ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ АФГАНЧУУД СОНГОДОГГҮЙ, АМЕРИКЧУУД ТОМИЛДОГ

2014 оны 11 сарын 03

  Ерөнхийлөгчийн бүх нийтийн сонгууль явуулсан нь эндэх цэргийн оролцоогоо дуусгаж байгаа АНУ-ын хувьд Афганистанд ардчилал заах гэсэн оролдлогынх нь сүүлчийн хичээл болж үлдэв. Харин багш нь хэтэрхий өндөр шаардлагатай байв уу эсвэл сурагч нь оролдлого тааруутай байсан уу. Ямарч байсан энэ удаагийн сонгууль айхтар сунжирсан бас тэгээд афганы гэсэн өнгө царайтай байлаа. Ардчилсан сонгуулийн гадаад шинж чанарыг мөрдсөн хэрнээ эрх мэдлийг хуваах үйл явц сонгуулийн дүнг зарласан хойно ч үргэлжилсээр байсан нь энд сонгууль болоогүй ч юм шиг санагдахаар байв. Түүгээр ч барахгүй НАТО-гийн цэрэг Афганистанаас гарч явахын хэрээр энд Өрн өдийн орнууд цэргийн ажиллагаа явуулаагүй ч юм шиг, 1989 онд Зөвл өлтийн цэргүүд тус улсаас гарсны дараа Афганистаныг хуваасан тэр хүчнүүд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн хоёр хүний ард байсаар байлаа.

Сонгуулийн эхний шат бүр дөрөвдүгээр сард болж Гадаад харилцааны сайд асан Абдулла Абдулла, Сангийн сайдаар ажиллаж байсан Ашраф Гани гэсэн хоёр гол нэр дэвшигчийг тодруулсан юм. Хоёрдугаар шат нь зургадугаар сарын дундуур бож Сонгуулийн комисс тооллогоо хийж дуусаагүй байтал нэр дэвшигч хоёр маань биенээ булхай хийсэн хэмээн буруутгаж эхэллээ. Улс төрийн гал унтраагчаар томилогдсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Афганистанд яаравчлан ирээд, тооллогын дүн үнэн зөв болоход итгүүлэхийн тулд саналын найман сая гаруй хуудсыг дахин тоолохыг нэр дэвшигчдээр зөвшөөрүүлж чадав. Саналыг дахин тоолох ажил ихэд сунжирч, шалтгаан нь тоонд байсангүй. Долдугаар сарын эхээр Сонгуулийн комисс олон түмний сонорт хүргэсэн урьдчилсан мэдээгээр Ашраф Гани нь 56.44, Абдулла Абдулла нь 43.56 хувийн санал авсан байлаа. Гэтэл сонгуулийн явцад олон луйвар хийснийг мэднэ, тиймээс өөрийн “Засгийн газрыг” байгуулахад бэлэн хэмээн Абдулла мэдэгдэв.

Зөвлөлтийн цэрэг 1989 онд гарсны дараах шиг Афганистаныг хуваагдуулж болзошгүй боллоо хэмээн дэлхий дахин шуугиж гарлаа. Тэртээх он жил үүдэд тус улсыг хээрийн цэргийн командлагчид хэдэн хэсэг тасдаж, өөрсдийгөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэмээн нэрлэцгээсэн билээ. Тэгээд эцэст нь Талибан гэдэг радикал хөдөлгөөн засгийн эрхэнд гарсан. Үүнд Пакистан, АНУ хоёр ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлд өгчид ч гадны хүчний дэмжлэг авахаас буцахгүй янзтай байцгаав. Афганистаны улс төрийн гол өрсөлдөгчдийг ганцхан зүйл нэгтгэж байсан нь тэдний аль алиных нь ард эрх мэдлийг хуваан эдлэхэд бэлэн бус дотоодын бүлэглэл зогсож байлаа. Абдулла Абдулла нь “хүмүүст үйлчлэх” ажлаас, эмчээс ажлын гараагаа эхэлсэн улстөрч болж харагдахыг хичээж байв. Үнэндээ ч эмчээр ажиллаж байж л тэр олонд танил болсон хүн. Тэрбээр Масуд гэх хочоор нь олон түмэн мэдэх цэргийн нөлөө бүхий удирдагч Ахмад Шахын хүрээлэлд орж ихэнхдээ можахедуудыг эмчилдэг байжээ. Үүний зэрэгцээ Абдулла хээрийн цэргийг командлах нь ч цөөнгүй.

Абдулла нь Масудын адил тажик үндэстэн бөг өөд пуштунчүүдтэй садан төрлийн холбоотой, хойт эцэг нь пуштуны алдартай нэгэн омгоос гаралтай байв. Хүн амын нь олонхийг пуштун омгийнхон бүрдүүлдэг, түүхийн ихэнх хугацаанд улс орноо удирдаж явсан пуштуний нөлөө бүхий омогтой мах цусны холбоотой байна гэдэг Афганистан шиг улсад маш чухал давуу тал юм. 2001 онд Америкийн нисэх хүчний дэмжлэгтэйгээр Умардын эвсэл Кабулд дайран орж талибуудын дэглэмийг унагахад Абдулла Абдулла Гадаад хэргийн сайд болов. Өчигдөрхөн можахед байсан эр энэ суудалд суумагцаа л улс төрийн албан тушаалын шатаар өгсөж эхэллээ. 2009 оны сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлээд Ерөнхийлөгч Хамид Карзайг золтой л хөмөрчихсөнгүй, Абдулла энэ сонгуульд хоёрт орж, эрх баригчдыг луйвар хийсэн хэмээн буруутгав. Ер нь ийм явдал Афганистаны улс төрд уламжлал болсон гэлтэй. 53 настай Абдулла Абдулла өөрийн ялалтыг хүлээн зөвшөөрүүлэхийг зорьж байжээ.

Өрсөлдөгч Ашраф Гани нь 1949 онд төрсөн нь Афганисан хоцрогдмол ч гэлээ энх амгалан орон гэгдэж асан Захир Шах хааны засаглалын “адис жанлавтай” сайхан цагтай тохиосон аж. Гани пуштуний нөлөө бүхий омгоос гаралтай. “Америкийн пуштуний” сонгодог төрхийг харуулдаг гэлцдэг. Дайн байлдаантай цаг үеийг далайн чанадад байж өнгөрөөсөн ч төрөлх орноосоо хэлхээ холбоогоо таслааг үй хүмүүсийг афганчууд наргиан болгож байгаа ч юм шиг, үнэн сэтгэлээсээ ч юм шигээр ийн нэрлэдэг байна. Тухайн үед АНУ-ыг бараадах нь азтай явдал гэж үздэг байв. Нөлөө бүхий гэр бүлээс гаралтай олон хүн тэр үед Афганистанд ЗХУ-ын өдөөс өн дайны эсрэг суртал нэвтрүүлгийг далайн чанадаас хийж, янз бүрийн нийгэмлэг, сан байгуулж байлаа. Ийм хүмүүст атаархацгааж, тэдний амьдралын хэв маягийг дуурайхыг хичээдэг байжээ. Гани АНУ-д удаан аж төржээ. 70-аад оны эцсээр Колумбын их сургуулийг зорьж, энэ үед нь Кабулд коммунист төрийн эргэлт гарсан байна. Гани эх орон руугаа буцах гэж яарсангүй, эхлээд Берклийн их сургуульд, дараа Жон Хопкинсийн их сургуульд ажиллав. Энэ үедээ Америкийн тусгай албадтай холбоо сүлбээтэй болсон гэж түүнийг шүүмжилдэг хүмүүс бий. 1991 онд Дэлхийн банкны ажилтан болж, олон орноор явж түүний дотор Орост ч ирж байжээ.

2001 оны есдүгээр сарын 11-нд болсон алан хядах ажиллагааны дараа Ганийг Афганистаны асуудлаарх Бонны хэлэлцээрийг бэлтгэхэд оролцохыг санал болгожээ. 2001 оны арванхоёрдугаар сард тэрбээр эх орондоо эргэж ирэв. Эх орноосоо гарч явснаас хойш 24 жилийн дараа түүнийг Ерөнхийлөгч Карзайн зөвлөхөөр томилж, дараа нь Сангийн сайд болголоо. Түүнийг түвэгтэй нөхц өлд Сангийн яамны үр ашигтай бүтцийг бий болгож чадсан чадварлаг эдийн засагч гэж үздэг байна. Гани аядуу улстөрч гэгддэг бөгөөд өрсөлд өгчөөсөө ялгарах юм нь тэрбээр автомат буу бариад Гиндукушийн уулсаар хэрэн хэсэж явсангүй. Афганистан улс хэдэн хэсэгт хуваагдсаныг энэ удаагийн Ерөнхийл өгчийн сонгууль харуулав. Гани сонгуульд оролцох болохдоо Америкт байгаа афганчуудын санхүү, улс төрийн дэмжлэгт түшиглэжээ. Энэ нь тус улсын нөлөө бүхий олон хүнийг болгоомжлоход хүргэсэн аж. Хуучин холбоо сүлбээгээ ашиглаж хээрийн цэргийн командлагч нарыг эгнээндээ нэгтгэсэн можахедуудын корпус хэмээх албан ёсны бус ч гэлээ томоохон хүч Афганистанд байдаг бөгөөд тэдний дунд эхний үед ЗХУ-ын цэргийн эсрэг байлдаж явсан, дараа нь 1990-ээд онд талибчуудтай тулалдаж байсан пуштунууд ч байдаг, тэд “бид энд цусаа урсгаж байхад Америкт тарвалзаж байсан хүмүүс шоволзоод гараад ирсэнд” сэжигтэй ханддаг байна. Зэвсэг бариад босоход хэзээ ч бэлэн ахмад дайчин можахедуудын ихэнх нь Абдулла Абдуллаг дэмжиж байлаа. Тэгвэл ахмадуудын өөр нэг хэсэг талибуудын хээрийн цэргийн командлагчид пуштун Ганийг дэмжив. Пуштунчууд суурьшсан Пакистаны зүүн хойт нутгийн хүмүүс тухайн үедээ талибуудын хөдөлгөөний “араг яс” нь болж байсан учраас талибуудын дотор пуштунчууд зонхилдог аж.

2015 оноос хэтрүүлэлгүй тус улсаас цэргээ гаргахыг эрмэлзэж буй АНУ-д Абдулла болон Ганийн талынхны ийм хуваагдмал байдал айхтар бэрхшээл учруулж байна. Нэр дэвшигчдийн хоорондын зөрчлийг шийдэлг үйгээр, ардчиллын зарчмаар ялалтыг зарлавал Афганистаны Төрийн тэргүүн нь Гани болох ёстой байсан ч энэ тохиолдолд тус улс дахин иргэний дайны эргүүлэгт орох байв. Нэр дэвшигчдийн төлөө хэдэн хүн саналаа өгөв гэхийн оронд дэмжигчдэд хичнээн пулемёт байна вэ гэдэг нь чухал байх үе Афганистанд байдаг юм. Өрсөлдөгчдийг эвлэрүүлэх гэж оролдвол сонгууль болсныг мартахаас аргагүй, ерөөс сонгууль болоогүй гэж үзэхэд хүрнэ. Афганистаныг ийм нөхц өлд зүгээр орхиод явчихвал энэ нь Вашингтоны олон улсын нэр хүндэд асар хүчтэй цохилт болох юм. Афганистаныг орхино гэдэг чинь байнга нэмэгдэж байгаа мансууруулах бодисын урсгалтай эвлэрч, лалын шашны эрс үзэл хөгжих түшиц газар бий болгож, дүрвэгсдийн шинэ давалгаа хөрш орнууд руу нь нөмөрч орж ирэхийг, дайны аюул тэдэнд заналхийлэхийг зөвшөөрнө гэсэн үг юм. Британичууд “цусаар будагдсан эрээн хивс” гэж нэрлэдэг, урьдчилан таамаглахын аргагүй Афганистаны эрх мэдлийг хэн эцэст нь гартаа авахыг бүү мэд.

