“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

2014 оны 11 сарын 06

-Ирэх онд эдийн засгийн өсөлт саарч, хямралтай нүүр тулна гэж шинжээчид таамаглаж байна. 2015 оны төсвийн төслийн хямралыг давж гарах түвшинд боловсруулж чадсан уу?

ТӨСВИЙГ ӨӨДРӨГӨӨР ТӨСӨӨЛСӨН БАЙНА

Б.Энхтуяа (ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн удирдлагын салбарын профессор): -Сангийн яамнаас танилцуулж буй төсвийн төсөл нь эдийн засаг тогтворгүй энэ үед боловсруулсан гэхэд нэлээд өөдрөг болсон байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засагт бий болж байгаа үр дагаврууд, манай улсын экспорт голлон ногддог орнуудын сүүлийн 4-5 жилийн эдийн засгийн өсөлтийг авч үзвэл ийм өөдрөг байдлаар төсөөлж гаргах нь тийм ч зохимжтой биш гэж бодож байгаа. Хэдийгээр төсвийг өөдрөг байдлаар төлөвл өж болох ч эдийн засгийн бааз суурь, нөхцөл байдал, эрсдэл хэр байгаа вэ гэдгийг харгалзаж үзэх ёстой. Гадаад болон дотоод зах зээл дэх эдийн засгийн орчин, нөхцөл байдлыг системээр нь авч үзэхгүйгээр зөвхөн жил бүр боловсруулдаг төсвийн орлого, зарлагын тухай асуудал гэсэн утгаар хандаж болохгүй. Манай улсад дунд болон урт хугацааны эдийн засгийн бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, түүний залгамж халаа дутагдалтай байна. Төслийг мэргэжлийн түвшинд боловсруулахдаа бүхий л үндэслэлийг харгалзаж чадаагүй байгаа. 2015 оны төсвийн гүйцэтгэл сайн үр дүнтэй болж чадна гэж харахгүй байна. Дунд болон урт хугацааны эдийн засгийн бодлого хоорондоо уялдахгүй энэ хэвээр байвал өнгөрсөн хугацаанд хүрсэн эдийн засгийн өсөлтийн түвшин хэвээр хадгалагдана гэдэгт ч судлаач хүний хувьд эргэлзэж байна.

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ “ЕГҮҮТГЭЖ” БОЛОХГҮЙ

Д.Лхагвасүрэн (УИХ-ын даргын зөвлөх, Канадын “Конкордиа” их сургуулийн профессор, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш): -Одоогийн нөхцөл байдлыг хямрал гэж ойлгох нь нэлээд эргэлзээтэй. Эдийн засаг хямарч байна гэхээс илүү бизнесийн мөчлөгийн уруудаж буй үе гэж ойлгох хэрэгтэй. Манайх шиг хөгжиж буй орнуудад бизнесийн мөчлөг арай урт хугацаагаар үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, АНУ, ХБНГУ, Франц зэрэг хөгжсөн оронд бизнесийн мөчлөг богино хугацаанд хэлбэлзсэн шинжтэй байдаг бол, харин манайх шиг хөгжиж буй оронд энэ нь дунд хугацаанд эдийн засгийн чиг хандлага өөрчлөгдөх маягаар явагддаг. Манай эдийн засгийн дунд хугацааны чиг хандлагын өөрчлөлт хэр гүнзгий явагдахыг одоо мэдэхэд хэцүү. Бизнесийн мөчлөгийг дууссаны дараа хүмүүс тодорхойлдог. Жишээлбэл, АНУ-д Үндэсний эдийн засгийн товчооноос нь “Эдийн засгийн бууралт гурван сарын өмнө дууссан” гэдэг мэдэгдэл гаргадаг. Бид хямралын талаарх ойлголтоо цэгцлэх хэрэгтэй. Төсөв дотоодын бизнес рүү чиглэсэн байвал илүү оновчтой байх болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дотоодоос худалдан авах бодлого баримтлах талд дутуу анхаарсан. Мөн эдийн засгийн өсөлт удааширсан үед Засгийн газрын зардлыг танах нь сөрөг үр дагавартай. Эдийн засгийн уналтын үед дэлхийн олон орон Засгийн газрын зардлаа өсгөх бодлого барьж, ажлын байр бий болгож, ажилгүйдлийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зардал нь эдийн засгийн мөчлөгийн эсрэг хөдөлгөөнтэй буюу counter-cyclical байх нь элбэг байдаг. Эдийн засгийн өсөлт удааширсан үед Засгийн газар ирэх онд бүсээ чангалж байна гээд дотоодын үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ “егүүтгэж” болохгүй. Энэ чиглэлээр нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, өнгөрсөн жилүүдэд Засгийн газрын зардал өндөр байсан нь эдийн засгийн өсөлтийг сааруулахгүй сайн нөлөө үзүүлсэн нь дамжиггүй.

ТӨСВИЙН ГАДУУРХ ЗАРДЛЫГ ТООЦСОН НЬ ДЭВШИЛТТЭЙ ТАЛ ЮМ

Д.Баярмаа (Бие даасан судлаач, докторант): -2015 оны нэгдсэн төсвийг Монгол Улсын эдийн засгийн төлөв байдалтай харьцуулахад нэлээд өөдрөг байдлаар төсөөлж боловсруулсан. БНХАУ-ын эдийн засгийн удаашрал, Монгол Улсын уул уурхайн экспорт ба гадаадын хөрөнгө оруулалтын бууралт, төлбөрийн тэнцлийн алдагдал, валютын ханшийн дарамт зэрэг нөхцөл байдлыг тусгаагүй. Тухайлбал, 2014 онд Монгол Улсын уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүнүүд (алт, нүүрс, зэс)-ийн экспорт төл өвлөсөн хэмжээнээс ихээхэн доогуур байна. Ийм нөхцөлд ирэх оны төсвийн орлогын хэмжээг өөдрөг байдлаар төлөвлөсөн. Нийт төсвийн 80 хувийг татварын орлогоос бүрдүүлж байгаа. Улсын төсвийн орлого бүрдүүлэлт дэх хамгийн ач холбогдолтой татварын нэг нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар юм. Засгийн газрын орлогын бүрдүүлэлт энэ тал дээр нэлээд сул байгаа.

2014 оны байдлаар Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн дөнгөж 25 хувь нь ашигтай ажилласан гэсэн тооцоо байна. Үүний цаана аж ахуйн нэгжүүд татвараа нуун дарагдуулах, тайлангаа өгөхгүй гэх асуудлууд байдаг. Засгийн газар татварын орлого бүрдүүлэлтийг боломжит түвшинд нь байлгах хэрэгтэй. Төсвийн орлогыг сайн бүрдүүлж байж зарцуулалтдаа нөлөөлнө. Засгийн газрын гол зорилго нь урсгал зардлаа таслахгүй байх явдал юм. Өмнөх оны төсөвтэй харьцуулахад урсгал зардлыг 15 хувиар өсгөж, хөрөнгийн зардлыг 26 хувиар бууруулсан байна. Өөрөөр хэлбэл, урсгал зардлын тэлэлт үргэлжилж, хөрөнгийн зардал төсвийн зарлагыг бууруулах шаардлагын ихэнх хэсгийг өөртөө үүрсэн. Урсгал зардлын өсөлтөд цалин хөлс, тэтгэврийн нэмэгдэл ба зээлийн үйлчилгээний төлбөрийн өсөлт нөлөөлж байгаа. 2015 онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 500 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар төлөвлөсөн. Цалин, тэтгэврийг нэмэхдээ инфляцыг хөөрөгдөхгүй байх бодлого давхар барих хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд улсын өр нэмэгдсэнтэй холбоотойгоор урсгал зардал дахь зээлийн үйлчилгээний төлбөрийн хувийн жин тасралтгүй өссөн бөгөөд 2015 онд нийт урсгал зардлын 11.5 хувийг зээлийн үйлчилгээний төлбөрт зарцуулахаар байна. Эдийн засаг удааширч байгаа үед “бүсээ чангалах” нь зөв. Гэхдээ аль зардлаа танах вэ гэдгээ сайн бодох ёстой. Ирээдүйгээ бодвол урт хугацаанд өгөөж бий болгох үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулах нь зүйтэй. Гэтэл жил бүр аргацаасан байдлаар яваад л байдаг.

Өмнөх жилүүдэд төсвийн гадуурх зарлага буюу Хөгжлийн банкаар дамжуулан санхүүждэг хөрөнгө оруулалтыг төсөвт тусгаж тооцдоггүй гэсэн шүүмжлэл байсан. Тэгвэл дээрх зарлагыг төсөвт тооцдог байхаар хуулийн төсөл боловсруулсан нь ирэх оны төсвийн дэвшилттэй тал юм. Гэхдээ Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжих хөрөнгө оруулалтыг төсөвт тусгах арга зүйн асуудлыг зөв шийдэх хэрэгтэй. Ирэх оны нэгдсэн төсвийн төсөлтэй холбоотойгоор Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт хийхээр төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслүүдийг төсвийн байдалд нийцүүлж боловсруулсан. Тухайлбал, Тогтвортой байдлын тухай хуульд улсын нийт өрийн өнөөгийн үнэ цэнэ ДНБ-ий 40 хувиас хэтрэхг үй байх ёстой гэсэн тусгай шаардлага бий. Гэтэл дээрх шаардлагыг хангахгүй болоод ирэх үед Засгийн газрын өрийн нэрлэсэн үнэ ДНБ-ий 70 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж өөрчилсөн хуулийн төсөл өргөн барьсан байх жишээтэй. Гэхдээ энэ хуулийн төслүүдийг буцаасан гэж Сангийн яамны мэргэжилтнүүд хэлж байна.

Ц.БОЛОР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД