“ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС” ДӨРӨВ ДАРААЛАН ЯЛАГДАЖ, УЛИРЛЫГ ЭХЛҮҮЛЭВ

2014 оны 11 сарын 03

NBA-гийн 69 дэх улирал эхлээд багууд 2-3 тоглолт хийгээд байна. Энэ зун “Их гурвал”-ыг эгнээндээ нэгтгэсэн “Кливленд Кавальерс” эхний тоглолтоо сулхан гэгддэг “Нью Йорк Никс”-ийг барсангүй 90:95-аар хожигдов. “Никс”- ээс Кармело багаа ахлан сайн тоглож, 25 оноо авсан бол Иман Шупберт, Жейсон Смит нар 12 оноогоор түүнд тусалжээ. Харин хуучин багтаа эргэн ирсэн Леброн Жеймс 17 оноо авсан ч найман бөмбөг алдалт хийжээ. Ирвинг 22 оноо, Лав 19 оноо, 14 самбараас бөмбөг авчээ. “Морин цэргүүд” хоёр дахь тулаанаа “Чикаго буллс”-ын эсрэг хийж нэмэлт цаг сунгасны эцэст 114:108-аар улирлын эхний ялалтаа авсан. Тэнцүүхэн тулааны гуравдугаар үед “Бухнууд”-ын лидер Рөүз шагайгаа хазгай гишгэж хувцас солих өрөө рүү явсан. Тэрбээр тоглолт дуустал дахиж талбайд гарч ирээгүй. Харин тэрбээр тоглолтын дараа хөгжөөн дэмжигчддээ хандаж “Бүх юм зүгээр санаа зовох хэрэггүй” гэж хэлсэн байна.

Энэ тоглолтод Леброн Жеймс 36 оноо, найман самбараас бөмбөг авч бүх тоглогчдыг тэргүүлжээ. Түүний хамтрагч Кевин Лав 16 оноо, мөн тооны самбар авсан бол К.Ирвинг 23 оноо түүсэн байна. Харин “Бухнууд”-аас К.Хайнрич, Д.Рөүз нар тус бүр 20 оноо авчээ. “Хаан” Жеймсийг алдсан “Майами Хит”-ийг олон хүн хүндхэн улирал хүлээж байгаа хэмээж байсан. Харин тэд улирлыг хоёр ялалтаар эхлүүлж бүсээ “Торонто Репторс”-ын хамтаар тэргүүлж байна. “Дөл”-нүүд өсөж яваа “Уизардс”-ыг 107:95 буюу 12 оноогоор илүүрхсэн. Эл тоглолтод К.Бош 26 оноо, 13 самбараас бөмбөг авч багийнхаа ялалтад чухал нөлөө үзүүллээ. Мөн Н.Коле 23 оноо, Д.Уэйд 21 оноогоор түүнд тусалжээ. Эсрэг багаас М.Гортат 18 оноо авсан байна. “Буллс” гурван тулаан хийж, хоёр хожоод байгаа. Тэд өчигдөр “Миннесота”-г 106:105-аар буулган авав. Өмнөх тоглолтод ялимгүй бэртэл авсан Рөүз талбайд гараагүй бол Ж.Батлер эргэн ирж хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм. Тэрбээр энэ тоглолтод 24 оноо авч, чухал үед хоёр чөлөөт шидэлтээ байнд нь тусгаж, багаа ялалтанд хүргэлээ.

Дорнод бүсэд “Детройт Пистонс”, “Орландо Мэжик”, “Филадельфи 76” багууд одоогийн байдлаар хожил авч чадаагүй явна. Өнгөрсөн улирлын аваргууд болох “Сан Антонио Спэрс” “Финикс Санс”-т 89:94-өөр дийлдэж, улирлын шуугиан тарилаа. Энэ зун “Санс”-т ирсэн И.Томас сэлгээнээс тоглож, 23 оноо авч багаа тэргүүлсэн юм. Түүнд Маркифф Моррис 20 оноогоор тусалжээ. Аваргуудаас Тони Паркер 19 оноо, Тим Данкан 16 оноо авч үүргээ биелүүлсэн ч энэ хоёрт туслах хүн гарсангүй. “Спэрс”-т ганцхан оноогоор хожигдож улирлыг эхлүүлсэн чанга бүрэлдэхүүнтэй “Даллас” хоёр дараалан ялалт байууллаа. Энэ бүсийг гурван хожилтой нэг ялагдаагүй “Хьюстон Рокетс”, “Мемфис Гриззлис” хоёр “зуузай холбон” өнгөлж байна. Тэдний араас хоёр хожилтой мөн ялагдаагүй “Голден Стейт Уорриорос”, “Лос Анжелес Клипперс” нар тоглолтын дутуутай нэхэж яваа.

Коби ба түүний нөхөд өрнөд бүсэд дөрвөн тоглолт дараалан хожигдоод байна. Хэдийгээр багийн ахлагч К.Брайант үүргээ сайн биелүүлж тоглолт бүрт багаа тэргүүлж байгаа ч түүнд хамтрагч гарч ирэхгүй байгаа юм. Багийн хоёр гол тоглогчоо бэртэлд алдсан “Оклахома Сити Тандер” эхний хоёр тулаандаа ялагдсан ч өнгөрсөн бямба гаригт “Денвер”-ийг буулган авч эхний хожлоо авлаа.