Зэрлэг ан амьтны контрбандчдыг илрүүллээ

2014 оны 11 сарын 03

Зэрлэг, ан амьтны гаралтай түүхий эд хил дамжуулан борлуулдаг байж болзошгүй гэмт бүлэглэлийн учгаас Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд атгажээ. Тодруулбал,  өнгөрсөн сарын 24-нд манай улсын иргэн Б,Г,Ц тэргүүтэй 10-аад залуу соргог бөхөнгийн 162 эвэр аван Баянгол дүүргийн нутагт явж байхад нь дээрх газрын ажилтнууд саатуулсан гэнэ. Соргог бөхөн нь олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, Төв Азийн хэмжээнд “устаж байгаа” гэсэн амьтан хэмээн үнэлэгдэж, “Улаан ном”-д орсон аж. 

Нэн ховорт тооцогдсон соргог  бөхөнгийн 162 эвэр гэдэг нь 81 толгой амьтан. Энэ төрөл зүйл нь манай улсад 1950-аад он хүртэл амьдарч байгаад устсан, өдгөө зөвхөн Казахстаны талд л амьдарч байгаа гэсэн судалгааг Дэлхийн байгаль хамгаалах сангаас гаргасан байдаг. Харин манай улсын иргэд ОХУ-аас хууль бусаар хил давуулан оруулж ирж, өмнөд хөршийнхөнд худалдан борлуулах гэж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа талаар Дүүргийн II прокурорын газрын эх сурвалж бидэнд мэдээлэв. Үүнээс үзэхэд Казахстан, ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг дамжсан хулгайн анчид, эд эрхтний наймаа хийдэг томоохон сүлжээ байгаа бололтой. Дээрх хүмүүст Ан агнуурын тухай хууль тогтоомж, зөрчсөн, эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203, 175 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр тооцон  ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй гэнэ.

Монгол Улсын Засгийн газраас 2011 онд баталсан Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр эр бөхөн хоёр сая, эм нь 2.2 сая төгрөгөөр тооцож буй бөгөөд экологид 162 сая төгрөгийн хохирол учирсан гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн гэнэ. Хэрэв дээрх сэжигтнүүдийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 162 сая төгрөгийг гурав нугалж төлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юмуу, 3-5 жил хорих ял эдлэх аж.  Хулгайн анчдаас ангийн эд эрхтэн авч наймаалдаг хүмүүст сэрэмжлүүлэг болгож мэдээлэхэд өнгөрсөн хавар хөдөөнөөс ирсэн нэгэн хүнээс бугын цусан эвэр 300 мянган төгрөгөөр худалдаж авсан ченж цааш нь 600 мянган төгрөгөөр борлуулсан аж. Гэвч хууль хяналтын байгууллагынхан тэднийг олж саатуулан ченжүүд шүүхээр ял шийтгүүлжээ.

Ченжийн машиныг улсын орлого болгож, хохиролд тооцуулахаар битүүмжилсэн орон сууцыг нь шүүхийн шийдвэрийн дагуу худалдаж, хоёр жил таван сар хорих ялаар шийтгэсний дагуу тухайн ченж ялаа эдэлж буй юм билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД