Мөрөн хот хөлбөмбөгийн шинэ стандарт талбайтай боллоо

2014 оны 11 сарын 05

   Хөдөө орон нутагт хөгжил үргэлжилж байгаагийн сайхан жишээ Хөвсгөл аймгийн Мөрөн хот хөлбөмбөгийн шинэ стандарт талбайтай боллоо. Сум орон нутгийг хөгжүүлэх, иргэдэд бие бялдарын зөв хүмүүжлийг олгох, чийрэгжүүлэх, спортыг хөгжүүлэх хүрээнд Мөрөн хотын төвд хөлбөмбөгийн Европ стандарттай хиймэл зүлэгний талбайг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Энэ жилийн 6-р сард шавийг нь тавьсан 100х68 м-ийн харьцаатай хөлбөмбөгийн талбайн гүйцэтгэлийн ажлыг Г. Мөнхчулуун захиралтай Дэрэн хувьцаат компанийн хамт олон хоёр сарын хугацаанд амжилттай хийж, талбайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын захиргаа, ард иргэдэд хүлээлгэн өглөө. 

Биеийн тамир, спортыг хөгжүүлэх хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 798 сая төгрөгийн төслийн эхний ажил болох хөлбөмбөгийн Европ стандартын талбайн ажил дууссан бол тун удахгүй тратан гүйлтийн замыг тавихаар төлөвлөөд байгаа юм байна. Хөлбөмбөгийн талбайн нээлтийн ажиллагаанд Хөвсгөл аймгийн Засаг Дарга А.Эрдэнэбаатар, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Т. Болдбаатар, Хөвсгөл аймгийн ахмад хөлбөмбөгчдийн төлөөлөл, “Дэрэн” компанийн захирал Г.Мөнхчулуун, хүүхдийн хөлбөмбөгийн “Дэрэн” клубын дасгалжуулагч С. Эрдэнэбат, И. Отгонбаяр нарын албаны төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр таван тивийн сая сая хүний анхаарлыг нэгэн цагт татаж чаддаг хөлбөмбөгийн спортоор Мөрөн хотын иргэд, хүүхэд багачууд хичээллэж, дэлхийн соёл, спортын хөгжлөөс хоцролгүй эн тэнцүүхэн хөгжих бүрэн боломжийг олгосон явдалд гүнээ талархаж, их бүтээн байгуулалтыг дэмжиж байгаагаа иргэдийн зүгээс илэрхийлж байсан юм.

Талбайн нээлтийн үеэр Мөрөн хот, Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид Дэрэн клубын өсвөрийн хөлбөмбөгчидтэй шинэхэн талбайдаа тоглож, ширэн бөмбөгийн шударга өрсөлдөөний салхийг хагалсан юм. Үүгээр зочин багийн тамирчид 2:1-ийн харьцаатай ялалт байгуулжээ. Мөн Хөвсгөл аймгийн хөлбөмбөг сонирхогчид нөхөрсөг тоглолт зохион байгуулсан байна.

Ийнхүү нийслэл Улаанбаатар хотоос 600 гаруй километр алс 37 мянга гаруй оршин суугчидтай Мөрөн хот олон улсын стандарт нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болж, Монгол улсын бусад аймаг сум, нийслэл хотын ширэн бөмбөгийн хорхойтнууд, мэргэжлийн тамирчдыг өөрийн талбайдаа урьж хурд хүч, авхаалж самбаагаа сорих бүрэн боломжтой болж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД