ИХ МАСТЕР БЭЛТГЭСЭН ЭРДЭМТЭН

2014 оны 11 сарын 04

  Монгол эх оронд минь шатарчин болох хүсэл, сонирхолтой хүүхэд олширч байгаа нь тэдний дунд зохиодог тэмцээний хүрээ, оролцогчдын бүрэлдэхүүнээс улам бүр илэрхий болсоор байна. Шатрын тэмцээнд олон жаал оролцож буй нь тэднийг дэмжигч эцэг, эх, өвөө, эмээ, ах, эгч нарын эгнээ өргөжсөний илэрхийлэл. Хүмүүс, тэр тусмаа хүүхэд аливаа нэг зүйлд, тухайлбал шатарт сонирхолтой болох нь амжилтад хүрэхийн анхны алхам төдийгүй гол тулгуур болж өгнө. Сонирхолдоо хөтлөгдөөд хөдөлмөрлөж, шамддаг биз дээ. Шатарчин болоход авьяас хэрэгтэй л дээ гэх хүмүүс бий. Тэднийг буруутгах бодол алга. Ганцхан хувийн авьяасыг 99 хувийн хөд өлм өрөөр тэтгэн чулуу болдог тухай хүмүүс ярьж бичсээр буйг бид мэднэ. Тэр 99 хувийн хөдөлмөрийг үр дүнтэй зохион байгуулах тал дээр шатар сонирхогч багачуудын арын албаныхан дутуу дулимаг анхаардгаас авьяастай хүүхдүүд боломжиндоо хүртэл өсөхгүй байсаар зарим нь цайны шатарчдын эгнээг тэлж, зарим нь шатраа бараг орхих юм. Гэхдээ энэ өгүүлбэрээр Монгол оронд шатар хөгжихгүй байна хэмээн усан амлаж байгаа юм биш. Улам бүр хөгжих аятай хөрс буй болсныг бэхжүүлээсэй гэсэндээ доктор Д.Батхуягийн тухай бичихээр шийдэв. Шатрын хүрээнийнхэн түүнийг их мастер Мөнгөнтуулын эцэг, бас дасгалжуулагч нь гэдгийг андахгүй. Их мастерын аавыг бүх хүн таньж мэдэх албагүй ч хүүхдээ сайн шатарчин болгох мөрөөдөлтэй хүмүүс танилцахад гарзгүй.

Завхан аймгийн Завханмандал суманд төрж, аймгийнхаа 10 жилийн сургуулийг дүүргэн, улмаар МУИС-ийн математикийн ангийг төгсөнгүүт сургуульдаа үлджээ. Тэндээ зургаан жил багшлаад ПДС-ийн багш, тэнхимийн эрхлэгчээр сурган хүмүүжүүлэх хөдөлмөрөө үргэлжл үүлэв. ЗХУ-д 1979-1982 онд аспирантурт суралцан “Төвлөрсөн ба тархалтын параметртэй системийн зарим бодлогын удирдлагын зохимжтой байх нөхцөлүүд, тэдгээрийг хэрэглэх” сэдвээр физик, математикийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалаад ирсэн багш. Д.Батхуяг их, дээд сургууль, олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэнд 42 жил ажиллахдаа олон мянган шавьтай болсон, хэрэглээний математикаар дагнан мэргэжсэн цөөхөн мэргэжилтний нэг. Хэрэглээний математикаар шүү дээ. ШУТИС-ийн үндсэн сурах бичгийн нэг “Инженерийн математик” номын нэг, хоёрдугаар боть, “Ойролцоо бодох аргууд”, Магадлалын онол, математик статистикийн элементүүд” зэрэг 10 гаруй ном хэвлүүлснийг дурдахад зөвхөн Мөнгөнтуулын дасгалжуулагч төдий нэгэн биш гэдэг нь ойлгомжтой болно биз ээ. ОХУ-ын Москва хот дахь Олон улсын хүрээлэнд 2000 оноос найман жил ажиллаад ирсний дараа ШУТИС-ийн математикийн сургуульдаа багшилсаар байна.

