Н.БАТЦЭРЭГ: БИДНИЙ БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ Л ЭНЭ

2014 оны 11 сарын 03

УИХ-ыг, Засгийн газрыг харахад хөл, толгойгоо олохгүй бужигнасан хүмүүс харагдана. Нэг намаа хорлохын тулд нөгөөх нь Ерөнхий сайдынхаа гарын үсгийг хуурамчаар үйлдээд бичиг тараана. Интернэтийн давуу талыг ашиглаад нэгнийхээ дугаараас сонгогчид руу нь элдэв мессеж илгээж, тархи угаана, талцуулна. Хийж байгаа үйлдэл, хэл яриаг нь харахаар учраа мэдэхгүй цэцэрлэгийн хүүхдүүд шиг санагдана. Гэхдээ хүүхдүүд бол цагаахан цаас. Улстөрчид бол аль хэдийнэ толбо, бохир суучихсан насанд хүрсэн хүмүүс. Тэгсэн атлаа хийж буй улс төр нь явцгүй, инээдэмтэй. Үнэндээ муухан хошин шог үзсэний дайны юм л болдог.

УИХ одоо ирэх оны улсын төсвийг хэлэлцэж байна. Гэтэл Сангийн сайдын суудал эзгүй. Үүнээс гадна ЗТБХБЯ, ГХЭЗХАЯ сайдгүй. Тэнд нэг ч ажил урагшлахгүй, ажилтнууд нь цалингаа авч чадахгүй. Тэрнээс үүдээд шат шатны байгууллагуудад ажил гацаастай, амьдрал саатаастай. Энэ бүхнийг “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Бидний байж байгаа царай л энэ” хэмээн тодорхойлов. Улсын түүхэнд анх удаа төсвөө Сангийн сайдгүйгээр хэлэлцэж байгааг эрхэм гишүүн онцлоод дээрх дүгнэлтийг хэлсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД