АЗИЙН ЭЛСНИЙ НААДАМД ОРОЛЦОХ ТАМИРЧДЫГ ҮДЛЭЭ

2014 оны 11 сарын 06

Тайланд улсын Пукет хотноо энэ сарын 14-21- нд зохион байгуулагдах гэж буй Азийн элсний IV наадамд оролцох баг тамирчидаа гаргаж өгөх ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолын үйл ажиллагаанд МҮОХны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ж. Хатанбаатар, Монголын спортын сэтг үүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, ССАЖЯ-ын Спортын бодлого зохицуулалтын дарга Н. Бакетжан нар оролцож баг тамирчдад аян замын ерөөл хүссэн юм. “Пукет-2014 ” наадамд Азийн 45 орны тамирчид спортын 17 төрлөөр өрсөлдөнө. Харин манай улсаас спортын найман төрлөөр нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм.

Тодруулбал, элсний бөх, сагсан бөмбөг, жюү жицү, кураш, мутай бокс, самбо, орчин үеийн таван төрөлт, петанк гэсэн төрлүүдэд өрсөлдөх аж. Үүнээс мутай бокс, орчин үеийн таван төрөлт, петанк зэрэг төрлүүдэд манай улсын тамирчид анх удаагаа хүч үзэх гэнэ. 2008 оны Азийн наадмаас элсний бөхийн төрөлд манай тамирчин Т. Энх-Амгалан алтан медаль хүртэж байсан бөгөөд 2012 оны Хятад улсын ХайЯн хотод болсон наадамд эмэгтэй сагсан бөмбөгийн тамирчид маань хүрэл медаль хүртэж байжээ. ССАЖЯын Спортын бодлого зохицуулалтын дарга Н.Бакетжан Монгол Улсын Засгийн газрын 64-р тогтоолд Элсний наадамд оролцсон баг тамирчдад мөнгөн шагнал өгөх журам оруулсныг энэ үеэр дуулгалаа. Мөн “Пукет- 2014” азийн наадамд оролцох эрхийн картыг нийт тамирчиддаа гардуулсан бөгөөд Монгол Улсын төрийн далбааг чөлөөт бөхийн тамирчин Ц.Азбилэгт хүлээлгэн өглөө.

Уг наадмын багийн ахлагчаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ж. Хатанбаатар ажиллаж байгаа юм.