргээд үйлийн үрийн төлөөсөө төлсөн шиг төлөх ёстой гэдэг “тэрс” үзэлтнүүдийн эгнээний гишүүн үү?

-Одоохондоо өөрийгөө үйлийн үрийн төлөөс төлөхөөр муу юм хийгээгүй гэж боддог. Би үйлийн үрийн үрийн үр гэж байдагт итгэдэг. Биднийг Армийн театрт байхад “Богд хаант Монгол Улс буюу эцсийн шийд” гэдэг жүжиг тавьсан юм. Тэр жүжигт Богд хаан “Үйлийн үрийн үрийн үр гэдэг зүйл хэдэн үе удмаар нь дамжиж явдаг” гэж хэлдэг. Тиймээс өнөөгийн нийгэмд түгээмэл ажиглагдах болсон “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэдэг хандлага эргээд биднээс их том төлөөс нэхэх вий. Хоёр амьдрах биш гээд үр хүүхэд, эх орныхоо ирээдүйд цөвтэй үйл хийж болохгүй шүү дээ. Хийж бүтээж байгаа ажил үйлс болгоноо дэнсэлж, үр хойчдоо муу үйлийн үр үлдээчих вий гэдгээс хүн бүр айж явах хэрэгтэй гэж боддог.

-Таныг нэг хүүтэй, гурван хүүтэй гээд л янз бүрээр бичээд байдаг юм билээ. Яагаад тэгдэг юм бол?

-Харин мэдэхгүй л дээ. Би уг нь ганц хүүтэй хүн. Хэрэв цаана нь дахиад хоёр хүү гараад ирвэл өдий насан дээрээ яваа эр хүн баярлана шүү (инээв). Миний “ориг” хүү Хангал одоо Соёл урлагийн их сургуульд сурдаг. Хөгжим бүжгийн сургуулийн морин хуурын анги төгссөн ч эцэстээ жүжигчин болно гээд манай Дэмидбаатарын ангид орчихсон.

-Морин хуурын анги төгссөн хүү яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бол. Таны нөлөө байв уу?

-Үгүй ээ. Хэрэв хүүгээ жүжигчин болгох байсан бол багаас нь өөр сургуульд оруулах байлаа. Гэвч би Хангалыгаа дөнгөж хоёрдугаар ангид байхад нь Пионерын ордонд дааган хуураар хичээллүүлсэн хүн шүү дээ. Дөрөвдүгээр ангид оронгуут нь Хөгжим бүжигт элсүүлээд, хөгжимчин хүүтэй болох нь гэж баярласан. Гэтэл сургуулиа төгссөнийхөө дараахан нэг өдөр “Аав аа, би СУИС-ийн кино драмын ангид ормоор байна” гэлээ. “Үнэхээр хүсээд байгаа юм бол өөрөө мэд дээ” гэтэл урдаас “Би орчихсоон” гэдэг юм байна. Тэгээд л миний мундаг морин хуурч хүүтэй болох хөг өнгөрсөн дөө.

-“Манай Золбоот цаанаасаа төрчихсөн жүжигчин. Жүжиглэлтэд нь ямар ч хуурамч зүйл байдаггүй” гэж Ц.Гантөмөр гуай тэргүүтэй урлагийн томчууд таныг үнэлсэн байдаг.

-Манай аав уу?

-Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай.

-Энэ мундаг хүн миний уран бүтээлийн аав байгаа юм. Хятадын алдарт жүжиг “Аянгын бороо”-г анх Монголын тайзнаа тавихад бид аав, хүү хоёр болж тоглосон түүхтэй. Тэр цагаас хойш бид нэгнээ “Ааваар сонин сайхан юу байна даа”, “Хүүгийн ажил өндөр үү” гээд л явж байдаг болсон доо. Аав маань хүүгээ тэгж бэлгэшээж ирсэн бол би үнэхээр баяртай байна.

-Одоо асуултаа гүйцээе. Бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн сайн жүжигчин болоход авьяас, хөдөлмөр, сэтгэл, хувь заяа дөрвийн аль нь хамгийн чухал бол?

-Ер нь жүжиглэх авьяас гэдэг байгалийн өгөгдөлтэй холбоотой байх аа. Би өөрийгөө тэгж хэлэх гээгүй шүү. Алтан үеийн мундгуудаас эхлээд Т.Латиф, Ж.Дорлигжав, Д.Батсүх ах, миний багш Н.Цэвээнравдан нарыг харж байхад, хамт тоглоход тэд бол үнэхээр л төрчихсөн “амьтад” гэдэг нь мэдэгддэг. Байгаль эх “Чи жүжигчин бол” гээд заяачихсан хүмүүс цаанаасаа өөр байдаг. Юу юугүй дунд сургуулиа төгсөнгүүтээ л “Жүжигчин болвол олны танил болох юм байна” гээд энэ мэргэжлийг сонгож байгаа дутуу бодолтой залуус хэзээ ч сайн жүжигчин болохгүй. Жүжигчин бол байгалиасаа төрчихсөн авьяастай, дээрээс нь энэ мэргэжилд их багаасаа дурлаж, түүнийхээ төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж чадах хүний сонгох ажил.

-Авьяасаар дулимаг хэрнээ “Би жүжигчин л болмоор байна” гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй нэгэн байдгаараа хичээж хөдөлм өрл өөд ч бүтэшгүй гэсэн үг үү. Тийм залууст та шууд үнэнийг нь хэлж чаддаг уу?

-Хэлнэ ээ. Манай “Өнгөт инээд”- ийнхэн энэ тал дээр шударга гэдгийг би хаа ч хэлнэ. Энэ продакшн бол Хошин урлагийн театрын араас гарч ирсэн туршлагатай хамт олон. Өнөөгийн Монголын хошин урлагийнхан бүгд л “Өнгөт инээд”-ээр дамжсан. Тэр болгонд манай Хүслээ, Өлзий бид хэд жүжигчин болж чадах, чадахгүйг нь хэлж, замыг нь чиглүүлдэг байсан. Хэчнээн сэтгэлтэй байгаад, мянга хөдөлмөрлөөд бүтээсэн дүр нь хүнд хүрдэггүй залуус байдаг. Тэдэнд “Миний дүү нэг л болохгүй байна. Чамайг янз бүрээр туршиж үзлээ. Одоо чи эртхэн замаа бодсон нь дээр” гэж хэлдэг. Тухайн үед сэтгэлээр жаахан унана л биз. Хожим нь харин бидэнд баярлана.

-“Аянгын бороо” жүжгээр та шилдэг эрэгтэй дүрийн шагнал авсан. Танай Армийн театрынхныг анх энэ жүжгийг тайзнаа тоглосныг манайхан тэр бүр мэддэггүй юм билээ?

-1992 онд манай театрынхан “Аянгын бороо” жүжгийг тавьж байсан юм. Гантөмөр, Равдан, Тунгалаг, Төмөрбаатар, Төмөрхуяг, “Говийн зэрэглээ”-д тоглодог Оюунцэцэг, Нармандах, Дорждагва гээд мундаг хүмүүстэй уг жүжигт тоглосондоо бэлгэшээж явдаг. Бас болоогүй, Жоу Чун гээд 17 настай хүүгийн дүрээр “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагнал авсандаа баярладаг. “Аянгын бороо” бол яалт ч үгүй сайхан жүжиг. Тухайн үед Улаанбаатараас гадна Дархан, Эрдэнэтээр аялан тоглож байхад үзэгчдийг гурван цагийн турш хааш нь ч хөдөлгөлгүй “уяж” чаддаг байсан даа.

-Театрт ирээд таны бүтээсэн анхны дүр ямар жүжгийнх байв?

-1989 онд сургуулиа төгсөөд Армийн театрт ирэнгүүтээ ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжигт анх тоглож билээ. Монголын бас нэгэн алдарт жүжигчин Д.Сэдэд гуайн тоглосон Гэндэн хэмээх хөгшний идэр насны дүрийг би бүтээсэн. Анхны жүжигтээ тоглоод, бөөн урам авчихсан хүн явж байтал удалгүй наадмын дараахан “Бүлээн нурам” кинонд дүр бүтээх боллоо. Анхны кино, жүжиг маань хоёулаа Лхагвасүрэн ахын зохиол байсан нь их сонин тохиолдол шүү.

-Үнэхээр сонирхолтой хувь тохиол юм.

-Тийм ээ. Би Лхагвасүрэн ахад “Урлагт анх хөл тавихдаа дүү нь таны зохиолуудаар эхэлсэн дээ” гэж хэлдэг юм. “Бүлээн нурам” киноны зургийг Архангайн Тариат суманд авч байхад Лхагваа ах Төрийн шагналаа хүртэж, Тэрхийн цагаан нуурын эрэгт бид шагналыг нь угааж байлаа.

-Та тэгээд тэр чигтээ театрын жүжигчин болж болоогүй юм уу?

-Манай ангийнхнаас Уухааны Батбаатар бид хоёр Армийн театрт урилгаар ирж, Энхтуул, Одончимэг хоёрыг маань Улсын хүүхэд, залуучуудын театр авсан. Цоодол маань харин шууд телевизэд нэвтрүүлэгчээр орсон. Бусад нь бүгд орон нутаг руугаа хуваарилагдаад явцгаасан даа. Армийн театртаа бид цэвэрлэгч, хар ажилчин, жүжигчин гээд хийж болох бүхнийг хийдэг байсан. Өөрсдийн гэсэн театр байгуулна гээд орон сууцны суурийн давхрыг хүртэл ухаж явлаа. Ийм л сонин хувь тавилантай театр маань татан буугдсан учраас кино урлаг руу орсон. Надад Улсын драмын эрдмийн театраас санал ирдэг байсан л даа. Гэхдээ шууд оръё гэж түвдэлгүй явсаар одоо ч чөлөөт уран бүтээлчийн замаар эргэлт буцалтгүй орлоо.

-Монголын орчин цагийн кино урлагийн уналт, дэвшилтийн аль ч үед та эрэлттэй жүжигчин байсаар ирсэн. Гэхдээ найруулагч нар “Золбоот энэ дүрд л тохирно” гээд танд байгалиас заяасан өгөгдлийг хараад сонголтоо хийдэг юм шиг санагддаг. “Намайг арай өөр талаас нь нээж харуулах дүр өгөөсэй” гэж хааяа боддог уу?

-Нэг хэсэг би жилд арваад кинонд тоглодог байлаа. Ямар сайндаа онигоо хүртэл гарсан байх вэ дээ. “Ялалт кино театрт шинэ үзвэр гарч гэнэ. Тэр кинонд Золбоот, Төмөрбаатар хоёр тоглосон байна уу. Хэрэв тэгсэн бол үзэхгүй ээ” гэсэн онигоо байдаг. Найруулагч нар дотроо нэг зүйл бодсон болоод л намайг эерэг дүрд сонгодог байлгүй дээ. Гэхдээ би хоёр ч удаа эсрэг дүр бүтээсэн шүү дээ. Буриадуудыг хэлмэгдүүлсэн тухай өгүүлдэг “Мойлхон” кинонд Мархаа гээд ногоон малгайт эсэргүүний дүрд тоглосон. Сүүлд “Аравт” кинонд Хархор жанжны дүрийг бүтээсэн. Ер нь бол эсрэг дүрээс айхгүй шүү (инээв).

-Өнөөдөр урлагийн тогоонд орж ирж байгаа залуус та нарын амьдралыг их л сайхнаар, амар хялбараар төсөөлөөд байх шиг. Олны танил, од болох нь хүсээд байх зүйл мөн юм уу?

-Бидний үеийнхэн болон биднээс өмнөх ахмадуудын маань толгойд од болох хүсэл огт байсангүй. Жүжигчин гэдэг бол харагдах байдал нь өөр болохоос бусадтай л адил мэргэжил. Бид энэ мэргэжлийг эзэмшсэн учраас кино, жүжигт тоглох ёстой. Үүнийгээ хийх ёстой ажлаа л хийж байна гэж боддог байлаа. Түүнээс биш одоогийн залуус шиг урлагийг амар хялбар аргаар мөнгө олох, биеэ зовоохгүй амьдрах хэлбэр гэж үзэж байсангүй. Тэгээд ч урлагийн тогооноос хоолоо олж идэх чинь тийм амар хялбар эд биш. Дээр үед Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын анги дөрвөн жилд ердөө 15 хүүхэд л жүжигчнээр бэлтгэдэг байсан. Тэдний олонх нь төгсөөд орон нутгийнхаа театрт хуваарилагддаг байж билээ. Өнөөдөр манайд драмын, дуурийн, хүүхэлдэйн театр, хошин урлагийн хэдхэн продакшн байна. Гэтэл Соёл урлагийн их сургуулийг жилд хэдэн жүжигчин төгс өж байгаа билээ. Тэднээс чадвал хоёр, гурав нь л жүжигчин болж байна. Бусад нь телевиз, радиод ордог ч юм уу, эсвэл студи байгуулаад энд тэндээс мөнгө “босгож” кино хийхийн тулд үйлээ үздэг.

-“Хайртай хүндээ дүүлэн нисэх далавч, эргээд чам дээр ирэх үндэс, хажууд тань үлдэх шалтгаан өгч амьдар” гэж Далай лам хэлсэн. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Нэгэнт л хоёулаа хамт хорвоог туулна гээд ханилсан бол бие биенийхээ алдаа, оноо, дуртай, дургүй зүйлээ харилцан ойлголцоод, цаг үеийн ямар ч шуурганд ганхахгүй бат бөх амьдрал бий болгох хэрэгтэй байх. Нийгмийн энэ ороо бусгаа үед тэр бат бөх зүйлийг бий болгож чадаагүй олон хүний амьдрал хийсчихэж байна. Тиймээс залуу насандаа анх ямар сэтгэлээр, ямар даль жигүүрээр амьдрал эхлүүлсэн, тэр хэвээрээ л хамтдаа нисэхдээ нисэж, буухдаа цуг буувал сайхан шүү гэж залуу хосуудад хэлмээр санагддаг юм.

-Хүний 30-45 хүртэлх насыг илжиг мэт зүтгэх үе гэдэг. 45-60 насандаа үр хүүхдээ тусад нь гаргаад, өөрөө нохой мэт гэрээ сахиад үлддэг. Харин 60-75 насыг сармагчинтай адилхан буюу олсон хураасан бүх зүйлээ хүүхдүүддээ зориулаад, юу ч үгүй хоосон хоцордог тухай үлгэр бий. Монголчуудын, Дорно дахины энэ философийг хувь хүний эрхийн үүднээс авч үзвэл танд хэр шударга санагдаж байна вэ?

-Одоохондоо би илжиг мэт зүтгэх насан дээрээ явна. Удахгүй нохой, тэгээд сармагчин насан дээрээ очих юм байна. Энэ бол хорвоогийн жам л даа. Бага залуудаа өргүй, өвчингүй “хайр аа, ханиа” гэж сайхан дэрвэж яваад үр хүүхэдтэй болж, тэднийхээ төлөө байгаа бүхнээ зориулсаар дуусах нь амьдралын хамгийн том аз жаргал. Яагаад гэвэл энэ бүхнийг гэр бүлийн хоёр хамтдаа цогцлоож байгаа учраас хүүхэд болгоныхоо араас санаа тавин, “Тэр минь тэгчихэж, энэ маань ингэчихэж” гэхчилэн сэтгэлээ чилээх бол зовлон биш. Элэг бүтэн амьдрал бүтээчихээд эргээд өөрөө нүцгэн буцах шиг жаргал үгүй. Элэг бүтэн амьдарч байхад илжиг, нохой, сармагчингийн насыг хэд дахин элээсэн ч яах вэ.

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.242 tiimee, uneheer saihan jujigchin, ooriinhooroo
103.229.122.211 Saihan helsen bna.. Eleg byten asmidraliig byteegeed ergeed nytsgen butsah shig jargal ygyi gej....Bas dalai lamiin yg yamar saihan yum be.... Asuusan ni ch hariulsan ni ch saihan yariltsjee... Bayarlalaa ho...
112.72.9.68 мундаг жүжигчин дээ. Энэ хүнд тэр Аглуу энэ тэр гээд маазарсан гаруудад өгдөг гавъяатын тэмдгээ өгчихөж болдоггүй юм байх даа.