Доктор, профессор Д.Батхуягийн ажлын амжилтыг үнэлж, Ардын боловсролын тэргүүний ажилтан, худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр мялааж, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаад байгаа. Математикийн ухааны докторын хувьд охин Мөнгөнтуулдаа шатрыг таван настайгаас шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зааж, тодорхой зорилготой хөтөлбөрөөр уралдаан тэмцээнд бэлтгэсээр 12 настайд нь Монгол Улсын спортын мастер, 13-тайд нь олон улсын мастер, 15 настайд нь шатрын их мастер болгосон дасгалжуулагч билээ. Энэ өгүүлбэрийг бичихдээ нөхөр Д.Батхуягийг шигшээ багийн дасгалжуулагч болгох юмсан гэсэн санааг огт агуулааг үйгээ илэрхийлье. Хамгийн гол нь шатрын багш нар сургалтаа шинжлэх ухаанд түшиглэж нягт нямбай, ойр, холын зорилготой явуулж хэвшээсэй гэсэндээ дээрх өгүүлбэрийг бичлээ. Сайн багшийн гараас л өгөөжтэй юм гарах нь мэдээж. Хэдэн жилийн өмнө “Мөнгөнтуул аравтайдаа их мастер” номон дээр Д.Батхуягтай ажиллаж байхаас эхлээд түүний бас нэг авьяасыг олж харсан минь батлагдсаар.

Сүүлийн жилүүдэд тэр шатар сонирхогч, суралцагч нарт зориулж хэд хэдэн ном туурвиад байгаа билээ. Профессор Д.Батхуягийн бичсэн “Шатрын стратеги тоглолтын сурах бичиг” (2012 он) номыг үнэлж, ФИДЕ-гийн мастер, улсын зургаан удаагийн аварга Ж.Лхагваа, -Математикийн шинжлэх ухааны доктор, шатрын спортын дэд мастер, нэрт дасгалжуулагч Д.Батхуягийн бичсэн энэ ном нь шатрын дунд үеийн тоглолт дахь стратегийн янз бүрийн арга барил, техникийн асуудлуудыг нарийвчлан, сурганы цэгцтэй чиг хандлагаар бичигдсэнээрээ онцлогтой болжээ. Стратеги тоглолтыг байрлал үнэлэх, ноёд довтлох, хөллөгөө ба орон зайн давуу, задгай шугам ба диагональ, бодны байрлал, сул буудлууд, төв, хүүний байрлал шатрын өргийн төлөвлөгөө гэсэн үндсэн хэсэгт багтаагаад өрж үзэх, бодож шийдэх бэлэн сонирхолтой материалаар баяжуулснаараа онцлог болохыг тодотгосон нь бий. Д.Батхуягийн бүтээлээс зөвхөн нэгийнх нь тухай өгүүлэв. Хэдэн жилийн өмнө МҮОХ-ныхон Д.Батхуягийг их мастер охинтой нь хүлээж авч уулзах үеэр дэд ерөнхийлөгч, олимпийн мөнгөн медальт Ц.Дамдингийн хэлсэн үг содон дуулдаж билээ. Тэрбээр, -Би Батхуягт их баярлаж, танаар бахархаж байна. Өөрийнхөө хүүхдийг дасгалжуулаад санаандаа хүртэл амжилтад хүргэх амаргүй шүү. Би олимпийн мөнгөн медаль авсан өдрөөсөө л хоёр хүүгээ мундаг жүдоч болгох санаатай нэлээд ажиллаад санасандаа арай хүрч чадсангүй. Нэг хүү минь бас овоо барилдсан. Харин айлын цөөнгүй хүүхдийг боломжийн сургаж, төлөвшүүлсэн шүү, би. Батхуяг гуай охиноо шатрын их мастер болгочихлоо, тив, дэлхийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авахуулчихлаа. Шатрын их мастерыг салбарынхаа хамгийн том цолтон гэдгийг дэлхий нийтээр хүлээж зөвшөөрдөг. Батхуяг доктор шатарчин болох сонирхолтой хэдэн хүүхэд авч дасгалжуулаач. Танд хүүхэдтэй ажиллах арга туршлага хуримтлагдсан.

Монголд минь нэг биш Мөнгөнтуул хэрэгтэй байна гэж хэлсэн удаатай. Ардын багш, гавьяат тамирчин Цэндийн Дамдингийн саналыг Батхуяг доктор хүлээж авсан уу, ер нь хэтийн төлөвлөгөөнд байсан уу, аль эсвэл зах зээл шахсан уу, ямартай ч цөөн хэдэн жаалтай ажиллаж эхэлжээ. Баримт болгон өгүүлэхэд өсв өрийн шатарчдын улсын удаа дараагийн аварга, насанд хүрэгч нартай “үзэлцэж эхэлж яваа Үүрцайхын Үүрийнтуяа, Агьбилэг хоёртой тэр 2009-2010 онд зууралдсан юмдаг. Одоогоор Сугарын ГанЭрдэнэ, Мөнхбаярын Цэцэнбилэг, Сумъяагийн Чингүүн нарын цөөн хүүхэд “Оюунлаг шатар” клубт хичээллэж байгаа. Бүр арваад жилийн өмнө Мөнгөнтуулын аав,

-Шатрыг хүүхдэд төгсгөлөөс эхэлж сургамаар байгаа юм. Илүү өгөөжтэй шүү! С.Д.Иванщенкогийн бичсэн “Сборник шахматных комбинаций” ном Орост хэдэнтээ хэвлэгдсээр байна. Тэр 1110 төгсгөлөөс бүтсэн ном. Эхний буюу нэг дэх хөлөг дээр зөвхөн гуравхан дүрстэй. Мэдээжээр өгөгдсөн гурван дүрсийн хоёр нь хар, цагаан ноён. Харин гурав дахь нь тэрэг. Тэдгээрийн тусламжтайгаар шатар тоглох зорилгыг хүүхдэд ойлгуулахад хүнд биш. Шатар тоглох эцсийн зорилго хожих, мадлах шүү дээ. Цөөн дүрсийн оролцоотойгоор шатар тоглож сурах нь хүүхдэд хялбар, бас сонирхолтой. Хөлөг дүүрэн буюу бод, хүү, ноён гээд 32 дүрстэй шатар харах, бодох, нүүх хүүхдэд битгий хэл үүхдэд бэрхшээлтэй. Тэгээд зөв нүүдэл сонгох. Шатрын гол зорилгыг төгсгөлөөс нь ойлгосон хүүхэд цаашдаа баян өрөг тоглох нь мэдээж. Хүүхэд хүүхэдтэйгээ шатардах илүү сонирхолтой нь ажиглагддаг. Шатар сургахын тулд хүүхдийн харааны ойг аль болохоор хөгжүүлэхийг хичээмээр юм билээ хэмээн ярьж суусансан. Шатрын багш докторын шавь нар азтай л жаалууд юм даа. “Оюунлаг шатар” клубийн зөвлөхөөр нь их мастер Б.Мөнгөнтуул ажилладгийг энд бичихэд илүүдэхгүй биз ээ.

Р.ЧУЛУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.121.242 Батхуяг багштай яаж холбоо барих вэ?
202.179.0.238 яг vнэн зорилгоос нь эхлэх нь аливаа сургалтанд хэрэгтэй юмдаа шатрыг тогсголоос нь естой зов санаа юмдаа чухал санаа мэдэж авлаа баярлалаа
202.179.11.74 mongontuul ih saihan bas tsarailag huuhen yumaa