Б.ГУНГАА: ТӨРИЙН ДАЛБААГАА МАНДУУЛЖ, ДУУЛЛАА СОНСОХ НЬ ХОСГҮЙ МЭДРЭМЖ

2014 оны 11 сарын 03

Монгол бөхийн орон. Тэр дундаас самбо бөхийн тамирчид ДАШТ-ээс хамгийн олон алтан медаль авсан гавъяатай. Самбо бөхөөр залуудаа барилдаж явсан Б.Гунгааг “ТЦ”-ийн зочин буландаа урилаа. Тэрбээр зөвхөн самбо гэлтгүй чөлөөт, жүдо бөхөөр ч барилдан өндөр амжилт үзүүлсэн нэгэн юм. Б.Гунгаа ЗХУ-д таван жил сурах хугацаандаа жүдо бөхөөр тухайн үеийн ЗХУ-ын том хотуудын аваргаар түрүүлж, өөрийн нэрээ хойд хөршид мандуулан спортын мастер цол хүртсэн аж.

-Хоёулаа ярилцлагаа таны спортын амжилтуудаас эхлэх үү?

-Би 1972 оноос спортод хөл тавьсан. Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд сурч байхдаа биеийн тамирын багш Пунцагдоржын чөлөөт бөхийн дугуйланд анх хичээллэж эхэлсэн юм. 1973-1975 онд аймагтаа түрүүлэн, УАШТ-д оролцож явсан. Ингээд 1975 оноос ЗХУ-д Дотоод явдалын яамны дээд сургуульд очиж суралцав. Волград хотод сургууль маань байдаг. Би тэнд очоод ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Пидаев Викторын гарын шавь болж самбо, жүдогоор барилдаж эхэлсэн хүн дээ. Амжилтууд гэвэл 1975-1980 онд Дотоод явдалын яамны сургууль, хот, мужийн аваргаар дараалан түрүүлсэн. Энэ хугацаанд мөн 1978 онд Алматы хотод Бүх Холбоотны аваргад оролцож хүрэл медаль хүртэн ЗХУ-ын спортын мастерын болзол хангасан түүхтэй. Сурч байх хугацаандаа бол би олон хотуудаар явж, тэмцээнүүдэд түрүүлдэг байлаа.

-ЗХУ-д мэргэжил эзэмшиж, бөхийн спортод суралцсан залуу хэдийд эх орондоо ирэв?

-1980 онд сургуулиа төгсөж ирээд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яаманд ажилд орсон юм. Тэр жилдээ хотын аваргаар хоёрдугаар байрт шалгарч, УАШТээр самбын 52 кг-д мөнгөн медаль хүртсэн. Тэгэхэд Н.Бүргэдаа аваргалж байсан юм. Харин дараа жил нь жиндээ түрүүлж байлаа. Тэр үед Бүргэдаа гадагшаа тэмцээнд явчихсан байв. 1982 онд Болгарийн Софи хотноо болсон ОУ-ын тэмцээнээс алтан медаль авчирсан. Тэр хавраа УАШТ-ээр мөн л Бүргэдаагийнхаа дор зогсож мөнгөн медаль хүртлээ. 1983 онд улсын аваргаар хүрэл аваад миний спортын замнал өндөрлөсөн гэх үү дээ.

-Яагаад чухам бөхийн спортод хөл тавих болов?

-Багын барилдаж, ноцолдох дуртай хүүхэд байсан. Намайг тавдугаар ангид ороход Пунцагдорж багш чөлөөт бөхийн секцэнд оруулснаар бөхийн спорт дурласан даа.

-Бага насныхаа тухай сайхан дурсамжаасаа хуваалцаач.

-Би Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Хүүхэд байхдаа их барилдаж, ноцолдох сонирхолтой байлаа. Манай аав залуудаа үндэсний бөхөөр хааяа барилдаж овооны наадамд ганц хоёр түрүүлдэг байсан гэсэн. Аавын маань барилдаж явсан нь надад өвлөгдсөн юм болов уу.

-Чөлөөт бөхийн суурьтай хүү ЗХУ-д очоод яагаад самбо, жүдогоор хичээллэх болов.

-ЗХУ-ын Дотоод явдалын яамны сургуульд чөлөөт бөх ордоггүй. Самбо, жүдо заадаг байсан. Эндээс үүдэж самбо, жүдо бөх рүү татагдаж орсон л доо. Би бэлтгэл курсэд байхдаа сургуулийнхаа аваргаар түрүүлж, дараа нь хот, мужийн тэмцээнээс алтан медаль авсан юм. Яагаад манай сургуульд самбо, жүдо ордог нь бас учиртай. Сургуулийн төгсөгч нар ихэнхи нь мөрдөгч болох учраас ажилтай холбох үүднээс самбо түлхүү заадаг байсан.

-Чөлөөт бөх, самбо, жүдо бол хоорондоо ялгаатай. Анх самбоор барилдаж байхад бэрхшээлтэй зүйл тулгарч байв уу?

-Чөлөөт бөхийн суурьтай учраас хүндрэл гэх зүйл байгаагүй. Чөлөөт бол барьцгүй. Харин самбо бөх барьцтай барилдаан. Гэхдээ самбын хөл, гарт өчих мэх жаахан төвөгтэй байсан. Багаасаа бөхөөр хүмүүжсэн болохоор ер нь хэцүү зүйл байгаагүй дээ.

-ЗХУ-ын Дотоод явдалын яамны сургуульдаа ямар шалгуураар тэнцэн, суралцсан бэ?

-Би 1973 оноос хойш чөлөөт бөхөөр аймгийн гурав, дөрвөн удаагийн аварга болчихсон байсан. Тухайн үед намайг Өвөрхангай аймгийн нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийнхэн судалсан юм байна. Ингээд намайг Хужирт суманд байхад манай аймгийн аюулаас хамгаалах хэлтэсийн Цэен-Ойдов гэдэг хүн ирж, уулзаж байсан. Тухайн үед Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст дандаа барилддаг хүүхдүүдийг сонгож авдаг байлаа. Тэр сургууль байлдааны самбо заадаг учраас монголоос бөхдөө сайн хүүхдүүд очдог байсан юм. Улмаар би хотод ирж шалгалт өгөөд тэнцэж ЗХУ-д суралцахаар болсон. Монголд ирээд Аюулаас хамгаалах яамны тусгай албанд өдөр шөнөгүй ажиллана. Хажуугаар нь бэлтгэлээ хийж, спортоо хөөнө. Манай гэрийн хүн Сарантуяа маань миний ар талыг сайн хангаж, амжилт гаргахад их нөлөөсөн дөө. Би өглөө ажилдаа гараад тарсаны дараа бэлтгэлдээ явна. Ингээд орой гэртээ ирэхэд хоолтой ундтай ,ар гэрийн ажил гэж санаа зовдоггүй байсан. Энэ л зүйлээр би урам авч, бэлтгэл сургуулилтаа чамбай хийж, спортодоо анхаарлаа хандуулж, амжилт гаргасан юм.

-Таны хамгийн харамсалтай ялагдал, мөн хамгийн их баярласан мөч?

-Тамирчин хүнд медаль авах мөч хамгийн сайхан байдаг. 1981 онд улсын аварга болоод их баярлаж байсан. Дараа нь Насантогтох багштай Болгарийн Софи хотын тэмцээнд явж манайхан бүгд алт авсан даа. Одоо гавьяатаас Р.Даваадалай, Д.Дамдин, Д.Тэгшээ, Г.Жамсран, Д.ЦэндАюуш заан явсан юм. Тэр бол их сайхан баяртай мөч. Медалийн тавцанд гараад төрийн далбаа мандаад, төрийн дуулал эгшиглэх мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан. Харамсалтай ялагдал бас бий. Орост байхдаа Каргандагын Бүх Холбоотын жүдогийн аваргаар 60 кг-д хоёр ялаад Латвийн нэг бөхтэй таарсан. Би тухайн үед тэр жүдочийг ялаад дахин хоёр хожоод алтын төлөө гарч ирнэ гэж тооцоолоод дэвжээнд гарлаа. Өндөр туранхай л бөх байсан. Би тонгорох бодолтой байтал намайг боогоод цэвэр хожчихлоо. Би өрсөлдөгчөө бага зэрэг дутуу үнэлсэн талтай. Тэгээд дагах барилдаан хийж хүрэл медалийн төлөө Азербайжаны Кисиев гэдэг бөхтэй таарсан. Тэр барилдаанд би оноо алдаж яваад сүүлийн хэдхэн секундэд тонгорч цэвэр ялсан. Кисиев их харамсаж байсан шүү. Тэгэхэд хүрэл медаль аваад багшийгаа их баярлуулсан даа. Хүрэл медаль авснаараа бас спортын мастерын болзол хангаж байсан.

-Өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй гэдэг шүү дээ?

-Тийм. Бөх хүнд од орсон жил байдаг юм. Тэр жил би ЗХУ-ын спортын мастер болно. Оролцсон тэмцээн бүртээ медаль авна гэж л явсан үе дээ. Оргил үеийн бардам сэтгэл юм уу даа.

-Нэг үгээр бол өнгөтэй байгаа жил.

-Тийм тийм. Ямар ч бөхийн од орсон жил унадаггүй гэж ярьдаг юм. Би тэр жил олон тэмцээнд түрүүлсэн дээ.

-Жүдо бөхөөр өөр ямар ямар тэмцээнд аваргалж байв?

-Жүдогоор 1978 онд Рязань хотод очиж Дотоод явдалын яамны сургуулиудын аваргаар түрүүлж, дараа нь Харьков, Саратовт аваргалсан. 1979 онд Киевт очиж мөнгөн медаль авч байлаа. Ер нь би бөхийн буянаар Оросын том хотуудаар их явж барилдаж байсан даа.

-Жүдогоор бол 60 кг-д зодоглодог. Харин самбоор хэдэд барилддаг байв?

-Орост байхдаа 57 кг-д самбоор барилддаг байсан. Монголд ирээд зургаа, долоон кг хасаад 52 кг-д хүч үздэг байлаа. Монголд 57-д өрсөлдөөн ихтэй учраас 52 кг-д барилддаг болсон. 57-д бол би барахгүй л дээ.

-52 кг-д Бүргэдаа гуайтай алтан медалийн төлөө барилддаг байв уу?

-Хоёр жил үзээд бараагүй мөнгөн медаль авсан даа. Бүргэдаа бол сайн бөх. Эхэлж таарахад улсын аварга Баянхонгор аймагт болсон юм. Дараа нь Дарханы УАШТ-ээр хүч үзэж ялагдсан. Сүүлд барилдахад би уг нь бэлтгэл сайтай, өнгөтэй байсан. Болгарийн тэмцээнээс алт аваад ирсэн байсан үе л дээ. Би хөлөө алдаад байдаг юм. Бүргэдаа бол хөлд “нүгэлтэй” орно шүү дээ. Хоёр гар, цээжиндээ их бяртай.

-Таны барилдааны онцлог?

- Ерөнхийдөө тонгорох, хутгах мэхүүдийг хийж голцуу цэвэр унагадаг байсан.

-Монголд Бүргэдаа гуайгаас өөр хүчтэй өрсөлдөгч танай жинд хэн байв?

-Байлгүй яахав. Цагаан Мөнхөө гэж мундаг сайн бөх байсан. Улсын аваргын хошой мөнгөн медальтай. Манай жинд нэг удаа л орсон. Би нэг барилдаж оноогоор хожиж байлаа.

-Хойно ЗХУ-д жүдо бөхөөр өндөр амжилт үзүүлж, олон тэмцээнд аваргалсан гэлээ. Монголдоо ирээд жүдогоор УАШТ-д барилдав уу?

-Өө барилдсан. Я.Доржид цэвэр тавиулж байсан. (инээв.) Дорж бол бяртай, 1980 оны олимпод барилдсан мундаг бөх л дөө. Тэрийг бол би яаж барахав. Жиндээ тасархай байсан юм.

-ЗХУ-д тэмцээнд оролцоод явж байхад хүчтэй өрсөлдөгч нар хэр олон байв? Орос бол бөхийн орон шүү дээ.

-Хүчтэй бөхчүүд олон байсан. Ялангуяа уулын бөхчүүд мундаг бяртай л даа. Азербайжан, Армен, Дагестаны бөхчүүд хүчтэй шүү. Цэвэр орос бөх хэвтээ барилдаандаа их сайн. Боох, өчих талдаа. Харин Кавказын бөхчүүд хөлд орно, өргөж шиднэ, өмсөнө аюултай. Надтай өрсөлдөж явсан гэвэл Дагестаны Архестов гэж бий. Тэр бол хоёр гарны шуу сайтай, мэхийг бол даацтай хийдэг бөх байлаа.

-Таны хувьд чанга бөхчүүдтэй газар олон тэмцээнд түрүүлсэн гэхээр орос бөхчүүдийг бол ялж сурсан байна?

-Оросууд бол хөл авч мэх хийгээд хэвтээ барилдаанд шилжих хувилбартай. Сул тал нь босоо барилдаанд жаахан муу. Би босоогоос л дуусгах бодолтой барилддаг байлаа. Тэрнээс биш хэвтээд шилжвэл орос бөхчүүд заавал ялна.

-Бөхийн спортоор ид барилдаж байхдаа бэлтгэлээ хэрхэн базаадаг байв?

-ЗХУ-д сурч байхад манай багш гавьяат дасгалжуулагч Пидаев Виктор Иванович намайг тамирчин хүний амьсгаа задрах ёстой гээд их гүйлгэдэг байсан. Өглөө бүр гүйнэ. Гар дээр суниалт, штанг өргөнө. Бөхийн бэлтгэлийг дөрвөн цаг хийдэг байсан даа. 16 цагаас орсон бэлтгэл 20 цагт дуусдаг. Одоогийн бөхчүүд чухам яадаг юм бол. Манай багш нар эхний хоёр цаг бие халаалт хийлгэдэг байсан юм. Бүтэн хоёр цаг биеэ халаагаад барилдаж эхэлнэ. Бие халаалтыг яг зөв хийсэн хүн бэртэл авах нь бага байдаг. Бэлтгэл сургуулилтаа хэр сайн нямбай хийнэ төдий чинээ амжилт дагана даа.

-Спортоор хичээллэж байхдаа шантаараад больсон бол ийм амжилт гаргахгүй л байсан болов уу. Гэхдээ шантарч больё доо гэж бодогдох үе байсан уу?

-Орост сурч байхад байгаагүй. Харин монголдоо ирээд тэгэж бодсон үе бий. Би өглөө наймаас ажилтай орой 16 цаг тараад л шууд бэлтгэлдээ орно. Мэдээж хүн юм чинь ядарна. Би ЗХУ-д мастер боллоо. Монголдоо мастер болчихлоо. Одоо ер нь больё ажлаа хийгээд явъя даа гэсэн бодол төрж л байсан. Гэхдээ цаанаасаа бөхөд дурласан юм болохоор спортоо хаяж чаддаггүй л юм байна лээ.

-Самбын дэлхийн аваргад оролцох боломж байсан уу?

-Явах боломж байсан. Гэхдээ миний ажил болоогүй юм. Аюулаас хамгаалах алба гэдэг бол хүнд л дээ. Ер нь тэгээд надаас илүү байсан Женко Баттулга явсан. Баттулгад оноогоор хожигдсон. Бараагүй юм. Баттулга их хурдтай бөх.

-Хойно сурч ирээд чөлөөт бөхөөр эргэж барилдав уу?

-Барилдаагүй. Холдчихдог юм билээ. Бүүр төсөөрсөн байсан.

-Шигшээ багт хамт бэлтгэл хийж явсан бөхүүд хэн хэн байв?

-МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Дамдин, Олимпийн хүрэл медальт Даваадалай, Цэнд-Аюуш заан, дэлхийн аварга Жамсран, улсын начин Дашжамц, гавьяат жүжигчин Түвшинжаргал гээд олон мундаг бөхчүүлтэй хамт бэлтгэлээ хийдэг байсан. Сайхан дурсамж зөндөө бий. Манай Дашжамц хүн шоолдог, онигоо их гардаг наргианч сайхан хүн байлаа.

-Дэвжээнээс буугаад ийм хүнд барилдаан хийж байгаагүй дээ гэсэн үеэ дурсвал?

-Алматыд болсон нэг барилдаанд Киевийн Белов гээд жижигхэн бөхтэй алтан медалийн төлөө таарсан. Ялна гэж дэвжээнд гарсан ч оноо алдаж, амьсгаа бөглөрсөн. Маш хүнд барилдаан болж, их ядарсан. Тэгээд сүүлийн хэдэн секундэд даралт авч л хожсон юм. Тийм хүнд барилдааныг би өмнө нь хийж байгаагүй. Гэхдээ барилдаан болгон хэцүү байдаг.

-Дархан тонгорох мэхнийхээ тухай яриач. Хэзээ сурч байв?

-Бөхийн спортын “А” үсгийг минь заасан багш Пунцагдорж маань зааж өгсөн дөө.

-Орос багшийнхаа тухай яриач?

-Манай багш би татар хүн. Миний судасаар монгол цус гүйж байгаа гэж өөрөө ярьдаг байсан. Их сайхан багш. Сургуульд бэлтгэл хийж байгаа оросуудыг явуулаад намайг авч үлдээд мэх заадаг байлаа. Оросуудтай чи ингэж барилдах хэрэгтэй гэдэг байсан.

-Таны үр хүүхдүүдээс бөхийн спортоор хичээллэсэн үү?

-Аавыгаа дуурайгаад спортын мастер бол гэж үр хүүхдээ хэлдэг. Би бөхөөр явсан даа нэг ч удаа харамсаж байгаагүй. Спорт оргилгүй байдаг. Би хоёр охин, нэг хүүтэй. Хоёр охин маань спортоор яваагүй. Том охин Төрийн Өмчийн Газар нягтлан, дунд охин цагдаагийн офицер. Харин хүү 75 дугаар сургуулийн биеийн тамирын багш. Сагсан бөмбөгийн спортын мастер. Бөх болсон хүн байхгүй дараагийн үеэс төрөх байх гэж боддог.

-Та зодог шуудаг өмсч барилдаанд гарч байв уу?

-За нэг удаа гарсан. Сумын наадамд есдүгээр ангид байхдаа барилдаж хоёр даваад гурав дээр нэг өндөр бөхөд ойчсон.

-Таны үед гадаадын тэмцээнээс медаль аваад ирэхэд урамшуулал хэр өгдөг байв?

-Намайг Болгарийн тэмцээнээс алтан медаль аваад ирэхэд Жамсранжав гуай надад 50 мянгатад байр өгсөн шүү. Энэ байрандаа би их хайртай.

-Та шавь бэлдэх тал дээр ажиллаж байсан уу?

-Би ёстой шавь бэлтгэхээр ажиллаагүй. Ах нь хуулийн ажил хийдэг. Завгүй явдаг хүн дээ.

-Залуу бөхчүүддээ хандаж юу захимаар байна?

-Өчүүхэн амжилтад ханаж, би боллоо, амжилт гаргачихлаа гэж бодож огт болохгүй. Тамирчин хүн гэдэг хамгийн даруухан байх хэрэгтэй. Одоогийн залуучууд бэлтгэлээ сайн хийдэг болжээ. Тэр энэ гэлтгүй бүгд жигд өрсөлдөх хэмжээнд байна.

-Дэлгэрэнгүй сайхан ярилцсанд баярлалаа.

-Намайг урьсанд баярлалаа. Танай сонины хамт олонд ажлын амжилт хүсье.

Б.ЦОГТ-ОЧИР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД