Ц.НАЦАГДОРЖ: БАТЦЭЦЭГИЙГ ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХОД БАЯРЛАСАНДАА УЙЛЖ БИЛЭЭ

2014 оны 11 сарын 06

Чөлөөт бөхийн спортоос монголчууд бид олимпийн анхны медальтнаа өлгийдөн авч байсан билээ. Энэ амжилт бол манай үе үеийн тамирчдын нөр их хөдөлмөр, амжилтын төлөөх эрмүүн их хичээл зүтгэлийн үр шим байлаа. Уг тамирчдын тэргүүн эгнээнд зүй ёсоор бичигдэх, алтан үеийнхний томоохон төлөөллүүдийн нэг бол яахын аргагүй МУГТ Цэдэндамбын Нацагдорж багш юм. Монголд эмэгтэй чөлөөт бөхийн анхны шанг татсан түүнийг танихгүй, гаргасан амжилтуудаар нь бахархдаггүй хүн манай уншигчид дотор нэн ховор биз ээ. Өдгөө далан насыг зооглож буй Нацагдорж гуай ирэх ням гаригт өөрийн нэрэмжит тэмцээнээ хийх гэж байгаа юм. Анхны оюутны универсиад наадам, ахмадын дэлхийн аваргын хошой алтан медалийг эх орондоо авч ирж байсан алтан хараацайнуудын нэг алдарт тамирчин, дасгалжуулагч Ц.Нацагдорж гуайг ТЦийн зочны хоймортоо урьж ярилцлаа.

-Цэрэг хүн чөлөөт бөхийн спортоор хэрхэн хичээллэж, яаж амжилтанд хүрч болдогийг хамгийн анх яруу тод харуулж чадсан хүн бол та. Энэ талаар яриагаа эхлүүлэх үү багшаа?

-Миний бага нас Баянхонгор аймгийн Баянлиг суманд өнгөрсөн юм. Бага сургуульд байхдаа үндэсний бөхөөр барилддаг. Дээл гутал тэсгээдэггүй хүүхэд байлаа. Манай аав овооны наадамд барилддаг хөнгөн, шингэн явдалтай хүн байсансан. Би хар багаасаа тэмээ хариулж, уналга эдэлгээнд хэрэглэдэг байсан юм. Энэ бүхэнд биеийн хүч их ордог л доо. Ийм л хар ажил хийсний ачаар бяр тэнхээ сууж, бие хаа маань ч зөв сайхан өсөж торнисон. 20 настайдаа цэргийн албанд тэр үеийн Ардын армийн холбооны ангид татагдан очиж байлаа. Тэнд шигшээ багийн тамирчин байсан Булган аймгийн Сайхан сумын харъяат Лодой надтай хамт нэг ангид татагдан очиж байсан юм. Бүр хоёулаа нэг тасаг, нэг салаанд хуваарилагдаж билээ. Цэрэгт очсон жил буюу 1965 оны намар армийн хэмжээнд чөлөөт бөхийн дугуйлан явуулах шийдвэр гарч билээ. Тухайд үед манай ангид алба хааж буй цорын ганц тамирчин нь Лодой байсан тул дасгалжуулагчаар томилогдон анх удаа армийн аварга шалгаруулах тэмцээнд биднийг бэлдэж оролцохоор болсон юм. Чөл өөт бөх гэж юу байдгийг ч мэддэгг үй байсан надад Лодой нилсон буюу гараа сугаар нь оруулаад шилэн дээр нь даран дээш харуулж унагах мэх л зааж өгч билээ. Манай ангийн бүх цэргүүдийг хооронд нь барилдуулахад тэр дундаас би шалгарч ангиа төлөөлөн тэмцээнд орсон юм. Миний жинд хориод бөх байсан юм даг. Тав билүү зургаа удаа барилдан бүгдийг нь ганц сурсан мэхээрээ цэвэр ялан анх удаа түрүүлж байлаа.

-Та залуучуудын шигшээ багт армиас шууд дуудагдаж байсан гэдэг?

-Тэр тэмцээнийг Дамдиншарав, Намшир нар шүүсэн юм билээ. Эд нар миний өмнөх үеийн тамирчид л даа. Тэмцээний дараа улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч жижиг Сэрээтэрийн аав Цэрэндагва багшид “Армид сайн бөх болохоор залуу байна” гэж хэлж байсан юм гэнэ лээ. Тэр жилийнхээ өвөл “Алдар” нийгэмлэг дээр Лодой, Санжаа багшийн удирдлаган дор бэлтгэл хийж байхад шигшээ багийн дасгалжуулагч Хашбат гуай өөрийн биеэр ирж намайг 1966 оны хавар залуучуудын улсын шигшээд авч 200 төгрөгөөр цалинжуулж байлаа.

-Та улсын шигшээ багт багтсанаасаа хойш гуравхан жилийн дараа олимпийн наадамд оролцсон шүү дээ. Бүр хожим 19 настайдаа анх хичээллэж эхэлсэн гэхэд энэ амжилт үнэхээр бахархмаар санагддаг.

-Шигшээ багт анх ороход Мөнхбат, Баянмөнх, Сэрээтэр, том, бага Санжаа гээд л манай чөлөөтийн алтан үеийнхэн бүгд байлаа. Бэлтгэл сургуулилтаа хамт хийдэг, найзалж нөхөрлөдөг бөхчүүд маань бүгд тийм мундаг бөхчүүд байсан нь миний амжилт хурдан ахиж, арга техник маань сайжрахад маш их тус дэм болсон. Архи тамхи огт хэрэглэдэггүй, аав ээжээс заяасан бяр чадал, бие хааг зөв хөгжүүлж. багш дасгалжуулагч, ахмад бөхчүүдийнхээ үгэнд сайн ордог байсан маань ч үүнд бас нөлөөлсөн л дөө. Тэднийхээ заасан мэх, заавар зөвлөгөөг сайн сурч байгаад өөрийгөө хөгжүүлж тив дэлхий, олон улсад барилдаж үзье, амжилт гаргах юмсан гэж дотроо боддог ч байлаа. Улмаар 1967 оны Бүх ард түмний спартикиадад гуравт ороод хойтон жил нь улсын хэмжээний сорилтод нэгээр шалгарч олимпод орох эрхээ авч байсан юм. Богино хугацаанд улсаасаа шалгарч олимпод оролцох эрхээ авч байсан бөх бараг байдаггүй. Дамдиншаравын шавь Гавьяат тамирчин Оюунболд л над шиг гурван жилийн дотор гарч ирж байсан. Бид хоёроос өөр тийм хурдан гарч ирсэн бөх лав миний санаж байгаагаар хараахан гарч ирээг үй л байна.

-Таны хамгийн анх оролцсон, Монголчууд анхныхаа олимпийн медалийг авсан Мехикогийн олимпийн талаар эргэн дурсахад...

-Би 1968 оны Мехикогийн олимпод оролцохоор Артаг, Намжин, Сэрээтэр, Дамдиншарав, Дагвасүрэн, Баянмөнх, Мөнхбат, Сүхбаатар, Адьяатөмөр, Эрдэнэ-Очир болон Маагаа, Цэрэндагва багш нарын хамт сар гаруйн өмнө Мехсикт очиж бэлтгэлээ хийж байлаа. Би 73 хилээс 63-т, Дамдиншарав 62-52 руу жин хасаж байсан юм. Олимп эхлэхийн өмнөх 15 хоногийн хугацаанд бид хоёр жингээ бариад бараг л хоол идээгүй дээ. Тэмцээн хэдэн өдөр болохоосоо шалтгаалж жингээ үзүүлнэ . Хоёр өдөр болвол хоёр, гурван өдөр болвол гурван удаа. Жингээ үзүүлж барилдахынхаа өмнө жаахан юм ууж идчихээд барилдсаныхаа дараа дахиад л жингээ барина. Хасаад нилээн доошоо орчихсон жин дахиад нэг юм уу хоёр зуун граммаар ёстой буухгүй шүү дээ. Шөнө нойр хүрэхгүй. Хөлс ерөөсөө гарахгүй. Дөчөөд хэмийн халуун байхад л хөл, гар, хамрын үзүүр цэв хүйтэн, хув хуурай. Судас нарийсаад цус багасчихдаг учраас зүрхэнд очих цусны хэмжээ бага болдог юм билээ. Тийм маягтай сүүлийн арван таван хоногийн хугацаанд жингээ барьж байгаад л олимпод оролцож байлаа. Мехикогийн олимпоос Дамдиншарав, Сэрээтэр, Артаг нар хүрэл, Мөөеө мөнгөн медаль аваад манай чөлөөтийнхөн багаараа анх удаа 19.5 оноо авч хагас онооны дутуугаар Японы дараа дөрөвдүгээр байрт орсон юм. Хэрвээ Сүхбаатар, бид хоёрын аль нэг нь л урагшаагаа дахиад нэг юм уу хоёр барилдаан ахиж барилдсан бол манайх багаараа гуравт орох байсан юм л даа. Тухайн үед их сайхан амжилт байсан ч гэлээ багаараа гуравт орох ховорхон боломжоос миний оноо дутсан даа гэж өөрийгөө жаахан зэмлэн, харамсаж явдаг. Би нэгдүгээр тойрогтоо Польшийн бөхийг оноогоор ялж, хоёрдугаар тойрогтоо Афганистаны бөхтэй оноо тэнцэн, гуравдугаар тойрогтоо Японы Канекод ялагдан олимпоос мултарч байсан юм.

-Анхны олимп тань байсан учраас дэлхийн таван удаагийн аварга бөхөөс туршлага дутсан тал байсан болов уу?

-Би олимпод нэг удаа дөрөв, нэг удаа зургаад орж байсан юм. Дөрөвт орсон нь одооныхоор хүрэл медальтай. 1973 оны дэлхийн аваргад дөрөвдүгээр байрт орсон маань ч бас нэг хүрэл медаль авах жишээний. Дараа жилийнх нь дэлхийн аваргад Болгарын Юсейновыг ялж хүрэл медаль авсан. Түүнийхээ дараа жил Орост болсон дэлхийн аваргад Пинигинтэй алтын төлөө барилдаж мөнгөн медаль авсан юм. Энэ амжилтанд хүрснийхээ дараа 1968 оны олимпод Японы бөхтэй барилдсан барилдаанаа эргээд дүгнэхэд “Би нас залуу, туршлага муутай байсан гээд өөрийгөө цайруулаад өнгөрч болох ч Пинигинээс арай дутуу бөх байсан гэж боддог.

-Дэлхийн аваргаас хүрэл медаль авч, дэлхийн бөхчүүдийн эгнээнд орж байсан тэр л цаг үе танд мартагдамгүй сайхан дурсамжыг өртөөчилж байгаа байх?

-1974 онд Туркийн Станбулд болсон дэлхийн аваргад оролцохоор очиход Сэрээтэр бид хоёр нэг өрөөнд орсон юм. Тэр үед овоо хэдэн жил барилдчихсан учраас өөрийнхөө жингийн бөхчүүдээ мэддэг болчихсон байсан л даа. Миний тооцоолсноор би яг гуравт орж байна. Тэгээд Сэрээтэрт “Хөгшин нь гуравт орчихсон юм шиг байна. Алийн болгон дөрөвт орох вэ дээ” гэж хэлсэн чинь “ Хөгшөөн чи арай эрт хэлж байгаа юм биш биз. Чамлахаар чанга атга гэж байдаг юм шүү” гэлээ. Барилдсаар байгаад нийт тав барилдан гуравт орж байсан юм. Тэгсэн Сэрээтэр “Өө миний хөгшин чинь далдыг хардаг далай лам байжээ. Үнэхээр сайн тооцсон байна. Баяр хүргэе. Ингээд дэлхийн бөх боллоо шүү дээ” гэж хэлж билээ. Анхныхаа дэлхийн аваргын медалийг тэгэж авч байсан юм. Хүрлийн төлөөх барилдаандаа нутгийн бөх Сарийг ялж байсан.

-Та 1975 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль авахдаа нутгийн дэвжээ ямар хатуу байдгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн болов уу?

-1975 оны дэлхийн аваргад Павел Пинигинтэй алтын төлөө барилдахдаа “Нутгийн дэвжээ хэцүү дээ. Пинигин ч сайн бөх. Гэхдээ би ч бас түүнээс огт дутахааргүй сайн бөх шүү” гэж өөрийгөө зоригжуулж байлаа. Би өөрийгөө тэгэж л үнэлж дэвжээн дээр гарахгүй бол болохгүй. Өө энэ чинь аварга хүн. Би аварга болоогүй гэж өөрийгөө шалчийлгах юм бол ялж чадахгүй шүү дээ. Мэхтэй бол мэхтэй. Бяртай бол бяртай. Юугаараа дутдаг юм бэ гэж л дотроо бодож байлаа. Тэгээд л хоёулаа үзэлцсээр байгаад долоо долоо болж оноо тэнцэж билээ. Тэгэхэд нутгийн дэвжээ ямар хатуу байдгийг үнэхээр яс махандаа тултал мэдэрсэн шүү. Нэг ч удаа дэвжээнээс гараагүй атал намайг хоёр торгочихсон. Дахиад торгох гээд булангийн шүүгч зангаад байдаг. Гэтэл Пинигин гурван удаа гараад ганц ч торгуулиагүй. Би дахиад торгуулвал хөөгдөх гээд байлаа. Хэрвээ хөөгдвөл хоёрт байтугай бүр хойгуур байранд орох гээд байдаг. Тэгээд л торгууль авахгүйн тулд урагш дайрсаар байгаад л ялагдсан даа. Тэр барилдааны өмнө надад айдас төрүүлсэн нэг зүйл байсан юм. Дөр өвд үгээр тойрогт Пинигин Соговаратай таарч түүнийг гурван торгуулиар хөөж байсан юм. Япон бөх хэзээ ч арагш зугтаж, торгууль аван хөөгдөнө гэж байхгүй. Тэр барилдааны үеэр ийм зүйл надад ч бас тохиолдох вий дээ гэж эмээж байлаа. Миний тааварласнаар болсон доо.

-Хожмоо та Пинигинтэй Монголд уулзсан гэж сонсож байсан юм байна.

-Манай улсад болсон нэг тэмцээнд олон улсын шүүгчээр ирээд манайд очин өдөржингөө хөөр өлдөж сууж билээ. Тэгэхэд хэрвээ бид хоёр Орост биш өөр улсад барилдсан бол чи аварга болох байлаа. Үүнийг уншаараай гээд өөрийнхөө бичсэн номыг надад бэлэглэсэн юм. Тэр номон дээрээ “Монголын Нацагдорж бол дэлхийн аварга хүн байгаа юм. Азгүй ч гэх юм уу жаахан хувь дутсан” гэж бичсэн байна лээ.

-Та хариуд нь юу гэж хэлж байв?

-Хэдийгээр бүх зүйл болоод өнгөрсөн ч гэлээ тэгж хэлэхэд урам ордог л юм билээ. Гэсэн хэдий ч дэлхийн аваргын алдар миний өвөрт орж, медалийн өнгө маань хувирах биш. Дэлхийд дөрөв, олимпод нэг удаа аваргалсан тийм мундаг бөхөд ялагдсан учраас муу муухайгаар нь дуудаж, чи луйвардсан гэж болохгүй л дээ. Бөх хүний ёс жудаг гэж байна. Ялж чадаагүй нь миний муугийнх л даа. Би хариуд нь “Энэ талаар бодож л байсан. Чи дэвжээн дээр аварга болоод зогссон юм чинь, би одоо яах вэ. Баярлалаа” л гэж хэлсэн. Тэгэж хэлэх сэтгэл, зүрх түүнд байна гэдэг үнэхээр бахархмаар шүү. Би түүнтэй нийт гурван удаа таарч нэг ялж хоёр ялагдаж байсан хүн л дээ.

-Универсиадад түрүүлэхдээ ялж байсан байх аа?

-Оюутны дэлхийн аваргад анх таарч ялж байсан. Бид хоёрын хооронд нэг их хол зөрөө байхгүй л дээ. Одоогийнхоор бол би 1972 оны олимп болон 1973, 1974 оны дэлхийн аваргаас хүрэл медаль авах болзол хангасан хүн. Бүгдэнд нь шагналт дөрөвдүгээр байрт орж нийт зургаан удаа чөлөөт бөхийн багийнхандаа оноо нэмэрлэж байлаа.

-Таны үед хамгийн гол өрсөлдөгчид тань хэн хэн байв?

-Болгарийн Исмайл Юсейнов, АНУ-ын Кейзер, Дэн Гэйбл, Оросын Пинигин, Японы Соговара бид тавын дунд дэлхийн аварга, олимпийн наадмын өрсөлдөөн болдог байсан юм. Бид хэд л хоорондоо тооцоотой. Бусад бөхч үүдийг бол яаж ийж байгаад аргалчихдаг байлаа. Би тэр дундаас дэлхийн аваргын хоёр медаль л шүүрсэн. Алтан медаль дээр хараахан бууж чадаагүй.

-Та ид үедээ дэлхийн аваргад түрүүлж чадаагүй ч гэлээ хожмоо ахмадын дэлхийн аваргад хоёр ч удаа аваргалж мөрөөдлөө биелүүлсэн. Энэ нь таны ясны бөхийг тань илтгэж байх шиг.

-Ахмадын дэлхийн аваргад оролцох юмсан гэж бодогдовч бололцоо болдоггүй байлаа. Харин 1993 оны намар улсын шигшээд дасгалжуулагч хийж байхад Эрдэнэтийн захирал Отгонбилэг Хангарьд спорт клубт багш дасгалжуулагч хийгээч гэсэн санал тавьсан. 1994 оны намар Хангарьдад дасгалжуулагчаар очсоны дараа 1995, 1996, 1997 оны ахмадын дэлхийн аваргад намайг явуулж билээ. Эхний хоёр жил түр үүлчихээд сүүлд 1997 оны дэлхийн аваргад оролцдог жил гэмтлийн улмаас санасандаа хүртэл барилдаж чадалгүй мөнгөн медаль авч байсан юм. Ахмадын дэлхийн аваргад ид үедээ барилдаж байсан дэлхийн бөхчүүдээс нилээн хэдтэй нь хамт оролцсон шүү. Бүгдээрээ халзан толгойтой, бүдүүн гэдэстэй, хөл нь жаахан нарийхан болчихсон бөхчүүд л оролцож билээ. Дэлхийн аварга Нацагдорж хэмээн дуудуулж, аваргын алтан медалиа зүүн, төрийнхөө далбааг мандуулж байхад залуудаа ингээд зогссон бол гэж бодогддог юм байна лээ. Гэхдээ ямар ч байсан зогсож үзлээ дээ гэж өөртөө их баярлаж билээ. Тэр үед би 55 настай байсан.

-Таныг манай алтан үеийнхний төлөөллүүдийн нэг гэдгээс тань дутахааргүй олимп, тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан олон сайн тамирчид төр үүлэн гаргаж буй дасгалжуулагч гэдгээр тань манай уншигчид андахгүй сайн мэднэ?

-Би үндэсний болон чөлөөт бөхөөр хүүхдүүдээ бэлддэг. Үндэсний шигшээ багт дасгалжуулагчаар анх 1992,1993 онуудад ажиллаж байгаад Эрдэнэтийн Хангарьд клуб рүү явсан юм. Тэнд найман жил ажиллахдаа шигшээ багтаа Батпүрэв, Бүрэнбаатар, Баярмагнай, Болдсүх, Ууганаа, Батчулуун нарыг бэлдэж өгч байлаа. Улсын шигшээ багт бөх бэлдэж, нэг номерт гаргана гэдэг амаргүй ажил л даа. Олон улс, тив дэлхийн хэмжээний бөхчүүд бэлдэнэ гэсэн үг. Харин "Хүч" нийгэмлэгт байхдаа үндэсний бөхөөр Бат-Эрдэнэ аварга, Мөнх-Эрдэнэ арслан, улсын заан Мягмар, Хишигдорж, Бямбадорж, Сүхбаатар тэргүүтэй улс аймгийн алдар цолтой олон бөхчүүд төр үүлсэн. Харин чөлөөт бөхөөр дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Болд, ОУХМ Лхамсүрэн, Баяраа, Бат, Дамдинсүрэн нарын сайн бөхчүүд мөн төрөн гарсан. Шавь нар маань бүгд олон улс тив дэлхийд тодорхой амжилт гаргаж, амьдрал ахуй нь өөдрөг яваад үнэхээр их баярлаж, тэднээрээ бахархаж явдаг.

-Эмэгтэй чөлөөт бөхийн суурийг манай улсад хамгийн анх та тавьсан шүү дээ?

-Би 1996 оны сүүлч 1997 оны эхээр Хангарьд клубт багшилж байхдаа хоёр хүүхэд дасгалжуулан эмэгтэй чөлөөт бөхийн анхны суурийг эхэ орондоо тавьж байлаа. Эмэгтэй чөлөөт бөх дэлхийд өндөр амжилт гаргаж байгаад үнэхээр баярлаж байна. Би суурийг нь тавьж эхлүүлсэн учраас сэтгэл зүрхээрээ их ойр дотно байдаг. Одоогийн сайн бөхчүүдийг бэлдэж байгаа Дүвчин, Сүхбаатар, Батбаяр нартаа баярлаж явдаг. Миний анх эхлүүлсэн ажлын үр дүн хорин хэдэн жилийн дараа гарч Батцэцэг дэлхийн аварга болоход үнэхээр их баярласандаа самсай шархиран, гэртээ уйлж билээ. Зөв л юм хийж дээ гэж өөрөө өөрөөрөө бахархаж байсан юм. Түүнээс хойш олон охидууд мань тив дэлхийгээс медаль авлаа. Энэ жил л гэхэд Цэрэнчимэд дэлхийн аварга боллоо. Эхлүүлсэн ажил нь үр өгөөжөө өгч сайхан явахад хүн сэтгэлээр их өөдрөг явдаг юм байна шүү. Сая ирэхээсээ өмнө эмэгтэйчүүдийн бэлтгэлийн заал руу орж, хүүхдүүдээ харчихаад ирлээ. Хүүхдүүд маань ч надтай их ойр дотно байдаг. Манай чөлөөтийнхний амжилт одоо л сэргэж эхэллээ.

-Эмэгтэй бөх дасгалжуулахын онцлог юунд байдаг вэ?

- Эмэгтэй хүүхдүүдэд сургалтын нарийн арга хэрэгтэй. Уйгагүй зөөлөн гараар л ажиллавал үр дүнтэй байдаг. Манай шигшээ багийн дасгалжуулагчид энэ аргыг сайн хэрэгжүүлж байгаа. Харин эрэгтэй хүүхдийг жаахан чанга гараар, шахаад байхад болдог. Эмэгтэй хүн арай л өөр дөө. Их нарийн мэдрэмж шаардана. Ерөөсөө сэтгэлийг нь татсан, зөөлөн аргаар. Эмэгтэй бөхчүүд их хөд өлмөрч шүү. Банди нар мэхээ тачигнатал хэсэг давтаж байгаад л гараа сэгсэрээд, толинд хараад суучихна. Мэхээ давт гэхээр хоёр гурван удаа нэг нэгнийгээ авч чулуудчихаад л өөр юм хийгээд эхэлдэг. Харин охидууд хүн харахад онц юм хийхгүй байгаа юм шиг хэрнээ чанартай хийдэг.

-Манай чөлөөт бөхийн спорт нэг хэсэг уналтад орж, олон улсад гаргах амжилт тасраад байсан нь гашуун боловч үнэн. Юунаас болж ийм байдалд орсон юм бол оо?

-Манайд чөлөөтийн сайн тамирчид нэг хэсэг тасарсан нь үнэн. Энэ нь багшийн сонголтыг буруу хийснээс л болсон болов уу гэж боддог. Хүн өөрийнхөө мэддэг, чаддаг зүйлээ л хүнд заана шүү дээ. Түүнээс мэдэхгүй юмаа хүнд зааж чадахгүй. Тамирчны гаргах амжилтын түвшин олимп, дэлхийд байгаад байдаг багшийнх нь түвшин олон улсын хэмжээнд арай хүрэхгүй бол үнэхээр хэцүү шүү дээ. Тэгэхээр нөгөө багш юу хэлж, юу заах вэ.

-Уналтанд орчихсон байсан чөлөөт бөх сүүлийн хэдхэн жилийн дотор эргэн сэргэж тив дэлхийд өрсөлдөж эхэллээ. Энэ сэргэлтэнд юу нөлөөлсөн гэж та боддог вэ?

-Багш нарын сонголтыг зөв хийж, сургалт менежмэнтийг л сайн чанартай хослуулах хэрэгтэй. Багш хүн мэдлэгтэй, зөв сургалттай, хүүхдээ таньж чаддаг л байвал монголоор дүүрэн бөхчүүд байна. Японы олимп, дэлхийн аварга Такада манай зааланд нэг удаа орж ирсэн юм. Тэгэхэд зуугаад хүүхэд бэлтгэл хийж байсан л даа. Манай хүүхдүүдийн бэлтгэлийг цаг хиртэй харж сууснаа толгой сэгсэрч байна. Би ч гайхаад юу болов, яав гээд очсон чинь бүр биширчихсэн зуун дэлхийн аварга энд бэлтгэл хийж байна. Ийм олон авъяаслаг бөхтэй газар үнэхээр үзээгүй гээд гайхаж байсан. Тэгэхээр манай хүүхд үүдийг шат шатаар хөгжүүлж, сайн дасгалжуулж чадвал асар их ирээдүй бий. Ганцхан чөлөөт ч гэлтгүй жүдог хар л даа. Өнөөдөр дэлхийд гайхагдаж байна.

-Монголын чөлөөт бөхийн спортод оруулсан таны хувь нэмрийг төр засаг маань арай л дутуу үнэлээд байна гэж олон хүмүүс сэтгэл дундуур явдаг. Харин та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Би тавин жилийн турш чөлөөт бөхийн спортын төлөө бие, сэтгэлээ зориулж явна. Нас бие өндөр гарсан ч гэлээ сэтгэл энд байгаад байна. Яах ч аргагүй. Өөрийнхөө өдий зэрэгтэй хийсэн ажил, хөдөлмөрийг төр засаг маань үнэлчихдэггүй юм байхдаа гэж заримдаа жаахан харах л юм. Ардын багшаар гурав, хөдөлм өрийн баатарт хоёр удаа тодорхойлсон л доо. Юу нь болдоггүй, яагаад байдаг юм , бүү мэд. Тодорхойлолтоо явуулаад л хүмүүс гавьяа шагналаа авч л байх юм. Минийх л ор тас алга болчих юм. Тийм юм нь дутуу байна энэ тэр гэсэн хариу ерөөсөө ирж байгаагүй. Бодвол очих ёстой албаны хүмүүстээ очдог л баймаар юм. Одоо нас дал хүрч яваа ч гэлээ төрийнхөө шан харамж, гавьяа цолыг хүртчих юмсан даа гэж горьдох л юм. Манай алтан үеийнхэн надаас бусад нь бараг бүгд л хүрэх ёстой алдар, цол, авах ёстой гавьяа шагналаа авч, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртчихлээ. Харин намайг төр засаг минь яагаад хардаггүй юм бол доо гэж жаахан сэтгэл дундуур л явдаг даа. Гэхдээ төрийг өг гэж загналтай биш. Гавьяа шагнал олгодог хүмүүс нь мэдэж байгаа байлгүй дээ л гэж бодож явах юм даа.

-Ирэх ням гариг таны нэрэмжит тэмцээн болох гэж байна. Гурван үеийн шавь нар тань энэ тэмцээнд бүгд ирэх нь дамжиггүй. Өөрийнхөө өдийг хүртэл хийсэн ажлынхаа үр бүтээлийг харах гэж буй та сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Энэ тэмцээнийг хийх санааг манай Дагваа ноднин гаргаж “Нацагаа багшаа та яагаад нэрэмжит тэмцээнээ явуулдаггүй юм бэ. Нэрэмжит тэмцээнээ хий. Танаас бусад нь бүгд хийчихсэн байна шүү дээ” гэж хэлж байсан юм. Ноднин цаг хугацаа нь жаахан тулаад хараахан хийж амжаагүй. Ер нь далан нас хүрч байгаа юм байна. Өдий хүртэл бэлдсэн шавь нараа нэг харья. Гурван үеийн шавь нараа цуглуулж, хооронд нь уулзуулж улам сайн танилцуулья гэсэн бодол төрөөд л зохиохоор болсон юм. Энэ тэмцээнийг зохион байгуулахад манай Чөлөөт бөхийн холбоо, миний шавь нар, найз нөхөд бүгд дэмжиж туслаж байна. Канадаас хүртэл миний нэг шавь тэмцээний медалийг Японд хийлгээд явуулсан. Тал бүрээс л дэмжлэг ирж байна. Тэмцээнд оролцохыг хүссэн бүх бөхчүүд оролцох боломжтой. Нээлттэй болно. Шавь нар маань ч бас багшийнхаа нэрэмжит тэмцээнийг үзэн, барилдаж байхад сайхан санагдах байх. Үе үеийн шавь нараа хүрэдлцэн ирж багшийнхаа тэмцээнд оролцохыг урья.

-За дэлгэрэнгүй сайхан ярилцсан танд баярлалаа. Удахгүй болох нэрэмжит тэмцээнд тань амжилт хүсэе.

Б.БУЯНДАЛАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
24.127.22.188 -Манай улсад болсон нэг тэмцээнд олон улсын шүүгчээр ирээд манайд очин өдөржингөө хөөр өлдөж сууж билээ. Тэгэхэд хэрвээ бид хоёр Орост биш өөр улсад барилдсан бол чи аварга болох байлаа. Үүнийг уншаараай гээд өөрийнхөө бичсэн номыг надад бэлэглэсэн юм. Тэр номон дээрээ “Монголын Нацагдорж бол дэлхийн аварга хүн байгаа юм. Азгүй ч гэх юм уу жаахан хувь дутсан” гэж бичсэн байна лээ.