27 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛЛАА

2014 оны 11 сарын 06

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг өчигдөр УИХ шийдлээ. АН-ынхны “түгжлүүд”-тэйгээ хийсэн зөвшилцөл үр дүнд хүрээгүй нь Байнгын хорооны хуралдааны шийдвэрээс л ил байв. Хэлэлцүүлгийн үеэр тэд эсэргүү гишүүддээ хэчнээн ухуулж, гуйгаад ч нэмэр болсонгүй. 09.30 цаг. Товлосон хугацаанаасаа цагаар хоцорч Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдав. Үүгээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх байлаа. УИХ-ын 28 гишүүн гарын үсгээ зурсан тогтоолын төслийг Д.Хаянхярваа уншиж танилцуулсан. Тэд дөрвөн үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэж үзсэн. Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэж эдийн засаг доройтож, улс өрийн дарамтад орсон гэдгийг тэнд дурджээ.

Мөн Ерөнхий сайдын төрсөн охины хэрэг, хүргэн дүүгийнх нь компанийн болон ахлах зөвлөхийн асуудлыг хамаатуулж, огцруулах шалтгаандаа нэгтгэсэн байлаа. Тэрбээр “Ерөнхий сайдын гэм буруутайг хуулийн байгууллагууд тогтоосноо мэдэгдсэн. Тиймээс түүнийг огцруулсны дараа энэ хэргийг холбогдох байгууллага шалгана уу” гэлээ. Д.Эрдэнэбат: -Гишүүд баталгаатай мэдээлэл ашиглах хэрэгтэй. Хүн бүр өөр өөр тоо ярьчихаад ёс зүйн хариуцлага хүлээдэггүй. Шүүхээс гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад урьдчилсан байдлаар “Буруутай” гэж хэтийдсэн дүгнэлт хийх ёсгүй. Ер нь Үндсэн хууль зөрчсөн иймэрхүү тогтоолыг Байнгын хороо цаашид хүлээж авахгүй байх хэрэгтэй.

Р.Гончигдорж: -Бид ард түмний төлөөлөл учраас үнэн, зөвийг ярих үүрэгтэй. Эдийн засаг, банк санхүүгийн нөхцөл байдлыг гишүүд эрх бүхий байгууллагаас нотолсон тоо, баримтад тулгуурлан ярих ёстой. Тэгэхгүйгээр хүмүүсийг айдаст автуулсан тоо хэлж байна. Та нарын дэвшүүлсэн үндэслэл, танилцуулгад шүүхээр буруутайг нь тогтоогоогүй цагт гэмтэн болохгүй, гэм бурууг бусдад халдаан тооцохгүй гэсэн хоёр том зарчмыг зөрчсөн байна. Гишүүд чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага үүрэхгүй гэсэн эрхээр халхалж, худал тоо баримт хэлж, бусдын нэр хүндэд халдах учиргүй.

Р.Бурмаа: -МАН-ынхны тавьсан үндэслэлийг биш, Монгол Улсын баатар, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийн уриалгыг дэмжиж би Ерөнхий сайдыг огцруулах санал өгнө. Ерөнхий сайд нам, төрийн байгууллагын үйл ажиллагааг хутгасан гэрээ хийсэн баримтад тулгуурлан ийм сонголт хийнэ. Үүний дараа Ерөнхий сайд “Учир шалтгаан байгаа бол эдийн засгийн болон бусад асуудлаар ярилцахад буруугүй. Харин Засгийн газарт ороогүйнхээ төлөө өс санаж асуудалд хандан, ажил гацаасанд харамсаж байна. Дөрөвдүгээр үндэслэл дээр ардчиллыг анхнаас нь байгуулахад оролцсон хүний хувиар эмгэнэл илэрхийлье. АТГ хэний ч юм захиалгаар мэдэгдэл хийснийг УИХ нь өлгөж аваад, шүүхээр тогтоогоогүй байхад бусдыг гэм буруутай хэмээн огцруулах үндэслэл болгож байна. Ардчиллыг нухчин дарж, 1937 оны хэлмэгдүүлэлтээ сэргээх гээ юү. Тиймээс би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана. Хаянхярваа гишүүн ээ, амьдрал баян. Та ч олон хамаатантай байх. Тоглоом тоотой нь дээр. Толгой дээр чинь энэ асуудал эргэж бууж мэднэ шүү” гэлээ. Ингээд санал хураахад 17 гишүүний 11 нь огцруулахыг дэмжсэнээр Н.Алтанхуяг эхний шатандаа бүдрэв. АН-ын бүлгийн дарга будилсан уу, өөрийнх нь тайлбарласнаар техникийн саатал гарсан уу, огцруулахыг дэмжсэн санал өгч орхиод цахим ертөнцөөр шүүмжлэл дуулжээ. Эвслийн бүлгээс Л.Цогоос гадна Г.Уянга эсрэг санал өгсөн юм.

11.25 цаг. Хэн нэг сайд огцруулах болохоор ирц бүрддэг ёсоор 66 гишүүн ажилдаа ирснээр УИХ-ын чуулганы хуралдаан эхлэв. Гэхдээ МАНын ирц 100 хувь атал АН-ын тал “алаг цоог” байсан нь шийдвэрийг үндсэндээ тодруулчихсан. “Шонхор” фракцын гишүүд чуулганы хуралдаанд ирсэнгүй. Тэд эсрэг санал өгч намаасаа хөөгдөхийн оронд зүгээр л санал хураалтад оролцохгүй байх “мэргэн” сонголт хийжээ. УИХ-ын дарга З.Энхболд, Р.Амаржаргал, Д.Батцогт нар фракцаа төлөөлсөн байлаа. Харин Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Д.Арвин нар “гадуур ажилтай” байсан бололтой. Тэднийг оролцсон ч, эс оролцсон ч МАН-ынхны үйлдлийг дэмнээд өгөх ирц хангалттай байсан учраас “бөөрөнхий” сонголт хийхийг илүүд үзжээ. МАН-ын гишүүн Д.Хаянхярваа огцруулах тогтоолын төслийг танилцуулсны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат санал, дүгнэлт уншив. Засгийн газар хоёр жилийн хугацаанд хангалттай сайн ажилласан, өмнөх гүйцэтгэх засаглалуудын олон жилийн турш ярьсан замыг энэ хугацаанд тавьсан гэх мэтээр хийсэн, бүтээснээ онцолжээ. Мөн “АН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй” гэсэн юм. Үүний дараа гишүүд асуулт тавьж, саналаа хэлэв.

О.Баасанхүү: -Танилцуулгад Ерөнхий сайдыг шалгах хэрэгтэй гэжээ. Яагаад АТГ, шүүхийнхнийг дуудаагүй юм. Асуух зүйл байна. Хамаатан нь тэгсэн, ингэсэн гэсэн байна, ямар хамаатай юм бэ. Д.Оюунхорол Завханд мөнгө идсэн гээд байсан, Н.Номтойбаярын хэрэг юу болов. Бүгдийг нь асуумаар байна.

А.Бакей: -Хуулийн байгууллагаар нотолсон баримтад тулгуурлан ярих хэрэгтэй. Хамаатан болон бусад хүний асуудлыг хуулийн байгууллага шалгаад буруутай бол хариуцлагыг нь хүлээлгэнэ. Ялгаатай асуудал. Тиймээс хуулийн байгууллагынхан байх шаардлагагүй гэж үзсэн. Ер нь шүүхээр тухайн хүнийг буруутай гэж үзсэн ч түүний гэмийг бусдад нь халдаан хэрэглэхийг хориглодог.

Л.Цог: -Хоёр намын даргын хийсэн гэрээ Үндсэн хууль зөрчсөн. Гишүүний бүрэн эрхэд халдсан, нам, төрийн ялгааг хутгасан гэрээ болсон. Одоо энэ чинь хүчинтэй юм уу. Та бүлэг дээрээ өөр зүйл ярьсан байна лээ. Мөн “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг, ЦЕГ-ын дарга нарыг ажлаас халсан шалтгаанаа тайлбарлаач.

З.Энхболд:-Үндэслэлд ийм асуудал байхгүй. Ерөнхий сайд хариулахгүй байж болно.

Н.Алтанхуяг: -Хоёр намын гэрээ энэ асуудалтай хамаагүй. Ажлын хэсэг гараад дахин ажиллахаар болсон. Ц.Сэдванчиг Засгийн газрын өмнөөс дур мэдэн баталгаа гаргасан, Т.Билигт хууль бусаар тагнаж, чагнасан байсан учраас халсан. Таныг Хууль зүйн сайд байхад УИХ-ын гурван гишүүн казиногийн хэргээр ял авсан. Ийм зүйл бүү давтагдаасай гэж арга хэмжээ авсан юм. Үүний дараа гишүүд санал хэлэв. 30 гаруй хүн нэрээ өгчээ.

З.Баянсэлэнгэ: -Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар удаан зөрчилдлөө. АН-ынхныг тохиролцсон гэж бодсон ч үгүй юм байна. Гишүүдэд “Чуулганд битгий ирээрэй” гэсэн мессеж иржээ. Түүнийг нь МАН-аас явуулсан юм билээ. Ирээгүй гишүүд улс орон, намынхаа эрх ашгийг хойш тавьсан юм байна. Фракцын зөрчил гаарлаа, УИХын 76 гишүүн яагаад нэгдээд ажиллаж болдоггүй юм. Шүүх тогтоогоогүй байхад гэм буруутай гэж мэдэгддэг, хамаатных нь хэргийг өндөр албан тушаалтанд нялзаадаг болсон байна.

Ц.Оюунгэрэл: -Өргөн барьсан тогтоолын дөрөвдүгээр заалт ноцтой юм. Үүн дотор Лхүмбийн хэргийг санагдуулам зүйл байна. Хүний эрхийг зөрчиж, албан тушаалтны төрийн албанд ажиллаж буй хамаатнуудыг шалгадаг болох нь. 1937 оны хэлмэгдүүлэлтээ ХХ зуунд нь яагаад булшилж болдоггүй юм. МАН оруулж ирсэн асуудал бүртээ бусад хүнийг хамаатуулж, эрхийг нь зөрчиж байгаад зэвүү хүрч байна. АТГ нь зохиомол хэрэг гаргаж, УИХ түүнийг нь хэлэлцдэг боллоо. Цэвэр улс төр хий. Одоо бохир улс төр хийж, товчлуур дарах нь.

Г.Уянга: -Байнгын хорооны хуралдаанд эсрэг санал өгсний төлөө зарим хүн баярлаж, зарим нь гомдсон гэж ярилаа. Би хэн нэгнийг баярлуулах, эсвэл гомдоох гэж ийм алхам хийгээгүй. Олон ч хүнтэй уулзаж, өөрийгөө удаан зовоож бодсоны эцэст итгэл үнэмшлээрээ ийм шийдвэр гаргасан. Би АН, МАН-ын аль ч талын хүн биш. Өнөөдөр байдал ийм болсонд АН, МАН хоёулаа буруутай. Анх Засгийн газар байгуулагдахад “Энэ Засгийн газрыг огцруулбал Үндсэн хуулийг өөрчлөхөөс өөр зам үлдэхгүй” гэдгийг хэлж байсан. Одоо Ерөнхий сайд огцорвол Монгол Улсад Засгийн газар байгуулах боломж шавхагдана.

Д.Лүндээжанцан: -Хоёр зүйлд санаа их зовж байна. Бонд босгож, мөнгө олж ирсэн нь сайн ч эргээд яаж төлөх вэ. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэдэг. Монгол Улс таргалахгүй болчихжээ. 2016 оноос бондын хүү, дараа жилээс нь үндсэн өр төлөөд эхлэхээр яах вэ. Мөн валютын ханш санаа зовоож байна. Үүний горыг бүх хүн амслаа. Одоо арай ухаантай хүмүүс гаргаад энэ алдааг засъя. Дөрвөн жилийг нь дуусга гэвэл түүнийг чинь зарим хүн хүлээж дийлэхгүй. 2016 онд яахаа олон талаас нь бодох хэрэгтэй учраас огцруулахыг дэмжиж гарын үсгээ зурсан. Түүнээс албан тушаал горилсон хүсэл надад лав байхгүй.

А.Бакей: -Улстөрчдийн хэн нь хэн бэ гэдгийг таних ганц арга нь албан тушаал болжээ. Үүний араас хөөцөлдсөн тойрог дунд бид 20 гаруй жил явлаа. АН-аас сонгогдсон журмын нөхдөдөө “Гэр рүүгээ чулуу нүүлгэж, шатаах гээд байгаа юм биш үү” гэж хэлье. Журмын нөхөд минь та нар албан тушаал горьдож байгаа ч улс орноо бодож шийдээсэй. Цаашид фракцгүй АН-ын төлөө явах ёстой. Үүний горыг 2016 онд бид л амсана шүү дээ.

Л.Цог: -Энд Ерөнхий сайдын ёс зүй, улс төрийн хариуцлагын тухай ярьж байна. Та түрүүн Байнгын хорооны хурал дээр Хаянхярвааг заналхийлсэн маягтай ярьсан. “Шүүхэд өгнө” гэсэн нь төсөл өргөн барьсан гишүүдийг хэллээ гэж ойлгогдсон. Бид 28 танаас улс төрийн хариуцлага л нэхэж байгаа. Хууль зүйн сайд байхдаа би тэр гурван гишүүнийг шалгуулах хэрэгтэй гэж бодсон юм. Одоо болтол та намайг занаж явдаг юм байна.

Ж.Батзандан: -Нэг фракц биш, гурван намын төлөөлөл болсон гишүүд Ерөнхий сайдыг огцруулъя гэсэн. Монгол Улс Парламентын засаглалтай. Засгийн газрыг огцрууллаа гээд тогтворгүй байдал үүсэхгүй. Хариуцлагатай, ёс зүйтэй төрийн төлөө ийм алхам хийж байгаа юм. Олон аж ахуйн нэгж дампуурч, иргэдийн худалдан авах чадвар буурсан нь огцруулахад хангалттай үндэслэл.

С.Оюун: -УИХ-д 10 гаруй жил суулаа. Сүүлийн үед гишүүд аливааг байнга болохгүй, бүтэхгүй гэдэг болжээ. Олонхийг бүрдүүлж байгаа гишүүд нь эсрэг зүйл ярьж байна. УИХ дээр нэгийгээ луйварчнаар нь дуудсаар “Луйврын үүр” гэсэн ойлголт нийгэмд өгчихлөө. Ерөнхий сайд танхимаараа гар нийлж, сэтгэл гарган ажилласан. АН доторх цөөнх нь МАН-тай нийлж Засгийн газраа унагах тухай ярьж буй нь улс төрийн соёлгүй хэрэг.

Р.Гончигдорж:- Ерөнхий сайдыг огцруулснаар эдийн засаг сайжрах уу, өр алга болох уу. Үүнийг яаж засах юм. Оронд нь хууль, бодлогоо сайжруулах, төсвөө батлах тухай ярих ёстой. Сандал ширээ тойрсон улс төр чинь Монголыг муухай харагдуулж байна.

Д.Тэрбишдагва: -2008 оноос хойш УИХ-ын ажил хэрэгч чанар суларсаар байгаа. Сүүлдээ төрийн ажил мэдэхгүй, ард түмэнтэй уулзаж, санал бодлыг нь сонсож ч үзээгүй хүмүүс гишүүн болж байна. Ард түмэн сонголтоо зөв хийх хэрэгтэй болжээ. Засгийн газрыг огцруулснаар хямрал яаж гүнзгийрэхийг АН-ын фракц хөөдөг хүмүүс бодооч.

Р.Бурмаа: -25 жилийн өмнө эхлүүлсэн ардчилал маань буруу замаар явж байхад бид засахгүй бол хэн засах вэ. Энэ бол бидний үүрэг, УИХ-ын гишүүн болохдоо өргөсөн тангаргаа биелүүлэхийг гишүүдэд уриалж байна.

Д.Эрдэнэбат: -Төр улс тогтвортой байх ёстой. Засгийн газарт алдаа байж болно, гэвч эдийн засгийн хүндрэлийг давахын тулд хамгийн сайн ажилласан. Нам гэхээс илүү олигархи, хоорондоо хуйвалдагчид улсыг үймүүлж байна.

С.Баярцогт: -Цөөнхөөс болж огцорсон Засгийн газар байдаггүй учраас би МАН-ыг буруутгахгүй. Зөвхөн Засгийн газрыг хамтарч байгуулсан намууд л огцруулах эсэхийг шийддэг. Асуудлыг товчлуураар шийддэг зарчмаас цаашид татгалзах ёстой. Ингэж Засгийн газрыг унагаасны дараа ардчиллын амин сүнс болсон нам дандаа задарч, намуудын төлөвшил буурдаг. Монголчууд хуваагдаж, гаднынхны золиос болдог. 10 хоногийн завсарлага авчихаад зөвшилцөж чадалгүй, асуудлыг товчлуураар шийдэх гэж буй нь АН-ын эмгэнэл. Уг нь асуудлаа бид дотроо шийдэх байсан юм. Надад 1996-2000 оны эмгэнэлт түүх санагдаж байна. Энэ үйл явдал улсын хөгжлийг 10-20 жилээр хойш татсан. Анхнаасаа үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах байсан юм. Азгүй нь АН засаг барих үед эдийн засгийн хямрал таардаг. Одоо олонх л сонголт хийнэ. Гарах үр дүнг гишүүн бүр бодоосой, улс төрийн гүнзгий хямрал бүү дуудаарай.

Д.Дэмбэрэл: -Хариуцлага тооцож, Ерөнхий сайд огцрохоор тогтворгүй байдал үүсдэг юм уу. Бид асуудалд хувийн итгэл үнэмшлээр хандсан болохоос төрд хар буруу санаагүй. Хаянхярваагаар дамжуулаад Ерөнхий сайд биднийг сүрдүүллээ. Олон ноцтой мэдэгдлийг хуулийн байгууллага хийсэн учраас шалгуулъя гэсэн. Энд нэр төр сэвтэх юу байна. Харин ч огцруулаад шалгуулах хэрэгтэй. Бид асуудлаа зөв тавьсан.

Х.Тэмүүжин: -Товчхон гурван санал хэлье. УИХ-д эрсдэлийг бууруулах үндэслэл, тооцоог үй хэлэлцүүлэг өрнүүлсэн хоёр жил өнгөрлөө. Иргэд арай дөнгүүр гээд л энэ 76-г сонгосон. Гэтэл тэд бодлого ярьсангүй. Нэгнийхээ улыг шагайж, сандал суудал ярих болохоор бөөнөөрөө ирдэг. Жаахан ч гэсэн бодлого ярих гэхээр суух хүн ховорддог. Хэмлэлдэх бүртээ бид хохирч, хожил нь гадаа тусаж байна. Харамсалтай байна. Ажил ярих болов уу гэхээр ах, дүүгээ ажилд оруулах тухай хэлдэг атлаа энд шударга ёс ярьж, жүжиглэж байгаа хүмүүс харамсалтай байна. Засгийн газрыг унагах эсэх нь олонхийн шийдэх асуудал. Гэтэл бий болгосон цав АН-ыг, бидэнд итгэсэн олны итгэлийг цуулж байна. Дараа нь ямар нүүрээрээ “Бид ийм ажил хийнэ” гээд очих юм бэ, харамсалтай байна. Та нарын гаргасан цав ангал үүсгэж байна. Үүн дээр гүүр барих эсэх нь ч эргэлзээтэй. Хэрэв гүүр барихгүй бол энэ улсад ирээдүй алга. Өөр хэлэх зүйл үнэхээр алга.

Ц.Даваасүрэн: -Засгийн газар огцорлоо гээд эдийн засгийн хямрал алга болохгүй. Валютын ханш өндрөөрөө, өр хэвээрээ үлдэнэ. Энэ хүн огцорлоо гээд хямралыг аваад явчихгүй. Уг нь энэ намд хариуцлагыг нь үүрүүлээд явах хэрэгтэй. Асуудалд бодолтой, тулхтай хандаарай. Гишүүд ийнхүү ярив. Дараа нь Ерөнхий сайд үгээ хэллээ. Тэрбээр хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа ярьж, санаачилсан болгоныг нь харлуулах гэж оролдож ирсэн ч тэвчиж явснаа онцолсон юм. Мөн хоёр жилийн турш эмзэглэж явсан зүйлээ уудлав. “Аавыг нь огцруулахын тулд охиныг нь, найзыг нь оролдох нь ёс зүйгүй хэрэг” хэмээн онцолсон. Түүний хэлсэн үг явахаа ойлгосон мэт байлаа. Гэхдээ эцэст нь “Бидэнд хийх ажил их бий. Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах боломж олгооч” гэсэн юм. Харин 66 гишүүний 36 нь буюу МАН-ын 26 дээр Ж.Батзандан, Л.Цог, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, М.Зоригт, Х.Баттулга, Б.Наранхүү, Р.Амаржаргал, Д.Батцогт нар огцруулах санал дарснаар Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдыг огцрууллаа. Үүний дараа тэрбээр Засгийн газрын тамгыг Шадар сайд Д.Тэрбишдагвад хүлээлгэн өгсөн юм.

С.УУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
89.235.143.18 ЕР НЬ 76 ДУРАКУУД АСУУДЛЫГ ШИИДЭЖ ЧАДАХГҮЙ,ЧАДВАР
89.235.143.18 ЭНЭ ХЭДХЭН ДУРАКУУДААС ҮНЭНДЭЭ ЗАЛХАЖ БАЙНА ШҮҮ.
103.229.120.238 hen n ch garsan adilhan bhoo gej manai neg naiz tegj helsiimdoo
49.0.155.75 Хувийн болон бүлгийн ашиг сонирхолоо бүхнээс дээгүүр тавьдаг мафийн зохион байгуулалттай Алтангадасаас л нам, засгаа авараад байна шүү дээ. Харин ч
27.123.215.222 ийм эх орон,ард түмнээ боддоггүй,цагаа
202.126.91.104 odoo dahiad suudliin alaltsaan
202.179.11.42 teneguud