Афганистаны хувь заяаг дэлхий дахин 1990-ээд онд нэг удаа өөрт нь даатгаж орхисноос талибаны хөдөлгөөн гэгч бий болсон. Үүнийг хөрш орнууд нь яахин мартах. Эвслийн Засгийн газар байгуулахыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри афганчуудад санал болгов. Үүгээр бол ялагч нь Ерөнхийлөгч болж, ялагдсан нь “эрх мэдэл, бүрэн эрх бүхий”, тэгэхдээ Ерөнхийлөгчдөө захирагдах албан тушаалд очих байв. Үүнээс үзвэл 2002 оноос өмнө байсан Ерөнхий сайдын албыг Кабулд сэргээн бий болгохоор Вашингтон төлөвлөв бололтой. Энэ алхам нэр дэвшигчдийн хоорондын зөрчлийг зөөлрүүлж, тухайн үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаалж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын аль нэгийг нь дэмжих замаар Афганистан дахь эрх мэдэлд нөл өөл өх механизмтай байх нь чухал гэж АНУ үзэж байх шиг байна гэж Орчин цагийн Афганистаныг судлах төвийн захирал Омар Нессар сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна. Шинжээчдийн үзэж буйгаар Афганистаны Ерөнхийлөгч хэтэрхий их эрх мэдэлтэй учраас хэвлэлүүд түүнийг “Афганы сонгогдсон эмир” (Лалын шашинтай орнуудад хаантай дүйх хэргэмтэн) гэж нэрлэдэг юм. Ерөнхий сайдын албан тушаал нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тэнцвэрж үүлэхэд нэмэртэй гэж үзсэн байх. Гэтэл энэ албан тушаалын талаар Афганистаны Үндсэн хуульд тусгаагүй аж. Тэгэхлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Энэ нь цаг хугацаа, чармайлт ихээхэн шаардана.

Америкт хэлхээ холбоо сайтай Ашраф Ганийг Афганистан улсыг удирдаж байхыг нь харахыг Вашингтон үнэхээр их хүсэж байв. Абдулла Абдулла бол Ерөнхий сайд байхад л илүү тохиромжтой хүн гэж харагдаад байлаа. Учир нь АНУ энэ улстөрчийг төдийлөн үнэлэхгүй байсан юм. Түүнийг яаж ч мэдэх, зөрүүд хүн гэж үздэг. Үнэндээ ч хээрийн цэргийн командлагч байсан хүн юм чинь тийм ч байж магад. Түүнээс гадна Абдулла можахедууд (тэмцэгчид)-тай холбоотой нь, Иран, Энэтхэг, Орос зэрэг хөрш орнууддаа танил ихтэй нь болгоомжлол төрүүлдэг аж. Тийм учраас түүнийг Москвад илүү тохирох нэр дэвшигч гэж үздэг. Америкийн цэргүүд Афганистанд байгаа болохоор тэндхийн байдлын талаар Кремль ямар нэг тайлбар хийхгүй байна. Цэргээ Афганистанаас гаргачихаар Америкт мөнгөнөөс өөр нөл өөллийн хөшүүрэг үлдэхгүй. Янз бүрийн эх сурвалжийн мэдээнээс үзвэл Кабулын эрх баригчдад АНУ жил бүр хоёр тэрбум доллар өгдөг юм байна. Афганы шинэ удирдлага АНУ-д дуулгавартай хандахгүй бол энэ мөнгийг өгөхөө байна. Тийм болохоор афганчууд автоматаа шүүрч авахыг азнаж байгаа аж.

И.РЭНЧИНХАНД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД