ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙГ ЗЭРЭГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛ ХУУЛЬ, ЖУРАМ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

2014 оны 11 сарын 06

  Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тус сумынхан 2013 оны ажлаараа улсын тэргүүний сум болсон юм.

-Улсын тэргүүний сум 2013 онд ямар ямар ажил амжуулав?

-Төв аймаг олон сумтай учир нэг суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө арай бага хуваарилагддаг юм билээ. Манайд өнгөрсөн онд 245 сая төгрөг ногдоод, тодотголоор хасагдан, 205 сая төгрөг болсон. Журмын дагуу иргэдээсээ асууж, наадмын талбай, сумын төвд гүүр барьсан, сургуулийн барилга, зам зассан. Энэ жил бид явган хүний зам тавих, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээний цэг нээхээр төлөвлөж, заримынх нь тендерийг зарлаад байна. 2013 оны ажлаараа манайх улсын тэргүүний сум болж, өнгөрсөн тавдугаар сард шагналаа авсан. 100 сая төгрөг дагалдаж ирдэг юм билээ. Иргэдээрээ хэлэлцүүлж, хамгийн олон санал авсан ажилд үүнийг зарцуулж байгаа. Манай суманд Нарантолгой гэдэг алтны орд бий. Энэ ордыг хамгийн сүүлд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Тэн хун” гэдэг компани авсан. Энэ компани 200 гаруй ажилчинтайгаас 100 орчим нь манай сумын иргэн.

Бид энэ компанид “Нарийн мэргэжлийн хүн олдохгүй бол өөр газраас ав. Бусдыг нь заавал манай сумаас авна шүү” гэсэн шаардлага тавьж байгаа. Мөн сумын хөгжил, тохижилтод тодорхой хэмжээгээр туслах гэрээ байгуулснаар өнгөрсөн жил 150 сая төгрөг авч, бүтээн байгуулалтад зарцуулсан. Ингэхэд бэрхшээл цөөнгүй байх юм. Жишээ нь, би Авлигатай тэмцэх газарт гурван удаа дуудагдаж, “Энэ их мөнгийг чи яасан бэ” гэх асуултад хариулах шаардлагатай болсон. Хийсэн зүйл, бичиг баримт нь бий тул шалгаад асуудалгүй гэж тогтоосон.

-Жаргалант сум Улаанбаатар хотоос 135 км зайтай. Бусад сумыг бодвол нийслэлтэй нэлээд ойр байдаг тул хүн ам нь харьцангуй олон, хөгжил нь ч тэр хэмжээгээр илүү болов уу?

-Манайх атрын анхны сум гэж би ойлгодог. Газар тариалангийн эргэлтийн талбай 38.9 мянган га. Үүний 80 гаруй хувийг ашиглаж байгаа. Зах зээлийн үед газар тариалан уналтад орж, нэлээд хэсгийг нь ашиглаж чадахгүй байсан ч өдгөө жилд 18.000 орчим га газарт үр тариа, төмс, хүнсний ногоо тарьдаг болсон. 14.000-15.000 га газарт уринш хийнэ. Ингэхээр 33.000 орчим га газрыг нь ашиглаж байна гэсэн үг. Нийт 7000 орчим хүн амтай. 4000 нь сумын төвд амьдардаг. 90-ээд аж ахуйн нэгжтэй, үүнээс 60 гаруй нь тогтмол, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Иргэдийн амьжиргааны түвшин сайн. Манайхан маш хөдөлмөрч хүмүүс.

-Хүн амын хэчнээн хувь нь газар тариалан эрхэлж байна вэ?

-Иргэдийн 90 орчим хувь нь газар тариалан эрхэлж байна. Бүх өрх хашаандаа ногоо тарьдаг. Хашаандаа ногоо тарьж буй хүмүүсийг тооцохгүйгээр газар тариалан эрхэлж байгаа нь 90 хувь шүү. Манай суманд газар 2.7 метр гүн хөлддөг. Түүнээс доош 3.5-4 метр гүнд зоорь ухаж, ногоогоо хадгалдаг. Нэг зоорь 10 тн багтаамжтай. Түүнээс илүү багтаамжтай болговол ногоо муудна. Энд хадгалдаг ногоогоо өвөл нь Улаанбаатар оруулж ирж зардаг. Манай сумын олонх өрх ингэж амьдардаг. Төмсний ургац хураалтаар Төв аймаг улсад тэргүүлдэг. Сумаар яривал манайх улсад тэргүүлдэг юм. Сүүлийн 3-4 жилд 2000 гаруй га талбайд төмс тарьж байгаа. 2012 онд 2000, 2013 онд 2500 га-д төмс тарьсан. 2012 онд улсын хэмжээний төмсний дөрөвний нэгийг нь манай сум хураасан. Намар сумын хүн ам 10.000-д хүрдэг. Тариа, төмс хураалтад оролцохоор Дундговь, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн сумдын иргэд намар манай суманд ирж, ургац хураалтад оролцож, төмс түүдэг. Ухагчаар төмс гаргаад хүмүүс түүнийг нь түүн шуудайлж мөнгө олдог. Энэ жил нэг шуудай төмсийг 1000 төгрөгөөр түүлгэсэн. Бусад газрын иргэд манайд ирж, төмс түүхээ “Солонгос явлаа” гэж ярьдаг гэсэн. Ирээд 4-5 жил болсон хүн ч бий.

Аймгийн Засаг даргатай зөвшилцөн, яамнаас зөвшөөрөл авч, сургуулиа долоо хоног хааж, 6-12 дугаар ангийн хүүхдүүдийг ургац хураалтад оролцуулах зэргээр намрынхаа ажлыг нугална даа. Сумын төвийн 12 жилийн сургуульд 1200 хүүхэд сурдаг. Сумын төвөөс алслагдсан хоёр багт бага сургуультай. Нэг нь 200, нөгөөх нь 50 хүүхдийн багтаамжтай. -Газар тариалангийн бүс нутгуудад бэлчээрийн даац хэтрэх нь томоохон асуудал болсон. Танайд нөхцөл байдал ямар байна вэ? -2013 оны тоогоор 146.000 малтай. Энэ жил 10.000 гаруй төл авсан тул 160.000 орчим малтай болж, бэлчээрийн даац 2.9-3 дахин хэтэрсэн. 186.6 мянган га нутагтай. Үүний 38.9 мянган га нь газар тариалангийн бүс нутаг, 36.000 га нь ойн сан бүхий газар, 96.000-100.000 га нь малын бэлчээр. Малчдын өвөлжөө тариалангийн талбайн хажууд байдаг. Хуучин технологиор тариан түрүүг авахад үлдсэн сүрлийг мал идэж өвөлждөг байсан бол өдгөө технологи өөрчлөгдөж, хөрсөө хамгаалахын тулд сүрлийг жижиглээд, талбайдаа цацдаг болсон. Тариан талбайд мал оруулахгүй байх ёстой ч байнга зөрдөг.

-Малаа өсгөх, эсэх нь иргэдийн хувийн асуудал болохоор арга хэмжээ авч чадахгүй байсаар ийм байдалд хүрэв үү?

-Дээхнэ үед газар тариалангийн 38.9 мянган га газрыг 100 хувь ашигладаг байхад манай сумын мал 45.000-46.000 байсан. Үүний дийлэнх нь сангийн аж ахуйнх, 10 орчим хувь нь хувийн өмч байсан тул бэлчээрийн асуудлыг зохицуулахад амар байсан байх. Одоо бол иргэдийн хувийн өмч учир тэдэнд заах эрх сумын Засаг даргад байхгүй. Тариагаа сүйтгүүлэхгүйн тулд зохицуулалт хэрэгтэй байдаг ч сум, аймгийн удирдлагуудын эрх, хэмжээнээс хэтэрсэн. Хаврын тариалалтаас эхлээд намар тариа хураалт дуустал газар тариалангийн бүс нутагт мал байж болохгүй гэж аймгийн болон сумын Засаг дарга захирамж гаргадаг ч намар тариа хураалт дуусаагүй байхад малчид өвөлжөөндөө буудаг. Энэ нь маш олон шалтгаантай. Газар бараг байхгүй болохоор бага газар өгдөг тул бэлчээрийн гарц дуусаад мал идэх юмгүй болно, мөн есдүгээр сар гарч, сургууль, соёл бараадаж байна гээд өвөлжөөгөө бараадаад буучихдаг. Тэгээд нөгөө малчид малаа харахгүй, тарьсан ногоо, үр тариаг нь мал идэж, маргаан дагуулдаг. Жил бүр л ийм зүйл болдог. Үүнийг бид зохицуулж чадахгүй байгаа.

-Гарц байхгүй гэсэн үг үү?

-Сэлэнгэ аймаг тэр чигтээ газар тариалангийн бүс. Төв аймаг 27 сумтай. Үүний 11 нь тариан талбайтай. Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалан эрхэлдэг бүх сумын бэлчээрийн даац хэтэрсэн. 1990-ээд оны эхэн, дунд үеэр баруун аймгуудаас маш олон айл нүүж ирсэн. Ингэхдээ бүгд малаа туугаад ирснээс бэрхшээл үүсэж эхэлсэн. Газар тариалан, мал аж ахуйгаа зэрэг хөгжүүлэх бол төр, засгаас хууль, журам гаргах хэрэгтэй. Миний бодлоор газар тариалангийн бүс нутгийг нарийн тогтоож, малтай иргэдэд эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх шаардлага тавих хэрэгтэй юм. Эрчимжсэн мал ахуй гэдэг нь үүлдэр угсааг сайжруулахаас гадна суурин болгох. Яг суурин болгодоггүй юм гэхэд хагас суурин маллагаанд шилжиж болно.

-Малынхаа үүлдэр, угсааг сайжруулах тал дээр сумынхан анхаарч байгаа юу?

-Би өнгөрсөн жилээс эхлээд малтай хүнийг сумандаа шилжүүлж авахгүй байгаа. Үүгээрээ би хууль зөрчиж байгаа ч авахаар бүр илүү асуудал үүснэ. Тийм боломж ч алга. Төв аймгийн Баянцагаанаас илүү нугаламтай хонь авъя гэхэд “Энэ жил чадахгүй. Ирэх жилээс өгье” гэсэн.

-Цаашид нэн даруй хийх шаардлагатай ямар ажил байна вэ?

-1960-аад оны үед Усны аж ахуйн яамны сайд байсан Барсболд гэдэг хүн манайд услалтын томоохон систем хийсэн юм билээ. Ажиллуулахгүй л байгаа болохоос биш, одоо ч бий. Энэ системийг өмч хувьчлалын үеэр төрд авч үлдэлгүй, хувь хүнд өгч, тухайн үеийн аймаг, сумын удирдлагууд алдаа гаргасан байдаг юм. Хувьчилж авсан хүн нь өдгөө түүнийгээ ажиллуулж чадалгүй байсаар эвдэрсэн. Одоо нэн даруй хийх ёстой зүйл бол түүнийг төрд буцааж авч, засаад ашиглах. 300 орчим га талбай услах хүчин чадалтай систем шүү дээ. Энэ газарт усалгаатай хүнсний ногоо тарьж, төр, засгийн зориод буй хүнсний ногооныхоо хэрэгцээг дотооддоо 100 хувь хангах зорилгод хүрэхэд нэг алхам ойртуулж болно. Уг системийг эзэмшигч засаад, ажиллуулж чадахгүй мөртлөө буцаагаад төрд зарах бодолтой. Тухайн үедээ огт мөнгө гаргаагүй, хувьчлалын ягаан, цэнхэр тасалбараар авсан юм билээ. Одоо зарна гээд маш өндөр үнэ хэлдэг. Сум байтугай манай төр, засаг ч дийлэхгүй байж магад.

Ч.МӨНХЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД